Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн энэ өдрүүдэд тэр үед алба хааж байсан аавынхаа тухай нэгэн дурсамжаа хэдэн жилийн өмнө "Улаанбаатар таймс" сонинд нийтлүүлж байсан юм. 
 
 
Намайг бага сургуулийн нусгай жаал тууж явах 1969 оны намар хотоос НАХЯ-ны нэгэн хурандаа ЗХУ-аас таньд ирүүлсэн байна хэмээн "Халх голын ялалтын 30 жилийн" ойн медаль авчирч өгч, аав маань учиргүй хөөрч, тэр намаржин нөгөө одонгоороо гангарч, нутгийн хөгшчүүдээрээ хэсэн зуу татаж байж билээ.
Аавыг маань Шаарав гэдэг боловч манай нутгийнхан нь Шийлаа гэж авгайлна. Туруун суманд миний мэдэх лав гурван Шаарав байсан юм. бүлтгэр Шаарав, хар Шаарав, хаминдаа Шаарав гэж. Хаминдаа Шаарав гэдэг нь насаараа нярав хийсэн манай аав бөгөөд комендант гэдэг орос үг явсаар байгаад хаминдаа болж буусан хэрэг. Манай нутагт хочгүй хүн гэж ганц ч байдаггүй юм. Зарим үе тэнгийнхэн нь тарган Шаарав бүр цүдгэр Шаарав ч гэнэ. Ид барилдаж байхдаа зуу гаруй кг жинтэй нилээд биерхүү тарган хүн байсан учраас ийм хочтой болсон байх. Аав маань багадаа авга ах Гэжээпил ламхынд сууж тангад ном заалгаж байгаад ламхыг 37 онд до яамныханд баригдаад явсны дараа гэртээ ирж мал маллаж байгаад цэрэгт явсан юм билээ. Аав маань цэргийн албыг таван жил Дорнод аймагт хашсан бөгөөд тэнд байхдаа бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн заан цол авч байжээ. Тэр наадамд оролцохоор ганцаараа Тамсагбулагаас хөтөлгөө морьтой гарч 400 шахам км Мэнэнгийн уудам талыг туулан зам зуураа гурав хонож байж аймгийн төвд ирж барилдаад түрүүлэхэд дарга нар нь баяр хүргэж буцахад нь нэг цэрэг хань болгон явуулж байсан гэж ярьдаг юм.
 
Цэрэгт байхдаа маршал Чойбалсан, Жуков нарын гал зууханд хэсэг хугацаанд ажилласан нь мань хүний амьдралын хамгийн онцгой дурсгалтай мөч байсан болов уу гэж бодогддог. Түүнийгээ үе үе нутгийн хөгшчүүдэд хуучлах дуртай. Халх голын байлдаанд оруулахаар Тамсагбулагаас цааш хороог нь татаж байсан үед азаар дайн дуусч халагдан аавыг хойш нь Орос руу цэргийн сургуульд явуулахаар шийд гарсан ч нутагтаа байгаа хөгшчүүддээ сэтгэл хоргодож сургуульд нь явалгүй элдэв шалтаг заасаар буцаж ирсэн гэдэг. 
 
