Нэг үеийн оюутан, эдүгээ Монгол Улсын гавьяат жүжигчин “буржгар” Жагааг “Эрхүүгийн хавраа” дуулах бүрт өргөн Cибирийн энэ хотод өнгөрөөсөн нэгэн  жилийн дүр зураг нүднээ тусдаг билээ. Одоогоос дөчөөд жилийн өмнө буюу 1976 оны намар би Эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд  орос хэл үзэхээр ирсэн юм. Арван жилд байхдаа шаггүй хатуу Батмөнх багшаар заалгаж, ангийнхан дотроо л гайгүйд тооцогдож  байсан миний орос хэл энд ирээд “будаа” болов. ЗХУ-д тэр үед 30 гаруй мянган монгол оюутан байснаас зөвхөн Эрхүүд үүний хагасаас илүү нь  суралцдаг, олон аавын хүүхдүүд цугласан газар сайн муу аль аль нь тасардаггүй хойно архи дарс хүртдэг, бусдыгаа бас хөөрхөн шоглочихдог хэсэг ч тэнд бас байлаа.


Бид Эрхүү хотын урд захад ой модтой уулын хажууд шинэхэн ашиглалтанд орсон байранд нутгаасаа 300 гаруйлаа амьдарч, тэндээ хичээллэдэг болохоор гадуур гарах бараг шаардлага гардаггүй  байсан. Би биологийн групп гэдэгт хамрагдаж гурван давхрын нэг таславчийн таван өрөөнд хөдөөний голдуу хорин банди нар дөрөв дөрвөөрөө амьдарцгаана. Дундаа нэг гал зуухтай, заримдаа хийж байсан борцтой шөлөө тэндээс алдах нь энүүхэнд. Эхлээд өрөөний дараа нь секцний аварга шалгаруулах бөхийн барилдаанаар эхэлж дотносцгоолоо. Монголчууд л болсон хойно нутаг усаараа нийлж эхэндээ булагнацгаана. Увсад арав төгссөн Алимаа, Сувдаа, Тунгаа гээд сагсан бөмбөг чадмаг тоглочихдог гайгүй охидуудаа бусдад алдчихгүйн тулд энд тэндхийн харчуудтай үзэлцэх ч үе хааяа гарна. Зарим маань баруун аймгийн хэл аялгаасаа болж шоолуулахаас ичээд дуугаа хураачихаад дүмбийгээд байдагсан. Тунгаа нэг удаа цүнх үүрсэн найз руугаа үзгээ сарвайснаа: Наадах аа нь дүрчихтэнэ гэж хэлснээс болж дүрээд байхдаа яахав хэмээн бас л бөөн инээдэм болж байлаа.


 Ангийн багш маань Нина Александровна гэж өндөр туранхай 40 орчим насны эмэгтэй байлаа. Нөхөр хүүхэдгүй болоод ч тэрүү жигтэйхэн адармаа ааштай, бид түүнээс ухаан алдтал айцгаана, уурлуулахгүйн тулд бүгдээрээ хичээх боловч аль хэдийнэ хашгаччихсан, заримдаа бүр уйлчихсан  байдагсан. Сүүлдээ уурлах зандрахыг нь тоохоо больчихсон ч уйлаад эхлэхээр нь л бид нам бууж өгдөг байв.
Манай группэд элдэв онигооны эзэд тун олон. Чимэдрэгзэн гэж багаасаа нилээд дураараа өссөн болов уу гэмээр Сэлэнгээс ирсэн нэг хүү байлаа. Оросоор буруу хазгай ярьснаасаа болж багштай байнга зөрөлдөнө, уурыг нь хүргэхийн тулд зориуд зөрүүдлэнэ.
-Я пошла в Монголию л гэх. Багш түүнд:
 –Во первых не пойти же пешком так далеко, скажи  поехать, во вторых ты же мужчина, пользуйся мужским родом гэхээр нь нөгөөх нь үүнийг сайн ойлгох боловч, зориуд зөрж  дараа нь дахин  давтан бүх үгээр а-гаар төгсгөн хэлж багшийн цөхрөнг барна. Тэгж гөжсөөр байгаад бүр сүүлдээ бүх зүйлээ женский родоор ярьж дасчихсан нь  түүнийг бид “женщина” хэмээн хочилдог болсон билээ.


Доржпалам гэж Дорноговиос ажиллаж байгаад ирсэн, оросоор бүр А ч гүй биднээс арай ахимагдуу нэг  товарищ байлаа. Бид түүнийг ах хүү гэж дуудна. Нас хэдийнэ гуч шүргэж яваа ч  зан ааш нь яг хүүхдээрээ, морин хуур татаж ерөөл магтаал уншдаг, урлагийн үзлэгийн хэд хэдэн медальтай авьяаслаг эр байлаа. Чимэдрэгзэнгээс ялгаатай нь Нина Александровнагаас үхтлээ айна. Түүнийг оросоор нэг л үг дуугарахад багш бид нар  савж унатал хөхрөлддөг учир ичиж зовоод мань эр багшаас юу ч асуудаггүй байв. Нэг өдөр бид “контрольная”  хийгээд тун завгүй сууцгааж байтал ах хүү арын эгнээнээс нэг бичиг багш руу дамжуулж байна. Багш нөгөөхийг нь уншчихаад түүн рүү нүднийхээ шилэн дээгүүр өлийж харснаа:
– Что случилось Палаам, поправьте, это же ваше дело, гэх нь сонсогдов. Бид гайхсан боловч учрыг лавлах зав хэнд ч байсангүй, удалгүй дахиад нэг бичиг багшид дамжиж, Нина багш бидний дунд арай орос хэлээр илүү нэгнээр маань нөгөө бичгийг уншуулснаар ах хүү бөөн онигоонд орох нь тэр.
Учрыг лавлавал өглөө орноосоо босуут шууд харайлгаж ирсэн тэрээр контроль дундаа орж байтал давсаг нь чинэрч тэсэхээ байсан гэнэ. Багшид морь харахгүй бол болохоо болилоо гэдгээ ойлгуулахын тулд, монгол орос толио авч бие гэдэг үгийг хайнгаа “тело” гэдгийг мэдэж авч.. Дараа нь засах гэдгийг нь харсан чинь ремонтировать, поправить, гастрировать гээд нилээд олон үг байгаагийн алий нь сонгохоо бодож бодож, “Можно тело поправить?” гэж бичээд дамжуулжээ. Багш ойлголгүй дээрх хариултыг өгөхөөр нь дахиад “Можно гастрироваться” гэж бичсэнээр манай ангийн хамгийн супер онигоо болж байж билээ.
Гэрээ санасан бид хэд уйдахдаа юу л эс сэдэх билээ. Бидний хэн нэг нь найзуудынхаа хүн чанарыг шалгах айхтар тоглоом сэдлээ. Энэ нь нэг нөхрөө хувцасны щкафанд нуугаад гаднаас түүнийг сайн таньж мэдэх хэн нэгнийг нь гэнэдүүлэн авчирч бүгдээрээ зохиомлоор нуусан товарищаа муулсаар нөгөөхийг татан оролцуулж үг авах арга байв. Нэг өдөр Рэгзэнгийн ээлж ирж түүнийг ханын шүүгээнд суулгаж нуучихаад Сэлэнгээс хамт ирсэн нэг нөхрийг  авчирч байгаад баахан явуулж орхисон чинь, найз түүний сургуульд байхдаа яаж фактлаж байсан зарим паянг дэлгэж нөгөөх нь шкафан дотроос үсрэн гарч ирж барьцалдаж авсныг бүгдээрээ хүч хавсарч байж арай ядан салгаж билээ. Ингэж хүний мөс тандах энэ хатуу тоглоом шоглоомоор дуусч, том  зодооноор өндөрлөсөн билээ.


   Эрхүүд бид орос хэл үзсэнээс гадна төрсөн гэр орон, аав ээжээсээ хол байж амьдрах ухаанд ч бас суралцсан. Тэр үед мах ховор, загас голдуу хоол иднэ, долоо хоногийн нэг өдөр бүр “Рыбный день” болж хот даяар загаснаас өөр хоол хаана ч байдаггүй байлаа. Говиос ирсэн нэг нөхөр тэр өдөр биднийг үнэгүй хооллодог байсан оюутныхаа гуанз руу явахгүй сугараад үлддэг байв. Яагаад хоолонд орохгүй байгаагийн учрыг асуухад:
-Загасны махыг идэх нь бүү хэл үнэртэхээр дотор муухайраад байдаг юм, тэгээд ч нэг удаа зүү шиг яс нь хоолой дээр тээгэлдэж үхэх шахсан гэлээ. Хагас жил болоход тэр маань нөгөө өмхий загасны махандаа дасчисан амаа олохгүй иддэг болсон доо. “Одоо хахчихгүй байна уу” гэж намайг цаашлуулахад “Удаан зажлаад хэлээрээ тэмтэрч ясыг нь түүгээд идэхээр гайгүй юм билээ. Урьд нь би гэртээ байдаг шигээ ах нараасаа түрүүлж хоёр дахих гээд аягатай хоолоо хагас дутуу зажлаад шууд давуулчихдаг зангаасаа болж тийм юм болсон” гэж яриад бөөн инээдэм болж байж билээ. Зах дээр мах байх боловч асар үнэтэй учир хотоос ах дүү нар вагоны үйлчлэгч танилуудаараа дамжуулан явуулсан үхрийн махан консерв, хөдөө гэр орноосоо авчирсан борцтой шөл л бидний дээд зэргийн хоол байсан даа. Стипендээ авангуут Эрхүүд сурч байсан нутгийн ах нартайгаа нийлэн хотын хэмжээнд ганцхан Горькийн гудамжинд байдаг “Пельменная”-д очин өдрийн тал шахам оочерлож байж хоёр  порцоор маслотой орос банш  авч идээд хажуугийн зурагчинд орж патиар татуулж гэр лүүгээ, найз нөхөд рүүгээ явуулах шиг сайхан үе мөч байдаггүй байж.
    Сарын жаран рублийн цалинтай бид хэд Эрхүүгийн зах дээр архаг оюутан ах нараараа дамжуулан биеийн тамирын хувцас, тарваганы арьсан малгай, зонтик, нарийн хилэн тэргүүтнийг заруулж өөрийгөө хувцаслаж аядахын зэрэгцээ аав, ээж, дүү нартаа зун хоосон харихгүйн тулд таарсан бэлэг сэлт цуглуулна. Зонтик зарж байсан нэг нөхөр маань зах дээр Солонгос улсын нэрийг оросоор юу гэдгийг мэдэхгүй будилж солоонгос, соолонгос бүр сүүлд нь солонгоос гэж уянгалуулж байсан нь ч санаанаас ер гардаггүй юм.
    Хорхойтсон хэдэн шүдээ эмчлүүлэх гэж тэр жил би хирдээ их зовсон доо. Өдөр алгасаад л шүдний эмнэлэг явна. Манай байрнаас арваад км зайтай эмнэлэг хүртэл автобус явдаггүй тул алхаж яваад Ангар мөрний тасхийсэн жаварт нэг өглөө хамрынхаа үзүүрийг хайруулж орхилоо. Хөлдөөд харлачихсан хамрыг маань харсан залуухан эмч орос бүсгүй инээдээ арай ядан барьдаг байв. Хэд хоноод харласан арьс нь гуужиж унаад ягаан хамартай болчихсон цохиж очиход нөгөөх чинь  тэсэлгүй савж унатлаа хөхөрч билээ.
    Зав л гарвал аав ээж рүүгээ, арав төгссөн найз нар руугаа захиа бичих ажилтай, шөнө дөл болтол зэргэлдээ тасгуудаар хэсэн “пан гөрсөөр”  оройтож унтана, өглөө хичээлээс байнга хоцорно, багшийгаа уурлуулна, оюутны асуудал эрхэлсэн Дамдинсүрэн декандаа бангадуулна. УИХ-ын гишүүн асан Энхбаатарын аав Дамдинсүрэн ггуай, түүний эхнэр Цэрэндулам гэж олны хүүхдийн  төлөө өдөр шөнөгүй явдаг буянтай хүмүүс байсан юм.


   Өвлийнхөө амралтаар гэр хол харьж чадахгүй боловч, тэр удаа хотод байгаа ах дүү нар руугаа явах гэтэл хайрцаг саваа хадгалуулах газар хүрэлцэхгүй бөөн мунгинаан боллоо. Аавынхаа хийж өгсөн хээ хуартай модон хайрцгандаа хайртай байсныг хэлэх үү, яахаа мэдэхгүй зогсож байтал “Камер хранения” буюу тээш хадгалдаг ахимаг авгай над руу харснаа:
-Не бойся сынок, твой сундук не пропадет, оставь его в своей комнате, он такой специальный... гэж  хэлэхэд нь дэргэд зогсож байсан хүүхдүүд нир хийтэл инээлдэж, би ч багагүй ичиж байж билээ.
    Бэлтгэл төгсдөг тэр хавар Дамдинсүрэн декан намайг байнга дуудаж байцаадаг байсны учир нь манай бэлтгэлээс хөдөөний ажилчин эсвэл малчин гаралтай сурлага, сахилга батаараа сайн нэг хүүхдийг сонгож Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд явуулах шийдвэр “дээрээс” ирснийх байжээ. Үүнд нь би шалгарсныг дуулаад бөөн баяр болж өрөөнийхөө хэдтэй салам тэмдэглэлээ. Бидэнтэй хамт Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга асан, доктор Адьяа, Орхоны САА-д  ажиллаж байгаад осолд орсон агрономич Сугардорж, II эмнэлгийн зөвлөх эмч Ө.Цолмон нар сурч байсан юм. Тэр үед олон улсын харилцааны чиглэлийн  сургуульд голдуу гадаад яаманд ажилладаг хүмүүсийн хүүхдүүд суралцаж “цус ойртох” хандлагатай болсноос Цэдэнбал дарга ийм шийдвэр гаргасан гэдэг юм билээ.


  Бэлтгэлээ төгсөж ирээд Гадаад Яамны боловсон хүчинтэй уулзсан чинь:
    -Нутагтаа очоод сайхан амарч бай, араас чинь дуудна гэсний дагуу дуудахыг нь хүлээгээд “сайхан” амарсаар найман сарын сүүлчээр Улаанбаатарт иртэл нөгөө дарга:
   -Хугацаандаа ирээгүй хоцорсон тул өөр хүүхэд чиний оронд явсан, харин бид ярьж байгаад чамайг  Москвагийн их сургуульд явуулах болсон шүү гэхэд нь молиго үмхсэн би үхтлээ баярлаж, харин ч азаар дэлхийд данстай энэ том сургуульд арваад жил сурах хувь тавилан надад ногдсон юм. Учрыг сүүлд нь тодруулбал миний явах хуваарь дээр мөн л нөгөө яамны нэг том даргын хүүхэд явсан боловч харамсалтай нь нэг жил бололгүй тэр сайхан сургуулиасаа хасагдсан юм.
    Хожим нь аспирантурт суралцахаар Эрхүү нутагтаа дахин ирсэн боловч дассан сурсан Москвагийн их сургууль маань даллан дуудсаар удалгүй тийшээгээ шилжсэн билээ...
                                                                
                                 Ш.Пүрэвсүрэн

“Хорвоогоор аялахуй” номноос