Төр улсын тогтолцооны талаар сонирхдог өчүүхэн бичээч би таны амар мэндийг асуун мэндчилж байна.
 
Миний суурь мэргэжил эдийн засагч. Эзэмшсэн мэргэжилдээ дулдуйдан улс орны эдийн засгийн чадамж, боломж, нөхцөл бололцооны талаар үзэл бодлоо хэлэхийн ялдамд таны гурван жилийн өмнө хөндөж байсан маш чухал асуудлыг эргэн сануулах гэсэн юм, ердөө энэ.
 
1. Эдийн засаг жил бүр өсөлттэй гарч байгаа ч харьцангуй талаас нь үзвэл үнэхээр өсөлттэй байгаа юу. Ард түмний бодит орлого өсөөгүй, харин ч буурсан. Эдийн засаг бүхэлдээ урьд хожид байгаагүй их өрийн дарамтад уналаа. Улс орныг тогтвортой авч явдаг дундаж давхарга  өндийх найдвар тун бага байна. Эдийн засгийн өсөлтийн суурь үзүүлэлтээр цалин, тэтгэвэрийг индексжүүлэхгүйгээс ард түмэнд цалингаар амьдарна гэсэн ойлголт алга болсон. Цалин хангамжийн дефицитээс болж иргэд өрийн гинжин сүлжээнд орсноос түгээмлээр ядуурлаа. Тэгэхээр эдийн засаг харьцангуй үзүүлэлтээр макро түвшиндээ өссөн гэдэг нь худлаа болж таарч байна. Эндээс гарах хамгийн найдвартай арга зам бол “Эдийн засгийн суурь бүтэц” (дэд бүтэц хэмээн гажуу нэрлэж хэвшсэн)-ийн аль нэгийг түлхүү хөгжүүлж, хөгжлийн стратеги болгон зарлах явдал юм хэмээн ойлгодог. Энэ утгаар алс дорнодын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох саналыг зөв бодлого хэмээн дэмжиж байна.
 
2. Мэдээж эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаж, бас импортлоно хэмээх үг сайхан л сонсогдож байна, тийм боломж ч байгаа байх. Гэхдээ дотоодын хэрэгцээ гэдгийг юу гэж харж байна. Нийлүүлэлт дагаад хэрэгцээ өсдөг гэсэн эдийн засгийн хууль байдгийг та юу эс андах вэ. Шинэ хэрэгцээ мөр мөрөө даган орж ирнэ. Үүнтэй уялдуулаад нэг санаа дэвшүүлье. Энэ нь малчдын амиа аргацаасан аж ахуйг эрчим хүчний тусламж дэмжлэгтэйгээр таваарын жижиг үйлдвэрлэлд шилжүүлэх тухай санаа. Малчны суурь бүрт, өвөлжөө болгонд эрчим хүчний хангамжийг хүргэмээр байна. Энэ замаар малын гаралтай түүхий эдийн таваарлаг чанарыг бий болгож болно гэж бодох юм. Малчны хотхонд өрх айл болгон үйлдвэрлэгч болох ёстой. Герман, Австри, Франц ч өрхийн үйлдвэрлэлийг онцгойлон авч үзэж, жижиг оврын техник төхөөрөмжийн үйлдвэрлэлээ эрчимжүүлээд эхэллээ.
 
Мал аж ахуйг суурь салбар болгон тунхаглаж, улмаар ажил болгох гэсэн Е.Энхболдын санаа одоо ч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. 
 
 
З.Энхболдын дэвшүүлсэн концепц
 
Би бээр З.Энхболдын өмгөөлөгч, магтан дуулаачийн аль нь ч биш, тийм шаардлага ч мань мэтэд байхгүйг эхлээд хэлье. Хувь хүн талаас нь түүнийг мэдэх ч үгүй, хумсаа хүртэл нууж явахаас аргагүй, дээр нь бодол санаагаа шулуухан хэлдэг хүн хомс болчихсон энэ гажуу цаг үед нял шал гэлгүйгээр, эмоцио хүртэл нуулгүйгээр хэлэх юмаа шуудхан хэлчихдэг нь зүгээр ч юм уу гэж бодогддог. Төрийн том хүний үг бол үндсэндээ үйлдэл. Түүний нэг цэг хэмээн соёрхоцгооно уу.
 
Тэргүүний малчдын улсын Зөвлөлдөөн (Зөвлөгөөн биш) дээр, УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Анхаарал татсан гойд зүйл нь гэвэл, өнгөрсөн 25 жилийн туршид, эдийн засгийн хөгжлийн стратегийн концепцын ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, шинэ концепц дэвшүүлсэн дээд удирдлагын түвшний анхны улстөрчөөр тэр гарцаагүй тодорлоо.
 
Төрийн чухал хүний хэлсэн үгийг судалж, танин мэдэхүйн үндэслэлүүдээр тайлбарлахыг интерпретаци гэдэг. Түүний хэлсэн үгэнд, мэргэжилдээ дулдуйдан бичил интерпретаци хийхийг оролдож, заримдаа өөрийн үгээр хачир нэмэрлэн нийтлэл болгон толилуулав.
 
ТАВАН ХОШУУ МАЛЫН ТУХАЙ КОНЦЕПЦЫН ҮНДЭСЛЭЛ
 
Энэхүү концепц нь малын тухай байдаг л нэг асуудал дэвшүүлсэн үзэл баримтлал төдий зүйл биш юм шиг байна. Гахай, шувууг оруулаад долоон хошуу малтай болъё, бэлчээрийнхээс суурин фермерийн аж ахуй руу зоригтой шилжье...гээд янз янзын зорилт дэвшүүлцгээдэг байсан. Гэтэл энд арай том зураглал, макро эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын асуудлыг хөндлөө гэж ойлгож байна.
 
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар юу вэ гэвэл “уул уурхай” хэмээн хэнбугай ч төвдөхгүй хариулна. Стратегийн орд гэх чамин цолтой энэ салбарыг би хэдэн ч удаа толин тусгалт ( situs inversus) гаж салбар хэмээн хүчтэй шүүмжилж байв. Харахад их гоё, үр дүн нь толины тусгал шиг урвуугаар буудаг болохоор нь тэр л дээ. Борлуулалт шүтсэн, зах зээлийн үнэд боолчлогдсон салбар л даа хөөрхий. Ийм салбарт, “стратегийн” гэх сүрхий нэр өгч, тэргүүлэх салбараараа өргөмжилсөн нь 25 жилийн түүхийн үнэхээр том алдаа. Ард нь олигархиуд байгаа болохоор зориудын алдаа гэх нь дээр байх.
 
КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА http://sonin.mn/blog/ tserenkhuu/57344
 
З.Энхболдын эшлэлээс:
 
-“Улс орны онцлогоор уул уурхай мэдээж цаашид ч гэсэн чухал салбар болон үлдэх нь дамжиггүй ч тэргүүлэх ч гэдэг юм уу суурь салбар гэхээр хөнгөн үйлдвэр, маа хоёрын аль нэгийг сонгохоос өөр гарц байхгүй л дээ. Энд нэг логикийн юм ажиглагдаад байгаа нь юу вэ гэхээр хөнгөн үйлдвэр дагуулж маа хөгжүүлэх амаргүй, харин МАА-н хүрээнд хөнгөн, хүнсний аж үйлдвэрээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр, МАА-г суурь салбар гэж төрийн бодлогын түвшинд зарласан нь санамсаргүй зүйл биш, цаг орон зайгаа онож олсон концепц. Энэ бол аргагүй том концепц”.
 
-“Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр бий болсон уул уурхайн түүхий эдийн үнийн уналт манай эдийн засагт хүчтэй цохилт болж, бидэнд хөгжлийн талаар нэгийг бодогдуулж, дан ганц уул уурхайд суурилсан эдийн засагтай байж болохгүй гэдгийг хатуу ухааруулж байна. Монгол Улсын хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар гэдэг үзэл баримтлалыг ардчилсан намаас төрийн бодлого болгон дэвшүүлж байна”.
 
МАА бол эдийн засгийн суурь салбар мөн гэж төрийн бодлогын хэмжээнд тунхаглах хэд хэдэн  үндэслэл байгаа аж.
 
1. МАА бол монголчуудын соёл, аж ахуй эрхлэлтийн түүхэн уламжлал.
 
“Монголчууд бид хэдэн мянган жилийн өмнөөс бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч ирсэн баялаг уламжлалтай ард түмэн.”
 
2. “МАА-н хөгжил нь бусад салбар хөгжих суурь, хөрс нь болон үйлчлэх боломжтой, монголчууд бид мал аж ахуйгаа хөгжлийн үндэс болгох учиртай”
 
3. Монголчуудын нэлээд хэсэг нь шууд, үлдсэн хэсэг нь шууд бусаар МАА-тай холбогддог. Мах иддэггүй монгол хүн олоод ир гэвэл огт хоол иддэггүй хүнийг эрсэн нь хялбар байлгүй дээ.
 
Энэ салбарыг хөгжүүлэх нь олон айл өрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгодог. Хөдөө аж ахуй бол манай улсын нийт ажиллах хүчний дөрөвний нэгийг багтаадаг, нийт өрхийн талаас илүү хувь нь энэ салбараас хамааралтай амьдардаг эдийн засгийн томоохон салбар тул олон мянган айлын орлого нэмэгдэнэ”
 
4. ХАА-г хөнгөн хүнсний үйлдвэрлэл хөгжих суурь бүтэц болгох нь илүү ашигтай гэдэг нь гаднын туршилт, туршлагаар ч нотлогдсон зүйл.
 
Амиа аргацаасан арга, эрчимжсэн технологийн шинэчлэлд гологдоно
 
“Ялангуяа аж үйлдвэржилтийг амжилттай хөгжүүлсэн азийн орнуудын жишээг харахад эхлээд хөдөө аж ахуйн салбараа онцгой анхаарч, хөгжлийн гараагаа эхлүүлжээ. “Дэлхийн II дайны дараа Япон улс эдийн засгаа хурдан босгохын тулд юуны түрүүнд газар тариалангийн салбараас эхлэн эрчимтэй шинэчлэл эхлүүлсэн. Төрийн нэгдсэн бодлогоор ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр хүн амынх нь орлого нэмэгдэж, дотоодын зах зээлээ томруулан бэхжүүлсэн байна. Энэ нь аж үйлдвэрийн бусад салбараа хөгжүүлэх үндэс болж улмаар Япон улс дэлхийд тэргүүлэгч болсон.”
 
5. Монголын уламжлалт МАА-н давуу тал нь бэлчээрийн ургамалд байгаа юм. Мал хөөж, сорчилж иддэг ургамлуудыг голчлон анхаарч, манай судлаачдын зүгээс Орос, Буриадын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлон харуулдаг. Энэ давуу талыг ашиглан эдийн засгаа өөд нь татаад авах нь монголчуудын хувьд чимээгүйхэн өнгөрөөж боломгүй заяагдмал боломж
 
“Онгон зэрлэг байгаль дээрээ аргаль, янгир гэх мэт зэрлэг амьтадтай адил өвс ногоо иддэг тул монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ давуу талаа ашиглан өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна”
 
Энэ дашрамд өгүүлэхэд, байгалийн хүнд нөхцөлд онцгой чанарын ургамал ургадаг нь үндэслэлтэй зүйл. Францын Кристиан диорын үндсэн түүхий эд гэгдэх тосыг Сахарын цөлд ургадаг ховор цэцгээс гаргаж авдаг. Хулан, тахь гагцхүү монголын говьд л үржинэ. Германчууд монгол адуу авааччихсан, мюнхений ойролцоо өсгөж, яаж ч оролдоод айраг гаргаж чадахгүй байна. Тэр фермер монгол ажилчидтай юм билээ. Айраг, гадаад улс оронд бүү хэл монголын зарим аймаг, нутагт ч эсэхгүй байх нь бий гэх мэт ийм жишээ үй түмээр нь дурдаж болно.
 
КОНЦЕПЦЫН НИЙГЭМ ЗҮЙН ТАЛ
 
Тал гэх юмгүй, МАА-г тэргүүлэх салбар болгоно гэсэн концепц нь өөрөө нийгмийн асуудлыг бүхэлд нь хөндөж байна. Нийгмийг хөдөлгөх том хөшүүрэг бол “татвар”. Малчдыг татвараас чөлөөлөх арга хоцрогджээ гэдгийг онцлон дурдъя, бид татвар төлөх эрхгүй хүмүүс үү гэсэн асуулт малчин хүний амнаас гарч байсныг санацгааж байгаа. Энэ бол улстөрчдийн сэтгэлгээ хөдөө нутгийн малчин хүний тэмүүллээс ч доогуур түвшинд байгааг харуулсан бодит жишээ. ХАА-н татвар гэсэн эрх зүйн шинэ орчин үүсгэх цаг, шаардлага болон ирж байна.
 
МАЛЫН ТАВААРЛАГ ЧАНАР
 
МАА-д нэмүү өртөг үүсгэх таваарын өргөтгөсөн үйлдвэрлэл босгож, түүнийгээ эрчимжүүлэхгүйгээр энэ бодлого хэрэгжих боломжгүй.
 
“Бэлчээрийн мал аж ахуйтай орчин үеийн фермерийнхээ менежментийг мөн хослуулж хөгжүүлэх нь зүйтэй” гэж З.Энхболд хэлсэн.
 
Энэ том зорилтыг дан ганц эдийн засаг талаас нь харвал бүтэмж муутай. хуучнаар ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэл гэдэг байсан, одоо бол хүний нөөцийн тасралтгүй нөхөн үйлдвэрлэлийг чанартай хийх ёстой. Залгамж халааг алдаж болохгүй, үүний тулд анхаарлын голыг хүн рүүгээ чиглүүлэх ёстой. Энд дан ганц халамжийн бодлого явуулаад, эсвэл тэртэй тэргүй төлдөггүй татвараас нь чөлөөлнө гэж яриад нэмэр болохгүй. Малчин гэдэг ерөнхий нэршлийг халж, МАА-н ажилчин, мэргэжилтэн категорид хамруулж, цалинтай, татвартай, хариуцлагатай хөдөлмөрчид бойжуулан гаргаж ирэх ёстой.
 
НЭМЭРЛЭХ САНАА ОНОО
 
Монголчууд мал маллахаа мэдээж хэнээр ч заалгахгүй, гэхдээ МАА-н бүтээгдэхүүнийг тавааржуулах тал дээр үндэсний болоод гаднын шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны институтүүдтэй нягт хамтран ажиллах ёстой. Надад бодогдож явдаг, хэлчихмээр ганц нэг юм  байна.
 
1.Малаас гарах түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнд нэмэгдүүлсэн өртөг аль болохоор, боломжоор шингэж явах ёстой, тэгж гэмээ нь мал аж ахуй бүхэлдээ таваарлаг болж чадна. Амиа аргацаасан арга, эрчимжсэн технологийн шинэчлэлд гологдоно. Орос, монголын эрдэмтэд мал, малын бэлчээрийн даац, ургамлыг хангалттай судалсан. МАА-г тэлэх биш эрчимжүүлэх шаардлага судалгааны дүгнэлтүүдээс гарсан байдаг. Бүтээмжийг өсгөх чиглэлээр эрчимжүүлэх нэг хэрэг, харин бүтээгдэхүүнийг тавааржуулах эрэл хайгуул хийх нь орчин цагийн хамгийн чухал зорилт ч байж мэднэ.
 
2. МАА-н брэнд бүтээгдэхүүнээр дэлхийд гарах ёстой. Мэдээж ийм боломж байгаа, учир нь манай бэлчээрийн малын мах, сүүний найрлагын шимт бодис бусад улс орнуудаас хавьгүй өндөр байдаг.
 
