Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Завхан Увс аймгуудын 20 гаруй сумдаар тойрч  яваад ирлээ. Товчхондоо хэлэхэд энэ зун Монгол орныг маань нэлэнхүйд нь улаан ган нэрвэжээ. Царцаа дэвхрэг шаагисан цагаан тал, үлий оготно бужигнасан өргөн хөндийнүүд нүдэнд тусна. Зургаан сар дуусч, зуны нар буцах дөхсөн энэ өдрүүд ийм дүр төрхтэй байхыг амьдралдаа үзээгүй юм байна. Цагаан талд ногооноороо байгаа ганц ургамал нь улаан харгана байлаа. Шороо тоос бужигнасан саарал хөндийг харгана шар цэцгээрээ гоён, хааяа тааралдах үхэр мал түүнийг нь шувтран зулгааж зогсохыг харваас нүд хальтрам. Хэдэн жилийн өмнө “Харгана тарьцгаая” нийтлэлээ бичин сонин.мн-ээр уншигчиддаа хүргэж байсныг маань зарим андууд санаж байгаа болов уу. Зуд турхан ган гачиг болоход малын аминд ордог ганц аврал харгана маань цөлжилт, элсний нүүдлийг зогсоодог шидтэй ачтан бөлгөө. Харгана тарих ажлыг төрөөс санаачлан хааяагүй зохион байгуулах цаг нэгэнт болжээ. Байгаль орчин болоод Хөдөө аж ахуйн яамныхан үүнийг анхаараасай билээ. Сум орон нутгийнхан ч орон нутгийг хөгжүүлэх сангаасаа тодорхой хэмжээгээр жил жилд санхүүжүүлэн  хийх боломж байгаа.  Харгана ийм эрт цэцэглэхийг өвгөн би үзээгүй юм байна. Өдийд нэлэнхийдээ цэцэглэсэн харганы үр 7 сард боловсроно гэсэн үг. Биднийг бага байхад сургуулийн захирал маань санаачлан харгана, согооврын үр түүлгэн сургуулийн хашаанд тариулдаг байсансан. Мөн ч ухаантай алсын хараатай хүн байж билээ. Томхон голын хөндий даган дэрс цахилдаг ногоорч байна. Биднийг бага байхад  овсгоотой гац нэг малчид цахилдаг түүн гашилсан сүүний шар устай холин даршилдаг байсан санагдах юм. Бодвол энэ ургамлыг мал иддэг байсан болоод тэр байх.  
   Тал нутгийг маань энд тэндгүй сэндийчлэх үлийн оготно шороо мэт бужигналдана. Эдний үржлийг тасалдаг ганц ерөндөг  бол социализмын үед хүнцэл буюу оросоор мышьяк байлаа. Нөгөө Ноён уулын алттай хүдэрт мянга мянган тонноороо агуулагддаг хор шүү дээ. Алт үхэл дагуулдаг гэж бидний өвөг дээдсийн сургааль шинжлэх ухааны үндэслэлтэй болохын амьд баталгаа чухам энэ буюу. Хулганыг бодийг нь хөтөлдөг ардын нэг арга байдаг гэсэн, үнэн худлыг бүү мэд. Нүхэнд нь ус цутгаж байгаад арван хулгана амьдаар нь барьж саванд хийгээд орхиход нэг нэгнээ барьж идсээр ганц бүдүүн эр үлддэг гэнэ. Нөгөөхийг нь суллан тавьж орхиход тэр хавийн хамуудаа барьж идсээр дуусгадаг гэж ярих юм билээ. Завханы Тосонцэнгэл, Нөмрөг сумынхан хулганы дайсан сар шувуунд зориулан харуулын зогсоол бэлдэж өгсөн нь тун авууштай. Ойр ойрхон хатгасан энэ шонгуудад суух сар шувуунд хулганаа ангуучлахад нь их тустай эд дээ. 
   Увсын Хар толгойд усалгаатай тариалан эрхэлдэг найзын маань хавар тарьсан жаахан тариаг царцаа зооглоод дуусжээ. Тарьсан талбайгаа дахиад үрлэж сууна. Тариалангийн хуулийн дагуу царцаатай тэмцэх арга хэмжээг  төр хариуцах учиртай. Гэтэл ХХААЯамныхан өнөөдөр гамшиг нөмрөөд царцаа ажлаа хийгээд хамаг тариа будааг нь идээд дуусч байхад тендер зарлаад сууж байгаа нь нөгөө орсон борооны араас цув нөмрөхтэй адил юм болж байгаа нь даанч инээдтэй бөгөөд  эмгэнэлтэй. 
   Монгол оронд ховорхон тааралддаг цэнхэр галууг Тэлмэн нуурт харж нүд баясав. Тэлмэн нуурын хажуугаар өчнөөн явсан мөртлөө нууранд ойртож үзэж байсангүй. Энэ удаа зав гаргаж умбаж шумбаж уснаас нь хүртэж үзлээ. Хяргас нуур аятай сулавтархан давс хужиртай Увсынхан шиг давс их хэрэглэдэг улсад цай хоолондоо хэрэглэж болохоор аршаан санж. Нууранд орохоор дөхөж очтол еэ бүү үзэгд Халх гол, Сэлэнгийнхээс арай биерхүү том том шумуулан сүрэг зай завсаргүй бужигнах нь тэр. Зориглоод машинаасаа нүцгэлэн гартал чухам гайхалтай зүйл болов. Нуурын хөвөө рүү алхтал нэг ч шумуул надад ойртсонгүй, ганц ч удаа хазсангүй, харин том том хөхтүрүү дүнгэнэлдэж ганц нэг удаа хатгав. 
  Архангайн Цэнхэр сумаар явж байхад угтсан зөөлөн шиврээ бороо Солонготын даваа өгсөж явтал улам ширүүслээ. Ган тайлагдах цаг ирж буй бололтой. Хэдэн жилийн өмнө үүгээр явахад шаагисан ой нүүнгэтэн харлаж байсан бол одоо байгаль эх шархаа эдгээж шинэхэн нялх модод ургаж эхэлжээ. Тэртээ 70, 80-аад оны үед Цагаанхайрханы модны үйлдвэр ид цэцэглэн мандаж байхад хядсан ойн тайрсан модны хожуулууд энд тэндгүй ёрдойн харлана. Үүнийг үндсээр сугалан авчихвал дороос нь шинэ мод ургахад тус дөхөм болохсон. Хожуулуудыг нь тэнд нь бутлаад дахин боловсруултанд оруулдаг аварга том комбайныг интернетээс орон харж болно. 
Өндөрхангай сумаас багын найз Батсүхтэйгээ хамт Мөндөөхөөгөөр даван Цагаанхайрхан сум орж, унасан газар угаасан усандаа мөргөв, хөрвөөв. Саяхан орсон бороонд газрын өнгө засарч, чухам нүүрийг нь угаасан хүүхэд аятай болж байна.  Мөндөөхөө суманд суугаа үеэл дүү Г.Ганболдынхоор орж, нутаг орон, ах дүү, амраг садныхныхаа тухай хэсэг хөөрөлдөв. Энэ нутагт  ээжийн маань нагац ах Шаарав гэдэг хүн өнгөрсөн зууны 60-аад оны үед амьдарч байсан гэдэг. Тэр хүний тухай өвөг дээдсээс сонссон түүхийг найруулан эмхтгэж “Хорвоогоор аялахуй” номондоо оруулсныг зарим уншигчид санаж байгаа болов уу. 
 
 
 Хяргас нуурын баруун урьд хөвөө “Хэцүү хад” хэмээх байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газраар очив. Улаанбаатар-Улаангомын их замаас 45 км хазайгаад тэнд очвол Хяргас нуурын зөөлөн давслаг усанд орж, наранд шарж алжаалаа тайлахаас гадна эндээс холгүй /15 км/ орших “Нуурын хоолой” хэмээх гайхамшигтай нэгэн газар газар очиж Айраг нуурын цэнгэг ус, Давстай ус хоёрыг холбосон сувгийг үзэж нүд тайлах болно.  Энэ хоолойг Египетийн алдарт Суэцийн сувагтай зүйрлэх би дуртай. Суэцийн сувгууд сая сая боолуудын нөр их хөдөлмөрөөр боссон бол нуурын хоолой хэдэн мянган жилийн туршид байгаль эхийн гараар бүтээгджээ. 20-иод метр өргөн, хагас км шахам урттай энэ сувгаар Завхан голоор тэжээгддэг Айраг нуурын цэнгэг ус Хяргас нуур руу цутгадаг байсан бол сүүлийн жилүүдэд Айраг нуур эрчимтэй ширгэж, урсгал нь буцаад Хяргас нуурын шорвог усаар тэжээгдэх болсон гэдэг.  Завхан гол тасарсан тэр он жилүүдэд загас мөн ч их үхсэн дээ. Хяргас нуурын хувьд байгаль орчны гол хурц асуудал нь Ховдын Хар-Ус нуурын адил загасны хууль бус ангуучлал. Мөн энд ирж амрагсдын үлдээх их хог. Өвлийн улиралд  эндээс сугас загасыг тор тавин шүүж хэдэн арван тонноор нь хойш нь урагш нь гаргадаг юм.
 Улсын начин, гавьяат дасгалжуулагч, дэлхийн аварга Г.Пүрэв-Очир андын хүсэлтээр Дорнодын Цагаан-Овоо сум руу өдөр шөнөгүй  гурав хоног довтолгоод өчигдөр ирлээ. Тэрээр нутаг орондоо Монгол бөхийн хөшөөний цогцолбор босгохоор төлөвлөж, нутгийн тахилгат уул Цагаан-Овоог ойжуулахаар санаа шулууджээ. Биднийг очиход 30 хэмийн халуун шатаж байсан нутагт тэр оройноос эхлэн зүс бороо залгаж хоёр өдөр өдөр шөнөгүй тасралтгүй шаагих нь тэр. Сайхан зун болох нээ. Энэ зун ийнхүү Монголынхоо баруун зүүн хязгаараар 5000 гаруй км довтолголоо. Машин замдаа саатаж бага зэргийн баартсан явдлыг эс тооцвол сайхан аялал боллоо.
Тэмдэглэл үргэлжилнэ.
 
 
Ш.Пүрэвсүрэн