Ш.Пүрэвсүрэн

Утааны гамшигт уруул нэмэх нь

Нийтэлсэн: 2017-11-16 13:50:19

“Мөнгөн ус руу мөхөл рүү” Ийм нэртэй нийтлэлийг миний бие одоогоос арван  жилийн өмнө “Өдрийн сонин” дээр тавьж тэр үедээ бөөн сенсаци болж байсныг уншигчид зарим нь санаж байгаа болов уу. Нөгөө нинжанууд чимх алтны төлөө амь насаараа дэнчин тавин уул усыг маань мөнгөн усаар хордуулж, алдарт Хонгорын хэрэг мандаж байсан цаг үе шүү дээ. 2009 онд Японы Минамата хотод болсон олон улсын семинарт явж ирчихээд тэнд 1960-аад оны үед болсон аймшгийн үйл явдлынх нь талаар Байгаль орчны Яамны нэгэн эрхэмтэй яриа үүсгэтэл “Та наад мөнгөн ус мусаа одоо ярихаа боливол яасийм, хүмүүс үүнээс чинь бүр залхаж гүйцсэн шүү дээ” гэх нь тэр. Тэр  түшмэл дэндүү том эндүүрчээ. Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтайгаас өнөөдөр ирж байгаа мэдээллээс үзэхэд нөгөө мөнгөн усны чинь асуудал улсын хэмжээнд удахгүй дахиад  гамшгийн хэмжээнд хүрэх нь. Үүнийг түр завсарлаад улиг болтол яригддаг утааны талаар товчхон мэдээлэл хүргэе дээ.    
 
Улаанбаатар хотод маань хүүхэд хөгшидгүй хахаж цацаад байгаа энэ өтгөн хар утаан дотор чинь  агаарын чанарын албаныхны улиг болтол яриад байгаа нүүрс хүчил, азотын исэл энээ тэрээгээс чинь гадна хамгийн аюултай нь ямар ч нүүрсэнд бага боловч хэмжээгээр агуулагддаг мөнөөх гайхал мөнгөн ус байдагт хамаг учир нь байна. Тэр гай чинь агууламж нь хичнээн бага хэмжээтэй ч түүхий нүүрсийг сая сая тонноор нь өвөлжингөө өдөржин шөнөжин шатаагаад ирэхээр өчнөөн төчнөөнөөрөө агаарт дэгдэж, тэр хэмжээгээрээ бидний бие организмыг аажим аажмаар чимээгүйхэн хордуулж байдгийг  сануулахад гэмгүй. Янз янзын төрлийн хортой хоргүй хавдар сүүлийн үед ихсээд байгаагийн олон шалтгаануудын нэг нь энэ гайхал мөнгөлөг металл болохыг эрдэмтэд аль хэдий нь тогтоочихсон.
 
АНУ-ын USGS байгууллагын тайлангаас үзэхэд дэлхийн агаар мандлыг хамгийн ихээр хордуулж байгаа эх үүсвэрүүдийн нэг бол нүүрсний  утаатай хамт ялгарч буй мөнгөн ус гэж дурьджээ. Жил бүр 5000-5500 тонн мөнгөн усны уур нүүрсний утаатай хамт ялгарч хэдэн арван км-ээр тархан бөмбөрцөг дэлхийн маань хүн амьтан ургамлыг хөнөөж сөнөөдөг юм байх. Ганцхан грамм мөнгөн усны уур хорин га хүртэл талбайг бохирдуулж дөнгөдөг гээд бодохоор ямар их аюул руу бид хөтлөгдөөд байгааг анзаарахгүй байхын аргагүй.
 
Агаар мандалд цацаж буй мөнгөн усныхаа хэмжээгээр цахилгаан дулаан гаргаж авахын тулд жилд хоёр тэрбум шахам түүхий нүүрс шатаадаг манай урьд хөрш дэлхийд тасархай тэргүүлдэг орон. Утаатай хамт агаарт дэгдэж хөөрсөн мөнгөн усны уур хаачихав, сансар огторгуй руу талийгаад өгөхгүй нь мэдээж. Үүл болж хуралдан цас борооны устай холилдоод эргээд л манийнхаа дээрээс бууна. Гол мөрний усанд хуримтлагдана, хөрсөнд нь шингэнэ. Тэнд нь ургасан ургамал амьтан, далай тэнгисийн загас жараахайгаар нь бид  хооллож ундална. Ингэж гариг ертөнцөд маань химийн энэ хор дахин дахин эргэн хуримтлагдана. Түүхий нүүрснийхээ хэрэглээг багасгах судалгаа хийж, хорт утаагий нь шүүгээд ч болов дэлхий ертөнцөө аврах ариусгах ажиллагаанд анхаарлаа хандуулаачээ хэмээн хүсэмжилж  НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбөрөөс Хятадуудад энэ зорилгоор өнгөрсөн таван жил гурван тэрбум долларын “хандив” өргөсөн байх жишээтэй.
 
Нүүрс шатаадаг орнуудын хувьд гамшиг ганц мөнгөн усаар зогсохгүй. Оросын эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд Донбассын уурхайн нүүрсний тонн тутамд 0.15г мөнгөн ус, 17г хүнцэл, 7г хар тугалга агуулагдаж байна. Манайд харамсалтай нь энэ төрлийн судалгаа одоохондоо хийгдээгүй байна. Донбассын нүүрс бол манай Багануур, Шивээ-Овоогийн нүүрстэй харьцуулахад зүйрлэхээргүй өндөр чанартай антрацит нүүрс.  Гэвч энэ  үзүүлэлтүүд нь Оросын стандартаас хүнцэл 8 дахин, хар тугалга 15 дахин, мөнгөн ус 10 дахин их байна гэж бичжээ.  /http://masters.donntu.org/2006/ggeo/eretina/library/art4.htm/
 
Дээрх дундаж агууламжаар манайхны гэр хорооллын 200мянган айлын жилд шатаадаг 700 мянган тонн нүүрсэнд шилжүүлэн тооцож үзэхэд нийслэлчүүд маань  өвлийн өвөлд 100кг мөнгөн ус, 12000кг хүнцэл, 5000 кг хар тугалга агуулсан агаараар амьсгалдаг болж таарч байна. Энэ их хорт элементүүд чинь ДЭМБ-ын анхааруулаад байгаа 2.5ppm-ээс жижиг хэсгүүдийг агуулсан тортгоор дамжин хөрсөнд буун шингэнэ. Хөрс усыг бохирдуулагч гол хүчин зүйл нь маний биеэс ялгарч буй жорлонгийн өтгөн шингэн бус жинхэнээсээ эдгээр химийн хор бөлгөө.  Хар тугалганы хордлого хүүхдийн нялх оюун ухаанд нөлөөлнө, дебил маанаг болгоно, мөнгөн ус мөн адилхан оюун санаанд нөлөөлнө, ууртай уцаартай, өөртэй итгэлгүй гутрангуй үзэлтэн болгоно. Хүнцэл цусны улаан цагаан бөөм үүсэх үйл ажиллагааг саармагжуулна, элэг уушгины хавдар үүсгэнэ. Ер нь л эдгээр химийн элементүүд нь халуун цустай ямар ч амьд бодгалийн нэг номерын дайснууд болох талаар та олонтой л сонссон байх. 
 
Хэдэн жилийн өмнө НЭМХ-гээс Баян хошууны нэгэн сургуулийн хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы агууламжийг тодорхойлоход ихэнх хүүхдийнх тогтоосон стандартаас хавьгүй өндөр гарсан байдаг. Ийнхүү  их хотын агаарт тунарч буй нүдэнд тань үл үзэгдэх мөнгөн ус хүнцэл, хар тугалга зэрэг хорт бодисууд хамгийн түрүүн таны  уушгиар дамжаад цусанд чинь орно, тэгээд эд эрхтэн, тархи мэдрэл ухаан санаанд нь нөлөөлнө, хамгийн аюултай нь эх хүний умайд тээж яваа үр удмыг тань төрөхөөс нь өмнө уураг тархи оюун санааг нь муужруулдаг муу ёрын хог. Бид хотын энэ хар утаанд өчнөөн олон жилээр хордож “Минамата”-гийн хоёр дахь хонгилоор доошоо  уруудмааргүй байна. Тэр тусмаа тэрбум тэрбумын төсөл хэрэгжиж, тэнгэр цэлмэхийг хүлээн танхил үрсээ алдмааргүй байна.
 
 
Ш.Пүрэвсүрэн     2017-11-16

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Шал хэрэггүй юм бичиж байхым. Цаана чинь Хурц гэдэг этгээд монгол төрийн хамгийн ариун гэгээн нууцуудыг задлаад Монгол улс оршин тогтнох уу үгүй юу гэдэг зааг дээр ирчихээд байхад ийм юм битгий яриад анхаарал сарниулаад байлдаа. Чиний энд тэнэгээрээ ганц би л сэтгэгдэл бичиж байна. Гэтэл монголчууд, ялангуяа эх орондоо хайртай хүн бүр Хурц дээр овоороод байна. Чи ийм дэмий юм бодож суухаар Хурцыг сонирхсон чинь дээр. Том байлдаа.

    Зочин, 2017-11-17 03:19:57, 202.9.41.234Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ODOO TEGEED GER HOROOLOLIN UGEEGUI YADUU AJILGUI YUUCH HIIDEGGUI GUILGACHINGUUDIG HASHAAND NI ULSAAS HUVIIN BAISHINTAI BOLGONO GEED ULSIN MUNGIIG HEDEN SAYA DOLLARAAR NI TUSUVLUUD SUUJ BAINAA...TEGEED TER GER HOROOLOLIN ARHICHIN GUILGACHINGUUD ULSAAS HUVIIN BAISANTAI BOLCHOOD BUH YUM SAIHAN BOLOH YUM BAIH.BODVOL HUVIIN BAISHINTAI HUN HALUUN DULAANAA TSAHILGAANAAR SHIIDEH BIZ,BUHEL BUTEN BAISHINGIN HALAALTIG BUREN TSAHILGAANAAR SHIIDVEL IHEL UNTEI GARNA.TEGEHEER NUGUU HEDEN HUVIIN BAISHINTAI GUILGACHINGUUD CHINI DEEVEREE TSOOLOOD NUGUU YANDANGAA TSUHUILGAAD DAHIAD L DUGUIGAA TULEH BOLNO.ENE BOL NAAD ZAH NI,TSAASHLAAD NUGUU ULSAAS BARIJ UGSUN BAISHINGUUDIG NI BUTSAAGAAD ZARAAD ARHI AVCH UUGAAD GUDAMJINDAA CHAD HIITSGEEH BIZDEE..NUGUU 5 DAVHAR BARIH GER HOROOLOLIG ORON SUUTSJUULAH CH BUR LUULUU BOLSON BOLOLTOI.

    Зочин, 2017-11-18 12:53:09, 202.179.26.117Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. хөдөөнөөс нүүж ирсэн айлуудыг л буцаачмх л даа Өөр ямарч юм ярих хэрэггүй

    Зочин, 2017-11-18 12:54:20, 122.201.24.137Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. шинжлэх ухааны үндэстэй сайн нийтлэл болжээ. бага нуурын нүүрсэнд цацраг идвэхит бодис эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байдаг гэдэг. цацраг идвэхт бодис шаттаггүй 100 кг нүүрс шатахад үнсэн дахь цицрагийн хэмжээ 3 дахин нэмэгддэг гэдгийг бас сануулаасай билээ.

    зочин, 2017-12-02 20:34:35, 49.0.219.216Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: