Зоригийн хэргийн захиалагчдыг илчлэхэд анхаарлаа хандуулмаар байна
 
Нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автлаа. УИХ-ын гишүүд бичлэгийг үзээд, хэдэн гөлгөрөөс бусад нь айсан байдалтай, концлагерийн хоригдлууд аятай, зэвий царайлан гарч ирээд, хэлэх үггүй байсанд гайхаад байх юм алга. “УИХ-ын гишүүд эрүүдэн шүүсэн бичлэг үзээд шооконд орлоо, гэхдээ та хэд нийгмийг дэглэж, зарим нэг нь эрүүдэж байгаа болохоор өөрсдийгөө толинд харцгаасан болно” гэж би тэр дор нь постлов. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Цусны даралттай хүнд үзүүлэх хэрэггүй юм байна” гэж хэлсэн, яг үнэндээ бол тийм. Сэтгүүлчид уг бичлэгийг үзсэний дараа тайлбар хийх гэсэн боловч хэл нь ээдрэн түгжигдэж олигтой яриа гарахгүй, зарим нь уйлав. Бид хэддүгээр зуунд, хаана амьдраад байна, гэж эргэлзэхэд хүргэлээ. Хүмүүстэй холбогдож асуулаа, “аймаар” гэсэн ганцхан л үгийг хэлцгээж байна. Tooстой хорвоод хэн ч алдаж эндэнэ, хүн болгон алдах эрхтэй. Шийтгэл аваад очлоо гэхэд чамайг намайг, үр хүүхдийг чинь, энэ бичлэгт байгаа шиг яргалал хүлээж байгаа гэсэн айдас нийтийг хамарлаа. Энэ ямар үзэгдэл вэ. Яг ийм нөхцөлд яах ёстой вэ. Нийгмийн айдас жижигхээн үйлдлээр өдөөгдөхөд л үзэн ядалтад суурилсан нийгмийн замбараагүй байдал үүсч цуст мөргөлдөөнд ч хүргэж болдог гэдгийг л ойлгочих ёстой юм. Ийм сэдэлтээр, “сэтгэл хөдлөлийн сэтгэл зүй” гэгчийг сонирхдогийн хувьд нилээд зүйл таньж мэдсэндээ найдан дулдуйдаж, олон түмэнд хандан уриалахаар үүнийг тэрлэлээ, тогтоон соёрхож тунгаан бодоцгооно уу.
 
Нийгмийн айдас нь хамгаалах инстинктийг өдөөдөг болохоор эргэж нөхөгдөхгүй уршиг дагуулах эрсдэлтэй
 
Бие хамгаалах инстинкт гэдэг угаас амьтай болгонд байдаг төрөлх чанар юм. Нийгмийн жишээн дээр авч үзвэл, хамгаалах инстинкт гэдэг нь сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн үйлдэл гэж буудаг юм. Хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл нь айдас, тиймээс ч “тулгуур сэтгэл хөдлөл” гэж нэрлэгддэг. Энгийн жишээн гэвэл, хүн айснаасаа болоод байж боломгүй хүч гаргадаг, даагдашгүй хүнд ачааг өөрийн мэдрэлгүй өргөчихсөн, давагдашгүй их саадыг туулаад гарчихсан байдгийг санацгаахад хангалттай. Айдас хуримтлагдан улмаар нийтийг хамарсан үедээ дарьтай торхтой зүйрлэхээр болж ирдэг. Хувь хүний айдас нийгмийн тодорхой бүлэг давхарга, бүх нийтийг хамрах үед сэтгэл хөдлөлийн эерэг болон сөрөг давлагаа үүсэхийг пассион (passion) гэдэг. Монгол хэлнээ “нийгмийн сэтгэл хөдлөл” гэдгээр ойлгож хэвшүүлвээс агуулгадаа ойртож очино.
 
ДАРЬТАЙ ТОРХ РУУ ГАЛТАЙ БАМБАР БҮҮ ШИДЭГТҮН!
 
Сэтгэл хөдлөлийн хамгийн том нийгэм зүйч, судлаач бол Керилл Эллис Изард. Tүүний “Ялгаварт эмоцын онол”-ын үзэл баримтлалаар бол пассион нь айдас, үзэн ядалт, тэсрэлт гэсэн гурван үе шатыг дамждаг байна. Тэсрэлт нь тодорхой өдөөлтөөр явагддаг юм байна. Энэ бичлэгийг нийтэд үзүүлвэл өдөөлт болчих магадлалтай гэж бодож байна. Хүн бүхэн алдах эрхтэй ч, ерөөсөө алдаж болохгүй нь гэсэн айдсыг тогтоолоо. “Системийн 400 гаруй хүнийг бүгдийг нь толгой дараалан халахыг шаардаж байна” гэх нь айдас аажимдаа жам ёсоор бухимдал, уур уцаараар солигдож байгаа үзэгдэл. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу зоогийн газарт хэсэг залуус түүхий өндөг шидэж, хэлэх хэлэхгүй үгээр мөндөр буулгаж, монголоос зайлахыг шаардсан гэдэг мэдээлэл гарчээ. Энэ бол айдас хуримтлагдан хамгаалалтын инстинктэд орж улмаар тэсэрч байгаа нэгж үзэгдлийн амьд жишээ.
 
Засаг төрд өрнөж байгаа үйл явдлыг дагаад нийгэм савладаг. Лев Гумилевийн пассионарностын онолд монгол үндэстний ялагдашгүйн таван чанарын тухай судалсан. “Ер нь л савлагаатай ард түмэн, генэтологийн үндэслэлийн нэг нь сэтгэл хөөрөл ихтэй, хөөрсөн үедээ юу ч үйлдэхээс буцахгүй оргилуун болдог” гэжээ.
 
Дашрамд хэлэхэд, монголчууд Лев Гумилевыг судлах ажлыг эрчимжүүлэх цаг нь болсон. В.Путин ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа, Георгиевскийн хүндэт танхимд Оросын төр, губернын удирдлагыг хүлээн авч уулзсан 600 хүний цайллага дээр Л.Гумилевын пассионарностын онолын талаар бүтэн цаг ярьж алмайруулсны учир юу вэ. Л.Гумилевын 12 сери тус бүрдээ 60 боть бүтээлийг нууцын архиваас гарган, монголч эрдэмтэд, судлаачдын нэвтрэх эрхийг нээлттэй болгох зарлиг гаргав. Дэлхийн геополитекийг залж буй нөлөө бүхий лидерүүдийн үг, үйлдэл болгон ардаа нарийн учиртай. Дэлхийн олон туйлт удирдлагын үзэл санаа, В.Путины гаргаж тавьсан “либерально-конструктивная позиция” гэгчийн нийгэм зүйн үндэс нь монгол гаралтай үндэсний пассион гэж харсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол маш өөдрөг дохио, Монгол Улс үүнд угтах бодлого явуулах ёстой байх. Ялангуяа түүний хамтран амьдарч байсан Намсрайжав агсаны тухай гаргаж тавих болсон. Тэрээр, хуучнаар УИД-ийн арын байранд амьдарсаар 90 насыг зооглосон түүхтэй. Mонголын төр, тухайн цаг үеийн толтолцоондоо баригдан энэ агуу хүнийг их гомдоосон. Хаашаа ч нүүхгүй “Лёвыхоо ногоон аралд насыг элээнэ” гэж ярьсаар насаа дуусгасан байдаг. Одоо тэр ногоон арал дээр нь Лев Гумилевын хөшөөг босгомоор санагддаг.
 
Монголчууд угаас энгийн хэлээр цөс хөөрөмтгий, нийтлэлийн хэлээр бол сэтгэл зүйн тогтолцоонд нь хөөрлийн процесс давамгайлж явдаг онцлогтой ард түмэн.
 
Даниел Големаны онолоор бол аливаа пассионыг энерги болгон залах боломжтой гэж үздэг. Тэр түвшинд очиж гавьяа байгуулахгүй гэхэд ядаж сөрөг үр дагавартай пассионыг урьдчилж хараад сэргийлэх, зарим нөхцөлийг саармагжуулах оролдлого хийх л ёстой зүйл. Эрүүдэлтийн хойноос цаг зарцуулан хөөцөлдөхийг хуулийн байгууллага мэдээж орхихгүй байх. Харин төрийн институт, ийм хэрэг дахин хэзээ ч гарахгүй нөхцөлийг бий болгохын тулд тогтолцоогоо маш түргэн өөрчлөх асуудлаа шийдэх шаардлага бий, үүнд ханцуй шамлан орох ёстой.
 
ТОГТОЛЦООНЫ ШИНЭТГЭЛ НЬ СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС АГУУЛГААРАА ЯЛГААТАЙ
 
Тогтолцооны болон системийн өөрчлөлт нь өөр хоорондоо шүтэлцээтэй, харилцан уялдаатай боловч их ялгаатай ухагдахуун юм. Энд ойлголтын зөрүү их байна. УИХ-ын аманцар хэдэн гишүүд хольж хутгаад л ёстой бантан зуурч байна дөө. Засаг төрийн цаашдын үйл ажиллагааг гүн хямралд оруулчихгүй шиг авч явахын тулд эхлээд төрийг одоо нүүрлээд байгаа хямралаас нь салгах ёстой л доо. Бүр юм ойлгох чадваргүй бол энэ хэлсэн өгүүлбэрийн эхний хэсэг тогтолцоотой, төгсгөл хэсэг нь системийн өөрчлөлттэй холбоотой л юм яригдаад байна гээд бүдүүн хадуунаар тусгаж авна уу.
Тогтолцоо гэж юу вэ. Tөрийн удирдлагын шинжлэх ухаанд заасан обьект ба субьект гэх бие даасан ухагдахууныг нэгдсэн загварчлалд оруулахыг л тогтолцоо гээд байгаа юм. Дэлхий нийтээр мөрдөж байгаа төрийн тогтолцооны схем нь мэдээж Монтескьёгийн зарчимд тулгуурласан загварчлал модул юм. М.Энхболд төрийн тогтолцоог “гэр-төр”, Л.ЭнхАмгалан “барилгын архитектур” маягаар загварчлах санал гаргаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулж байсныг санаж байна. Энэ нь арай л биш байсан учир олон түмэн хүлээж аваагүй.
Монтескьёгийн зарчимд, төрийн гурван өндөрлөгт үүрэг функци хуваарилахдаа тэнцвэртэй байх үндэслэлийг баримталсан байдаг. Төрийн гурван өндөрлөг гэдэг нь Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Сүүлийн үед сошиал ертөнцийг засаглалын дөрөв дэх хэлбэр гэж үзэх болсон. Манайд, шүүх засаглал нь олигархиудын халаасанд орж төрийн өндөрлөг байх эрхээ алдсан. Үндсэн хуулийн шүүх нь намын нөлөөнд орж ямар субьект гэгдэх нь тодорхойгүй болсон. Монголд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ( гурван өндөрлөгийн монгол загвар) нар нь өөр хоорондоо хэрэлдэж, эрх мэдлийн төлөө сөргөлдөн, ард түмнийг талцуулдаг, эсвэл хуйвалдаан (конспираци)-д орж үгсдэг. Дэлхийд байхгүй ийм хосгүй тогтолцоо үйлчилж, эцсийн дүндээ төрөө хямрааж, улс орноо өрийн ангалд унагаж орхив. Нэгэнт тогтолцоо буруу учир төрийн харилцаанд нүх, цоорхой үүсч олигархиуд түүнийг ашиглан мафийн тогтолцоог байгуулав. Энэ мафийн тогтолцоо нь албан төрөөс хэд дахин том сүүдрийн эдийн засагтай, хууль цаазны байгууллагыг гартаа атгачихсан, нам хэмээх механизмыг төр засгийн дээр олбог дэвсээд суулгачихсан, санаснаа дураараа гүйцэлдүүлдэг, товчдоо бол “мафийн олигархи тогтолцоо” бодитойгоор үүссэн гэсэн үг.
 
Асуудлын гол нь бичлэг үзэхдээ биш, тогтолцоог шинээр босгоход оршино
 
Нэгэнт, мафийн тогтолцоо албан төрийн ажиллагааг орлон гүйцэтгэж байгаа болохоор, улс орон өрийн ангалд унах, ард түмэн гуйранчийн амьдралаар амь зогоох зэрэг нь улсын толгойд байгаа хэсэг бүлэгт хамааралгүй болчихож байгаа юм. Монтескьёгийн зарчмыг эрх мэдлийг хуваарилах зарчим болгон сурталдаж байна. Үнэндээ бол тийм биш, үүрэг фунцыг тэнцүү хуваарилах, үүргээ дагасан эрхийг зөв тогтоох тухай юм л даа, уг нь. Үүрэг функцыг тэнцвэртэй хуваарилна гэдэг нь эрх мэдлийг тэнцүү хуваана гэсэн үг огт биш. Энд л гол ойлголтын зөрүү яваад байна. УИХ нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь эдийн засгаа хөгжүүлэх, удирдах, шүүх нь хөндлөнгийн хяналт тавих, тус тусын үүргээ сайн хийх гэсэн энгийн л зарчим. Манайд болохоор УИХ албан тушаалын томилгоонд хамаг үнэт цагаа барна, гүйцэтгэх засаглал нь эрх мэдлийн хязгаарлалттай шүдгүй арслан, шүүх засаглал нь олигархиудын халаасны гүйцэтгэх байгууллага, эндээс тогтолцооны монголчилсон, холимог хуурган загвар гарч байна.
Удирдлагын обьект тал нь хүн биш асуудал байх ёстой. Хүн бол обьект биш, субьект. Төрийн удирдлага нь нам төвт ч биш, хүн төв ч биш асуудал төвт загвараар явах ёстой юм.
Байгалийн шинжлэх ухааны үндэслэлээр тогтолцооны обьектыг тодорхой харуулдаг концепц байдаг. Молекул бүтэцтэй тогтолцоо гэх загварчлалд, электронууд атомаа тойрон эргэлдэж, атомаа байнга бөмбөгдөж байдаг шиг төвдөө хуримтлагдсан асуудлуудыг оруулан, түүнийг электроны үүрэг хүлээсэн хүн (ард түмэн) байнга бөмбөгдөж байх төсөөлөл. Манайх болохоор хүн төвт нийгэм хэмээн элийрч, хүнээ төвдөө оруулан байнга балбаж байх загварыг голчилдог, амжилттай хэрэгжүүлсээр ч ирсэн.
Хүн бөмбөгдүүлж байдаг обьект биш, бөмбөгдөж байдаг субьект байх ёстой, нарийндаа бол төрөө ч бөмбөгдөж байх учиртай юм. Хүн төвт нийгэм гэдэг нь буруу ойлголт. Үр дүнд нь хүн-субьект төрийн ажиллагаанд шууд оролцох эрхгүй хүн-обьект болон хувирсан. Хүн-субьектийн тогтолцоонд дундаж давхарга 50%-иас дээш байх загвар бий, арга замуудыг тов тодорхой заасан байдаг. Ер нь бол дундаж давхарга 60%-иас дээш гарсан улс оронд төрийн хямрал байдаггүй.
Системийн өөрчлөлт гэдгийг төрийн удирдлагад үүрэгт ажлаа хийж чадахгүй, нийгэмд уршиг тарьж байгаа төрийн албан тушаалтнуудыг сууриар нь, системээр нь өөрчлөх гэдгээр ойлгож болно.
 
Системийн өөрчлөлт хийх тодорхой шалтгаан байдаг, одоо Монгол Улсад яг тийм нөхцөл бүрдчихээд байна.  
 
Системийн өөрчлөлт хийхгүйгээр тогтолцооны өөрчлөлт хийх өчүүхэн ч боломж байхгүй. Хуучин суурь фундамент дээр шинэ тогтолцоог сүндэрлүүлэн  босгох загварыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл олж чадаагүй яваа гэж ойлгож болно. Шинэ тогтолцоог босгохын тулд системийн өөрчлөлтөөр эхлээд хүнээ солих, дараа нь хууль эрх зүйн орчинг нээж Үндсэн хуулиа өөрчлөх гэсэн ярвигтай мөртөө маш их хариуцлагатай үйл Монголын ард түмний өмнө хүрээд ирчихсэн үүд хаалга тогшин зогсож байна.
 
ХУРД БОЛ ХҮЧ, НЯГТРАЛ БОЛ ЧАДАЛ
 
Хууль хяналтын байгууллагад олон жилээр хуримтлагдсан ноцтой асуудал ил болж, Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг мөрдөн, байцаах шатанд эрүүдэх замаар хэрэг хүлээлгэсэн бузар явдал, соёл иргэншлийг төлөвшүүлж яваа орчин цагийн аливаа улс оронд байхын аргагүй тийм ичгүүртэй булай хэрэг сөхөгдөн ил боллоо. Одоо тэгээд яах ёстой вэ. Энэ хэргийн тухай сэтгүүлчид тодорхой мэдээлж байна, ард түмэнд айдас тэртэй тэргүй үүслээ. Үүгээр далимдуулан, олны анхаарлыг өөр, бүүр их ноцтой хэргээс зайлуулах, мартагнуулах зорилгоор бичлэгийг олон нийтэд тарааж нэг хэсэгтээ намжихааргүй дуулиан үүсгэх сонирхолтой хэсэг бүлэг байхыг ч үгүйсгэхгүй. Асуудлын гол нь бичлэг үзэхдээ биш, ард олноороо нягтарч ийм аймшгийн хэрэг дахин хэзээ ч гарахгүй, гарахааргүй тийм тогтолцоог шинээр босгоход л нийгмийн үнэт цагийг зарцуулмаар байна. Хэзээ нэгэн цагт тэр бичлэг хүсэвч, эс хүсэвч ил болно, яг өнөөдөртөө тэр хэргийн уршгийг түргэн арилгах, гол нь хэн эрүүдэлт хийснийг тодруулах гэж цаг алдахын оронд Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн  захиа лагчдыг илчлэхэд анхаарлаа хандуулмаар байна.
Энэ ажилтай зэрэгцүүлээд системийн өөрчлөлтийг шуурхай хийж дуусгах шаардлага бий. Хурд бол хүч, цаг алдвал эсрэг талдаа маневрлах хугацаа гаргаж өгөөд байдгийг мартаж болохгүй.
Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаанд шахагдсан шаардлага бас бий. Харин Ерөнхийлөгч давамгайлсан засаглал байх уу, эсвэл Eрөнхий сайдын эрх мэдлийг канцлерын түвшинд аваачих уу гэдэг дээр ард түмний референдумыг энэ хавраас хэтрүүлэхгүй хийх ёстой гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж байна. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг дээшлүүлэх үзэл баримтлал нь угаас парламентыг боловсронгуй болгон төлөвшүүлэх асуудлыг дагуулдаг. Тэгэхээр парламентын төлөвшлийн талаар санаа зовох хэрэггүй. Парламентаа хоёр танхимтай болгох шаардлага бий. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн давамгай байх тогтолцоонд өчүүхэн ч нөлөөлөхгүй. Ямартай ч улс орон эзэнтэй болох нь юунаас илүү чухал байна.
 
Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү