Ахмадын баярын өдөрт 
 
Би дөрвөн сайхан ээжтэй, хорвоод хосгүй азтай хүн. 
 
Нэг Буурай ээж. Ээжийн маань эмээ, бидний бол элэнц эмээ буурай ээж маань цэл залуудаа долоон хүүхэдтэй өөрөөсөө олон ах хүнтэй дэр нийлсэн хүн гэнэ лээ. Хожим нь хань нөхөр нь бие барж, эцгийгээ дагаж ирсэн охин зээгээ өөр дээрээ өргөж авч өсгөсөн нь одоогийн миний ээж болой. 
Буурал ээжийг манай Турууныхан хөгшин залуугүй бүгдээрээ буурал ээж хэмээн дууддаг, жинхэнэ нэрийг нь мэддэг хүн тун ховор байж. Ээжээсээ цувж төрсөн бид хэд есүүлээ л дээ. Давжаа жаахан биетэй, чих хатуутай энэ хөгшний өвөр дамжиж хоосон мээмийг нь үлгэж өссөн болохоор бидний хувьд төрсөн ээжээс минь өөрцгүй хүн байлаа. Эхээсээ хоёр хоёрхон  насны зөрөөтэй төрж байсан болохоор бид дараагийн дүү төрсөн өдрөөс эхлэн  хүссэн хүсээгүй ээжийнхээ өврөөс хөөгдөж, буурал ээжийн ор луу шилждэг байлаа. Эхний үед хөгшний өвөрт дасахгүй ээ. Буурал ээжийг унисаны дараа ээж рүүгээ шөнийн харанхуйд мөлхөж байгаад баригдаж бөөн уйлаан дуулиан болно, эмээдээ хэд хэд алгадуулж аваад л хувь заяатайгаа эвлэрнэ дээ. Буурай маань бид бүгдийг яг л өөрийнхөө төрүүлсэн үр шигээ хайрлана, гэхдээ хөхөөд хөхөөд сүү гарахгүй болохоор нь хоосон хөхийг нь хазчихдаг байсан гээд зарим дүү нарт маань жаахан тиймэрхүү. 
70-аад оны тэр үед сумын сургууль дотуур байргүй учир зэргэлдээ сумаас ирж манайхаар дамжиж өссөн аав ээжийн ах дүүсийн хүүхдүүд лавтай хорь гаран хүн буурал ээжийн минь гарын хоолыг идэж өссөн юмдаг. 
  Манай нутгийнхан  айлын хүүхэд орж ирэхэд заавал тараг хийж өгдөг, бид  ч айлын эзэгтэйн унд ус зан аашийг бүрсэн тарагных нь амтаар хэмждэг байлаа. Тэднийх сайхан тарагтай тийшээ очих уу гэлцэн гүйлддэг, манай буурал ээжийн бүрсэн самартай тараг бүр онцгой, одоо хүртэл амтагдах шиг болдог. Ханхөхийн араар хуш ихтэй, намар бид самранд явцгаана. Буурал ээж маань бидний түүж ирсэн самрыг модон ууранд хийж зөөлхөн зөөлхөн нүдсээр яснаас нь салгана. Бид нар туслах санаа байвч  нүдүүрээ чанга чанга буулган ясыг нь бяцалчихдаг, буурал ээж шиг ая тунгий нь тааруулан зөөлөн нүдэн цайруулж яагаад ч  эс чадна. Түүний самартай таргийг хавь ойрынхон нь анддаггүй, манайхаар мань мэтийн нусгай жаалуудын хөл тасардаггүй байсансан. 
  Одоо бодоход буурай ээжийн минь хоёрдугаар гурилаар хийсэн талхны амтыг гүйцэх ямар ч амттан хаа ч үгүй мэт   санагддаг  юм. Түүний зуухны гал дээр жигнэсэн түлэгдсэн бор талх нь тансаг сайхандаа ч биш ердөө л тэр хүний биднийг гэсэн юугаар ч сольшгүй хайрын хөлстэй байсандаа л тэр байх. Гал тогооныхоо эрэгнэгийн өмнө бөгтийн зогсчихоод   хиртэй дээлнийхээ энгэрт нааж мохоо хутгаар талхаа арай ядан зүсэж байгаа  буурайгийн маань  дүр төрх одоо хүртэд нүдэнд харагддаг даа. 