Тэрээр эцэг эхээсээ наймуулаа байсан гэж ярьдаг. Түүний нэг Цөөсөө бөх нь биеэр жижиг боловч маш их хүч тэнхээтэй, нутгийнхны дунд "харгана сугалдаг” хэмээн хочлогдсон хүн. Цөөсөөгийн өргөсөн чулуу хэмээх нэгэн дөрвөлжин чулуу Их давааны аманд байсныг хүргэн Бямбасүрэн, үеэл Бат-Эрдэнэ бид гурав гурвуулаа өргөх гээд байрнаас нь ч хөдөлгөж чадаагүй юмдаг. "Өвөл түлээ түлш хомосдох үед Цөөсөөтэй харгананд явах урамтайсан. Бүдүүн улаан харганыг бид нар шиг өргөсөнд гараа хатгуулан цавчина энээ тэрээ гэж зовохгүй, ёроолоор нь сураар оосорлоод өгөхөөр үндсээр нь суга суга татаад гаргаад хаячихна. Цөөсөөг харгана үүрээд ирж явахыг алсаас харахад бие нь харагддаггүй, өвсөн бухал хөдөлж яваа юм шиг л харагддаг” хэмээн нутгийн өвгөн Дашцэрэн гуай надад хуучилж байж билээ. Арснагийн голын адагт намагт зоогдоод үхчихсэн тарган сувай үнээг шавраас суга татаж гаргаад Уужим булан хүртэл арваад км газар үүрээд ирж байсан тухай аав ярьдаг байлаа.  Аав маань цэргээс ирээд тэр үеийн Туруун буюу одоогийн Цагаанхайрхан суманд хүн эмнэлэг, бага сургуульд нярав хийж байгаад Баруунтуруун сум байгуулагдаж эхлэх үе буюу 1958 онд Мөндөөхөөгөөс нүүж ирж Турууны голын хөвөөнд айлсаж байжээ. Намайг нэг ойтой, нэхий өлгийтэй байхад, миний ах Мууяаг дөнгөж төрүүт ээж нь бурхан болсон учир аав ээж нар маань үрчлэн авч түүнээс хойш долоон дүү төрснөөр бид нэг гэрт есүүлээ бужигналдаж өссөн юм. 
"Тогоо дүүрэн шар будаатай хярамцаг хийхэд овсгоотой нь хоёр дахьдаг олиг муутай нь хоосон шахуу хоцордог байлаа” гэж Дариймаа ах маань хуучилдагсан. Манайхаар дамжиж сургуулиа төгссөн хүүхдүүдийг тоолбол зөндөө, зөндөө. "Ядаж цагаан сараар ганц удаа ирж золгосонгүй” хэмээн заримд нь аав бөөн гомдол болдог нь тэднийг бараг өөрийнхөө хүүхэд аятай боддог байснаас л тэр. Аав минь насаараа нярав хийсэн, эзэмшиж буй эд хөрөнгөнөөсөө нэг ч төгрөг дутааж байгаагүй нягт нямбай хүн. Нэг удаа аймгаас санхүүгийн гэнэтийн шалгалт ирж бүх хөрөнгийг нь тоолоод данстай нь тулгахад хоёр ширхэг барааны саван дутаж, Турууныхан бөөн инээдэм болж байсансан. Хүн юм зээлэх, гуйхад "байхгүй” гэдэг ганц үгээр амыг нь тагладаг байсан хүн гэлцдэг. 
 
Ямар сайндаа Турууны таван бирдийн нэг гэсэн хоч зүүж байхав. Таван бирд гэх сангийн аж ахуйн нярав "халзан” Бадраа, цэцэрлэгийн нярав "харамч” Гүрцоо, артелийн нярав "шар” Жамбал, сургуулийн нярав "үглээ” Банди нар нь аавын үеийн өвгөчүүл. Тэд нар хүнд юм зээлнэ, хялайлгана гэж ёстой гонжийн жоо. "Тэднээс юм гуйснаас тэнгэрээс хур гуйсан нь дээр” гэж Турууныхан ярьцгаадаг байсан юм. 
Аав маань биднийг үе үе "чадна”, тэр зан нь бидэнд бас өвлөгдсөн юм шигээ. Оросод оюутан байсан үе. Нэг зун би амралтаараа гэртээ ирчихээд бараг хагас жил цуглуулсан мөнгөөрөө худалдаж авсан хос "Wrangler” жинсээ өмсөж гангарах гэтэл өвдөг, бөгс, тохой нь энд тэндгүй цайчихсан байгааг аав харснаа: –Миний хүү аавынхаа дээлнээс дор гандчихсан хувцас өмсөх муухай юм биш үү гэж байна. Тэгэхээр нь явуулмаар санагдаад "тэгвэл та авах уу” гэсэн чинь дуртай нь аргагүй "тэгье л дээ” гэж байна. Тэр өдрөө аав нөгөөхийгөө өмсөж аваад хашин хул морио унаад гарч өгөв өө. Турууны залуучуудын нүд нь орой дээр гарч Шийлаа өвөө хос жинстэй явж байна гээд дагаж гүйлдээд л шуугиж өгнө биз дээ. Орой нь аав их л ууртай орж ирснээ нөгөөхийг минь учир зүггүй угзчиж тайлаад над руу буцаагаад шидчихэж билээ. 
 
Амьдрал тарчиг, олон хүүхдээ хооллож ундлах амаргүй байсандаа л тэгдэг байсан байх аав маань хааяа нилээд үглэнэ түүнийг нь зогсоох их амархан. Ээж нэг удаа сайн уурлуулахад л болоо. Уурлахаараа дуугаа хураачихна, заримдаа бүр долоо хоногоор дуугарахгүй шүү. Энэ үед бид түүнээс их айна, бүр хоорондоо ч чанга ярихгүй дээ. 
 
Хүүхдээ загнана, зодно гэж ер үгүй. Харин Мууяа ах л хааяа нэг сайн ‘чимхүүлдэг’ байсан санагдана. Ахын нүүр ам, гар хөл хамаг юм нь нил черниль болчихсон л тууж явна. Тэр үеийн хөх черниль угаагаад угаагаад арилна гэж нэг байхгүй. Нэг удаа аав түүнийг барьж аваад хашраах санаатай өмдий нь шувталтал бөгс нь хүртэл хөх алаг болчихсныг нь хараад инээдээ барьж чадалгүй буцаагаад тавьчихаж билээ.Аавд маань нэг инээдтэй зан байсан нь элдэв өт хорхой хулгана шавьжнаас сүнс нь зайлчих дөхдөгсөн. Хүзүүн дээр чинь хачиг гэх юм уу нуруун дээр чинь үстэй хорхой гэнгүүт л алив аваадах гэсээр нүүр нь байдгаараа улайчихсан хүзүүгээ сунган ээж рүү босон харайдаг байж ёбилээ. Гэрийн хоймроор ор засан унтахдаа дээл даавуу, элдэв бусын юм мушгин өөрийгөө тойруулж тавих нь хулганаас өөрийгөө хамгаалж хил тогтоож байгаа хэрэг. Бид хоёр нэг удаа анд явж замдаа "Тарвагат хар усны” хэдэн цохионы өвөрт тохмоо дэвсэж аваад хонолоо. Аав маань шөнөжин дөрөөгөөрөө хад балбаад унтуулсангүй. Маргааш өглөө нь би "яаваа та” гэсэн чинь "Хулгана энд тэнүүгээр гүйгээд.. чи мөн бөх нойртой хүн юмаа” гэсээр хүзүүгээ шөргөөж суусансан.. 
 
"Хүний хамгийн бузрын зан бол шунал, бялдуучлал хоёр юм шүү. Хүүхдүүд минь өөрийнхөө хэрэглээнээс илүү эд хөрөнгө хурааж өөрсдөдөө битгий лай хураагаарай, тэр чинь үр хүүхдүүд чинь хүртэл гай болдог юм шүү. Бялдууч долигонуур хүн бол чамайг нэг л өдөр араар чинь тавьдаг юм. Ийм хүмүүсээс хол яв” гэдэг сургаалийг нь би амьдралдаа хатуу дагаж мөрдөж ирсэн. Үнэхээр ч энэ үг туйлын үнэн юм билээ.  
 
Үдийн цайгаа ирж уучихаад гэрийнхээ хойморт тухлан нүдээ анин хэвтэж байхдаа намайг толгойныхоо хажууд суулган Бальзакийн "Обломов” Р.Таагүрийн "Гора” гэх мэт зузаан зузаан номуудыг чанга дуугаар уншуулах дуртай. Би зургаан настай байхдаа уншаад сурчихсан болохоор ямар ч ном сонинг түгдрэлгүй уншдаг байлаа. 60-аад оны тэр үед Баруунтурууны 10 жилийн сургууль барьж байгуулагдан ашиглалтанд орсон ч дотуур байргүй байсан тул Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас, Зүүнговь, Тэс гээд Увс аймгийн зүүн зургаан сумдын хүүхдүүд Баруунтурууны 10 жилийн 9, 10-р ангид хоёр жил сурч, дунд сургуулиа дүүргэдэг байлаа. Өндөрхангай, Цагаанхайрхан сумдаас манай аав ээжийн хамаатан садны хүүхдүүд манайд ирж бидэнтэй чихцэлдэнэ. Чихцэлдэнэ гэдгийн учир нь манайх гэдэг айл дунд зэргийн зургаан ханатай Монгол гэрт аав ээжийн төрүүлж өсгөсөн бидний 9 хүүхдээс гадна ээжийн маань эмээ болох бидний нэрлэдгээр буурал ээж маань ороод 12-уулаа нэг гэрт амьдардаг байлаа. Дээр нь хоёр жил манайд "түр оршин суух томилолт” авсан садан төрдийн 2-3 хүүхэд ингээд 14, тавуулаа нэг гэрт чихцэлддэг байлаа. Хааяа аав ээж нь хөдөөнөөс хүүхдүүдээ эргэж ирэхэд хүртэл манайд хоноглоход унтаж хэвтэх нь бүү хэл хөл тавих зайгүй тул өөр айл барааддаг байсан юм.
Тэр хүүхдүүдийн нэг болох Өндөрхангай сумаас Туруунд ирсэн 9-р ангийн сурагч Цэрэнбадам эгч маань надад бичиг үсэг зааснаар би 6 настайдаа уншиж сурчихаад аавдаа ном, сонин дуудаж өгдөг "тусгай элч” болох нь тэр. Тусгай гэж онцолдогийн учир нь тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн өдөр тутмын ажил болох ус цас авах, мод түлээ хөрөөдөж хагалах, үхэр тугалын өвс тэжээл өгөх, хоол унд хийлцэх гээд гол гол ажлаас чөлөөлөгддөг байсан хэрэг. Аав маань МАХН-ын гишүүн хүн байсан тул Улаангомоос долоо хоногт хоёр удаа шуудангийн машинаар ирдэг "Үнэн” сониноо авчраад надаар уншуулна. Би тэр ажилдаа маш их дуртай. Шагналд нь сумын номын сангаас миний гуйлтаар гоё гоё ном авчирч өгнө. Ингэж л би Шехарадзе хатнаар "Мянга нэгэн шөнийн үлгэр яриулж, Түдэв гуайтай хамт "Хорвоотой танилцаж” Жюль Вернтэй "Дэлхийг 80 хоногт тойрч”, "Усан доогуур хорин мянган бээр аялдаг” байлаа. Аав нэг адар ажлаасаа арай эрт тарчихаад амьсгаадсаар орж ирээд сонингоо дэлгэж "Унш шалавхан унш, А, Я-гүй уншина шүү” гэж учир зүггүй шавдуулав. Би ч том хүн шиг хоолойгоо засаж байгаад Буддын хийдийн банди нар тангад ном уншиж байгаа аятай жингэнэтэл уншиж гарлаа. Тэр сонинд "МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын бүгд хурал дээр тавьсан илтгэл” тавьсны дотор бяцхан жаал миний хувьд учир нь үл ойлгогдох Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын асуудал хөндөгдөж байсныг тод санадаг юм. Би анх удаа Юмжаагийн Цэдэнбал гэдэг том дарга байдгийг мэдэж авсан маань тэр. Үүнээс хойш болсон МАХН-ын их, бүгд хурлуудад Ю.Цэдэнбал даргын тавьсан илтгэлүүдийг аавдаа мөн ч олон удаа дуудаж өгсөн дөө. 
Дээр нь бас болоогүй сахлаа зулгаалгаж нуруугаа маажуулна. Зулгаасан сахлаа бас тоолох ёстой, нэг удаадаа зуу хүргэж байж сална даа. Мууяа ах энэ тэр бол алгасч тоолж байгаад баригдана, харин би яг яс зулгаадагт аав дуртай байлаа. Орой бүр охидуудаараа нуруугаа маажуулна, нурууг нь маажихын өмнө бас хумсаа авсан эсэхээ шалгуулна. Дүү Энхбатыг маань сайн мааждаг гэж магтаан сайшаана, харин Бадагт "хумсаараа нуруу урдаг” гээд жаахан тиймэрхүү. 
Маршал Чойбалсан болон гучин долоон оны их хэлмэгдүүлэлт, Ханхөхийн хүрээг дотоод яамны төлөөлөгч Омбо, Гарамдорж нар ирж устгаж байсан тухай, феодалын хөрөнгө хураалтын тухай, мал сүргийн тоог таван жилийн дотор 200 сая хүргэх шийдвэр, ноосны төлөвлөгөө биелээгүй үед үстэй дээлээ хайчилдаг байсан, Чойбалсанг нас барах үед намын ухуулагч нар нь "Маршал байхгүй бид одоо яанаа” гээд хэнгэнэтэл уйлалдаж байсан тухай, Сталин, Хрущев нар болон ЗХУКН-ын онц XX их хурлын тухай гээд дуусашгүй урт түүхийг аав үе тэнгийнхэнтэйгээ хуучлах үед нь "үгэнд дурласнаас” болж заримдаа хөөгдөх боловч орон доогуураа орж хэвтэж байгаад томчуудын ярианд чихээ дэвсдэг байсансан. Тэр үед хөдөө орон нутагт зурагт энээ тэрээ гэж байсангүй, Монголын радио, "Үнэн” сонин хоёроор л хорвоог төсөөлнө. Хааяа намын гишүүдэд хаалттай мэдээ ирэх боловч би түүнийг нь аав Бадрай гуай хоёрын ярианаас дээрх маягаар төвөггүй олж авдаг байв. Хоёр өвгөн 1968 онд оросын цэрэг Прага руу орсон тухай, Америкийн ерөнхийлөгч Кеннедийг Даллас гэдэг хотод буудан хөнөөсөн тухай гайхшран хөөрөлддөг байсансан.
 
