Наадмын дараахан Байгаль нуурын экологийн зөвлөлийнхөнтэй уулзах ажлаар би хэсэг нөхдийн хамт Улаан-Үд явсан юм. Алтанбулагийн гааль, хил дээр нэг их хүндрэл учирсангүй, харин бидний сууж явсан дөчөөдхөн хүнтэй жуулчны ганц автобусыг оросууд  хил дээрээ гурван цаг зогсоодог байна шүү. Автобуснаас зорчигчдын бүх ачаа тээшийг нь буулгуулж, шалган нэвтрүүлэхийн жижиг өрөө рүү бид бүгдийг нь чихэж оруулаад онгоцонд суулгах гэж байгаа аятай аяны цүнх, гар тээш бүгдийг жигнэж төнхөж, эгээ л ам ангайлгаж шүд ухсангүй. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ оюутан байхдаа л Наушкийн гааль дээр оросуудад ингэж дэглүүлж байсан санагдана. Тэр үеийн журам дүрэм болоод хил гаалийнхных нь дээрэнгүй ааш араншин өдий хүртэл тун ч өөрчлөгдөөгүй юм байна лээ. Бүр гар утсаа ч унтраахыг шаардаж хашгичаад гайхал төрүүлж орхилоо.
 
 
 
Алтанбулагаас суусан ганзгын наймаачин бололтой хэдэн охидууд ганц хоёр тортой юм дайгаад орохыг гуйгаад байгаа учрыг нь гайхан асуувал оросууд тэдэнд гартаа юу ч авч орохыг зөвшөөрдөггүй гэнэ. Байдал оросын талд иймэрхүү байхад манай дарга нарын мөрөөдөөд байгаа чөлөөт худалдааны бүс энд байгуулах энээ тэрээ гэдэг нь зангууны үлгэр бололтой. 
 
 
 
Автобус маань цаашаа хурдлан давхисаар “Гусиное озеро” буюу Галуут нуур дээр ирлээ. Энд Хрущевын засаглалынхны жараад оны үед бариулсан хэдэн зуун жижиг тагзнууд хоосорч балгас болсон нь манай Дорнын говьд хааяагүй тааралдах тоногдож сөнөсөн оросын цэргийн туурингуудыг санагдуулна. Галуут нуурын орчим нь коммунизмын дэглэмийн үеэс химийн үйлдвэрийн хаягдлаар нилээд бохирдсоноос эндхийнхэн орон гэрээ орхин хаашаа ч юм бараг нь дайжицгаажээ. Ганц нэг дэлгүүр баарыг нь эс тооцвол шинээр нэмэгдсэн барилга байшин зам харгуй “Гусиное озеро” тосгонд бараг үгүй гэлтэй. Хиагтаас энэ тосгоныг хүртэлх 200 гаруй км засмал зам нь зарим хэсэгтээ эвдэрч хагаран нарийсч, манай Дархан- Сэлэнгийн замаас долоон доор болжээ. Хиагтын район гэгдэх энэ бүсийн авто замын сүлжээ тэртээ хорь гучин жилийн өмнөх байдлаараа л байна билээ. 
Баруун талаасаа Хангайн, Хөвсгөлийн их уулсын төгсгөл, зүүнээсээ Хэнтийн нурууны хажуугаар урдаасаа хойшоо чиглэсэн урт хөндий шувтран Сэлэнгэ мөрнийг гаталсны дараа ой мод нэг хэсэгтээ шингэрч, хээрийн нүцгэн толгод дундуур уруудсаар Буриадын нийслэл Улаан-Үд хот руу оройхондоо орж ирлээ.  Сэлэнгэ мөрнийг даган нилээд сунаж тогтсон 600 гаруй мянган хүн амтай энэ  хотын захаар улаан дүнзэн байшинтай банзан хашаанууд нэг хэсэгтээ  үргэлжлэнэ. Айл бүр хашаандаа өөрийн гэсэн ногооны жижиг талбайтай, түүнээсээ жилийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг орос тосгоны амьдралын хэв маягийг эндээс харж болохоор.
Сергей Сучков хэмээх дунд эргэм насны орос эр хааш хаашаагаа 20 метр хүрэхдээ үгүйтэй жаахан газар дүнзэн байшин барин хотын төвөөс нэг их холгүй газар “Hostel” буюу манайхаар бол гэр буудал байгуулжээ. Өглөө оройны үнэгүй хоолтой, 20 долларын энэ буудал гадна дотнынхны хөлд байнга дараастай байдаг бололтой. Бөгс эргэхийн аргагүй умгар жижигхэн гурван өрөөнд модон ор давхарлуулан тавьж, нэг ээлжинд 20 гаруй зочин авчихдаг, дээр нь жижиг тэргээрээ вокзал буудал руу хүргэж тосож такси маягаар үйлчлэх замаар зуны улиралд 10 мянган ам доллараас  багагүй орлого олдог гэж эхнэр Маша нь орос зангаараа илэн далангүй ярьж байна лээ.  Улаан-Үдийн тансаг зочид буудлуудаас арав хорь дахин хямд, хотын төвөөс холгүй, үнэгүй 24 цагийн интернеттэй энэ буудалд  Байгаль нуурыг зорьсон оюутан залуус бөөн бөөнөөрөө бууцгаадаг юм байна. 
Маргааш нь “Байгаль нуурын экологийн зөвлөл” хэмээх иргэний нийгмийн байгууллагаас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцлоо. Урьд нь надад хэн ч юу ч урьдчилж мэдэгдээгүй мөртлөө энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж буй, цагтаа ЗХУ-ын думын депутат байсан профессор Шабхаев гэгч өвгөн намайг тусгайлан илтгэл тавина гээд шууд зарлачихдаг байгаа даа. Азаар зөөврийн компьютерт маань хоёр жилийн өмнө Африкийн Гана улсад болсон олон улсын байгаль орчны хурал дээр тавьж байсан илтгэл англи хэл дээр байж амь аврагдлаа. Аврагдлаа ч гэж дээ, хорин жил бараг яриагүй орос хэл хоолой дээр гацчихаад амнаас англи орос үг холилдон гарч нөгөө бантанг сааралтай нь хутгана гээч л болов...   
Сэлэнгэ мөрний бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод ярьсны зэрэгцээ Хөвсгөл нуур орчмын уулс фосфорит ихтэй учир Байгаль нуурын яг хажуудах  Сэлэнгэ мөрний цутгалан хэсгийн лаганд  фторын хэмжээ асар өндөр байгаа талаар Буриадын их сургуулийн нэгэн судлаач тоо баримттайгаар дурьдлаа.
Энэ хэлэлцүүлэгт Буриад улсын байгаль орчны прокурорын орлогч Магмедов гэж хүн уригдан оролцож, байгаль орчныг бохирдуулж доройтуулж буй зарим аж ахуйн нэгжид ОХУ-д саяхан гарсан журмынхаа дагуу сүүлийн үед ямар ямар арга хэмжээ аваад байгаа талаараа ярилаа. Жишээлбэл: Сэлэнгэ мөрний орчим хайрга олборлож байсан нэг компанийг 20 сая рублиэр /монгол мөнгөөр нэг тэрбум шахам төгрөг/ торгожээ. Яагаад ийм өндөр торгууль ногдуулж байгаа учрыг асуухад тэрээр:
- Хайрга бол голын дагуух хөрсний усыг тогтоон барьж байдаг учир байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялагт тооцогддог. Учир нь уулын чулуулгууд бутарч хагарч хайрга болтлоо  жижгэрэхэд хэдэн сая жил шаардагддагийг та юу эс андах билээ гэж хариулсан юм. Манайд тээврийн прокурор гэж бие даасан байгууллага авто ослын хэргээр дагнадаг шиг ОХУ-ын хуулиар байгаль орчинтой холбоотой гэмт хэргийг Байгаль орчны прокурор хэмээх бие даасан байгууллага хариуцдаг юм байна. Энэ прокурорын газрын дэргэд байгаль орчны чиглэлээр ажилладаг эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн байгаль экологийн орон тооны бус зөвлөл ажиллан орон нутагт гарч буй байгаль орчны зөрчлүүдийн талаар дүгнэлт  нэхэмжлэл гаргадаг. Үүнийх нь дагуу прокурор бие даан арга хэмжээ авч шаардлагатай гэж үзвэл шүүхэд шилжүүлэн шийддэг юм байна.  
 
 
Хэлэлцүүлгийн дараа “Мир Байкала” сэтгүүлийн эрхлэгч Соколова гуай Байгаль нуурын бохирдол сүүлийн үед эрс ихэсч байгаа талаар тоо баримтууд яриад намайг мөн сэтгүүлдээ ярилцлага өгөхийг урилаа. Хоорондоо 200-хан км зайтай Хөвсгөл Байгаль хоёр нь гарал үүсэл нэгтэй,  хүйн холбоотой нуурууд. Далайн түвшнээс дээш 1600 метрт орших Хөвсгөл нуураас Эгийн гол эх авч, Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй Орхон, Туул, Хараа Ерөө зэрэг зуу шахам том жижиг голуудын усыг хаман Сэлэнгэ мөрнөөр дамжин Монгол-Оросын нутагаар 1000 шахам км аялсаар далайн түвшнээс 600 метр өндөрт байрлах, дэлхийн цэнгэг усны 20 хувийг  агуулсан Байгаль далайд цутгадаг бөлгөө. Загас гэдэг амьтан  хаврын хаварт дүрсээ шахахаар ямар ч голын  эхэнд хүрдэг хойно Байгаль нуурын загас жараахай Хөвсгөл нуурт хөвж явахад гайхах зүйл ер үгүй.  
 
 
Хөвсгөл нуур орчмын уулс фосфорын агууламж өндөртэй апатит хэмээх эрдсийг их хэмжээгээр агуулдаг. Байгаль нуурын орчимд ч гэсэн Хөвсгөлийнхийг агууламжаараа арай гүйцэхгүй боловч апатитын том орд газар байдаг юм байна. Энэ ордыг ухаж зөөхөөр шинэ оросууд гэх баячууд шохоорхож ирж байгаа боловч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар Байгаль нуурын экологийн зөвлөлийн гишүүн, Буриадын Их Сургуулийн доктор, профессор Сэндмаа ярьж бидэнд тэр уулыг явж үзүүлсэн юм. АНУ-ын судлаач доктор Пол Робенсон фосфоритын тонн хүдэр тутамд дунджаар нэг грамм ураан агуулагддагийг дурьдаад хэрэв энэ бүс нутагт олзворлолт явуулж эхлэх юм бол байгаль нуурын экологи болоод орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг дэлхийд фосфорын бордоо үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Марокко улсын жишээгээр сануулж байлаа.   
Дараагийн өдөр нь бид өглөө эртлэн гарч өдөржин Сибирийн өтгөн тайга дундуур давхисаар “Красный Чикой” хэмээх жижиг тосгонд ирж тосгоны иргэдтэй уулзлаа. Оросын Хаант засгийн үеэс ийшээ тэрс үзэлтнүүдийг цөлдөг байсан ба Сталины үед ч улс төрийн  ялтан гэмт хэрэгтнүүдийг авчирч урааны уурхайд ажиллуулдаг байсан гэнэ. Социализмын үед энэ орчмоос баяжуулсан урааныг асар их хэмжээгээр олзворлож байгаад ЗХУ задарсан 90-ээд оны үед зогссон байна. Газрын байршлыг нь авч үзвэл манай хил болоод Мардайн уурхайгаас нэг их холгүй юм билээ. Одоо Оросын эдийн засаг хөл дээрээ босож байгаа энэ үед урааны хаагдсан уурхайнуудыг эргэн ашиглах талаар нилээд хүчтэй яригдаж орон нутгийнхан үүнийг нь эрс эсэргүүцэж байгаа юм байна. Буриадын “Иволгин” дацны хамба лам Аюушеев эндхийн уугуул ба урааны олборлолтыг дахин эхлүүлэхгүй байлгаж дөнгөх гол хүн нь гэнэ. Биднийг Улаан-Үдэд байх үеэр Америк судлаачдыг хамба лам хоёр ч удаа хүлээн авч урааны хор холбогдлын талаар илэн далангүй ярилцсан юм. 
 
 Орон нутгийн энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх өндөр настай нэг эмээ:
-40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн дипломтой цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна, энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би маш их айж байна” гэлээ. “Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ “Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан  онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хорт хавдар тусаж жилд 20 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс айж байна. Ах дүү Монголчуудад маань ч бас энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэж дамжуулаарай,” хэмээн чанга чангаар хашгачин ярилаа.  
 
Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай хямд төсөр эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй эрдэмтэд анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ.. Атом жингээрээ хамгийн хүндэд тооцогддог энэ элемент мөн гайхамшигтай хатуулаг чанартай. Аугаа эх орны II дайны үед урааны хольцтой ган төмрөөр хуягласан немцийн “Барс” хэмээх танкийг оросын их бууны сум нэвтэлж дөнгөдөггүй байсан гэж маршал Жуков дурдатгалдаа нэгэнтээ бичсэн байдгийг санаж байна. Харин хожим нь хүн төрөлхтөн урааныг ашиглан үүнээс хэд дахин хүчтэй зэвсэг хийн бие биеийгээ айлгаж  эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж энэ ховор элементийн хойноос үхэн хатан хошуурах нэг шалтгаан болсон нь даанч харамсалтай. 
 
 
Маргааш нь бид урт замын алжаалаа тайлж “Красный Чикой” голын хөвөөнд өнжлөө. Сибирийн энэ бөглүү тосгоны хүмүүс биднийг маш дотноор хүлээн авч орос заншлаараа багагүй дайлж цайллаа. Манай хөдөөнийхөн дээр үед гаднын хүн ирэхэд ингэж бөөн баяр болдог байсан санагдана. Голын хажууд ирснийх, бид хэд бүгдээрээ нүцгэлээд ус руу нь яваад орчихсон чинь шумуул хөх түрүү хоёрт нь золтой л бариулчихсангүй.  Шумуул нь манай Сэлэнгийнхээс хоёр дахин том, хөх түрүү нь  манай хэдгэнэ зөгийнөөс хэд дахин хүчтэй хатгадаг юм билээ. 
 
 
 
Тосгоны хүмүүс социализмын үед хүн бүр ажил төрөлтэй, хангалуун элбэг дэлбэг амьдардаг байснаа ам булаалдан ярьж одоо ажилгүйтэл ядууралд нэрвүүлж байгаа зовлонгоосоо бидэнтэй хуваалцсан юм. Биднийг очиход хэд хэдэн газар түймэр гарч утаа униар ихтэй байсан ч: -Энэ их мод зуун жил ассан ч дуусахгүй ээ гээд тосгоны дарга нь нэг их тоосон шинжгүй сууж байхыг харахад бас сонин. 
 
 
 
Нээрээ л тэр хавьд модноос их юм алга. Хөрөөдөж хагалсан модоо хүртэл хашааныхаа дотор биш гадна талыг нь дагуулаад тэвхийтэл хураачихсан байх жишээтэй. Манайд бол нэг л шөнийн дотор ачаад арилах байлгүй. Хуучин хашаа саравч, барилга байшингийнхаа модыг хажуугийнхаа гуу жалга руу түрээд хаячихсан байгаа нь энд тэндгүй. 
-Хайран мод түлдэггүй юм уу гэсэн чинь  –Хог түлээд байхдаа яадаг юм ухааны юм яриад намайг шоолж байсан даа. Сибирийн тайгын модыг огтолж Хятад руу их хэмжээгээр гаргаж нэг хэсэг нь нилээд хөлжсөн, одоо энэ бүхнийг тас хорьчихсон болохоор бидний амин зуулга хушны самар л болоод байна гэж тэрээр өгүүлсэн юм. Намар 9 сараас дүн өвөл хүртэл сургуулийн хэдэн хүүхдээс өөр тосгонд хэн ч үзэгдэхгүй, бүгд хөвч  тайга руу самарт явцгаадаг гэнэ. Самрыг нь наймаачид ирээд вагон вагоноор нь ачаад явчихдаг болохоор борлуулах гэж санаа зовдоггүй гэж тэд ярилаа. 
Онгон дагшин газар нутгийн энэ хэсэгт уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа явуулахгүй байх талаас Буриадын их сургуулийн эрдэмтэд их тусалж байгаад тэд их талархалтай байсан юм. Цаашдаа Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын экологийн талаар  хамтарсан мониторинг судалгаа явуулах ажилд Монголын эрдэмтэдийг бас татан оролцуулахыг надад санал болгож байлаа.                                                                                                                                          
           
 
Ш.Пүрэвсүрэн
 
2010-11-08