Буурал ээж маань орон дороо нэг жижигхэн цоожтой авдартай, түүндээ энд тэндээс зочин гийчин ирэхдээ өгсөн бэлгүүдийг хадгална. Энэ  сейфэнд нь байхгүй юм гэж ер үгүй. “Дөрөв арвын” хатсан каврийшигнаас авахуулаад “арван нэг хорийн” хатуу чихэр, үзэм, чавга, торго дурдан, бөс даавуу заримдаа бүр өөрийнхөө хийдэг бор талхаа хүртэл нууж орхино. “Алтан өргөө” кинон дээр гардаг өвгөн шиг түлхүүрээ хүзүүндээ зүүчихдэг болохоор бид нар тэр авдраас нь юм хүртэх ямар ч боломжгүй байлаа. Нэг өдөр эмээ маань түлхүүрээ хаячихаад бөөн эрэл болох нь тэр. Оосор нь тасраад хаана ч унасан юм бүү мэд. Зочин ирчихсэн байдаг, тавагны чихэргүй тул ээж маань буурай эмээг сурсан зангаараа царайчиллаа. Нөгөөх нь  түлхүүрээ хаячихсан юм чинь яах ч аргагүй. Гэнэт том ах тэссэнгүй: 
–Би онгойлгоод өгөх үү гэж байна.  –Яаж?  Буурай түүн рүү таягаараа дохитол мань эр авдрын таглааны арын нэг банзыг нь хутгаар хөшин мулт татах нь тэр.
   –Аа муу турсага, даанч чихэр алга болоод байсан юм гэнгүүтээ буурал ээж таягаараа Мууяагийн нуруун дундуур нь гөвөөд авлаа. Ингэж чихрийн хулгайч өөрөө өөрийгөө илчилж, аав маань модон хайрцганд нь цоож түлхүүр шинээр тааруулж бөхөлж өгснөөр буурал ээжийн дотор уужирсан ч бидэнд итгэх итгэл нь жоохон доошилсон л байж таараа.
   Аав ээж хоёр өглөө эртлэн ажилдаа явчихна, лекц, дугуйлан, сонин уншлага гээд л ихэнхдээ оройтож ирнэ. Арван дөрөв, тавуулаа амьдардаг энэ айлын арын бүх албыг буурай ээж л зохицуулдаг байлаа. Үнээ тугал, өвс, тэжээл, түлээ түлш, ус цас, хоол унд гээд буурал ээжид удирдахгүй оролцохгүй ажил гэж үгүй.  Эмээ маань манай гэрээс хамгийн түрүүн босч гал түлэн эхлээд өөрийнхөө өтгөн бор цайгаа тусд нь чанана, дараа нь бидний нийтийн хар цайг болгосноор манай гэрийнхэн увуу цувуу босоцгоож, шуухитнана. Эмээгийн маань шөлний тосоор амталж зуухан дээр хайрсан тосгүй хар гамбир мөн ч амттай байсандаа. Намайг хааяа харж үзэж бор цайнаасаа аягалж өгнө, түүнийг нь хүртсээр байгаад сүүлдээ цайгүй удаан явахаар толгой өвддөг болчихсон байж билээ.  Буурал ээжийн чих хатуу учир манай гэрийнхэн төвөгшөөгөөд түүнтэй ярих тоож ярих нь ховор. Ээжийн маань ярьсныг амных нь хайрцгаар сайн ойлгочихно, харин бид түүнтэй хэл амаа ололцох гэж хашгичаж өгнө өө.
