Энэхүү нийтлэлийг би 2006 он буюу одоогоос 12 жилийн өмнө “Өдрийн сонинд” тавьж байсан юм. Бидний ой санамж богиносчээ.  Дахин нэг сануулмаар санагдлаа          
Хачиг хэмээх шимэгч хорхойн аюулыг мэдэхгүй монгол хүн цөөхөн. Энэ жижигхэн амьтан буянт малын маань өл шим шүүсийг хэрхэн аажмаар сорж, түүний үс ноостой дулаан биед яаж наалдан зохицож амьдардгийг малчид маань бүгд сайн мэднэ. Өвлийн уртыг арай ядаж даван хаврын хавсарганд нүдүүлж буй туранхай хэдэн бог төлгийг  энэ амьтан чухам мэрэх шиг нэг болдог. Хачиг томроод хувалз болно. Цусыг чинь нүдэнд үзэгдэлгүйгээр ёстой нэг литр литрээр нь сорно доо. Хачигтай мал тэр зундаа олигтой тарга хүч авч чадалгүй явсаар ирэх жилийн хахир өвлөөр нүд аньцгаадаг. Монгол малын ихэнх нь хачиганд баригддаг тул арьсанд нь толбо тогтож, олигтойхон гоёлын нэхий дээл хийхэд стандарт шаардлага хангадгүй. 
Энэ бяцхан шулам мэт аалз юм мэдэхгүй хүүхэд багацуудын маань толгойнд голдуу наалддаг, үзэгдэж харагдалгүй томорсоор хувалз болж, бүр болохоо больсон хойно нь эх эцэг нь мэдэж салгадаг байж билээ. Миний нэг эмэгтэй дүүгийн толгойд хачиг наалдан аль хэдий нь хувалз болчихсон байж, эгч нь мэдэлгүй ховх татаж хаяснаас толгой тархи нь бүхэлдээ хавдаж, золтой л түүнийгээ алдаж дууссан юмдаг. Зүй нь бөгсийг нь тэрүүхэнд нь эвтэйхэн хайчилж цусыг нь сайн гаргаж байж салгах ёстой амьтан гэх. 
Өдгөө аль ч намын гишүүн дэмжигчид ялгаагүй, намынхаа толгойд хачиг үүрлэснийг мэдээгүй яваа хүн олон байсан байх. Тэд нэгэнт томорсон хувалз удаан насалдаггүй өөрөө гэдэс нь дэлбэ үсэрч үхдэгийг мэддэггүй, бас мэдэхийг ч хүсдэггүй бололтой. Дээр нь манийхаа цөсийг хөөргөж, өөрсдийгөө хамгаалуулах гэж уравганах нь бүр инээдтэй. Миний тархины цусыг шимэгч хувалзыг яг онож бөгсийг нь хайчилж өгвөл би ч, та ч бид бүгдээрээ хурдан түргэн илааршмаар байна. 
Төрийн тогтворгүй байдал улс орны маань гадаад нэр хүндийг минь бүр баастчихлаа. Гэхдээ тэд нарт энэ ямар хамаа байх билээ.  Энэ удаа төрөөр тоглохоор атгаг санаа агуулсан аль ч нам ялгаагүй түшмэдүүдийн нүүр царайг телевизээр харахад тун хөгийн, арчаагүй харагдаж байлаа. Заримынх нь бүр сүр сүлд нь доройтон үхмэл болсон байна. Юун намын нэр төр, ард түмний эрх ашиг юу ч  падлийгүй, хачиг хувалз адил амь зуух тэд бүгдээрээ бөгсөө хайчлуулахаас л айсан хэрэг.   Ялангуяа хүн бүхэнд илэрхий болсон нийслэлийн газрын мафи нь намын шинэ дарга Энхболд, түүний үнэнч нөхөр Бадамжунай хоёрыг чухам нойр хоолноос гаргасан бололтой юм. Дээр нь гаалийн Баатараар дамжаад Энхбаяр, Улаан нарын "ногоон гэрлийн" компаниудаас эхлээд мафийн сүлжээний хөзрүүд бас дэлгэгдэх гээд байдаг. 
"Намаа аврах хөдөлгөөн" гэгчийг байгуулан Хүрэлсүх гэгч залуу чухам цамнаж байх юм аа. Наймдугаар ангийн нусгай жаал аятай загнах түүнээс би УИХ-ын гишүүн, сайд, МАХН-ын залуу удирдагчийн дүр төрхийг огтхон ч олж харсангүй.  Намын туг шатаалаа л гэнэ, байр сууц сүйтгэлээ л гэнэ чухам уйлах нь холгүй байгаа энэ халамцуу  эрд би ганцхан зүйлийг сануулья. Юун туг дарцаг цаана чинь хачиг, хувалзнуудаас болоод хэдэн мянган хүнтэй хайран намын тань нэр хүнд жирийн гишүүд, олон түмний дотор навс унаж байгааг чи дотроо сайн мэдэж байгаа ш дээ. Ард түмэн өнөөдөр бүгд ухаажсан. Чиний ийм матрын нулимс хэнд ч хэрэггүй болсон, наад арга барил чинь ч аль фюрерийн үед үе нь өнгөрсөн эд. 
Тэр намын ордон чинь тэгж ярих юм бол аль ч намынх бус Монголын ард түмний хөрөнгөөр боссоныг харин өөрөө мэдэхгүй төөрч будилж явж болох юм. Түүн рүүгээ дайрах хүртэл түмнийг бухимдуулсны бурууг хувалзнуудаасаа мөн өөрөөсөө эхлээд хай. Хэрэв хэдэн шил хагарсан бол тэр зэргийн сүйтгэлтэйгээр бухимдсан олны уур хилэнгийн түрлэг зогссон нь их юм гэж бод. Тиймэрхүү юмыг засаад янзалчих нь бүү хэл эргээгээд босгочих хүртэл ажлыг одоо өмнө талд нь сүндэрлэх гээд байгаад ордны газрыг худалдсан мөнгөөрөө хувалзнууд чинь хийг. 
Румыны Чаушеску "хайртай" олон түмнийхээ уурссан хилэнд яаж тас татуулсныг бүү март... Гучин жилийн дотор далан тэрбум долларыг улсынхаа сангаас "андуурч" хоосолчихоод одоо чухам үхэж ч чадахгүй зүдэрч хэвтээ Индонезийн Сухартог сана. Жирийн муу ядарсан хүмүүсийг өдрийн хоолны мөнгөөр бие бие рүү нь бүү турхир. Бүр том алдас болно. 
Би энэ намын гишүүнд юуны ч учир мэддэггүй шалдан банди Москвагийн их сургуулийн онц сурлагатан оюутан хэмээн хөөрч явахдаа элсэж байж билээ. Тэр үед нам ямар хатуу шалгуур тавьдаг байлаа? Москва хотын элчин сайдын яамны намын хороогоор Цэдэнбал агсны хүү Владислав бид хоёр хамтдаа орж, долигануур дарга нар түүнд "монгол хэлээ сайн сурахыг" зөөлхөн зөвлөн тэр доор нь баталж, харин намайг элдэв асуултаар тал талаас бөмбөгдөн загнаж, золтой л "унагаж" орхиогүйг би санаж байна. 
“Бидний өвөг дээдсийн, Цэдэнбал даргын маань нам руу дайснууд дайрч байна” хэмээн таны сөөнгөтөн орилох дууг би Сүхбаатарын талбай дээр сонслоо. 16 жилийн өмнө 1990 оны хаврын хавсаргатай тэр өдрүүдэд нам, эх орныхоо төлөө амьдралынхаа 44 жилийг зориулсан тэр өвгөнийг ухаан санаа нь муудчихсан, Москвад гэрийн хорионд байхад нь муу нэртэй, муухай зүстэй ардчиллын хэдэн банди нар биш чухам танай намын УТТовчоо дангаараа хуралдан, түүний бүх гавьяа шагнал, цол, одон тэмдгийг нь хуу хаман авч, намаасаа нохой мэт хөөсөн шийдвэр гаргасныг нь өчүүхэн би эсэргүүцэж намын улаан батлахаа буцааж өгч байлаа. 
-Миний нам намайг ингэх ёсгүй. Энэ миний нам биш байна гэж хэлээд өвгөний нүдэнд нулимс гүйлгэнэн хоолой нь зангирч байсан тухай Шинкарёвын номонд байгаа, худлаа гэвэл хараарай. 
МАХН нам үнэмлэхүй хүчээр дангаараа төр барьж байх 2000-2004 онд ард түмэн та бүхнээс "Төрийг хямралаас гаргаж, түмнийг ядуурлаас гаргах юм байна" гэж хууртан хүсэн хүлээсэн. Харамсалтай нь энэ хугацаанд төр авилгалдаа идэгдэн, хямарч, бүр ялзарч, түмэн олон маань ядууран ихэнхдээ цувдай толгой авч голоо зогоон, автобусныхаа мөнгийг ч төлж дийлэхгүй болтлоо элгээрээ хэвтэж, харин намын хувалзнууд тань яаж бүдүүрснийг чи битгий хэл гэхэд ард түмэн цаана чинь мэлмий нь хаагдчихаагүй болохоор мэдэж байгаа, харж байгаа. Авгай хүүхнүүд нь Елена Чаушеску, Филиппиний Маркос хадагтай нараас дутахгүй алт, алмаз гялалзуулж, өөрсдөө алс холоос араб угсааны азарга хүртэл худалдан авчирч тансаглацгааж байна. Тэд хэний мөнгөөр туйлж байгаагаа мэдэх мэдрэл нь тас үсэрчээ, зайлуулдаа гэж. 
Үүнийг чинь ч түмэн олон өнгөрсөн сонгуулиар ухаалгаар харж, та нарын эрхийг тавин хувиас дээш нь гаргахгүйгээр хязгаарлах нь зөв гээд хоёр жилийн өмнө нэгэнт шийдчихсэн юм биш шүү. Гэтэл одоо дахиад яагаад олонхи болж, яагаад төрийн эрхийг дангаараа барина гээд ичихгүй дайраад байна аа. Ямар нүүрээрээ "комиссийн дэлгүүрийн" бараа шиг болчихсон барлагуудыг худалдан авч түрий барих гээд байна аа? Бид дахиад юунд хүргэх гээд байгааг чинь мэдэж байна шүү дээ.  
Хачигтай мал таргалдаггүйтэй адил ийм хувалзтай төрөөр удирдуулж буй ард түмэн ядуурлын намгаас хэзээ ч үл гардаг жамтай. Гадаад түншүүд маань ч хачиг хувалзандаа баригдчихсан биднийгээ энэ үед эзэнгүй арал мэт орхих нь зүйн хэрэг. Монгол төрийн минь хоймрыг бүү бохирлож бузарла, Төрийн ордны хаалгыг гаднаас нь чангахан хаагаад бүгдээрээ тонилцгоо, цаашаа. 
 
Ш.Пүрэвсүрэн