Нэг. “Тутанхамуны хараал” нэртэй баримтат кино өнгөрсөн зууны наяаад оны үед гарч дэлхий нийтийг нилээд шуугиулсан юм.Эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг нилээдгүй мөнгө хөрөнгө заран, олон жил эрж хайсны эцэст 1922 оны намар Хаадын хөндий гэдэг газраас олсон нь зөвхөн Египет төдийгүй дэлхийн олон нийтийг цочроосон үйл явдал болсон юм. Түүний занданшуулсан шарил, хэрэглэж байсан алт мөнгөн эд зүйлс, цэвэр алтан авс, цээжин баримал гээд хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх эд хөрөнгийг үзэж сонирхохоор Египетийг зорих сая сая жуулчдын тоо жил ирэх тутам өсөн нэмэгдсээр түүнд оролцсон улсуудын олох орлого геометрийн прогpессоор өсөн нэмэгдэж байгаа билээ.
 
Гэтэл үүнтэй зэрэгцээд тэр их үнэт баялагийг анх олж, нэр цууд гарч, баяжсан хүмүүс бүгд их хааны хараалд автсан гэх яриа өнөөг хүртэл бас тасраагүй байна. Учир нь Тутанхамун хааны бунхныг эрэх экспедицийн гол санхүүжүүлүүлэгч байсан Английн Лорд Карнарвон энэ их нээлт хийгдэснээс дөрөвхөн сарын дараа гэнэт амиа алджээ. Үхлийн шалтгаан нь ердийн нэг муу шумуулд хазуулснаас болж үхсэн гэх  инээдтэй тайлбар гаргаж байсан. Энэ явдлын дараахан дээрх экспидецид оролцоод бас чамгүй баяжсан Францын Принц Али Камел гэгч эхнэртээ буудуулан орондоо үхэв. Энэ мэтээрих хааны онгоныг хайх экспедицийн бүрэлдэхүүнд оролцсон, мөн санхүүжүүлэлтэнд нь хандив өргөсөн,тэр үед нэр алдраа цууриатуулж, алдаршиж байсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсаар их хааны онгоныг нээсний дараагийн хэдхэн жилийн дотор хорь гаран хүн хорвоог орхисон гэдэг. Тутанхамуны онгон руу орох хоёр дахь хаалган дээр “Ийшээ орсон хэн бүхэн рүү үхэл нисэж очно” гэж бичсэн байжээ.Мөн хүний нүдэнд өртөхөөргүй гүнд байршуулсан хорвоод хосгүй энэ бунхны эзэн Египетийн фараон Тутанхамун 18-хан насандаа хорвоог орхисон үхлийн нууцыг ч одоо хир нь тайлаагүй байгаа билээ.
 
 
Хоёр. Хамтралжуулах, хөрөнгө хураах эмх замбараагүй үйл ажиллагааны сэдлээр Зөвлөлт орныг өлсгөлөн гуйланчлал нэрвэж эхэлсэн 1930-аад үеэс нөхөр Сталины санаачлагаар Зөвлөлтийн ард түмнийг сэтгэл зүйн хувьд нь коммунист үзэл санаанд тууштай бэлтгэх ажлыг яаравчлан хэрэгжүүлж эхэлсэн юм.Эхлээд тэрээр Лениныг бурханчлан залж, дараа нь өөрийгөө шүтэн бишрүүлэх замаа шулуутгав. Октябрийн хувьсгалыг урлаг утга зохиолын бүх салбарт магтан дуулах үйл ажиллагааамжилттай эхэлж, “Чапаев”, “Петр Первый”, “Суворов”, “Его зовут Сухбатор” кинонууд ЗХУ-д  ар араасаа гарч, орон даяар ард иргэдийг эх оронч, баатарлаг үзэлд уриалан дуудсан билээ.  Яг энэ үеэр маршал Сталины анхаарлыг хамгийн ихээр татаж байсан монгол цустай хоёр хүн байлаа. Нэг нь их эзэн Чингис, нөгөөх нь эмир Төмөр. Нэгдэхийг нь оросуудаар яаж ийгээд үзэн ядуулах, харин хоёрдахийг нь харин өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ашиглах далд санаа Сталинд тэр үед төрсөн гэдэг.
Зөвлөлт суртлын үзгэн зэвсэг Василий Янчевскийгээр /Ян/ “Чингис хаан”, “Бат хаан” гэсэн зохиолууд  бичүүлж, Монголын их хаан түүний хөвгүүдийн түүхийг мушгин гуйвуулж,  гутаан доромжилсных нь төлөө  хэн бүхэнд хүртээд байдаггүй  Сталины шагналыг1942 онд түүнд олгов. Харин дэлхий нийтэд гэтэлгэсэн аймшгаараа алдаршсан Алтан ордны улсын эзэнт улсын хаан хазгар Төмөрийн түүхийг дунд сургуулийн сурах бичгүүдэд хүртэл оруулж, алдар цууг нь магтан дуулж эхэлсэн байдаг. “Хорвоод ганцхан бурхан залардаг шиг газарт ганцхан хаан байх ёстой” гэж айлдсан Төмөр хааны үг Сталинд онцгой таалагдаснаас түүний онгоныг ямар үнээр боловч олохыг тэрээр доодуулдаа тушаажээ. Дундад Азиас Дорнод Европыг хүртэл асар уудам нутгийг довтлон эзэлсэн догшин хааны онгоныг олох онцгой эрх үүрэгтэй тусгай экспедицид оролцсон сүүлийн гэрч ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин М.Каюмов 2004 онд гарсан “Проклятие Тамерлана” баримтат кинондоо ингэж ярьсан байдаг. 
 
