Баруун Африкт 1942 онд анх оношилсон ямаа, зээрийн дэд овгийн амьтдын мялзан өвчин эдүгээ Хойд, Зүүн Африк, Дундад Дорнод, Баруун өмнөд, Өмнөд Азийн 70 гаруй улсад орогнож, тэдгээрийн хөрш улсуудад халдах эрсдэлтэй байна, сүүлийн хэдхэн жилд Төв Азийн Хятад, Монгол Улсын хилийг зөрчиж, нутагшиж байна. 
Ховд аймгийн Булган сумын нутаг – Булган голын Их тохойд 2015 оны 10-р сарын сүүлийн тав хоногт нэг айлын арав гаруй ишиг чацга алджээ, малчин тэр даруй малын эмчээ дуудаж үзүүлсэн, аймгийн Мал эмнэлгийн лабораторид сорьц илгээсэн, цусан халдвар гэж оношилжээ. Энэ айлын зуслан – Харцагатын голын эхээр 7-р сард дайрч өнгөрсөн тууврын 250 сэрхний сүрэгт чацга алдсан, гэдсээ авсан хэдэн сэрх байсны 2 нь үхсэн, 2 нь хоцроод бас үхсэн, үүнээс 10-аад хоногийн дараа мөн айлын арав гаруй тугал чацга алдсаны 4 нь үхсэн тухай мэдээллийг малын эмч нарт бас дуулгажээ. 
Тус сумын Алаг толгой, Байтаг, Далт багийн малчид 2016 оны 3, 4, 5-р сард гурван удаа малын эмчээ дуудаж, өвчилсөн малаа үзүүлж, тухай бүр аймгийн Мал эмнэлгийн лабораторид сорьц илгээсэн, дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз гэж хавсарсан өвчнүүдийг оношилжээ. Булган, Үенч сумын бараг бүх айлын мал өвчлөөд өнгөртөл практикийн малын эмч нар энэ шинэ бөгөөд содон өвчний урьдач оношийг тогтоож чадсангүй. Малчин анхны дуудлага өгснөөс 10 сарын дараа, өвчин тархаж эхэлсэнээс 6 сарын дараа Мянгад сумын малын их эмч урьдач оношийг зөв тогтоожээ. Малын бага эмч нар их эмчийн ажлыг хийж чадахгүйг, тэдэнд их эмчийн дипломыг хялбарчилж өгөөд ч нэмэргүйг нотоллоо. Баг бүрт шахам малын бага эмч ажиллаж байна, бага эмч их эмчийн туслагчийн ажлаа л улам сайн хийж, аж ахуйн нэгждээ их эмч урьж ажиллуулах хэрэгтэйг бас нотоллоо. Үйлчилгээний байргүй, их эмчгүй практикийн “ам” мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоож, ганц бага эмчтэй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, амьтны клиникийн стандарт шаардлагыг хангасан, үйлчлүүлэгч нартаа хүлээн зөвшөөрөгдсөн мал эмнэлгүүдэд боломж олгох хэрэгтэйг санууллаа.  
Малын их эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага бакалаврын гарааны чадварын түвшинд хүрэхгүй, бүр бараадах ч үгүй байна. Мал эмнэлгийн сургууль төгсөгчдийн чадварыг хөндлөнгийн хараат бус эрх бүхий этгээд (мэргэжлийн хөгжлийн төв) шалгаж, гарааны чадварыг 90-ээс дээш хувь эзэмшсэн төгсөгчдөд мэргэжлийн эрх олгодог олон улсын журмыг хэрэгжүүлэх цаг болжээ. “Малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийн үнэмлэх”, “Малын эмчийн эм барих эрхийн үнэмлэхийг” хуурамч, дууриамал “малын эмч” нарт хямдхан зарж буй одоогийн журмыг нэн даруй халж, малын их, бага эмч мөн бишийг, хэн нь их, хэн нь бага эмч болохыг юуны өмнө ялгах хэрэгтэйг амьтны хил зөрчдөг төдийгүй жирийн өвчнүүд ч анхааруулж байна. 
Энэ шинэ өвчнийг малчид сайн мэдэрсэн, сэжиглэсэн, цаг алдалгүй малын эмчид дуудлага өгсөн, өвчилсөн малаа үзүүлсэн, хангалттай мэдээлэл өгсөн. Ховд аймгийн Булган сумын  Байтаг багийн гурав, Үенч сумын Нарийн гол багийн зургаан хот айл нутагтаа хөл хорьж, сүргээ өвчнөөс хамгаалжээ. Алтай сумын малчид хүн, амьтны хөдөлгөөнийг хязгаарласан байгалийн хаалт, саадыг чадамгай ашиглаж, 1992 оны адууны томуугаас, 2015 оны шүлхийгээс мал сүргээ хамгаалж, эрүүл сүрэгтэй үлдсэн шигээ энэ удаа бас мялзангийн вирүсийн халдвараас хамгаалж чаджээ. Харамсалтай нь тэдний хамгаалж үлдсэн бүх эрүүл сүргийг нь вакцинжуулаад, тэдгээрийн чансааг зэргэлдээ бүх мал нь өвчилсөн сумдын зиндаанд доош нь хийчихжээ. Мөнххайрхан сумын Борт багийн хэсэг малчид Алтайг давж, Цүнхэлийн голд зусахаар очиход тэнд тал талаас нүүж ирсэн айлуудын малд шинэ өвчин ид халдаж, малчид аргаа барж байсан тул арга буюу буцаад мөнөөх хүн, малын амь дүйсэн өндөр даваагаа давж, өвчний голомтоос зугатаж нутагтаа ирсэн боловч вирүсийн халдварт нэгэнт өртжээ. Тэд малаа өвчилсөн тухай хөршүүддээ зарлан мэдээлж, сэрэмжлүүлж, чанд хөл хорио тогтоож, өвчилсөн малаа эмчилж, Баян сайгийн эхэн, Бөөрөг нуур хэмээх хоёр салаанд арваад хот айлын хүрээнд өвчний дэгдэлтийг хорьж унтраажээ. Зарим малчин “энэ бол мялзан өвчин биш, мэргэжилгүй хүний тавьсан оношийг бид зөвшөөрөөгүй, нэгэнт өвчлөөд өнгөрсөн малдаа мэргэжилгүй хүнээр вакцин тариулаагүй”, энэ зөв үү, буруу юу гэж асууж байна. Ийнхүү практикийн болон төрийн албаны малын их эмчгүй суманд малчид өөрсдөө бүх ажиллагааг маш сайн хэрэгжүүлжээ. Энэ удаа практикийн малын эмч нар үйлчлүүлэгч малчиддаа тус болсонгүй.  
Аймаг, сумын Засаг дарга нар амьтны хил зөрчдөг өвчний дэгдэлтийн бэлэн байдал, шуурхай хариу ажиллагааны шалгалтанд уналаа. Сум, аймгийн мал эмнэлгийн албаны түшмэд, практикийн малын эмч нар Засаг дарга нартаа гамшигийн бэлэн байдлын төлөвлөгөөгөө шуурхай хэрэгжүүлэхэд нь тус болсонгүй. Мялзангийн вирүс гурван шатны нэр төдий төрийн мал эмнэлгийн алба, чадваргүй түшмэдийн жинхэнэ төрхийг олон нийтэд илчлэн харууллаа. Төрийн мал эмнэлгийн албаны аль ч шатны байгууллагад ажиллах түшмэл мэргэжлийн практикт ажилласан туршлагатай, мэргэжлийн шалгалтанд тэнцсэн, мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй, төрийн албаны шалгалтанд тэнцсэн байх шалгуурыг хангасан байх хэрэгтэйг санууллаа. Өдгөө аль ч шатны төрийн мал эмнэлгийн алба мэргэжлээ орхисон, мэргэжлийн практикаас зугатсан, тэнд нэг ч өдөр ажиллаагүй, мэргэжлийн эрхгүй “малын эмч” нарын асрамжийн газар болжээ. Мэргэжлийн шалгалтанд ороогүй, тэнцээгүй, мэргэжлийн практикт ажиллаагүй, мэргэжлийн ажил хийгээгүй хоёроос илүү жил завсардсан малын эмчийн диплом, үнэмлэх хүчингүй болдог, мэргэжлийн эрхээ сэргээхийн тулд дахин шалгуулдаг олон улсын журмыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэйг хил зөрчдөг хийгээд хүн, амьтны дундын өвчнүүдийн нутагшсан тахлууд сануулсаар л байна. 
Богийн мялзанг нэгэнт эрт оношилж чадаагүй тул голомтын хил тогтоох, хөл хорих, вирүс устгах, орчин халдваргүйтгэх ажиллагааг хэрэгжүүлэх боломж байсангүй. Эл өвчнийг 2015 оны 11-р сард юмуу 2016 оны 3-р сард оношлох боломжийг алдаагүй бол зөвхөн Булган сумын Алаг толгой багийн хэмжээнд хөл хориод, тараахгүй дарах боломж байсан гэж олон нийт халаглаж байна. 
Энэ удаа аль ч голомтонд вирүс устгаагүй, дэгдэлтийн эхэнд голомтонд байсан амьтдыг сүргээр нь, мөн өвчилсөн амьтдыг түүж устгах ч боломж байжээ. Тус улсын хувьд богийн мялзан экзотик буюу харийн өвчин байлаа. Харийн өвчнөөс буюу цагаач вирүсээс эрүүлжүүлэхэд голомтонд буй амьтдыг сүргээр нь устгах ажиллагааг хэрэгжүүлж байна. Тухайн голомтонд нэг агаараар амьсгалсан, нэг уснаас ундласан, нэг бэлчээрт хамтдаа юмуу ээлжилж идэшлэсэн бүх сүргийн бүх амьтныг устгана. Вирүсийн халдварт өртсөн, өвчилсөн, далд өвчилсөн, эдгэрсэн, үхсэн, хавьтсан бүх амьтныг устгана. Шинэ нутагт, шинэ сүрэгт өвчин илрэхэд мөн сүргээр нь устгах аргыг хэрэглэнэ. Устгал нь голомтонд байгаа сүргийн бүх амьтныг вирүстэй нь хамт устгаж эрүүлжүүлэх цорын ганц ажиллагаа, хамгийн сүүлийн амьтныг устгаснаар тухайн голомтыг вирүсгүй боллоо, аюулгүй боллоо, эрүүлжлээ гэж үзнэ, хүрээлэн буй эрсдэлийн бүсэд үлдсэн эрүүл сүргүүдийг хөл хорих, вакцинжуулах шаардлагагүй. 
Энэ удаа богийн мялзангийн дэгдэлтийг зөнд нь орхих туршилтыг амжилттай хийлээ. Тахал байгалийн жамаараа үүсээд, өрнөөд,  хүчээ аваад, оргилдоо хүрээд, саараад, намжаад, унтарлаа. Хээрийн түймэр лүгээ адил, талын шуурга лугаа адил. Нэг багийн нутагт өвчлөлийн үргэлжлэх хугацаа дунджаар 58.5, айл, малын тооноос хамааран 29 – 83 хоног үргэлжилжээ, тухайн багийн бараг бүх айлыг хамарчээ. Нэг хот айлын малын өвчлөл дунджаар 31.3, малын тооноос хамааран 11 – 62 хоног үргэлжилжээ. Өртсөн сүргийн нийт ямааны 24.6%, хонины 19.7% нь эмнэл зүйн шинж тэмдэгтэй өвчилж, нийт өвчилсөн ямааны 20.5%, хонины 6.8% үхсэн байна. 
Байгаль орчинд мялзангийн вирүс тааваараа тарлаа. Бөхөн, хар сүүлт, янгирын сүрэгт мялзангийн тахлын дэгдэлтүүд байгалийн жамаараа үүсч, өрнөж, хүчээ авч, оргилдоо хүрч, саарч, намжиж, унтарлаа. Аргалийн сүрэгт вирүсийн мөр илэрчээ. Дээр үед Алтайн аргаль нэн элбэг байсан, мялзан өвчнөөр дуусчихсан юм гэнэлээ гэх ахмад малчдын яриаг миний бие 1990 онд сонсож тэмдэглэжээ. 
Хот, бэлчээр, ус, агаарыг вирүсээс цэвэршүүлэх ажиллагааг халдваргүйтгэл гэдэг. Малчид байгалийн халдваргүйтгэлд боломж олгодог. Байгаль орчин өөрөө цэвэрших хүртэл вирүстсэн нутгийг орхидог, наад зах нь нэг жил тойрон малаа бэлчээхгүй.  
Богийн мялзангийн тахлын дэгдэлтүүдийн үеэр дархлаажуулалтын бүх аргыг хэрэглэв. Тахлыг зөнд нь орхиж буюу байгалийн жамаар нь өвчлүүлж дархлаажуулах ажиллагааг бөхөн, хар сүүлт, янгирын сүрэгт туршжээ. Өвчлөөд эдгэрсэн, шинж тэмдэггүй өвчилсөн амьтад насан туршийн тогтвортой дархлаатай болно, эхийн дархлааны занга үр төлд нь дамжина.  
Годрон, шүлхий зэрэг өвчний үүсгэгчийг эрүүл сүргийн бүх амьтанд зориуд халдааж, богино хугацаанд бөөнөөр нь хөнгөн өвчлүүлж дархлаажуулах аргыг эртнээс хэрэглэж байжээ. Булган, Үенч, Мянгад, Мөнххайрхан сумын голомтын бүх айлын мал вирүсийн халдварт тааваараа өртөж өвчилсөн нь зориудын халдвар гэж үзэхүйц туршилт боллоо. Эдгээр суманд тахлын дэгдэлтүүд унтарсан хойно эдгэрсэн, дархлаажсан сүргийг вакцинжуулсан нь илүүджээ, мал нь өвчлөөгүй цөөхөн айлын сүргийг л вакцинжуулах байсан болов уу. 
Мялзан илэрсэн арав гаруй сумын голомтуудыг тойрсон, өвчилсөн сүрэгтэй гарцаагүй хавьтах, нэг агаар, ус, бэлчээрт хамт байх айлуудын мал сүргийг вакцинжуулсан нь цагаа олж, байгаа оножээ. Цөөхөн айлын мал өвчлөхөд, вирүсийн халдварт өртөх эрсдэлгүй, байгалийн саадаар тусгаарлагдсан олон айлын сүргийг сумаар нь хоморголон вакцинжуулсан нь илүүджээ. 
Мал нь өвчлөөгүй, вирүстсэн сүрэгтэй хавьтах эрсдэлгүй Ховд аймгийн 6, Увс аймгийн 11, Завхан аймгийн 13, Баян-Өлгий аймгийн 8, Говь-Алтай аймгийн 16, нийт 54 сумын бүх хонь, ямааг (8.4 сая) хоморголон вакцинжуулах шаардлагагүй байжээ. Мал сүргийн эрүүл мэндийн хамгийн сайн үзүүлэлттэй – хил зөрчдөг өвчнөөс эрүүл, вакцин хэрэглээгүй байсан эдгээр 54 сумыг хамгийн муу үзүүлэлттэй – хил зөрчдөг өвчнөөс сэргийлэх амьд вакциныг хоморголон хэрэглэсэн сумдын жагсаалтад оруулжээ. Энд вакцины дархлааны хамгаалалт үргэлжлэх хоёр жилийн турш малын шилжих хөдөлгөөнийг хязгаарлана, мал, бүтээгдэхүүний дотоод, гадаад худалдааг хориглоно. Хэрэв хэрэгжвээс хил зөрчдөг өвчнөөс сэргийлэх амьд вакцин хэрэглэсэн бүсээс бусад сум, аймаг руу, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот руу мал, мах, сүү, арьс шир, ноос ноолуур, малын тэжээл оруулахгүй байх журамтай юм байна. 
Богийн мялзангийн хоморголсон вакцинжуулалтаас яг нэг жилийн дараа 2017 оны 10-р сарын дундуур Мянгад суманд нэг айлын 10 хурга мялзангаар өвчилсөний учир дээрх 69 сумын бүх хурга, ишгийг (4.5 сая) вакцинжуулсан нь бас л олон нийтийн гайхал төрүүлсэн ажиллагаа боллоо. Төрийн амьтны эрүүл мэндийн албаны аль ч шатанд мэргэжлийн тахал зүйч алга, наад зах нь халдвар, өвчин хоёрыг, тахал, дэгдэлт хоёрыг, амьд, амьгүй вакциныг, халдваргүйтгэл, ариутгал хоёрыг, бэлдмэл, бодис хоёрыг ялгадаггүй “ерөнхий” хийгээд “тархварын эмч” нарын мэдлэг, ур чадвар, хандлага, туршлага тэг, хасах зааж байна. 
Вирүстсэн сүргийг вакцинжуулсанаар тэнд нуусан вирүс олдохгүй, ганц хоёрхон амьтанд хадгалсан вирүс боломж олдмогц үржинэ, хавьтсан амьтанд халдана, хавьтсан сүрэгт тарна, олон сүрэгт уудам нутагт байршиж нутагшина. Амьд вакцинаар дархлаажуулсан сүрэг дархлааны хугацаанд хөл хорионд байх ёстой ч хэрэгжихгүй байна. Өвчнийг эрт оношилж чадаагүйг, вирүстсэн сүргийг устгаагүйг, хөл хорьж дийлээгүйг вакцинжуулалтаар өнгөлөн далдлаж байна. Хяналтгүй отор нүүдэл, үржлийн малын худалдаа, тахилга наадам, хүн, амьтны шилжих хөдөлгөөнийг вакцинжуулалт өөгшүүлж байна. 