  –Битгий гуугачаад бай, ярих гэж байгаа юм бол ойрхон суугаад олигтойхон тод хэл гэж ирээд л загнана. Буурал ээжтэй хэсэг ярьчихвал тэр инерциэрээ анги дээрээ орилж шоолуулах учраас тэгэсхийгээд амаа хамхихаас өөр аргагүй болдог байлаа.
   Тэр үед Баруунтурууны САА-д аминдаа малтай айл тун ховор, одоогийнхтой адил нэг нэгэндээ мах ногоо, цагаан идээ борлуулдаггүй байсан болохоор өвөлдөө сумын төвд сүү нүдний гэм. Сургуулийн жолооч Нямандорж гуайн эхнэр Дуламсүрэн гэж сайхан зантай эмэгтэй өдөр болгон шахуу литр сүүгээ илүүчлэн манайд авчирч буурайд өгнө. Цай буцлах хооронд Дуламсүрэн гуай хавь ойрын болоод хорвоогийн сониноос “Тунгалаг тамир” дээр гардаг өртөөний өвгөн аятай буурал ээжийн чихэнд хошуугаа нааж байгаад ярьж  дуулгана. Цаадах нь их таатай, хөгшин залуу хоёр ингэж санаа нийлэн их дотносноо.
   Эмээгийн маань ганц хөрөнгө нь далиу эвэртэй алаг үнээ байж. Хөөрхий алаг үнээ жил болгон тугаллана, тугалласныхаа дараахан далиу эвэрт их муухай ааштай. Буурайгаас  өөр хэнийг ч ойртуулахгүй, саалгахгүй, манийгаа хүртэл мөргөж унагана. Эмээ түүнтэйгээ яг хүнтэй ярьж байгаа юм шиг ярина. Ачит алаг үнээ  эмээд маань мөн ч олон жил цайны сүү уулгаж, бяруу шүдлэнгээр нь бид мөн ч олон жил тогоо тосолсондоо. 
   Хөрзөнгий нь хөлдөөхгүйн тулд нялх тугалыг нь хэвтэрт нь шээлгэлгүй шөнө босож шээсийг нь тосно гэж нэг тамтай ажил байлаа. Өвлийн шөнө яг дуг нойрон дунд  аав дуудна, сэрэхгүй бол хучсан үстэй дээлний ханцуйнаас бүсээрээ оосорлож бэлдчихсэн байж байгаад хуу татна. Нүдээ бараг нээлгүй шахам л горшонк барьж аваад өвлийн тачигнасан хүйтэнд харанхуйд тэмтчин тугалын амбаарт орж нөгөөх муу тугалыг өшиглөж босгоод  чивнийх нь үсийг маажаад хүлээгээд л байна, хүлээгээд л байна... Арайхийж шээлгэж аваад бас болоогүй горшоонктой шээсийг нь аавд үзүүлж шалгуулж байж унтанаа. Сүүлдээ тугал дасчихаад босонгуут дуулгавартай нь аргагүй түргэхэн шээчихээд маньтай адил буцаад бушуухан хэвтчихдэг болдогсон. Мууяа ах тугал их л хурдан шээлгээд байдгийн учир нь гадаа гаруут өөрөө  шээчихээд л аавд үзүүлчихдэг нь байсных юм билээ. Яваандаа буурал ээжийн алаг үнээ ч хөгширч тугаллахаа болилоо. Аав нэг өвөл энэ үнээг төхөөрөх цаг нь болжээ ухааны юм ярьтал эмээ маань урьдуур нь хөндөлсөж “Та нар эхлээд намайг алчих, тэгээд түүнд гар хүр” гэж хориг тавьсан тул яах ч арга байгаагүй, үнээ өөрөө босч чадахаа ч больж, өглөө болгон өргүүлсээр байгаад тэр өвөл байгалийн жамаараа нүд аньсан даа. 
   Намайг орос руу сурахаар явахад “Чамайг эргээд ирэхэд буурал ээж нь байхгүй болчихсон байх шүү” гэж уйлаад дахин дахин татаж үнсээд  торойгоод л хоцордог, хойтон нь ирэхэд  улам жижгэрчихсэн байж л байдаг эмээ минь намайг сургуулиа төгссөн жил нэг хатуу үүрэг өглөө. 
