Тариаланч, ногоочдын маань хаваржин зунжин газар шороотой ноцолдсон хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг цаг ирлээ. Үүнтэй зэрэгцээд сэтгэл муутнуудын хорлон сүйтгэх ажиллагаа ч зэрэг эхэлж байгаа нь тун явуургүй ажиллагаа. 
"Ховдын тарвас хог дээр гарлаа. Шээстэй, химийн бодистой тарвасыг нь идсэнээс болж хүүхдүүд бөөн бөөнөөрөө эмнэлэгт хэвтэж байна" ч гэх шиг ямар ч ул үндэсгүй гүтгэлэг нетээр дүүрэн цацагдах болов.
Үүнээс үүдэн одоогоос 8 жилийн өмнө шар манжин таригсдыг унтрааж, бие биенийхээ бизнесийг нь унагах явуулга орон даяар зохион байгуулагдсаныг нь тайлбарлан нэгэн нийтлэл тавьж байсныг зарим уншигчид санаж байгаа болов уу? Сэтгүүлч хүүхдүүд ч үүний үнэн учрыг олоход тусалж дэмжин хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд энэ их шуугиан тэгсгээд намжиж манжингийн үнэ ч тогтворжсон юм. Одоо бид шар манжингаа махтайгаа холин амтархан зооглосоор, зах дээр зарагдаж байгаа ногоонууд дотор шар манжин маань тогтвортой байр сууриа хадгалсаар байна. 
Хогийн ургамалтай адил хов жив удахгүй хатаж, Ховдын тарвас бидний ширээг чимсээр байх болно. Тэгээд ч Монголд зарагдаж байгаа бүх л тарвас “Ховдынх” гэсэн цол хэргэмтэй зарагддаг шүү дээ.
                             
 Манжингаа өмөөрөхүй  
 
 
“Өвгөн нэг удаа манжин тарьж тэр нь удалгүй томоос том ургажээ. Өвгөн манжингаа сугалах гэж үзээд дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн ирж өвгөнийхөө араас бариад хоёулаа нийлж татаад татаад сугалж чадсангүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж татаад бас дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Барсангүй. Нохой нь муураа дууджээ. Бас л дийлдсэнгүй Муур нь хулганаа дууджээ.
Хулгана гүйж ирээд муурныхаа сүүлнээс, муур нохойноос, нохой ач охиноос, ач охин эмгэнээс, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж бүгдээрээ хүчээ нийлүүлэн татаад манжингаа газраас суга татан гаргаж чаджээ. Хэрэв тэр муу жижиг хулгана л байгаагүй бол том манжинг сугалж дийлэхгүй байжээ.” гэх үлгэрийг сонсоогүй хүн бидний үеийнхэн дотор ховор. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон орос ардын үлгэрт гардаг шар манжин үнэхээр тийм том ургадгийг батлан хоёр жилийн өмнө манжингийн эх орон гэгдэх Норвеги улсад 35 кг аварга том манжин ургуулж дэлхийн рекорд тогтоож байсныг би санаж байна. Энэ аварга манжингаа сугалах гэж муур хулганаа дуудаагүй ч гэсэн норвеги ногоочин эр нилээдгүй тэвдсэн байж таараа.
Манжин гэгч энэ хаан ургамлыг их эрдэмтэн Дарвины онолоор бол хүн төрөлхтөн сармагчин байх үедээ түүж иддэг байсан нь нотлогдоггүй ч, 4000 жилийн тэртээгээс тарималжуулж ашигласан тухай эртний түүх сударт өгүүлсэн байдаг. Гарал үүслийг нь Европ, Скандинавын хойг мөн олон зууны турш манай хойд хөршийнхний хүн амын хүнс тэжээлийн гол эх үүсвэр нь байсан гэж үздэг. Тиймээс ч шар манжингаа оросууд ихээхэн шүтэж “Репка золотая моя…” хэмээн ардын дуундаа дуулдаг шүү дээ. Ал с хольш Өмнөд Америкийн Андын нуруунаас төмс хэмээх шинэ таримал 18-р зууны дундуур Европоор дамжин Оросод орж ирсэн Екатерина II хааны үеэс л орос тариачдын хүнс тэжээлийн горим эрс өөрчлөгдсөн гэдэг юм билээ. Манжин хэмээн ерөнхийдөө нэрлэгдэх ургамлууд нь түмэн янзьш өнгө, зүс, хэлбэртэй, шинжлэх ухааны нэрээрээ бол тоонолжин цэцэгтний гэх овогт багтдаг бөгөөд монголчууд бид шар манжин, сармаг манжин, цэцэгт байцаа, цагаан манжин, улаан манжин цаашилбал үхэр манжин гэж нэрлэсэн нь ч буй. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг байцаа юу билээ гэж та бүү гайхаарай. Байцаа манжин хоёр нэг овгийн ургамал. Хэдийгээр зүс царай, хэлбэр дүрс тэс ондоо ч яах аргагүй эцэг нэгт ахан дүүс бөлгөө.
Иваново хотын оросууд жил бүрийн намар шар манжингийн баяр гэж тэмдэглэдэг бол Орегон мужийн америкчууд Форест Гроу хотоо шар манжингийн дэлхийн нийслэл хэмээн тэртээ 1951 онд зарлаж, шар манжин судлалын бие даасан институт байгуулсан байдаг. Шар манжинг Европ талдаа хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг бол цагаан манжинг Азийн япон, солонгосууд, хятадууд түлхүү тарьж ашигладаг. Шар манжин нь рапсаас 2-3 дахин их тос агуулдаг тул био түлш гаргаж авах хамгийн тохиромжтой ургамалд ч тооцогддог. Манжин ноёнтонг манай агрономчид жараад оны үед хойд хөршөөс залж ирж тарьж үзжээ. Хүйтэн болоод ганд тэсвэртэй, хөрс голдоггүй, богино болцтой, ургац арвин гээд тун дажгүй үр дүн гарч, сонгино жууцайнаас өөр юм хоолондоо хольж үзээгүй монгол малчны амтлах дуртай ногоо болсон гэдэг. Манжин байвал махаар яахав ч гэж тэд ярьдаг боллоо. Швед улсаас гаралтай “Шведская жёлтая” хэмээх сортыг гавьяат агрономич Дэчинпил агсан Улаангомын тэсхим хүйтэнд нутагшуулж, “Увс” брендийн үрээр улсын хэрэгцээг хангадаг байсан үе тун саяхан.
Зэрлэг зулгаах, сийрүүлэх гээд гар хөдөлмөр л их шаарддагаас бус манжин тарих бизнес бол бусад бүх төрлийн ногоотой харьцуулахад хамгийн ашигтай нь. Яагаад гэвэл дээр дурьдсанчлан хурдан хугацаанд (80-90 хоногт) бага зардлаар хамгийн их ашиг өгдөг онцгой ургамал. Манай орны усалгаагүй нөхцөлд нэг га-д хоёр кг хүрэхгүй үрийг зуны бороо угтуулж цацаад, 9 cap гэхэд га-гаас 20 тонн хүртэл ургац авч болно. Хүйтэнд тэсвэртэй тул 10 cap хүртэл талбай дээр байлгасан ч төмстэй адилхан хяруу хүйтэнд хайрагдахгүй, хадгалалт сайн даана. Зоорьгүй бол өвлийн хүйтэнд тэс хөлдөөгөөд гэсгэлгүйгээр хоолондоо шууд хийгээд идэхэд ч амт чанараа алддаггүй гайхал. Хамгийн гол нь одоогийн ханшаар бол тарьсан ургуулсан зардлаа нөхөөд га-гаас 10 сая хүртэл төгрөг хүртэл ашиг “хурааж” болдог тун ч муугүй бизнес. Гэтэл энэхүү ид шидэт ургамал маань хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл цацагдсанаар ширээн дээр өрдөг амттаны төрлөөс шууд жийгдэх нь тэр. Яагаад ийм яриа гарсны явдал учрыг тодруулбал их хөгийн.
Зах зээл бол шударга болоод шударга бус өрсөлдөөн, үүнтэй маргах хүн байхгүй биз. Одоогоос хэдэн жилийн өмнө “Барс” захын ногооны овсгоотой нэгэн ченж Дэчинпил гуайн үрийг урагш нь сэмхэн гаргаж хужаа ах дүүсээр эртхэн тариулчихаад монгол ногоо боловсрох яагаа ч үгүй үе буюу наадмын дараахан оруулж ирж зах зээлд нийлүүлэн түрийвчээ цулайлгачихжээ. Түүнийг нь мэдсэн бусад өрсөлдөгчид нь өнөө “хужаа” манжинг нь мэрэгжлийн хяналтынханд аваачиж шинжлүүлээд “нитратын хэмжээ стандартаас их” гэсэн дүгнэлт гаргуулж авчээ. Ингээд нөгөө нөхрийнхөө бизнесийг хаахын тулд ногооны хэсэг ченжүүд нийлж байгаад нитрат хавдар үүсэхэд нөлөөтэй гэх мэдээллийг гуйвуулж, шар манжин хорт хавдар үүсгэдэг гэсэн увайгуй зар суртчилгааг орон даяар тун гарамгай гуйцэтгэсэн байна. Энд нь манай хэвлэл мэдээллийн зарим нөхөд нөгөө хадгаламж зээлийн хоршоог сурталчилдгаасаа дутуугуй рольтой оролцсон нь тун харамсалтай. Шар манжин хортой вандан тас. Энэ хов жив бууны сумнаас хэд дахин хурдтайгаар улс орон даяар тархаж, Өмнөд хөршийнхөн  ч энэ мэдээллийг өлгөн авч “манжин бол үхрийн хоол, үхэр монголчууд л манжин иддэг” гэж хөхрөлддөг гэнэ лээ. Ингэж монгол манжин зах зээлээс хятад ногоогоор шахагдах эх үндэс тавигдсан ба энэ эндүүрлийг дараа нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдаас өгсүүлээд манай нэртэй эрдэмтэд залруулах гэж хичнээн оролдсон ч үр дүнг эс олжээ.
“Хорт хавдрын эх уурхай гээд наадахыг чинь хэн ч тоож авдаггүй юм, бид л яаж ийгээд зарвал зардаг” гэсэн дүр төрхөөр ченжүүд өнөөдөр ногоочдын 50 кг шуудайтай манжинг 6000-7000 төгрөгөөр бөөндөж авчихаад маньдаа нэг кг-ийг нь 5 нугарсан үнээр зарж байх жишээтэй. Манжин өнөөдөр наандаж бидний хоолны цэснээс арчигдаж, цаанадаж манжин тарьж амь амьжиргаагаа авч явдаг мянга мянган ногоочдын эрх ашиг ногооны ченжүүдийн аманд багтах болсон түүх чухам ийм. 
Тэгвэл бүр эсрэгээрээ манжин харин ч сайн эм болдгийг хүмүүс эртнээс мэдэж ахуй амьдралдаа ашиглаж байжээ. Анагаах ухааны эцэг гэгддэг Грекийн Гипократ манжингаар нэлээд олон өвчнийг эмчилж болохыг заасан байдаг. Үнэхээр манжинд хүний эрүүл мэндэд нэн ашигтай чихэр, уураг, органик хүчил, витамин С, B1, В2, Р, РР, кальц, калий, фосфор, мөн хорт хавдрын өсөлтийг саатуулах бетанин хэмээх бодис зэрэг агуулагддаг учир янз бүрийн өвчнийг анагаах зорилгоор эрт цагаас хүмүүс хэрэглэж иржээ. Жишээ нь: Цусны даралт ихдэх өвчнийг анагаах зорилгоор хүрэн манжингийн шүүсийг зөгийн балтай адил хэмжээгээр хольж уудаг. Цусны даралт нь ихсэж, хэл хавагнах үед хөлийн уланд шар манжинг зүсэж наан гялгар цаасаар хулдан боож хонуулахад даралт нь буурдаг мөн манжингийн щүүсийг элсэн чихэр юмуу балтай хольж уувал уушигны хатгаа өвчин анагаагддаг талаар доктор Т.Чоож зөвлөдөг. Чихрийн шижин өвчний үед манжингийн шинэхэн шүүсийг уулгадаг ба манжингийн шүүс нь цусны улаан боом үүсгэх үнэтэй эм ба цусны чанарыг сайжруулдаг тул цус багадсан өвчтөнд уулгаваас нэн сайн гэж тэрээр мөн бичсэн байдаг.
Хөлний судас бүдүүрэх, хатуурах, цус өтгөрөх улмаар даралт ихдэх болон зүрх судасны үйл ажиллагааны бусад хямралын үед манжингийн шүүсийг хэрэглэдэг бол Унгарын эрдэмтэд хорт хавдартай өвчтөнд манжин луувангийн шүүсийг 1:4 харьцаагаар өгөхөд биеийн байдал нь сайжирдаг, хоногт 100 мл ийм шүүс ууж болно гэж зөвлөжээ. Мөн манжин, лууван, нимбэгний шүүсний холимог хийн хоногт 1,5 литрийг уухад цөс, бөөрний чулуу элс болон туугддаг гэж дүгнэсэн байдаг юм билээ. Бидний өвөг дээдэс “Үнэн худал хоёрын хооронд төө зайтай” гэж сургадаг. Манжин хэмээх юугаар ч орлуулшгүй тэжээллэг ногоог өмөөрөхийн учир энэ буюу Махыг орлох манжингийнхаа санаатайгаар унагасан нэр төрийг яаж аврах вэ. Бидэнд үнэн үг төрийн бодлого хоёр хэрэгтэй байна. Ингээд Орос ардын үлгэрээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Манжингаа нэр төртэй нь аврая гэвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргаа, УИХ-ын дарга нь Ерөнхий сайдаа, Ерөнхий сайд нь ХАА-н сайдаа, ХАА-н сайд нь тариаланчдаа  Монголд элэгтэй муур нохой за ер нь бүгдийг дуудаач. Нэр төр, шим тэжээл, ашиг орлоготойгоо цуг газарт булагдсан манжингаа суга татан гаргая.
 
 
Ш.Пүрэвсүрэн 
 
2010 онд бичиж байв.