Цэц хэмээх зохиомол илэрхийллийг нийгмийн сэтгэлгээнээс яаралтай үлдэн хөөе
 
Төр, нийгмийн хямрал нь түүний үүр уурхай болсон тогтолцоонд байна гэж үздэг бол зарим нь хүндээ байна гэдэг. Систем талаас нь аваад үзэхээр аль алинд нь байна. Нарийвчилбал системийн хямрал гэж харагддаг. Өөр бас нэг чухал хүчин зүйл нь нийгмийн сэтгэлгээ юм. Нийгэм гэдэг нь хувь хүмүүсийн арифметикийн дундаж нийлбэр огт биш, тэдний хоорондын харилцаа гэдэгт л хамаг учир нь байгаа юм. Энэ харилцаа тодорхой түвшиндээ нийтлэг сэтгэлгээг бий болгодгийг нийгмийн сэтгэлгээ гэнэ. Тэгэхээр системийн хямралд нийгмийн сэтгэлгээ бас нөлөөлөх тал байгаа гэсэн логик дүгнэлтийг хийж болох юм. Нийгмийн сэтгэлгээнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Энэ дотроос монгол хэлэнд аль хэдийн хэвшмэл болсон зарим гажуу үг илэрхийллийг тухайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, асуудлыг хурцаар памфлет агуулгаар, шинжлэх ухааны хялбаршуулсан хэлээр гаргаж тавихыг хичээлээ.
 
Үг сэтгэлгээнээс, үйлдэл сэтгэлээс гардаг.
 
Үг үйлдлийн зөрүү эндээс эхэлдэг. Тэр нь нийгмийн сэтгэлгээнд маш хүчтэй тусгалаа олж, заримдаа хүчтэй савлуулдаг. Үг бол хүчтэй зэвсэг, үхлийн сум болон тусах тохиолдол ч бий. Нийгэм хэдийгээр өөрийн жам ёсоор аажим, хувьслын замаар хөгждөг ч сэтгэлгээг үгээр өөрчилж бас болдог аж. Үүнийг концепци гэж ойлгож болох байх. Нийгмийг орчноор нь дамжуулж нөлөөлөн өөрчилж болдогтой адил нийгмийн сэтгэлгээг үгээр өөрчилж болно гэсэн үг. Онож зөв хэвшүүлсэн сайн үг нийгмийг хөгжүүлнэ, харин муу үг модон улаатай гэгчээр зарим хэвшмэл буруу хэллэг, утгагүй үг нийгмийг аажимд нь эвдлэн хямралд оруулдаг. Тэгэхээр үг илэрхийллийн сонголт харилцаанд ямар чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.
 
Үгээр хүнийг тамлаж болно, үнэн хэрэгтээ үхүүлж ч болно. Үгээр хүнийг амилуулж болно, урам зоригийг бадрааж ч бас болно.
 