  -Чи дахиад ирэхдээ үрийнхээ зулайг үнэрлүүлээрэй, тэр болтол чинь би тэсээд байж байя гэв. Би ч амласнаа биелүүлж жилийн дараа эхнэр хүүхэдтэйгээ зуныхаа амралтаар очоод буцахад “Одоо надад хоргодох юм байхгүй ээ” гээд их л тайвширсан аятай үлдсэн юм. 
  Тэр зун буурай ээж нөгөө сейфнээсээ хөнгөн цагааны хайлшаар хийсэн жижигхэн морь гаргаж “За миний бяцхан үр эмээд нь чамд өгөх мөнгө төгрөг энээ тэрээ байхгүй, үүнийг л өгөх гэж олон жил хадгалсан юм. Алсдаа аав ээж хоёртоо, унасан эзэндээ үнэнч, морь лугаа адил  ачтай тустай сайн хүү болоорой” хэмээн адислан захисныг хоёрхон настай байсан хүү маань  сүнсээрээ мэдэрсэн ч юм уу үнэхээр бид хоёртоо дуулгавартай сайн хүү болж өссөн билээ, цаашдаа ч буурайгийнхаа захиснаар ээж аав хоёрыгоо асарч ивээж явах нь  мэдээж.
  Залуудаа их нүгэл хийсэн хүн  өтлөхдөө их шаналж зовдог, бүр үхэж ч чаддаггүй юм гэнэлээ гэж буурай бидэнд үргэлж ярьдагсан. Ер хүртлээ ямар ч өвчин тусч үзээгүй тэрээр  урин хаврын нэгэн шөнө дахин сэрэхгүйгээр гэнэт орондоо нэгмөсөн нойрсчихсон доо. Буурал ээж минь тун их буянтай хүн байжээ.  Тэрээр Бурханы оронд очсон нь гарцаагүй.
 
Хоёр. Хотын буурал ээж Ээжийн маань ээж буюу бидний эмээ болох энэ хүн хүүхдүүдээ дагаад жараад оны эхээр хот руу нүүчихсэн  болохоор  бид хотын буурал ээж гэж авгайлдаг байлаа. Өндөр том биетэй, тас хийсэн чанга дуутай энэ буурал бид хэдийг ёстой умруулдаг мөртлөө дэндүү итгэмтгий цайлган хүн байлаа. 
   Телевиз зурагт гэж юм анх гарч эхэлж байх 70-аад оны үед манай нутгийн партизан Бадрахын хүү Энэбиш гэж нэг сахилгагүй банди хотын буурал ээжийг нэг сайн даапаалсныг би мартдаггүй юм. Буурал ээж түүнд “Манайх гэж айл зурагтгүй болохоор хүүхдүүд айл руу гүйгээд гэртээ тогтохгүй байна” гэхэд нь тэр золиг “Алив эмээ нэг сайхан хоол хийж бай би одоохон танд тэрнийг чинь хийгээд өгье, ядах юмгүй “ гэж. Буурал ээж ч баярлан сүйд болж ганц үмх махаараа гараа гарган хоол хийж байх хооронд мань эр гадаа байсан цайны хунзыг хөрөөдөж задлан тэг дөрвөлжин хайрцаг маягийн юм хийж эхэлжээ. Хоол ч болж мань хүн орж ирж идчихээд доторхы нь дараа ирж хийж өгнө өө гэчихээд тэр чигээрээ арилсан билээ. 