Итали, Франц зэрэг гоо сайхны бараа үйлдвэрлэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнууд манай адууны махыг их авдаг. Бас Европын өвлийн спортын хамгийн дуртай тэмцээн бол цана, трамплин. Тамирчид дотуураа ноолууран трико өмсдөг, италийн хувцас хүнд, эдэлгээ муутай гэж олимпын мульт медалийн эзэн, дэлхийн дөрвөн удаагийн аварга а.малыш ярьж байхыг сонссон юм.
 
3. Гаднын туршлага, ялангуяа нано өндөр хөгжчихсөн австрали зэрэг орноос бэлэн аваад хэрэгжүүлчихмээр туршлагыг шууд нэвтрүүлмээр байгаа юм. Ганц жишээ хэлье. Австралиас хонь ачиж гарсан хөлөг онгоцон дээр жижиг үйлдвэрлэл явагдаж Япон, Африкийн мaрокко зэрэг оронд хүрэхдээ, бэлэн нано бүтээгдэхүүн, бордоо буулгаад буцдаг гэсэн. Манайх увс, ховдоос сүү ачиж гараад УБ-д савласан сүү буулгадаг, мах ачиж гараад, зуур аймгуудад түүхий эдийн нөхөн бэлтгэлээ хийсээр, үйлдвэрлэсээр УБ, дарханд консерв буулгадаг суурин бус жижиг үйлдвэр TIR ашиглан хийж яагаад болохгүй гэж.
 
4. МАА-н дистрибютoр (distributor), брэнч (branch) жижиг үйлдвэрүүдийг үй олноор нь нээх. Энэ хоёр бол менежментийн нэг чиглэл. Дистрибютор жижиг үйлдвэрүүдийг Орос, Хятад, Япон, Франц, герман гээд манайхаас МАА-н бүтээгдэхүүн импортлох сонирхолтой орнуудад байгуулна гэсэн үг. Гадаадад суугаа иргэдээ энд ашигласан ч болно. Брэнч үйлдвэр гэхээр деталиар төрөлждөг хэлбэр их моод болж байгаа юм байна. Дэлхийн брэндийн хувцас үйлдвэрлэдэг том пүүсийн нэгхэн төрлийн товчийг үхрийн эврээр хийнэ гэдэг ч юм уу. Саяхан Польшийн нэг брэнч жижиг үйлдвэрийн тухай нэвтрүүлэг гарлаа. Францын байлдааны онгоцны ганцхан диодыг хийдэг юм билээ, түүхий эд нь зөвхөн Польшид л байдаг, бас тогмол өндөр орлоготой. Тоёото машины ганцхан деталийг УБ-т хийдэг жижиг үйлдвэрийн эзэн долгормаа гээд залуутай танилцан ярилцаж байсан. ийм брэнч үйлдвэрүүдэд борлуулалтын зах зээл эрэх шаардлага байдаггүй давуу талтай. Мөн эх үйлдвэрээс нь технологийн шинэчлэлийг их шуурхай хийдэг юм. Энэ бол МАА-д хамгийн тохиромжтой менежмент.
Малдаа сүнсгүй хайртай монголчуудад, МАА-гаа өөд нь татна гэхээр америкийн ямар ч гайхамшгуудтай зүйрлэхийн ч аргагүй ойр, дотно, дулаан бүлээн санагдаж байна. Гэхдээ өнөөдөр “үгийг үйлдэл болгох” юунаас ч чухал байна. үйлдэл болгохын тулд юуны өмнө “Эс үйдэл” гэж тийрэнгээс салах, мөн “Эв нэгдэл” гэгчийг бүх шатанд эргүүлэн тогтоомоор байгаа юм. Газраа ухаж жаахан юм гаргаа л их мөнгө бэлнээр ороод ирдэг юм шиг фикус үзэгдэл харагдуулаад байдаг уул уурхайд “хойшоо бай” гэж хэлэх цаг нь болсон. Улстөрчид өө, одоо больцгоох цаг нь болжээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү дээ.
 
 
Социологич, нийтлэлч  И.Цэрэнхүү