Ноён уулыг тахих ёслол энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт болов. Уг ёслолд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Ноён уултай хил залгаа орших Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянчандмань зэрэг сумдаас  1000 гаруй иргэд оролцжээ.  
 
 Тахилгыг санаачлан зохион байгуулагчдын нэг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид  гуай “Монголчууд Ноён уулыг Хүннүгийн үеэс  тахин шүтэж, хаад ноёдоо энэ ууланд бунхалдаг байсан.
 
Тахилгат ёслол Манж гүрний үеэс мартагдсан байдаг. Бид энэхүү уламжлалт зан заншлаа сэргээж энэхүү үйл ажиллагааг дэмжихээр ийм олон хүн цугласанд баяртай байна.  Ухаж төнхөх нь бүү хэл ургаа модыг нь зүрхэлж огтолж байгаагүй энэ шүтээн уулаа хамгаалахын тулд бид эцсээ хүртэл тэмцэх болно” гэж ярилаа.
 
Ноён уул нь далайн түвшнээс дээш 1800 метр өргөгдсөн, дөрвөн зүгт салбарласан маш олон салбар амуудтай, ам болгоноос гол горхи эх авч урсдаг аж. Тахилгын ёслол зохион байгуулагдаж буй Билүүтийн амнаас урсдаг Билүүтийн гол нь Сентерра Гоулд компаний эндхийн алтыг ухахаар тавьсан замд боогдон тасарч амьсгал хураасан байлаа. 
 
Ш.Пүрэвсүрэн