Ховд аймгийн хоёр, Говь-Алтай аймгийн таван суманд мялзан илрээгүй байхад бүх хонь, ямааг 2016 оны 10-р сарын 10 – 25-нд вакцинжуулжээ. Үүнээс хоёр сарын дараа дээрх долоон суманд нэгэн зэрэг бөхөн өвчилж, үхэж эхэлжээ. Вакцинжуулсан сүрэгт вирүс халдаж, үржиж, нуугдаж, хадгалагдаж, тарж, улмаар бөхөн, хар сүүлт, янгир, аргалийн сүрэгт халдлаа, вакцинжуулах баг вирүс тарааж байна гэх хардлага олон нийтэд байна. Бөхөнгийн тархац нутгийг бараг бүхэлд нь (80%) хамарсан том голомт үүссэн бөгөөд 10000 орчим бөхөн вирүсийн халдварт өртөж, 60 гаруй хувь нь үхсэн бололтой. Нийтдээ 5483 бөхөнгийн хүүр, сэгийг цуглуулж, “ариутгалын бодисын” буюу мөнгөний хамт булсан байна. Бөхөн ид үхэж асан цагаар одоогийн ерөнхий сайд шадар сайд байхдаа хамгийн олон бөхөн нүд анисан Ховд аймгийн Дарви суманд зочилж, “Монгол Улсын малын ерөнхий эмч”-ийн олзтой иржээ. Мал эмнэлгийн агентлагийн дарга нар 2000 оноос хойш өөрсдийгөө ингэж өргөмжилж байна. Хуулиар томъёолсон “Монгол Улсын Ерөнхий” гэх тодотголтой, нэг нь бүх ард түмнээс сонгогддог, хоёр нь Улсын Их Хурлаас томилогддог гурван албан тушаалтантай зиндаархаж байгаа юм болов уу. Бусад яам, агентлагийн сайд, дарга нар өөрсдийгөө “Монгол Улсын ерөнхий эмч, ерөнхий багш, ерөнхий цагдаа, ерөнхий аврагч, ерөнхий хилчин, ерөнхий тагнуулч, ерөнхий жолооч, ерөнхий галч, ерөнхий уурхайчин” гэхгүй л юм байна шүү дээ. Малын эмч, зоотехникч нар сум, аймаг, Монгол Улсыг урьдын хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйгаас, түүнчилэн төрийн албаны түшмэл, амьтны эмнэлгийн эмч хоёрыг ялгахгүй байх шиг байна. Засгийн газрын ерөнхий түшмэл амьтны эрүүл мэндийн эрхэлсэн түшмэлээ онож шинжсэн байх болтугай.
Өдгөө Сүхбаатар, Дорноговь аймгийн таван суманд богийн мялзан өвчин дэгдсэний учир зүүн болон говийн олон аймгийн олон сумын хонь, ямаан сүргийг хоморголон вакцинжуулж байна. Өвчилсөн хонь, ямаа бүхий вирүстсэн сүргийг вакцинжуулж, богийн мялзангийн вирүсийг зориуд нутагшуулж байна. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн “мал эмнэлгийн зайны загвар үйлчилгээ”-г Улаанбаатар хотоос хүртдэг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд одоо богийн мялзан өвчин дэгдэж, хонь, ямаагаа хоморголон вакцинжуулж байна. Ийнхүү тус сум Монгол Улсад анх удаа шүлхий, цэцэг, мялзан өвчнийг гурвууланг нь нутагшуулж, хил зөрчдөг өвчний вирүс нутагшуулах үйл хэргийг үлгэрлэн манлайлж байна. Вакцинжуулсан хонь, ямаан сүрэгт үржсэн мялзангийн вирүс мөдхөн цагаан зээрийн сүрэгт халдана. Хүйс, Шаргын говийн бөхөн, хар сүүлт, Алтайн янгирын эмгэнэлт хувь тавилан ийнхүү Дорнод талын цагаан зээрэнд нүүрлэлээ!!!  
Тус улсын Засгийн газар богийн мялзан өвчнөөс эрүүлжүүлнэ гэх боловч уг өвчний вирүсийг нутагшуулах ажил хийж байна. Амьтны эндемик буюу нутгийн орогномол өвчнийг хянах аргаар экзотик буюу харийн цагаач өвчнөөс “эрүүлжүүлэх” гэж сүүлийн 18 жил мулгуутаж мунгинаж байна. “Бразил улсад шүлхийн вакциныг 60 жил хэрэглэжээ, үргэлжлүүлээд хэрэглэнэ гэж байна, манай улс 18-хан жил хэрэглэж байгаа юм чинь эрүүлжих яагаа ч үгүй юм байна” гэж цэнхэр дэлгэцээр бүлтэлзэх сайдыг олон нийт өрөвдөхөөсөө илүү шоолж байна, түүнд дургүйцэж байна, сайдад зөв засуул хэрэгтэй байна. 
 
О. Уламбаяр