 
“Бид хааны шарилыг нээн илрүүлэх ажилд 1941 оны 5 дугаар сараас орсон.Экспедицийн бүрэлдэхүүнд академич М.Корнязев тэргүүтэй нэрт эрдэмтэд оролцсон боловч би тэр үед узбек, араб хэлтэй, байсан  учраас энэ экспедицийн голлох хүний нэг байлаа. Самаркандад байгаа их хаадын шарилыг хөндөх тушаалыг Москвагаас авангуут  энэ алдарт ордны зузаан бетон шалыг цөмлөн хонгилд байрлуулсан хаадын бунхан руу нэвтэрсэн юм. Эхлээд Төмөр хааны хайртай ач хүү Хүлэгбөхийн шарилыг нээсэн.Хүлэгбөх бол тухайн үедээ алдарт одон оронч эрдэмтэн байсан бөгөөд Ислам шашины зан үйлүүдийг зөрчсөн хэргээр цаазлуулсан хүн.Дараа нь хүүгийнх нь шарилыг нээсэн.
 
 
Хамгийн сүүлд Төмөр хааны шарилыг нээх үеэс бидэнд түмэн бэрхшээл учирч эхэлсэн юм. Түүний шарилын хавтан дээр эртний перс хэлээр тодоос тод бичсэн зүйл байсныг тайлж унших хэрэгтэй болов. Төвөөс түүхч эрдэмтэд нэн удалгүй уг бичгийг тайлсан өгүүлбэрийг бидэнд ирүүлснийг үзвэл “Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй, энэ зарлигийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна...” гэсэн үгс байлаа. Экспедицийн эрдэмтдийн дунд санал бодлын зөрүү гарч зарим нь нээж болохгүй байх гэсэн айдасд автаж эхэлсэн учир Москва руу дахин утасдацгаалаа. Гэвч нэгэнт оройтжээ. Их хаан эмир Төмөрийн онгоныг Зөвлөлтийн эрдэмтэд их удирдагч Сталины зарлигийн дагуу олсон, удахгүй бүх зүйл тодорхой болно гэдэг мессеж орон даяар нэгэнт цацагдсан байв. Ингээд багийн хамт олон газрын доорхи хонгил дахь ажилдаа шуурхайлан орцгоосон.
 
