Өнөөдөр 4 сарын 27. Дэлхийн хөрсний  өдөр
Тэртээ гучаад жилийн өмнө 1991 онд Москвагийн их сургуулийн Хөрс судлалын факультетийн эрдэмтэн багш нарынхаа  өмнө докторын зэргээ хамгаалах гэж мунгинаж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Сонгосон сэдэв маань “Монгол орны тариалангийн хөрсний үржил шимийн өөрчлөлт”, удирдагч багш минь ЗХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, тэр үедээ салбартаа тэргүүлж байсан алдарт эрдэмтэн, академич Минеев гуай байлаа. Би Монгол орны төвийн район Дархан Сэлэнгийн бүс нутаг, Дорнодын Халх голын САА-н уринш-буудай сэлгэдэг талбайн хөрсийг атартай нь харьцуулж, атар эзэмшиж эхэлсэн үеэс хөрсний үржил шим 30 хувиар буурсан тухай судалгааны үр дүнг нь  танилцуулж дууссаны дараа Оросын хөрс судлалын ш/у-ыг үндэслэгч Докучаевын нэрэмжит Хөрс судлалын хүрээлэнгийн нэгэн доктор  миний ажлыг будаа болтол шүүмжиллээ. “Яахаараа уринш гэж байгалийн хуулийн эсрэг технологийг судалгаандаа оруулсан юм, уриншилна гэдэг чинь ургамлыг нь юу ч үгүй болгон хагалж устгана гэсэн үг. Зунжингаа халцгай нүцгэн байлгахад тэр хөрснөөс чинь юу үлдэхийм” энээ тэрээ гээд л бууж өгдөг юм байна. “Үгүй ээ өнөөдөр Монголын газартариаланд энэ технологийг л ургац нэмэгдүүлэх цорын ганц арга болгож хэрэглээд байгаа, үүний хор уршгийг ойлгуулахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх хэрэгтэй байсан юм” гэх зэргээр өөрийгөө баахан зөвтгөсөөр багшийн маань нэр хүнд ч мэдээж нөлөөлсөн л байж таараа хамгаалалтанд арай л уначихалгүй тогтсон юмдаг. 
Хэдийгээр тариалангийн талбайг хагалж уриншилж болохгүй тухай хууль аль хэдий нь гарчихсан ч, саяхны газар тариалангийн улсын зөвлөгөөнд оролцогсдын дунд уриншлахгүй бол ургац яаж авахийм гэж маргагсад олон байсан нь тун харамсалтай санагдсан. 
Хоёр жилийн өмнө Хойд Америкийг буудайгаар хангадаг Канадын Саскачеван мужаар орж, тариалан эрхэлдэг фермерүүдтэй уулзаж учирч явахад эндхийнхэн уринш гэдгийг мартаад гучин жил болж байгаа талаар ярьж байсан юм. Тийм ээ, уринш бол байгаль дээр хэдэн зуун жилийн хугацаанд буй болсон хөрсийг дээр миний хийсэн дүгнэлтээр хэдхэн жилийн дотор орвонгоор нь сүйтгэдэг гол дайсан. Уриншилсан жил хог ургамал устаж, хөрсний чийг нэмэгдэж, дараа жил нь арвин ургац авдаг нь үнэн боловч тухайн жил хөрсний бактериуд эрс идэвхжсэнээр ялзмаг хэмээх хөрсний үржил шимийн нөөц банк хоосорч, хөрс салхинд хийсэж, бүтцээ алдаж, усанд идэгдэж, үржил шим нь дахин сэхэл авахгүйгээр уруудан доройтдог бөлгөө. Ургамлын үндсийг задалж ялзмагийг нь аажмаар нэмэгдүүлдэг бактериудын тоо тухайн жил эрс өсөж хэдэн тэрбумаар тоологддог, дангаар нь ялгаж аваад киллэж болдогсон бол га талбай бүрд шүдлэн гуны жин татдаг гээд бод доо.
Тариаланчид маань хэн нэгний мэдэмхийрлийг өлгөж аваад рапс гэгч тосны таримлыг  хөрсний үржил шимийг ховх сорогч гэж ойлгодог юм билээ. Тэгвэл уринш бол үүнээс долоон дор. Хөрсийг эргүүлэн хагалж уриншилсан өнгөрсөн жар гаруй жилийн дотор угаасаа үржил шимээр дорой нимгэн хүрэн хөрс нь бүтцээ алдаж, задран нунтгарч, салхи шуурганд туугдан хийсч улаан элс болон хувирч байна. 1960-аад оноос атар газар анхлан эзэмшиж эхэлсэн Зүүнхараа, Жаргалант, Баруунтурууны САА-нуудын тариалангийн зарим талбайнууд нарийн хар шороо нв салхинд хийсэж туугдан одоо нэлэнхүйдээ Өмнийн говийн Хонгорын элс аятай болсон байна. Ийм талбайн хөрс эргээд сэргэнэ гэсэн ойлголт байхгүй, вандан тас. Дахиад хэдэн зуун жил хэрэгтэйг бурхан л мэдэх байх. Бидний нас лав гүйцэхгүй.
Намайг ХААЯ-нд ажиллаж байсан тэртээ 1980-аад онд бид  1 сая гурван зуун мянган га тариалангийн талбайтай байлаа. Үүнийхээ жаран хувьд нь тариалж, үлдсэнийг уриншилж, зарим жил 800 мянган тонн хүртэл тариа хураан багтах савгүй болж, төв цэнгэлдэх хүрээлэнд хүртэл нуруулдан овоолж байсныг харсан хүн олон байгаа. Өнөөдөр энэ талбайнуудын бараг 30 хувь нь элсжиж, найдваргүй зээл гэдэг шиг эргэлтийн талбайн данснаас бараг хасагдсан боловч, шинээр ямар ч судалгаагүйгээр энд тэндгүй малын бэлчээрийг дураараа сэндчин хагалж буйг харахад зүрх зүсэм. Ийм балмад үйл ажиллагаатай орон нутгийн иргэд нь Хөвсгөл аймгийнхны жишгээр бүгдээрээ хамтран тэмцэхгүй бол сонгуулиас сонгууль хүртэл амь зуудаг дөрөвхөн жилийн настай, аль нэг намаас тавигддаг, хоноцын сэтгэлтэй эрх баригчид хөдлөхгүй. Тэдний аманд хатсан ааруул ээзгий авах төдийхний “цаас”  чихэхэд л тэд эх нутгийнхаа хөрсийг эвдэж хагалах нь бүү хэл харийн түрэмгийлэгчдээр ухаж сэндийчлүүлэхээс буцахгүй болсон байна. 
Дан ганц улаан буудай шүтэх биш, 60-аад оны үед манай оронд тарьж арвин ургац авч байсан вандуй, эрдэнэшиш бүр болж өгвөл буурцагт олон наст царгас мэтийн ургамлуудыг тариалж ийм аж ахуйнуудыг төрөөс бодлоготойгоор дэмжих юм бол өвс тэжээлийн дутагдлаас болж жил бүр хэдэн саяараа нүд аньдаг бэлчээрийн малаа ч бас үндсэн хуулиндаа зааснаар “төрийн хамгаалалтанд” авахсан.Хадлан авах талбай, бэлчээр, жилээс жилд хумигдан багасч, доройтон дордож байгаа энэ үед “Мянгат малчин” гэх сүржин цол тэмдэг утгаа алдаж, үнэгүйтэж буй нь зүйн хэрэг. Мянгат малчидыг олшруудах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, угаасаа одон тэмдэг, гавьяа шагналд  нугасгүй манийхаа цөсийг хөөргөдсөн төрийн удирдагчдын харалган бодлого одоо юунд хүргэж буйг хар даа. 25 сая малын даацтай бэлчээрт  далан саяыг дураар нь цэнгүүлэх нь зөв үү? Хот суурин газар усны хомсдол, хөрсний бохирдол, хяналтнаас нэгэнт гарсан бол хөдөө нутагт зуд турхан ган ганчиг ойр ойрхон нүүрлэж бэлчээрийн дайн  үүсээд байгаа өнөө үед газрын зөв менежментийн бодлого юу юунаас илүү тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бэлчээрийн даац хэрээс хэтэрснээс газрын доройтол, цөлжилт хүрээгээ тэлж,  тариалангийн хөрсөө тордож арчлаагүйгээс хүнсний хомсдолд орох нь гарцаагүй болоод байна.Тэртээ 1996 онд “Хүнсний асуудлаар” дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүнүүд, ТББ-ууд  Италийн Ром хотноо чуулж, тухайн үед дэлхийн өнцөг буланд өлөн зэлмүүн амьдарч байсан 800 гаруй сая хүний тоог 2020 гэхэд хоёр дахин бууруулах том зорилт тавьж байлаа. Гэтэл хагас өлсгөлөнгийн байдалд амь зууж буй хүмүүний юун хоёр дахин буурах нь бүү хэл бүр өсөн нэмэгдлээ. Үүнийг тэрлэгч миний бие тухайн форумд оролцон ТББ-ын чуулганд нь илтгэл тавьж, “Монгол улс 1984 онд хүнсний программ баталсан. Үүнийг хэрэгжүүлснээр 2000 он гэхэд манай улс хүнсээ 100% дотооддоо үйлдвэрлэдэг” болно хэмээн  одоогийн эрх баригчид лугаа баруун солгойгүй бурж байж билээ. Одоо бодохоос ичмээр. Дамшиг гэж. 
Өнөөдөр тариаланчид минь уриншлах гэсэн ойлголтыг үтэр түргэн толгойноосоо авч хаяж, үр тарианыхаа талбайг өнжөөлгүй тэжээлийн ургамал сэлгэн тарьж, өндөр үр ашигтай эрчимжсэн мал аж ахуйг зэрэгцүүлэн өргөжүүлж, бууцаар нь ядаж төмс хүнсний ногооныхоо талбайг бордоод заншчихвал хөрс шороо маань бүтэн үлдэж, бидний бие биендээ ерөөдгөөр эрүүл энх явж, урт наслаж удаан жаргах мөрөөдөл биелэгдэх нь дамжиггүй. 
Хэрэв хүсвэл элс сайр чулуу, асга хад  юун дээрч бол шинээр хөрс буй болгож болно. Голландууд далайн усанд хаягдал хогоо асган булж, жилд хэдэн зуун га газар шинээр буй болгоод байгаа юм чинь бид албан газар, гэрийнхээ хашааны жаахан газар  20-хон см хөрс шинээр буй болгоход юу байсан юм бэ. Уулнаас мод авчран оршуулж байгаа тэрбум тэрбум мөнгөнийхөө тал хагасыг жилд зарцуулахад л хотоо зүлэгжүүлэх, ногооруулах асуудлыг шийдэж болохоор байна.  Улаанбаатар хот чинь урьдын байсан өнгө зүсээ аль хэдий нь алдаж бид чинь бетонон ширэнгэнд аьдарч байгаа бус уу. 
Би тахлагдсан, элэгдсэн эвдэрсэн, элсжсэн хөрсийг шинээр бий болгоход тусалдаг сапрофель гэгч бодисын тухай л яриад байна л даа. Сапрофелийг ашиглан элсэн дээр шинээр хөрс буй болгож, зүлэгжүүлж, ногооруулж, хотын ногоон байгууламжаа алхам алхмаар амжилттай өргөтгөж байгаа туршлагыг алс холын Арабын Эмиратын Дубай хотоос харж болно. Дубай гэх энэ хотыг 20 жилийн өмнө улаан элсэн дээр шинээр босгож эхэлснийг бид мэднэ. Одоо сапрофель ашиглан ямар ногоон хот болсныг харахаас биширмээр. Бүр ойрын жишээ авъя гэвэл Казахстаны нийслэл Астана байна. Бас л эзэнгүй хоосон талд босгосон хот. Тэд ОХУ-ын Астрахань мужаас сапрофель худалдан авч, тээвэрлэн аваачиж, хотоо ногооруулснаас гадна жижиг талбайн хүнсний ногоо, жимснийхээ ургацыг хэд дахин  нэмэгдүүлчихлээ.  Сапрофель гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал нуурын ёроолын лаг хар шавар л байхгүй юу. Монгол оронд маань лайдаж аваад тариалангийн талбайд бордоо болгон ашиглачихаар хар шавартай нуур хангай дэлхийд хааяагүй бий. Гагцхүү үүнийг нарийн судалж, нөөцийг нь тогтоох шаардлагатай. 
 Ийнхүү амьд амьтан оршин тогтнохын эх үндэс болох хөрсөө сайжруулж, ургацыг нь нэмэгдүүлж чадах юм бол хаа газраас зөөж авчирсан гарал үүсэл нь тодорхойгүй нэр нь үл мэдэгдэх хор биш, өөрсдийн гараар эх газар шороондоо ургуулсан, үйлдвэрлэсэн экологийн цэвэр хүнс хэрэглэж, эрүүл энх байх боломж бидэнд угаасаа бүрэн байгаа юм шүү
 
Ш.Пүрэвсүрэн   2018-04-27