Мэдээж нэг талаас яруу сайхан монгол хэл бичгээ бид бөөцийлөн хайрлаж, нөгөө талаас баяжуулж авч явахын чухал нь хэнд ч ойлгомжтой. Гадаад үг, илэрхийллийн талаар гэхэд л монгол хэл ярианд төвөггүй хөрвүүлээд хэрэглэчихэж болох үгэн дээр чамирхаж, үгээр гангаран чалчих нь монгол хэлээ эрлийзжүүлэх аюултай. Нөгөө талаар дэлхий дахинаараа орчуулгагүй хэрэглээд хэвшчихсэн эртний грек, латин гарлын, ялангуяа шинжлэх ухааны нэр томъёог утга гуйвуулан орчуулах нь зөвхөн хэл зүйд ч гэлтгүй нийгмийн хөгжилд муугаар нөлөөлөх талтай. Гаднын юм бүхнээс цэрвэж, зөвхөн Монголоороо байна гэх нь нэг төрлийн сэтгэцийн өвчин юм.
Маш гайхамшигтай орчуулгууд манайд үй түм бий. Тухайлбал соёл иргэншил (цвилизаци), эдийн засаг (экономика), ардчилал (демократи). Соёл иргэншил гэдэг нь товчдоо иргэнших соёл л гэсэн утга. Эдийн засаг гэхээр экос буюу эд ахуйн зарцуулалтад номус буюу хуулиар хяналт тавина гэсэн утга болохоос улстөрч гэж өөрийгөө хэлсэн нэг эрхмийн тайлбарласан шиг эд агуурсаа янзалж засч сэлбэнэ, сандал ширээний хөл засна гэсэн үг биш л дээ. Ардчилал гэдэг нь ардын эрх давамгайлах гэсэн утга болохоос “ардыг чилээж ал” гэсэн агуулга биш. “Ардчиллын алтан хараацайнууд”-ын жиргэдэг шиг ардчилал бол олны өмнө үгээ нээлттэй хэлж чаддаг болохыг хэлээд байгаа гэдэг ч бас биш. Тэднийхээр бол ардчилал дуусчихсан болж таарч байна.
Үг судлалд хэл зүйн буюу морфологи, нийгэм зүйн буюу социологи талаас нь хандах шаардлага бий. Үг бүтээх ёсон, хэл шинжлэлийн үг зүйн утга учрыг энд хөндмөөргүй байна, би энэ талын мэргэжилтэн ч биш. Харин нийгэм зүйн шинжлэх ухааны зарим нэг нэр томьёо, мэргэжлийн үг хэллэг орчин цагийн хөгжлөөс хоцрогдож, улмаар нийгмийн ухамсарт сөргөөр нөлөөлөн, урагшлах хөдөлгөөнд саад болохоор барахгүй их хэмжээний хохирол учруулан төр улсыг хямраахад хүргэх нөхцөл бий болгоод байгааг ажигласнаа шат ахиулан судалж дүгнэлт хийн толилуулж байна. Дүгнэлт маш товчхон.
 
Нийгэм зүйн тогтож хэвшсэн зарим үг хэллэг, нэр томьёо, нийгэм-эдийн засгийн цаашдын хөгжилд саад болж, улмаар системийн хямралын гол шалтгааны нэг болж байна. Нийгмийн сэтгэлгээнд сөрөгөөр нөлөөлж байгаа ийм үг хэллэгүүдийг цаг алдалгүй өөрчлөх ёстой.
 
Төр улсын албан хэллэгт хэрэглэхэд тохиромжгүй, хууль тогтоолд ашиглаж болохгүй аман ярианы үг хэллэг гэж байдаг. Үүнийг утга гажуудуулахгүйгээр албаны үгээр орлуулан хэрэглэдэг ёс бий. Яг түүнтэй адил үеэ өнгөрөөсөн, эсвэл түүхийн хүрдээр утга нь гажуудаж, цаашид хэрэглэж болохооргүй болсон үг хэллэг, ялангуяа нийгэм зүйн индекстерм зөндөө. Индекстерм гэдэг нь орчуулагагүй хэрэглэгддэг нэр томъёо, ардаа нийгэм зүйн маш олон тооны утгыг дагуулж явдаг үг гэсэн агуулгатай. Миний хувьд контекстэд нь (орчуулагагүй) тохируулаад “түлхүүр утга” гэж хөрвүүлэн бичдэг, батлагдаагүй орчуулга. Хуримтлагдсан нэг чигийн олон асуудал дотор гол гогцоог нь олоод татчихаар бусад нь дагаад босоод ирдэг юм гэж дарга нар ярьдаг, тэр бол индекстерм. Нийгэм, эдийн засгийн хөгжилд зарим нэг хуучирсан нэр томьёо саад болж, сөргөөр нөлөөлөх үед нь зохион байгуулалттай өөрчлөлт оруулан нийгмийн сэтгэлгээнд зөвөөр хэвшүүлэх бодлогыг улс орнууд баримталдаг, үүнийг politically correct гэж хэлнэ. Манайд зөвөөр засч хэвшүүлмээр албан хэллэг, үг илэрхийлэл тоймгүй олон. Эндээс төр улс, эдийн засаг, хуулийн хүрээнд тус бүрээс нэгийг жишээ болгон сонгон авч тайлбар хийлээ.
УЛС ТӨР. Энэ үгийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Энэ үгэнд нь утга байхгүй, ард нь илэрхийлэл байхгүй, дээр нь хязгаар, доор нь суурь гэж байхгүй, гадаад хэлэнд орчуулагддаггүй, дэлхийд үүнтэй адилтгах үг байхгүй, Монголын үндэсний уламжлал ч биш ийм л нэг нэр томьёо ч юм уу нийгэм зүйн илэрхийлэл ч юм уу хоосон хий үзэгдэл шиг юм түгээмлээр хэрэглэгдсээр, нийгмийн сэтгэлгээнд гүн бат суужээ. Сүүлийн жилүүдэд “улс төр” гэх хоосон юмаар халхавч хийн хиймэл нэр томьёо үүсгэн “улс төрийн шийдвэр”, “улс төрийн томилгоо”, “улс төрийн бодлого”, “улс төрийн нам” гэх зэргээр намын бодлогыг төрийн дээр гарган, “нам бол улс төр”, эсвэл урвуугаар “улс төр бол нам” гэсэн хорлонтой суртлыг явуулж, хонжоо гаргах хэрэгсэл болгон ашигладаг болсон. Байхгүй хоосон юмаар дарангуйлал тогтоож байна.
 
Үг илэрхийллийн сонголт нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой
Эсвэл эсрэгээр нь туйлширч, байхгүй хоосон юмыг ашиглан улстөржлөө хэмээн биесээ гутааж байна. Улстөржих гэж ер нь юуг хэлээд байгаа юм бэ? туйлын ойлгомжгүй.
Улс төр гэж байхгүй хоосон юмыг хөөргөж, дэвэргэж албан тушаал ахих, эрх мэдэл олж авах, улмаар бусдыг дарангуйлах зэвсэг болгон ашиглаж байна. Намыг улс төр хэмээн өргөмжилж, үндэсний дарангуйлагч болгон цоллож байна.
“Улс төр” гэж чухам юу вэ? Энэ асуултыг хүн бүр өөртөө тавиад үзэхтүн! Хариу гарахгүй, учир нь тийм юм байхгүй. Ер нь “УЛС ТӨР” гэж хаанаас гарч ирсэн нэршил юм бэ? Нэршил гэж хэлэхэд бас хэцүү, байхгүй хоосон юмыг нэршүүлнэ гэх нь утгагүй. Тэгэхээр “хийсвэр нэр томъёо” гэвэл ононо. Полitik гэсэн грек гаралтай нэр томьёо оросын политика гэгчээр дамжин “улс төр” хэмээн орчуулагдсан гэж зарим судлаач хэлдэг. Миний хувьд энэ үзэл бодолтой санал нийлдэггүй. Нэгт, полiтiка гэдэг нь “төрийн бодлого” гэсэн агуулга, дэлхийн аль ч улсад тэр утгаараа ойлгогддог. Хоёрт, тухайн үеийн хэлний магнатууд ямар мундаг хүмүүс байсныг хүн бүхэн мэднэ. Б.Ренчин, Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн...тэд утга гуйвуулсан орчуулга хийхгүй. Буриадад политика гэхийг “гүрэн төрийн бодлого” гэж хөрвүүлсэн байдаг. Энэ бүхнээс харахад субьектив нөлөөлөл орсон нь тов тодорхой. Тухайн үед улс орны амьдралыг нэг нам манлайлан удирдаж байсан нь ч нөлөөлсөн байх. Намд үнэнч болохоо харуулж тодрох өвчтэй гаж үзэлтнүүд одоогоос ч хавьгүй олон байсан нь ойлгомжтой. Бошгыг хална гэхээр л юм бүхнийг өөрчилнө гэж ойлгоод “төр улс” гэхийг урвуулж хөрвүүлэн “улс төр” болгосон байх магадлалтай гэж боддог. Үүнийг нотлоход тун амархан, тухайн цаг үеийн МАХН-ын архивыг ухахад л хангалттай. Хэрэв өнөөдрийг хүртэл “улс төр” гэх гажуу сэтгэлгээг нийгэмд оруулж хэвшүүлээгүй, төр улс гээд анхныхаа, ард түмний хувилбараар явсаар ирсэн бол намууд төрийн дээр гарч сандайлах байсан уу. Tөр засгаа хонины бор болгон янгиадах байсан уу. “Улс төр” гэгч хоосон юмны тэмдэг духан дээрээ наачихаад түүгээрээ дулдуйдан ард түмний баялгийг дураараа зувчуулж чадах байсан уу. Нийгмийн сэтгэлгээнд нам дагавал амьдралтай гэдэг бусармаг хандлагыг суулгаx байсан уу гээд элдвийн асуулт ар араасаа хөвөрнө. Саяхан УИХ-ын дарга хэдэн хүн дагуулаад Швейцар гэдэг оронд аялаад ирцгээв. Тэнд намын тухай ямар ч ойлголт авч чадаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь тэнд 14 нам байдаг, бүгд төрийн бодлого боловсруулахад оролцдог. Гэхдээ сонгуульд оролцдоггүй юм. Швейцар бол хоёр танхим бүхий парламенттай холбооны улс. Парлментын гаргасан хууль болгоныг ард түмнээр хэлэлцүүлэн (референдум) санал хурааж баталгаажуулдаг. Дэлхий дээр шууд ардчилал (Direct democracy) гэгчийг хэрэгжүүлж яваа цорын ганц орон бол Швейцар.
Холбооны зөвлөл гэж байнгын гишүүдтэй институци бий. Тэдгээр гишүүд нь ээлжлэн Ерөнхийлөгчөөр томилогддог гээд учрыг нь олоход ч төвөгтэй тогтолцоо, системтэй улс. Эндээс Монгол Улсад таарч тохирох юм судлаад ирсэн гэхэд хэн ч итгэхгүй, эсвэл электронон судалгаа хийсэн юм болов уу. “Улс төр” гэдгийг мэдэхгүй улс оронд Монголын гайхамшигтай “улстөрчид” очоод юу олж долоох ёстой вэ.
Цорын ганц юм тодорхой байгаа, энэ бол намууд байсаар ирсэн, цаашид ч байх ёстой. Гэхдээ ашиг сонирхлын биш, улс орны хөгжлийн гарцыг олж тайлбарладаг бодлогын намууд байх ёстой. Швейцар, Герман, Австри шиг канцлерын засаглалтай болохыг мөрөөдөж байгаа бол болохгүй ч юмгүй. Гэхдээ намын гишүүдийн хэлэлцүүлэг биш, ард түмний референдум явуулж шийдэх ёстой. Эсвэл Ерөнхийлөгчийн хагас засаглалтай Франц, Польш, Румын, Казахстан шиг үндэсний уламжлалд тулгуурласан нэгдмэл удирдлагатай, улс орноо эзэнтэй болгох тогтолцоог зоривол болохгүй юм байхгүй. Гэхдээ бас л референдум хийж шийдэх ёстой. Болохгүй ганц юм гэвэл Америкийг дуурайна гэж хөөрч, нисэж хөлөө алдаж л болохгүй, болдоггүй юм байна гэдгийг 30 шахам жилийн туршид маш өндөр үнэ төлж мэдэцгээлээ шүү дээ. Монголын ирээдүй гэгээтэй байгаа, учир нь ард түмэн бодит байдлын учир утгыг олсон, маш их зүйлийг мэдэж авсан, талдаа нэгэнт гарсан. 
 
ДЭД БҮТЭЦ. Энэхүү холбоо үгний учрыг олох гэж би нэлээн хэдэн жил хөөцөлдөж байна. ДЭД гэдгийн утгыг бид мэднэ, хоёдугаар зэргийн л гэсэн үг. Тэгэхээр ДЭД гэдэгт хамаарагдах салбарууд хоёрдугаар зэрэгт эрэмблэгдэнэ гэсэн үг. Гэтэл эдийн засгийн нэр томъёо талаас нь аваад үзэхээр яг эсрэгээр, гол, үндэс, суурь гэсэн утга гардаг юм. Энэ бол цэвэр орчуулгын алдаа байсан, гэхдээ бас л нөгөө чухал харагдах донтонгуудын лоймол сэтгэлгээ нөлөөлсөн байх магадлалтай. ДЭД БҮТЭЦ гэж утга гажуудуулсан нэр томъёоны гарал үүсэл сонин, infrastructure гэсэн франц үгнээс анх эдийн засагт орж ирсэн байдаг. OED (Oxford English Dictonary) академик нэвтэрхий тайлбар толь бичигт Францын цэргийн эрдмийн үг илэрхийлэл, 1920-иод онд эдийн засгийн ухаанд орж ирсэн нэр томьёо гэж бичсэн байдаг юм. Infra гэдгийг нь судлаад үзэхээр суурь гэсэн утгатай латин үг байдаг, ийнхүү СУУРЬ БҮТЭЦ гэсэн утгатай нэр томъёо гарч ирж байна. Гэхдээ хоёр зүйл тун ойлгомжгүй байгаа. Нэгдүгээрт, яагаад цэргийн эрдмээс эх сурвалжтай гэж. Хоёрдугаарт, дэлхий дахинаар “суурь бүтэц” гээд тархчихсан байхад монголчууд яагаад заавал “дэд бүтэц” гэж хэвшүүлсэн юм бол. Нэлээд хожим, немц хэлний Grosse Ilustrierte Wrterbuch тайлбар толиноос Францад дээр үед цэрэг армийн ар талын нэгтгэл ангиудыг СУУРЬ БҮТЭЦ гэж нэрлэдэг байсныг олж мэдсэн юм. Энэ нэр томъёо ийн эдийн засагт орж ирсэн даруйдаа дэлхийгээр тархаж, инфрастуктура буюу суурь бүтэц гэдгээр хэрэглэж хэвшсэн байдаг юм.
Infrastructzre буюу суурь бүтэц гэсэн утгатай франц гаралтай нэр томъёог монгол хэлэнд ДЭД БҮТЭЦ хэмээн орчуулж хэвшүүлсэн байдаг. Энэ субьектив алдаа түлш эрчим хүч, дулаан ус хангамж, тээвэр холбоо, эмнэлэг, боловсрол, мэдээлэл зэрэг гол гол суурь салбаруудыг хоёрдугаарт тавих сэтгэлгээний орчинг төлөвшүүлэх хүчин зүйл болон үйлчилчихсэн байдаг юм.
Манай хэлний магнатууд мундаг хүмүүс байсан. МАХН-ын ТХ-д чухал алба хашиж явсан нэг эрхмийн яриаг олж сонссоноо энд хавчууллаа. Уг нь анх инфраструктура гэдгийг “суурь бүтэц” гэдгээр орчуулаад ТХ-ы нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд оруулсан юм билээ. Гэтэл “барууны үг илэрхийллийг шууд утгаар нь авч хэрэглэх санаа оруулсан байна. Үндсэн чиглэл, таван жилийн төлөвлөгөөнд аж үйлдвэр суурь асуудал болон эхэнд нь бичигддэг. Социализмын МТБ-ыг амжилттай байгуулахад аж үйлдвэр чухал гэсэн үзэл санаанд харшилж байна” хэмээн тайлбарласан УТТ-ы гишүүний үг үнэд хүрч, Бал даргад таалагдаж, орчуулга хийсэн хүн нь (Б.Ширэндэв) сануулга авсан байдаг юм. Тэр цагаас хойш шинэ нэр томъёо зохиогдож, улс ардын аж ахуйн гол суурь салбарууд дэд дугаарт эрэмблэгдэн шоовдорлогдсоор өнөөдрийг хүрчээ. Барилга барихаасаа өмнө барууны орнууд шиг эрчим хүч, зам, цэвэр халуун усаа эхлээд шийдэхийн оронд шууд фундаментаа цутгаж, ханаа өрөөд эхэлдэг сэтгэлгээний гажуудлын чухам учир, угшил нь энэ. үүнийг засаж, СУУРЬ БҮТЭЦ гэдгээр хэлж хэвшүүлэхгүй бол эрчим хүч, дулаан хангамж, тээвэр холбоо, цэвэр бохир ус, эмнэлэг боловсролын асуудлууд цаашид ч дэд дугаарт тавигдсаар байх болно. Гэтэл тэдгээр нь үнэн хэрэгтээ СУУРЬ БҮТЭЦ байдаг.
 
