Хэд хоногийн өмнө үндэсний телевизийн сурвалжлах багийнхан манай зусланд ирж, мод тарихад юу анхаарах ёстой талаар ярилцлаа. Би ой модны мэргэжилтэн хүн биш л дээ. Тэгэхдээ модны доорхи хөрсийг нь судалдаг, дээр нь ургамал цэцэг тарих хоббитэй нэгний хувьд баруун солгойгүй баахан бурж орхив. 
Энэ дашрамд нэгэн санаа төрснөө уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдаад үүр шөнийн заагаар босож бичиж байгааг минь хүлээн авна уу.
Социализмын үед нам засаг мод тарьж байгаа нь гэж “коммунист субботник” маягаар бужигнуулдаг байсан туршлагыг өнөөгийн удирдагчид  шууд хуулж аваад “мод тарих өдөр” болгон зарласан. Орон даяар хавар намарт хээрийн бор оготно аятай хот суурингийн эмзэг хөрсийг энд тэндгүй ухаж сэндийчилж, ууланд мөрөөрөө ургаж байсан модыг суга суга татаж авчраад сая саяар нь оршуулдаг, Монголд ургадаг олон наст сарнай байсаар байтал жил болгон нэг наст цэцэг тарьж манийхаа татварын мөнгийг баруун солгойгүй угаадаг болсоор удаж байна. 
Сүүлийн 60 гаруй жил тарьсан мод нь бүгд ургасан бол базарваань өнөөдөр Монгол орон, тэр тусмаа нийслэл хот маань Амазоны ширэнгэн ой шиг л болох байлаа. Харамсалтай нь өргөн сайхан гудамж талбайтай байсан “Азийн цагаан дагина” маань өнөөдөр газрын наймаачдын ач буянаар цементэн ширэнгэ болон  хувирчээ. 
Хэдэн жилийн өмнө Богд ууланд 1 сая мод тарина гэж Барсболд сайдын үед БОЯамныхан зарлан сүржигнэж, тэрбум тэрбумаар нь мөнгө зувчуулж, дээр нь бас болоогүй ам болгоныг нь баруун солгойгүй зарсаныг бид мартсан байж магадгүй. Харин намайг байгаль хамгаалах санд ажиллаж байх 2013 онд хотоос дөрвөн зүгт гарах замуудыг дагуулан 20 км мод тарихаар хүндэт ерөнхийлөгч зарлигдсан учраас ургахгүйг нь мэдсээр байж буруу харж уйлж зөв харж инээдгийн жишгээр тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байснаа би мартаагүй байна. Одоо хаана байна тэр моднууд? 
 
 
 
“Алтан загасны үлгэрийн” эмээ нар хотыг цэцэрлэгжүүлнэ, ногооруулна, цэцэг тарьж гоёж гоодно гэх гэх үлгэрээр  мөнгө яаж угааж байгааг бид харж байна.  Тэдний сайхан сайхан ам мэхэнд нь ханалаа, цадлаа. Төсвийн мөнгийг сайхан сайхан юм ярьж угаадгаа болих цаг чинь нэгэнт болжээ, дарга нараа. Бүх нийтийн субботникоор мод тарьдаг үр ашиггүй, утгагүй энэ ажлыг энэ хавраас эхлэн зогсоохгүй бол хажууд нь хангай дэлхийн ой мод бидний хөлд үрэгдээд дуусах нь, халаг.
 
 
 
Бидний мартсан бяцхан түүх сөхмөөр санагдав.
Амьдарч байгаа газраа яаж ногооруулдаг соёлыг бидэнд Бал даргын үед орос ах нар харуулсан. Дархан, Эрдэнэт, Дорнодын төвийг тэд барьж байгуулангаа бидний ад үзээд байдаг улиасыг тарьж гудамж талбай бүрийг нь ногооруулсан. Харин өнөөдөр бид газрын наймаачдын “буянаар” бүгдийг нь амжилттай устгасан, устгал үргэлжилсээр байгаа. Орос цэргийн ангиуд түр байрлаж байсан Дорнод, Дорноговийн хээр талыг тэд ногооруулаад буцацгаасан. Барилгатай юутай хүйтэй нь ардчиллын үеэс заналтайгаар нурааж, газрын хөрстэй нь тэгшилсэн. 
Улаанбаатар хотыг оросууд ногооруулж өгсөн түүх мартагдах болоогүй. Энд тэндхийн төрийн тэргүүнүүд, сансрын нисгэгчид, ер нь айлчилж ирж байсан бүх зочид төлөөлөгчид Монгол оронд хүндэтгэлээ илэрхийлж байгаагийн бэлэг тэмдэг болгож, Анастасия Ивановнагийн шахаагаар хэдэн зуун жилийн настай гоё гоё мод тарьдаг байсныг одоохондоо амьд би ирээдүйд түүх гэрчилнэ. 
 
Мянга мянган жилийн түүхтэй Монголын нийгмийг өнгө төрхийг танихын аргагүй болтол өөрчилсөн Ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх жил тэмдэглэх 2021 онд миний таньж мэдэх Монголд элэгтэй зарим хүмүүсийн үр хүүхэд ач гуч нар нь ирнэ гэж ярьцгааж байна. Тэд надаас аав ээжийнхээ Монголд тарьсан мод яаж ургасныг үзмээр байна гэвэл би юугаа ярьж хуйхаа маажихаа мэдэхгүй сууна.
 
Ленин, Сталины хөшөөтэй нь хамт устгачихсан гэлтэй нь биш, нэг л ичмээр санагдаад байх юм. Хүүхдийн парк, ДСНК-гийн цэцэрлэгт бага насаа үдсэн миний насныхан өнөөдөр байж байгаа царайг нь хараад хөнгөн гуниг төрдөг нь дамжиггүй. Харин Ханхөхий уулын их тайга, Туруун голынхоо шугуйд төрж өссөн миний хувьд ой модгүй бол амьдрал утгагүй юм шиг санагддаг юм. Хорин жилийн тэртээ Хавайн арал дээр очихдоо нутгийн иргэдийн бүтээсэн зүйлийг харж атаархсандаа би ямартаа ч хангай говьгүй ургадаг хайлаасаар зуслангаа хашиж санаа минь жаахан тайвширсан даа. 
Мод тариад маргааш нь мартдаг хүмүүс олширч байгаа өнөө үед дэвшүүлж байгаа санаагаа бичье. Мод тарих нийтийн субботник өдрөө больж, талархлын цэцэрлэгтэй болох хөдөлгөөнийг  орон даяар өрнүүлбэл яасийм? Хот дүүрэг, хороо хорин, аймаг сум, багийн төвүүд бүр өвөг дээдсээ нутаглуулдаг газрууддаа хүртэл мод тарьж Монгол орноо ногооруулах зорилготой энэ хөдөлгөөнийг зөв голдиргоор нь эхлүүлчихвэл булаг аятай оргилоод явчихна. 
Эх нутаг, төрж өссөн газар шороо чинь баярлах болно. Сум, сургууль, төгсөгчид гээд төрөл бүрийн ой өргөн тэмдэглэдэг болсон өнөө үед морь уралдуулж, хөшөө суврага босгохын оронд төрөлх нутгийнхаа өнгө төрхийг өөрчлөх энэ хөдөлгөөнийг өрнүүлбэл дэмжээд явчих хүн байх болов уу гэж боловуу хэмээн найдаж байна.
Хот дүүрэг, сум, аймгийн төвийн сургуулиудыг эхний ээлжинд ийм цэцэрлэгтэй болгочихвол үр хүүхдүүд ач зээ нарын маань байгаль дэлхийдээ ханддаг хандлага хүртэл өөрчлөгдөх болно. Эргэн тойрон нь ногоон, цэвэр цэмцгэр байхыг хараад гудамж талбай, хүрээлэн орчиндоо манайх минийх гэсэн сэтгэлгээгээр ханддаг болно. Хог новшоо замбараагүй хаядгаа болино. 
 
 
 
Дахин хэлэхэд би энэ санаачлагыг төсөв мөнгө атгадаг дарга нарт зориулж лоозогноогүй, эх нутагтаа элэгтэй эх оронч сэтгэлгээтэй түмэндээ хандан уриалж байгаа гэдгийг ойлгоорой. Харин энэ санааг минь ашиглаад мөнгө угаах аян шалтаг хэн нэгэн даргын толгойд зурсхийх вий гэдгээс айж болгоомжилж байна. 
 
 
 
Энэ ажлыг яаж эхлэхэв, хэн хариуцахав? гэж үү. 
Үүнийг хэн нэгэн дарга дурга биш хороо хорин дүүрэг, баг сумандаа байгаль эх дэлхийдээ, эх нутаг эх орноо гэсэн сэтгэлтэй, шуналгүй, суурин  оршдог иргэд ТББ-ууд хариуцаг. Тэднийг сонгон шалгаруулахдаа өнөөгийн жишгээр ямар нэг хулхи тээндэр мээндэрээр биш амьдардаг орчин тойрных нь хүмүүсээс санал авах маягаар шийдэг. “Талархлын цэцэрлэгт хүрээлэнг” байгуулаад ажиллуулж чадна хэмээн шалгарсан нөхөржавт шилэн данс нээх үүрэг эхний ээлжинд ногдох болно. Хэдэн жилийн өмнө УИХ-аар батлагдаад маргаашаас нь мартагдсан “Шилэн дансны” хуулийг үлгэр жишээчээр амьдрал дээр хэрэгжүүлж чадах хэн нэгэн этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ газар биш өөрийг нь “тойрон хүрээлэгсдээр” байнга хянуулах учир зугтах зайлах газар түүнд байхгүй болов уу. Үйл ажиллагаагаа ард түмнээрээ хянуулдаг тогтолцоонд шилжихийн жишгийг бас ингэж тогтоож өгвөл УИХ- руу ум хумгүй зүтгэж байгаа 200 гаруй нэр дэвшигчдэд сануулга бас дохио болог.  Ардчилсан намын дарга нэр дэвшигчдээсээ 100 саяыг хурааж байгаа гэсэн, Ардын намынхан яаж байгаа нь одоохондоо нууц байгаа. Энэ удаа эх орон, эх нутагтаа элэгтэй эсэхийг нь шалгах эхний шалгуур нь “Талархлын хүрээлэн” болог.  Үнэхээр тэд ярьж хэлж байгаа шигээ эх нутаг, элгэн түмэндээ хайртай юм бол дэвшиж байгаа тойргийнхоо “Талархлын хүрээлэнгийн” дансанд элдэв реклаам шоугүйгээр ганц ганц сая төгрөг хандивлачихаг.
 
 
 
“Шилэн дансны” хуулиар хандив нь түмний нүдэн дээр тэр нь дорхиноо ил болж, хийж гүйцэтгэх гэж байгаа хийж байгаа ажил гарч байгаа зарлагыг нь хэнбугай нь ч хэзээ дуртай цагтаа хянаад явчих боломжтой учраас элдэв долоон мэргэжлийн хяналт дарамтгүйгээр хандивлагчид өөрсдөө газар дээр нь очоод хариуцлага тооцдог байг. 
 
 
 
Өвгөн эрдэмтэн миний энэ санал санаачлагыг дэмжиж байгаа бол бусдадаа түгээнэ биз. Харин алаагүй үнэгний арьсыг арав хуваадгийн жишгээр саналыг маань өлөн нохойн нүдээр шиншигчид бол цаашаа шүү. Эх нутагтаа элэгтээ хүн бүр сум сумандаа баг багтаа өсөж өндийсөн сургууль цэцэрлэгтээ талархлын хүрээлэнг жилд ганцхан удаа цэнгээд мартдаг наадмын талбайдаа байгуулцгаая. Хэн нэгний нэрэмжит биш энэ хүрээлэн ийм сайхан Монгол оронд төрсний хувьтай хувь заяаныхаа талархал хэмээн эх дэлхийдээ эх орондоо эх дэлхийдээ буян бологтун хэмээн үр удамдаа үлдээээцгээе
 
 
Ш.Пүрэвсүрэн
 
2020.5.5
 
Зуун модны зуслан 04 цаг