Бид олуулаа болохоор хотын буурал ээж боорцгоо амбаарт хийж цоожилчихоод түлхүүрийг нь манай буурай аятай хүзүүндээ зүүчихдэг байлаа. Нэг өдөр гаднаас зочин ирж, боорцог авах гээд гарсан буурал ээж маань байдаггүй. Бид хойноос нь гарвал ухаан алдаад амбаар дотроо тас гэдэргээ саваад уначихсан байлаа. Бөөн уйлаан майлаан болж, арайхийж дамжилж гэрт оруулж ирчихээд үнэртэй ус хөвөнд шингээгээд үнэртүүлж байтал дээлийнх нь захнаас нэг жижигхэн бор хулгана шурхийн гүйн гарч одох нь тэр. Эмээ боорцогныхоо уут руу гараа шургуултал ханцуйгаар нь тэр муу оготно  гарыг нь дамжаад нүцгэн суга руу нь гүйгээд орчихсон хэрэг байж. 
 
Гурав. Бидний “гоё ээж” гэж авгайлдаг бас нэгэн буурай Өндөрхангай суманд байлаа. Жинхэнэ нэрийг нь хэн ч гэдэг байсан юм бүү мэд.  Зуныхаа амралтаар бид тэднийд очно. Хоёр нүд нь тас аниастай, гарынхаа алгыг хавсарчихсан ам нь бувтнаад  зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан л байдагсан.
 “Эмээ та шүлэг цээжлээд байгаа юм уу” гэхээр “Цөг, дуугай бай” гээд л загнадаг мөртлөө биднийг орондоо орох үед жигтэйхэн гоё гоё үлгэр ярьж өгдөг байлаа. Үдэш хургаа ялгаж дуусангуут гоё ээж хоолоо гал дээрээ хийж тавьчихаад,   умгар бор гэрээ тойроод сунаж унаад мөргөөд л байна, мөргөөд л байна.. Яагаад ингэдэг юм болоо гээд бид нар битүүдээ нилээд шоолцгоох боловч учрыг нь түүнээс асууж үл зүрхлэнэ.  
 Ээжийн маань өвөг эцэг Шагж гэдэг хүн. Тэднийх найман хүүтэй, ганц өргөмөл охинтой айл байж. Ээжийн авга ах Ханхөхийн хошууны сайн эр Шийрав гэгч хүний тухай  домог түүх мэт зүйлийг өгүүлэх хүн өнөөдөр манай нутагт их олон бий. Шийрав нагац ах маань “Тунгалаг тамирын цахиур Төмөр” аятай аймаг сум дамжуулан адуу хөөж. нутгийнхандаа дамжуулдаг байсан нь баригдаж, Улаангомын шорон руу ачигдсан боловч тэндээсээ оргож, Ханхөхий ууланд ирээд бүгчихэж. Уртын дуу сайхан дуулдаг байсан тэрээр Хөхийн арын ой модыг цууриатуулан дуулахад нь саалийн зэлэн дээр байсан бүсгүйчүүдийн нүдэнд нь нулимс гүйдэг байсан гэлцдэг. Ховдын шоронгоос оргоод цагдаа нарт хөөгдөн амь тэмцэж явахдаа үертэй Ховд гол дээгүүр бугуйл залган шидэж хамгийн сайн морины толгойд углан бугуйлаасаа зүүгдэж чирэгдэн гарч барьсан морио зайдлан унаад нутгийн зүг арилж одсон ч, жилийн дараа тэр морийг мөнгөн хазаар эмээлтэй болгон эзэнд нь хүргэж өгч байсныг тэр нутгийн хүмүүс надад гэрчлэн ярьсан юм. Арав гаран жил цор ганцаараа уул  хадаар тэнэн амьдарч байсан тэрээр хожим нь НАХ-ынхны тулгалтаар хамгийн сайн найздаа буудуулан  хүнд шархадсанаас болж баригдсан тэрээр харгалзаж явсан хүнийхээ бүсэнд хавчуулгатай явсан өөрийнхөө хутгыг шүүрэн авч хоолойгоо хэрчин амиа егүүтгэсэн юм гэнэ лээ. Түүнийг барьж өгсөн багын найз нь тэр явдлаас хойш “чөтгөр” хоч зүүж нутгийнхандаа адлагдан  хожим нь үр хүүхдүүд нь тийм сайн яваагүй гэж ярьцгаадаг юм билээ. 
 
                                                    Дөрөв.Миний ээж  
 
Ээж маань багадаа өвөөгийндөө өргөгдөж, нилээд эрх танхил  өссөн нэгэн байсан гэдэг. Тэрээр эхээсээ  арван хоёулаа төрсөн боловч зургаа нь төрөхдөө үрэгдэж, хагас нь эсэн мэнд үлдэж, алаг хорвоогийн жамаар жирийн амьдралыг туулсаар өнөөдөр үр хүүхэд ач гуч зээ нийлээд  жар гаруй халуун амь болж үржсэн байна. Ээж минь насаараа цэцэрлэгт ажиллан, хүний өөрийн хүүхдийг ялгалгүй бөөцийлдөг байсан буянтай буурал. Би хар багаасаа сумын ясли цэцэрлэгийн хоолны амтанд орсондоо  тэр үү, ээждээ эрхэлдэг байсандаа ч тэр үү сургуульд орсон хойноо хүртэл хааяа хааяа  ээжийнхээ гараар хийсэн цэцэрлэгийнхээ хоолыг “бууддаг” байлаа. Ээжийг маань залуудаа урт үстэй, улаа бутарсан их сайхан бүсгүй байсан гэж үе тэнгийнхэн нь ярьдаг юм. Зуны өдрийн уртад  ээж ажлаасаа нар дээр байхад ирдэг, гэрийнхээ сүүдэрт суун түмпэн дүүрэн бид хэдийн хиртэй хувцсыг угаах зуураа  “Улаан торгон уутыг” сэнгэнэтэл исгэрдэгсэн байсансан.  
 Ээжийнхэн маань бүгдээрээ ширмэн тогоо хангинатал тасхийтэл инээдэг улс. Нэг удаа манай хөрш  нилээд лагс бүдүүн өвгөн аахилж уухилсаар манайд орж ирэн хоймор гарч, аавтай зэрэгцэн завилан суувоо. Ээж түүн рүү цай барин  тонгойсноо писхийтэл инээнгээ аягатай цайгаа унагаж агсаад гүйн гарч одох нь тэр. Аав  уурлаж амандаа үглэсэн боловч, над руу сэмхэн нүдээрээ дохиход би учрыг нь  ойлголоо. Зайлуул Тунаа гуайн өмдний салтаа нь онгойж, бандааж түрсийк ч байхгүй  байсан уу, эсвэл давхраараа зад явчихсан  байсан уу бүү мэд бүдүүн гуяных нь цаанаас нь үхсэн хулгана аятай үрчийсэн хар юм цухуйж байсныг аав аятайхан сануулж орхитол өвгөн учиргүй сандран нөгөө муу “юмаа” хоёр гараараа цааш нь чихэж орхиход нь би ч тэсэлгүй инээд алдан гэрээсээ ээжийн араас гүйн гарч байж билээ. Өдөр болгон шахуу ирдэг Тунаа гуай эл явдлаас хойш цагаан сар хүртэл манайхаар орж ирээгүй юмдаг.
Уурлана аашлана гэж ер мэддэгүй ээждээ  нэг сайн балбуулах “аз” надад нэг удаа тохиож билээ. Би багаасаа анд хорхойтой, буу шийдэм үүрч, зурам туулайтай хөөцөлдөх дуртай байж. Ээж маань үүнд их дургүй. Гэвч яаж ч хориод дийлдэхгүй учир аминчлан захидаг зүйл нь гэвэл “Миний хүү усны шувуу л битгий алаарай, насныхаа дагуулыг амьдралдаа ганцхан удаа сонгодог болохоор нэгийг нь хороочихвол нөгөөх нь үхэн үхтлээ ганцаардаж шаналдаг юм гэнэ лээ” гэдэг байв. Нэг намар би Баруунтурууны тариан талбайд олноороо сүрэглэн цугладаг бор галуу алж, хээр найзуудтайгаа  шарж идчихээд жаахан мах өвөртлөж хариад ээждээ туулайны мах гээд өгч орхилоо. Идэж дууссаны нь дараа би “Та нөгөө битгий, битгий гээд байдаг шувууныхаа махыг өөрөө хүртчихлээ ш дээ” гэчихсэн чинь ээж минь уйлж, намайг галынхаа хайчаар хэд сайн гөвшсөндөө. Их ч өвдсөн, ижийн маань сэтгэл ч үүнээс илүү өвдсөнийг  хожим нь л тэнэг би ухаарсан юм. 
