Ус бол чандмань эрдэнэ болохыг бид мэддэг хэрнээ агаар бол түүнээс ч илүү чухал амин эрдэнэ болохыг хэн ч анзаарддаггүй. Яагаад гэвэл хүн дунджаар минутанд 16-20 удаа амьсгалж, амьсгалах бүрдээ нас хүйс, биеийн жингээсээ хамааран 300-900мл агаар сорж авдаг. Холын зайн гүйлтийн тамирчид бол үүнээс бүр хэдэн арав дахин агаараар амьсгална, гэхдээ дундажлаад бяцхан тооцоо хийж үзье. Бид минутанд 18 удаа амьсгалж, 500мл агаар залгидаг гэвэл минут тутамд 9литр агаараар амьсгалах бөгөөд үүнийг 24 цагаар үржүүлчих юм бол хүн хоногт 13000литр, жилд 5сая орчим литр агаар хэрэглэдэг юм байна лээ. Хэрэв энэ тоог та өөрийнхөө насаар үржүүлчих юм бол нийт хичнээн хэмжээний агаарыг үнэгүй авч хэрэглэснээ санаж эх дэлхий, бурхан тэнгэртээ талархах ёстой болов уу.  
Саяхан коронавирусаар хүнд өвчилсөн өндөр настай нэгэн франц эр эмнэлэгт нь хүрэлцээгүй байгаа амьсгалынхаа аппаратыг салгаж хажуугийнхаа залууд өгөхийг эмч нараас хүсэхдээ 3 хоногийн төлбөр нь 600 евро болсныг сонсоод учиргүй их уйлсан гэнэ. Эмч нар найдваргүй болсон түүнийг өгсөн төлбөртөө харамсаад байгаа юм болов уу гэтэл “Намайг 90 нас хүртэл ямар ч үнэ төлбөргүй агаараар амьсгалуулж байсан эх дэлхийдээ би баярлаж талархаад баршгүй” гэж хэлээд енгэнүүлээд байсан гэж нэгэн танил маань ярьсан юм. 
 
Хүн хоногт үсрээд 1кг хуурай хоол идэж, 3л шингэн уудаг мөртлөө багаар бодоход 13мянган литр агаараар амьсгалдаг юм байна. Хоол хүнсгүйгээр таны бие махбодь 20 хоногийн өлийг дааж чадах бол агааргүйгээр 2 минут ч тэсэж чаддаггүй  гээд бодохоор агаар бол яах аргагүй амин эрдэнэ юм даа. 
 
 
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан саяхан “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Би тэртээ 1995 онд Солонгос-Бээжингээс шөнийн нислэгээр ирж яваад улсынхаа хил рүү дөнгөж орж иртэл онгоцны битүүмжлэл гэнэт алдагдсан юм. Битүүмж алдагдахаар   хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж, өөрөө ч мэдэхгүй ганцхан минутын дотор бүрмөсөн унтчихдаг, дэлхий дахинд ийм явдал цөөнгүй гарсан. Тэр удаа 11 мянган метрт явж байтал битүүмжлэл  алдлаа гэсэн дохио өгсөн дор нь шууд онгоцоо доош нь гулсуулан унагаж, хүн амьсгалахад саадгүй өндөрт оруулсан. Би ч үхээгүй, хамт явсан улс ч янз бүр болоогүй тайван өнгөрсөн дөө” гэсэн байдаг. 
Өвөл зуны аль ч улиралд Улаанбаатар хот ямарч утаа тоостой байлаа, гадаад орчны агаарын найрлагт байх хүчилтөрөгч /21%/, нүүрсхүчлийн хийн /0.03%/ агууламж огт өөрчлөгддөггүй. Харин гэр албан тасалгааны агаар бол түргэн хугацааны дотор байдлаас хамааран огцом өөрчлөгдөж болно. Бидний амьдралын ихэнх цаг хугацаа хүүхэд ахуй цагаасаа эхлэн гэр орон, цэцэрлэг, сургууль, ажил алба гээд битүүмжлэгдсэн тасалгаанд өнгөрдөг шүү дээ. Бидний хэн ч ялгаагүй утаа, тоос шороо байнга манардаг гадаад орчноос өөрсдийгөө л сайн тусгаарлачихвал илүү цэвэр агаар амьсгалж илүү эрүүл орчинд амьдарна гэж эндүүрдэг. Гэр орон, өрөө тасалгаандаа янз бүрийн хийцийн агаар цэвэршүүлэгч аваад тавьчихвал асуудал шийдэгдчихнэ гэж андуурдаг. Гэвч харамсалтай нь нарийн авч үзвэл энэ бүх юм урвуугаар байдаг аж. Өвлийн улиралд төвийн халаалттай орон сууц, галлагаатай гэр хорооллын байшин сав, хаа ч ялгаагүй орчноо гаднаас өөрсдийгөө бүрмөсөн тусгаарлачихсан нөхцөлд дотоод орчны бохирдол гаднахаас ямагт өндөр байдгийг судлаачид нэгэнт тогтоочихсон байгаа. 
 
 
 
Учир нь хүн та өөрөө агаар бохирдуулагч гол хүчин зүйл,  амьдарч буй орчноо 24 цагийн турш бохирдуулдаг. 
 
 
 
Юу гэнээ, яагаад би тамхи татдаггүй ш дээ гэж гайхаж байгаа бол би хариулах гээд оролдъё. 
Бид хорвоо дэлхийгээс үнэ төлбөргүй өгсөн 21%-ийн хүчилтөрөгчтэй  агаарыг хамрынхаа хоёр нүхээр хүссэн хугацаандаа ханатал сорж авдаг мөртлөө буцаагаад гаргахдаа дээрх үзүүлэлт элдэв бодисоор бохирдож буураад 16% болсон байдгийг анзаарч мэддэггүй. Амьсгалах бүрт чинь агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ 5%-иар буурахаас гадна хамгийн гол нь ердийн агаарт маш бага хэмжээтэй байдаг /0.04%/ нүүрсхүчлийн хий бидний уушигнаас гарахдаа 4% болж өсөн 100 дахин ихэсдэгт л хэргийн гол учир оршдог. Бидний биед янз бүрийн эх үүсвэрээс ялангуяа утаа тоостой агаараар дамжин биенд чинь хуримтлагдсан хорны 90% нь амьсгалаар үлдсэн хэсэг нь өтгөн, шингэн шүлс хөлсөөр гадагшилдаг гэсэн судалгаа байна.  Ийнхүү гадаад орчноос өөрсдийгөө бүрэн тусгаарлах гэдэг ойлголт нь толгойдоо том гэгчийн гялгар уут углаад хаа нэгтээ үхлээ хүлээгээд суучихсантай адил юм уу даа. Яг одоогоос 20 жилийн өмнө Баренцийн тэнгисд живсэн Оросын усан доогуур явагч “Курск” хөлгийн 100 гаруй далайчид шиг.
 
 
 
 
Уурхайн гүнд дарагдсанаас гадна шоронгийн умгар өрөөнд хэдэн зуугаар нь чихчихсэнээс болоод хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж бүтэж үхсэн олон тохиолдлуудын талаар хэвлэл мэдээллээр та бүхэн зөндөө л харж сонссон байх. Битүү орчинд агаарт байх хүчилтөрөгчийн хэмжээ багасч, нүүрсхүчлийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин ихэссэнээс бидний бие тавгүйрхэж эхэлдэг. /Нүүрсхүчлийн хийг /СО2/ угаарын хийтэй /СО/ андуурав. Хоёулаа өнгө үнэргүй, гэхдээ эхнийх нь бидний бие махбодиос ялгардаг бол сүүлийнх нь нүүрсний дутуу шаталтаас үүсдэг үхлүүт хортой хий/. 
 
 
 
Нүүрсхүчлийн хий өрөө тасалгаанд ихсэхэд хамгийн түрүүн нялхас мэдэрч уйлагнааад  байдаг бол настайчуудын даралт нь ихэсч, нойргүйтэж, бие нь эвгүйрхэж эхэлдэг. Иймээс та өвлийн улиралд хаалга цонхоо таг битүүлж аваад унтаад байх юм бол таны дархлаа удахгүй нойллож, захын ханиад томууны вирусд дээрэлхүүлнэ гэсэн үг. Ялангуяа шаталт сайтай шахмал түлш түлж байгаа өнөөгийн нөхцөлд гэрийн чинь агаарыг зуух пийшин хоромхон зуурын дотор ховх сорчихдог учир цонхоо заавал жаахан ч гэсэн онгорхой байлгах зайлшгүй шаардлагатай юм шүү.  Айлын умгар өрөө хөлслөн амьдардаг хөдөөний нэг оюутан охин бурхан болсон аавынхаа хойноос нэгэн ламтны айлдвараар 108 зул өргөчихөөд дэлгүүр яваад ирэх хооронд нь өлгийтэй нялх хүүхэд нь хүчилтөрөгчийн дутагдалд ороод ухаангүй болчихсон, түргэн дуудсан боловч сэхэл аваагүй талаар миний нэгэн танил өгүүлсэнийг бичихгүй өнгөрч чадсангүй.
Биеийн дархлаа сулрах нь бүх өвчлөл үүсэх гол шалтгаан болдог ба ихэнх үрэвсэлт өвчин нь дархлаа суларсны үр дүнд идэвхждэг талаар “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн захирал З.Цэгмид ийн өгүүлсэн юм. Үүнд: бие амархан эцэж сульдах, өвчинд нэрвэмтгий болох, архаг өвчин сэдрэх, нозоорч нойр хүрэх эвшээх, хомхой долоохоос өгсүүлээд тархи толгойгоор хатгах, булчин, үе мөч хөндүүрлэх юм бол таны дархлаа ноотой болж байгаагийн дохио гэнэ. Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн төвийн захирал, доктор Элеонора Капитонова дархлааны талаар “Бидний бие организмыг гаднын ямар нэг халдлагаас хамгаалдаг ганц зүйл бол дархлаа.  Дархлааны системийг дэмждэг олон зүйл байдгийн дотор онцгойлох хүчин зүйл нь агаар түүний дотор хүчилтөрөгч юм шүү. Иймээс та бүхэн болж өгвөл л эрүүл агаараар амьсгалж, явах нөхцлийг өөртөө бүрдүүлэхэд анхаарах нь чухал” гэж бичсэн байна лээ. 
 Жил бүр хүйтэрч эхлэнгүүт хүүхэд багачууд ханиад томуунд нэрвүүлж эхэлдэг, мөн нийт өвчлөлийн 90%- гаруй хувийг 15 хүртэлх насныхан эзэлдэг гэсэн судалгаа бий. Энэ нь ханиад томууны вирус хүйтэнд үржиж олшроод байгаад юм огт биш, гагцхүү дээр дурьдсанчлан өвлийн улиралд гэр орон, албан тасалгаагаа агааржуулахгүй байснаас дархлаа нь суларч, мөн агааржуулалт багатай орчинд хүүхдүүд нэг дор бөөгнөрөх нөхцөлд томуугийн вирус өсөж үржин сульдаатайгаас нь эхлэн нэрвэх боломж бүрддэгт л хэргийн гол учир байна. 2019 оны байдлаар хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөлийн хамгийн их буюу 20.2 хувийг хатгалгаа өвчин байсан ба үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 70.9 хувийг эзэлсэн гэсэн харамсалтай тоо баримт байна.
Миний бие 2019 оны 12-р сард СХД-ийн хэд хэдэн цэцэрлэгээр орж нүүрсхүчлийн хийн агууламжийн тандан судалгаа хийж үзсэн юм. Эндхийн цэцэрлэгүүд өвлийн улиралд хүүхэд ханиад хатгаа авахаас сэргийлэн цонхоо нээдэггүй, гаднаас ямар ч агаар сэлгэх ямар ч төхөөрөмжгүй  байлаа. Багажны заалт дахь нүүрсхүчлийн хий /СО2/ 2000ррм зааж байсан нь гадна орчныхоос даруй 5 дахин их байв. Ийм бүгчим  орчинд өдөржин байсан хүүхдийн дархлаа ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Хүний бие организмын 20%-ийг хүчилтөрөгч эзэлдэг. Иймдээс ч тэнгэр бурханаас түүнийг нь байнга тэтгэж байхын тулд 21%-ийн хүчилтөрөгчтэй агаарыг бидэнд үнэгүй хайрласан байгаа.
 
 
 
 
Хүний биеийн эсүүд хүчилтөрөгчийг хэрхэн мэдэрч, ямар хариу үйлдэл үзүүлдэг талаар судалсан АНУ-ын Харвард их сургуулийн Кэелин, Хопкинсийн их сургуулийн Семенза болон Их Британийн Оксфорд их сургуулийн профессор П.Ратклифф нар өнгөрсөн оны Нобелийн бие судлал, анагаах ухааны шагналтнаар тодорч сая шахам долларын эзэд боллоо. Бидний аз дутахад эдгээр эрдэмтэдийн нээлтийг судалж амьдралд хэрэгжүүлэх нь бүү хэл коронавирусын вакцинаа гарахыг хүлээх нас заримд нь хүрэлцэхгүй нь бололтой. 
 
 
 
АНУ, Энэтхэг, Бразилийн хүн ам нягт суурьшсан хүчилтөрөгчийн дутагдалтай орчинтой томоохон хотуудад коронавирусын халдвар өндөр байгааг бид өдөр бүр харж байна. Харин 1кв.км-т хоёрхон хүн амьдардаг асар уудам нутагтай мөртлөө тэн хагас нь нүүж ирээд Улаанбаатартаа чихэлдчихсэн байгаа биднийг хараад тэд эзэнгүй нутгийг нь эзэмших юмсан сэтгэл шунал нь хаачих билээ. Цагтаа хүрвэл амархаан тархан суурьшчих боломж нь хэнд ч байгаа боловч”нохой хамартаа хүрэхээр усч” болох эсэхээ үзэхээс нааш хотынхон хөдлөхгүй дээ. Одоо дулаан бүлээн байгаа дээр боломжтой бол амралтын өдрүүдээр агаар салхинд гарч, өвлийн улиралд гэр орондоо салхи савар байнга оруулж байхыг сануулах минь. 
Коронавирусын хоёр дахь давалгаа аль хэдий нь эхэлчихсэн, өдөр бүр 200 гаруй мянган хүн халдвар авч, 4000 гаруй нь үхэж үрэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн агентлагууд шуугилдаад эхэллээ. Гэсэн ч манай сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа удахгүй хүссэн хүсээгүй эхлэх нь ойлгомжтой. Гэр бүлдээ санаа тавьдаг хэнбугай ч гэр орондоо нүүрсхүчлийн хий хэмжигч тавин хянаж мониторинг хийх боломжтой болсоны дээр ямар ч улиралд агаар сэлгэх боломжтой төхөөрөмжүүдээс шилж сонгож байгаад суурлиулчихад гэмгүй байх шүү. Харин төр засгаас нэн яаралтай анхаарч хүүхдүүд олноор цугладаг  байгууллагууд болоод эмнэлэг үйлчилгээний газруудад агаар сэлгэдэг төхөөрөмж суурилуулах арга хэмжээ авахгүй бол тахлын халдвар ихсэх вий гэсэн дээ санаа зовнин үүнийг тэрлэв.
 
 
Ш.Пүрэвсүрэн