Тэрээр мөн мундаг гарын дүйтэй хүн байсан. Зураг зурна, модоор сийлбэр хийнэ, ихээхэн гал түлж хөөрөгдөж байгаад мөнгөн бөгж, бугуйвч хонх бас цутгаж хийнэ. Түүний хийж ах дүү нартаа бэлэглэсэн мөнгөн хонх бугуйвч, хүүхдийн бойтогонд зүүдэг мөнгөн хонхнууд мөн ч олон айлд бий дээ. Аавын хийсэн хачин гоё зүмбэр Улаангомын музейд одоо хүртэл хадгалагдаж буй.
 
Оросод сурч байхдаа би аавыгаа нэг удаа ч гэсэн баярлуулахаар урилгаар авч явж Москва, Ленинградыг үзүүлсэн юм. Тэр тухайгаа дараа нь Гэндэн, Чимэддорж, Бадраа, Малиа начин гээд үеийнхээ хөгшчүүддээ бараг бүтэн сар ‘лекц’ уншсан гэнэлээ. 
Аав минь 84 насыг зооглоод бурхан болсон. Хэдий нас өндөр болсон ч өвдөж шаналж өөрийгөө болоод үр хүүхдээ ч нэг ч удаа зовоогоогүй их буянтай хүн байж дээ гэж бодогддог. Архи тамхи огт хэрэглэдэггүй маш тэнхлүүн чулуу шиг биетэй хүн байсансан. Өөд болдгийн нь өмнөхөн эмч тариа хийх гэхэд ихэд айж сандраад байхаар нь яасан юм бол гэсэн чинь насандаа судас тариа хийлгэж үзээгүй байсандаа тэр байж. 
Миний амьдралдаа мөрдөж явдаг "Хүнд муу юм битгий хийгээрэй эргээд өөрт чинь, бүр үгүй юмаа гэхэд үр хүүхдэд чинь хүнд гай тусдаг юм шүү” гэдэг үг аавын минь олон захиасуудын нэг юм шүү. 
 
 
Ш.Пүрэвсүрэн