   Хойно оюутан байхдаа ээжийгээ урилаа. Таван өдөр дөрвөн шөнө вагонд түчигнүүлэн явж ирж замдаа нилээд ядарсан боловч Москва хотыг бас үзчихээд бөөн баяр болж байж билээ. Бид хэдийг төрүүлж өсгөх гэж тарчигхан амьдралд нухлуулан зүтгэсэн багагүй ядарсан ч одоо хүртэл сайхнаараа байгаа ээж минь. Очих болгонд хөгшин намайг жаахан хүүхэд шиг үнсэх гэж зүтгэнэ, ижийдээ үнсүүлэх шиг сайхан мөч хорвоод үгүй. Миний ээжид хүнд тэр болгон байдаггүй онцгой нэг чанар бий. Бид хүнээс бэлэг авахдаа  баярладаг бол ээж маань эсрэгээрээ, хүнд  юм өгөхдөө учиргүй их баярлана. Нөөцлөх, хадгалах гэж ер мэдэхгүй, бидний өгсөн юмыг хадгалж байгаад буцаагаад дараагийн ирсэн хүнд тарааж өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүн. Манай дүү нарын зарим нь мэдчихээд уурлах боловч тэр хөгшнийг яалтай ч билээ. Хааяа очиход хашаагаараа дүүрэн нохой, гэрээрээ дүүрэн муур тэжээчихсэн, хүний өөрийн гэхгүй  хавийн хүүхдүүд хооллодог, “хоббитэй” ээж минь нэг л мэдэхэд “хотын” буурал ээжтэй маань усан дусал шиг адилхан эмээ болчихсон байлаа. Эжж маань нэг удаа байдгаараа уйлчихсан бушуухан хүрээд ир гэж утасдлаа. Бие нь муудчихсан юм болов уу гэж бодоод сандраад давхиад очтол нэг нохой нь зулзагаа харамлаад арсалдсан муурых нь толгойг хавшийтал хазаж орхиж. Яалтай нь ч билээ дээ. 
Оросод сурч байх үедээ ижийгээ санах үедээ бас болоогүй шүлэг тэрлэх гэж оролдоно, гэвч тэр маань олигтой юм болдоггүй байлаа. 
 
Ижийгээ  би хайрлана
Ариун цагаан сэтгэлийг 
Бурхан танд заяаж ээ
Ахиад олдохгүй ижийгээ
Борхон зүрхэндээ хайрлана
Эвийн уяхан  сэтгэлийг
Ээж минь надад өвлүүлжээ
Энэ  хорвоод  таныгаа
Элэг зүрхэндээ хайрлана
Төөлөм биеийг минь төрүүлж
Туулах амьдралд хүргэсэн
Ачтай буурал ижийгээ
Амин голоосоо хайрлана
Нартын сүмбэр Хөхийн 
Налгар буурлын удамдаа
Намайгаа гэсэн Таныгаа
Насан туршдаа хайрлана
Үр нь ээжээ хайрладаг нь
Үйзэн хорвоогийн ёс
Үнэхээр миний түшиг
Үлэмжийн ачтай буурал даа гэж бичиж өөрөө ая зохиогоод дуулж ч бас үзэв. Гэвч угийн мунхаг мулгуу төрсөн миний бичдэг дуу шүлэг гэж юу байхав дээ. Дур эзнээ дунд чөмөг сүүжээ голдоггүйтэй адил л юм даа.
 
                                               Ш.Пүрэвсүрэн 
                                                     2017-10-01