 
Яг энэ цаг мөчид 1941 оны 6 сарын 21-ний өглөөний 6 цаг болж байлаа. Бид хамаг гэрэлтүүлгээ асаан хааны булшны дээр тавьсан хавхлаг зузаан гантигийг нээхээр оролдож  байтал гар хийцийн өргөгч краны гинж нь өгөрсөн олс аятай энэ тэнүүгээрээ тасарсан учир бид бүгдээрээ элбэж хүч нийлүүлэн хавхлагийг см, см-ээр гулсуулсаар нээтэл булшин дотор нь юу ч байхгүй хоосон байлаа. Бид бүр алмайрцгаав.Хэн нэг нь булшны ёроолд тогтсон хуруу зузаан шороог гараараа самардтал доор нь зэрэгцүүлэн тавьсан хөндлөн гурван хавтан тэмтрэгдсэн. Түүний эхнийхийг нь онгойлготол  ер бусын анхилуун үнэр гарч, эмэгтэй хүний чарлан дуу алдах аятай чимээ гаран бидний ашиглаж байсан хамаг гэрэл прожектор бүгд нэгэн зэрэг унтарсан юм. Багийнхан ажлаа зогсоогоод дээшээ гарч үдийн цайгаа уухаар болцгоов.
 
 
Хүн бүрийн дотор нэг л айдас түгшүүр бий болсон байлаа.Хэн нэг нь надад нутгийн гурван өвгөн уулзахыг хүссэнийг дамжуулав. Би тэдэнтэй уулзтал тэд “булшийг хэрхэвч нээж болохгүй учир нь энэ номонд хэрэв булшийг нээх юм бол их дайн эхэлнэ гэж бичсэн байна” гэж хэлсэн. Тэр номыг чинь үзье гэтэл “Судар араб хэл дээр  бичигдсэн байгаа” гэв. Би уншиж чадна гэдгээ тайлбарлаад номыг авч яг тэр бичсэн хэсгийг нь уншвал үнэхээр тэр өвгөдийн хэлснийг бичсэн байв.Энэ нь урьд өмнө миний гартаа барьж байгаагүй хүнд том зузаан судар байсан. Би экспедицийн ахлагч Корнязевт энэ тухай дуулгалаа. Тэрээр  хоёр эрдэмтний хамт нөгөө гурван өвгөнтэй  уулзангаа учир зүггүй хэл амаар доромжлон хөөж явуулсан юм. Би санаа зовоод уучлал гуйх санаатай араас нь гарсан боловч тэд гудамжны булан тойронгоо усанд ууссан юм шиг алга болчихсон. Дараа нь өвгөдийг ч, тэр зузаан судрын ч тухай тэр хавийн иргэдээс сураглаад сураглаад олоогүй юм шүү.
Үдээс хойш бид ажилдаа эргэн орсон юм.Булшин дотроос үнэхээр агуу том хүний шарил гарч ирсэн. Бид шарилын яс бүрт нарийн үзлэг хийж зураг хөргийг авч тэмдэглэл хөтөлсөөр шөнө дөлөөр ажлаа дуусгаад энэ том гавьяагаа тэмдэглэж дуусаагүй шахам байтал маргааш өглөө нь буюу 1941 оны 6 сарын 22-нд  радиогоор дайн эхэлснийг зарласан юм даа. 
 
 
Ингээд би бараг тэр өдрөө цэрэгт татагдсан. Сталинградын фронтод дайны галын шугаман дээр зураглаачаар ажиллаж байх үедээ маршал Жуковтой биечлэн уулзан энэ тухайгаа ярьж нөхөр Сталинд яаралтай дамжуулж өгөхийг хүссэн юм”. гэж ярьсан байдаг.
 ЗХУ-ын антропологич Герасимов гавлын ясных нь хэлбэр дүрсээр Төмөр хааны гадаад төрхийг сэргээх нөр их ажил дууссаны дараа шарилыг Узбекстан руу буцаахын өмнө хамгаалалттай онгоцонд ачиж фронтын галын шугаман дээгүүр нислэг үйлдсэн нь ямар учиртай байсан нь тодорхойгүй үлдсэн авч,тэнд байлдаж байсан ислам шашинтай цэргүүдийн эр  зоригийгбадраах зорилгоор хийгдсэн  гэж баталдаг. Ямар ч гэсэн Төмөр хаан түүний үр ач нарын шарилыг 1942 оны 12-р сарын 20-нд Самарканд дахь бунханд нь дахин залснаас хоёрхон хоногийн дараа Зөвлөлтийн арми анхныхаа ялалтыг Сталинградын дэргэд байгуулж, Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэсэн нь түүхэнд баримт болон үлджээ.
 
Ш.Пүрэвсүрэн
  “Хорвоогоор аялахуй” номноос