ЦЭЦ. Цэц гэдэг нь илэрхийлэл талаасаа юу вэ, юу байсан юм бэ. Үүнийг хэн ч мэдэхгүй, хэдэн  зууны өмнө байсан ч юмуу, үгүй ч юмуу. Байсан бол юу байсныг мэдэхгүй, сургаар, битүү төсөөллөөр орчин цагийн төрийн өндөрлөгийг тогтооно гэдэг эрүүл ухаантай хэний ч толгойд  буухгүй. Шинэ үндсэн хууль хэлэлцэх үед сэтгэлийн хөдөлгөөн, дарамт шахалт маш их байсан гэж хожим нь Б.Чимид гуай хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний л нэг байх гэж хардахаар. Дэлхийн бүх улс оронд үндсэн хуулийн шүүх гэж нэрлэдгийг мэдээгүй гэж хэлэх үндэслэл байхгүй, зориудын санаа орсон байж мэднэ. Энд агуулгын талаас нь хандаж, хэдэн тайлбар зүүлээ. Нэгт, бүх улс орны үндсэн хуулийн шүүх нь мэдээллийн мөрөөр шалгах, мөрдөн байцаах, шүүх эрхтэй байдаг. Процесс ажиллагааг ихэнх оронд бие даан явуулдаг. Герман зэрэг зарим улсад шүүхийн АШБ-аар дамжуулан явуулдаг. Манай Цэц гэгчид тийм эрх байхгүй, тэгэээр ямар юмных нь шүүх байх вэ дээ. Хоёрт, бүх улс орны үндсэн хуулийн шүүх нь өөрсдөө санаачилга гарган, үндсэн хуулийн зөрчлийг нээн илрүүлж, шийдвэрлэдэг хуулийн мэргэжлийн байгууллага байдаг. Манай Цэцэд тийм санаачилга гаргах үүд хаалга хаалттай, гагцхүү өргөдөл хүлээж авдаг. Гуравт, бусад орны үндсэн хуулийн шүүхэд хуульчаас өөр мэргэжлийн бус хүн орж ажиллах ямар ч боломжгүй. Харин манайд бол биеэ үнэлэх клуб мэт бүх хаалга нь нээлттэй. Дөрөвт, манайхаас бусад оронд хаантай нь хааны зарлигаар, БНУ-д Ерөнхийлөгчийн саналаар томилогддог. Манайд болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тус бүр гурван хүн томилж, тэд нар нь ЦЭЦ гэсэн нэрний ард нуугдаж байгаад конспираци (хуйвалдаан) хийдэг эрүүл бус тогтолцоо үйлчилдэг нь нууц биш. Тэхээр Монгол Улсын үндсэн хуулийн ЦЭЦ гэдэг нь үндсэн хуулийн шүүх биш, зүгээр л аль нэг нам, эсвэл намуудын нуувч, намын бүтцийн байгууллага юм.
 
Цэц хэмээх зохиомол үг илэрхийллийг нийгмийн сэтгэлгээнээс яаралтай үлдэн хөөж, Үндсэн хуулийн Цэц хэмээх халаасны байгууллагыг татан буулгаж, Үндсэн хуулийн Шүүх байгуулах шаардлага Монгол улсад байна.
 
Хэрэв шалгах, мөрдөх, шүүн таслах ажиллагаа явуулдаг үндсэн хуулийн шүүхтэй болчихвол трибуналын зарчмаар ажиллуулах боломжтой болно. Манай үндсэн хуульд байгаа “хуулийн дээд хэмжээ” гэдэг ялыг хасч хэрхэвч болохгүй. “Гүйцэтгэлгүй цааз” гэдэг ойлголт улс орнуудад түгээмэл болж байгааг мэдрэх л шаардлагатай. дэлхийгээс ухаантай царайлцгаах нь ард түмнээ л баллана гэсэн үг.
 
Дүгнэлт. Түүхэн цаг үеийн янз бүрийн мөчлөгт гарч ирсэн гаж илэрхийллээс хууль, эдийн засаг, нийгмийн салбар тус бүрээр нэгийг жишээ болгон авч, нийгмийн сэтгэлгээнээс арчин хаях асуудлыг хурцаар дэвшүүлэн тавилаа. Сэтгэлгээний гажуудал удах тусмаа уршиг нь гүнзгийрч байдгийг дэлхий тогтоочихсон юм. Энэ болон ийм илэрхийллүүдийг УИХ дээр хэрэглэхээ больчиход л нийгмийн сэтгэлгээнээс аяндаа хасагдана гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Миний хувьд энэ цаг мөчөөс эхлэн “улс төр” гэдэг үгийг хашилтад бичих болно, учир нь тийм юм угаас байхгүй.
 
 
Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү