Монгол Улс нэг удаа цаазлах ялаас татгалзсанаа дахин сэргээсэн удаатай
 
Одоогоос яг жилийн өмнө дөө, онцгой гэх зарим нөхцөлөөр цаазын ялыг эргүүлэн сэргээх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас эрхлэн олон түмнээр өргөн хэлэлцүүлэг явуулж билээ. Хэлэлцүүлгээр ард олноос ирүүлсэн санал, үзэл бодлыг ЕТГ товчоолон дүгнэлт гаргасан нь эргэлзээгүй. Ерөнхийлөгчийн зүгээс тэр дор нь хуулийн төсөл боловсруулж, УИХ-д мэдүүлснийг тодорхой санаж байна. Харамсалтай нь УИХ ард түмний саналд үндэслэсэн тэр төслийг байнгийн хороогоороо ч авч хэлэлцэлгүй буцаасан. Түүнээс хойш юу болов. Hялх хүүхэд хүчирхийлсэн, эх хүнийг зодож алсан, хүүхэд тамласан, хүүхэд ор сураггүй алга болсон гээд урьд хожид дуулдаж байгаагүй зэрлэг, бүдүүлэг, соёл иргэншил төлөвшүүлж яваа шинэ Монголд багтаж шингэхийн аргагүй цагаандаа гарсан гэмт хэрэг дуу дуугаа авалцан гарлаа, арай дэндлээ. Цагаандаа гарсан алуурчид, садистууд УИХ-ын хамгаалалттай болчихсон юм шиг гаарав. Улсын Ерөнхийлөгч тайван хараад сууж тэвчсэнгүй  болтой, УИХ-ын эмэгтэй гишүүдтэй тусгайлан уулзаж дэмжихийг уриалав. Гэтэл тэд уулзалтнаас гараад л хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэдгээ хатуу хэллээ. Эсрэгцүүлээд харин хууль эрх зүйн алфавит ч байхгүй хэдэн эмэгтэй бүх насаар нь гянданд хорих хуулийн төсөл санаачилна гэж амлав. Ийм тэнэглэл байж болох уу. Бүх насаар нь гянданд хорино гэж юу юм бэ. Тийм ял оноох боломж одоо ч байгаа шүү дээ. Бүх насаар нь гяндан гэдгийг хэдэн нас гэж ойлгоод байна вэ? Дунджаар 2-3 жил л амьд байна, сайн эрчүүд зургаан жил тэсдэг юм гэж архаг хуульч Ц.Нямдорж УИХ-ын индэр дээрээс хэлж  байсан даа. Мөнгөтэй зарим нь өршөөлийн хуульд хамрагдаад л жирийн дэглэмд шилжинэ, энэ бол бодит байдал.
 
Tуршлагатай хуульчид цаазын ялыг сэргээхгүй бол нийгэмд хүчирхийлэл улам газар авах болно гэдгийг хатуу анхааруулсаар байна.
 
Цаазын ялыг эсэргүүцэгчид хэдэн зүйлийг үндэс болгодог юм.
 
Энэрэнгүй ёс, хүний эрхийн тунхаг, олон улсын конвенцид нэгдсэн.
 
Энэ үнэн, гэхдээ 2012 онд нэгдсэн конвенц юм шү үдээ. Түүнээс хойш Европт энэ чиглэлээр маш их өөрчлөлт гарсан. Европын соёл иргэншил бол дэлхийн соёл иргэншил. Тэгэхээр Европт гарч байгаа өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, хууль тогтоомждоо тусгаж явах нь зүйн хэрэг. Европт цагаачид хэдэн саяараа орж ирснээр хүчирхийллийн гэмт хэрэг хэмжээнээс хэтэрч, соёл иргэншлийн хол зөрүүтэй олон хүн нэг цэгт төвлөрөхийн зовлонг бүхэл тивээрээ амсаж, асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бүх аргыг хайж байна. Европын Холбооны конгресс эл асуудлыг тусгайлан хэлэлцээд онцгой нөхцөл гэгчийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, биеэ үнэлэлт рүү уруу татсан хэргийг онцгой нөхцөлд тооцож, тухайн улс орон өөрсдийн үндэсний хуулиар шийдэж байх нь зүйтэй гэж үзсэн.
 
Цаазын ял гэхээр л цаазлаад цаазлаад явчихна гэсэн ойлголтын том зөрүү байна.
 
Цаазын ялын эрх зүйн орчинтой улс орнууд сүүлийн үед ял оноогоод цаазлахаа больчихсон. Цаазгүй цааз, гүйцэтгэлгүй ял гэх энэ аргын ард ганц энэрэнгүй ёс зогсоод байгаа юм биш, янз бүрийн л учир шалтгаан байдаг бололтой юм. Манайх цаазын ялыг дахин сэргээлээ гэхэд ялтанг хортой нөхцөлд ажиллуулж болно. Бас эмнэлэгт хагалгааны туршилтын объект болгож, шинэ эмийн туршилт хийж болно. Гүйцэтгэлгүй цаазтай орнуудаас туршлага авах ёстой л доо. Ямартай ч цаазын ялыг дахин сэргээхээс өөр гарц байхгүй боллоо.
Аливаа хуулийг ёс суртахууны хэм хэмжээ дагалдаж явдаг. Хуулийн дээд хэмжээ гэсэн заалт  Үндсэн хуулиараа үйлчилж байхад л алуурчдын сэтгэлгээнд чангаар нөлөөлөх жишээтэй л юм.
Одоогоос жилийн өмнө цаазын ялыг сэргээх нь зүйтэй гэдэг дээр санаа нэгдэж нийтлэл тэрлэж байснаа цаг үеийн шаардлагаар дахин толилуулж байна, болгоон соёрхоно уу!
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд ялын дээд хэмжээ болох цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. 
 
Тийм учраас Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. За ингээд нэг ээлжит талцал эхлэв.
Энэрэнгүй хүн болж харагдах ч гэсэн үү, эсвэл өөрөө согтуу галзуудаа тийм хэрэг хийчих магадлалтай ч санагдсан уу эс бөгөөс зүгээр л ямар нэг юмыг эсэргүүцэхгүй л бол ер болж өгдөггүй, ийм шуугианд заавал сөрж олны анхааралд өртөх хүсэлтнүүд ч юм уу бүү мэд, юутай ч хоёр тал болдгоороо болоод ширүүн хэрэлдэж эхэллээ.
Ерөнхийлөгч сайтаараа дамжуулан ард олны саналыг сарын хугацаанд аваад дараа нь УИХ-д өргөн барих боловч хууль зүйн яамны дэд сайдын гаргаж буй үндэслэлээр бол дэмжигдэхгүй нь шиг байна.
 
Ер нь ч тэгээд шинэ Ерөнхийлөгчийн тавьсан бүх хоригийг батлаагүй шиг ард олны хүсэлтийг хууль болгоод УИХ-д өргөн барих ч батлагдахгүй байх өндөр нигууртай. Социологич иш Цэрэн нүүр номондоо бичсэн “хуулийн төслийг олон нийтийн сүлжээгээр, олон түмнээр хэлэлцүүлж байгаа нь ард түмнээ сонсох эрмэлзэл, нөгөө талаас ард түмний төр түшилцэх талаар алдагдсан эрхийг сэргээх, энтуизиазм бий болгох гэсэн чармайлт гэж талархалтайгаар хүлээн авч байна” гэсэн өнцгөөр бол ард түмний төр түшилцэх эрхийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүд чухам хэний талд энэрэнгүй байгааг харах бас нэг шинэ шалгуур юм.
Цаазын ялтай асан хуучин эрүүгийн хуулийн үед дээд хэмжээ буюу цаазын ялыг долоон зүйл ангид хэрэглэдэг байсан боловч тэдний олонх нь Ерөнхийлөгчийн өршөөлөөр амь хэлтэрдэг байснаас үүдэлтэй “цаасан буу” гэх ойлголт хуульчид болон хэрэгтнүүдийн дунд байлаа. Мөн хэргээ яллагдагч этгээд өөрөө хүлээхгүй байхад тулгаж таслан шийтгэсэн тохиолдолд цаазын ялыг хэрэглэхийг хуулиар хорьсон байсан юм.
 
Эсэргүүцээд байгаа хүмүүсийн гол өнцөг бол гэмгүй хүнийг хилсээр цаазалчихвал яах билээ гэсэн асуудал зонхилох боловч яг ямар хилс хэргээр хэн гэдэг хүн хэдэн онд гүйцэтгүүлсэн тухай баримт ярих нь огт үгүй.
 
Харин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, яруу найрагч, зохиолч, ахмад  дипломат Батун Жамсрангийн Гэндэндарам өөрийн нүүр номд доорх зүйлийг бичсэн байхыг товчлон сийрүүлбэл; 
 
“1954 онд юм даа. Ганц хонины маргаанаас болж нэг айлын хоёр сар, хоёр настай хоёр охины  тархийг нь бяц дэвсэн алж, 10, 12 настай хоёр охины толгойг нь хага мөргөлдүүлэн егүүтгэж, 16- тай хүүгийнх нь хоолойг нь боон, аав ээж хоёрыг нь олон дахин буудан хөнөөж долоон хүнийг нохойтой нь хамт нэг дор алсан тийм аймшигт хэрцгий хэрэг тэр үеийн Завхан аймгийн улаагчин сумд гарч билээ.
 
Тэр хэргийг үйлдсэн этгээд цаазаар авах ял үгүй юм чинь энэ муусайныг бүгдийг алж хаяад хуулийн дээд хэмжээ болох 25 жил шоронд суугаад тавь хүрээгүй гарч ирэхэд түүнээс цааш сайхан амьдрах хугацаа зөндөө байна гэж мунхаглан бодсон нь шүүх хурал гадаа болж байх үед тэрбээр газраас чулуу аван өвдөг дээрээ тавин ийш тийш нь няслан харваж инээмсэглэн малилзаж, ер тоосон шинжгүй “Чи тэр хоёр охины толгойг няц дэвсч алсан гэл үү” гэж асуухад “тийм, тэгсэн. Ингэж дэвссэн” гээд газар дэвслэн инээж байж билээ.
Шүүх хурал тогтоол уншихын өмнө түр завсарлах хооронд Монгол Улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн цаазлах ялыг дахин сэргээж “хүний амийг санаатайгаар хэрцгийлэн хөнөөсөн этгээдэд цаазлах ял оноож байсугай” гэдэг хуулийг уншин танилцуулахад сайх гэмт  этгээд “өө ингэх байсан юм уу” гэж нэг дуу алдаад өнөө инээж малилзаж байсан ч хаа байх вэ тэр дороо шал бууж бараг үхсэн юм шиг таг болж байсныг би харж сууж билээ.
Тийм л харгис хэрцгий явдлаас болж Монголд нэг удаа цаазлах ялаас татгалзсанаа дахин сэргээсэн болно” гэсэн бичвэр байлаа.
 
“Хууль бол ёс суртахууны доод хязгаар юм”
 
Ийм нэгэн дорно дахины үг байдаг. Тэгэхээр “энэрэнгүй” зарчмыг барьж буй идэвхтэн бичигчид нялх хүүхэд хүчирхийлж тарчлаан алсан хүн дүрст араатныг энэрэн хайрлаж насаар нь тэжээх тухай ярьж, хөнөөхийг эсэргүүцээд байгаа нь өөрөө маш парадокс харагдана.
Монголын төрийн хууль зүйн бодлогыг тодорхойлдог ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр Цаазын ялыг сэргээх боломжгүй тухай хийсэн тайлбартаа;
“Манай улсын хамгийн чанга ялтай таван гэмт хэргийн нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх хэрэг. Энэ хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноодог. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд, амьд гарч ирсэн хүн байдаггүй. Нэг үгээр хэлбэл бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдийг амьдын тамд “унагаж”, байж болох хамгийн хатуу цээрлэлийг оноодог ” хэмээн хэлж байх юм. Тэгэхээр бүр ч хачин “энэрэнгүй” бодлоготой болсон улс ажээ.
Мөн хуульч О.Алтангэрэл “хуульчийн хувьд миний бие хэлэлцүүлэгт дараах саналыг нэмэрлэж байна” гээд “дэлхийн олон оронд (Аргентин, Австрали, Солонгос, Польш г.м) хүчирхийлэгчдийн эсрэг хэрэглэж буй, XXI зууны трэнд гэж хэлж болохоор “хөнгөлөх” (castration penalty) ялыг Монгол улс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулан хорих ялтай хослуулан хэрэглэх боломжтой.
Мэс заслын, эсвэл химийн аргаар хөнгөлүүлсэн этгээд бэлгийн ямар ч чадваргүй болохын зэрэгцээ ааш авир, зан байдлын хувьд ч ихээхэн өөрчлөлт ордог нь нотлогдсон. Олон жилийн хорих ялтай хослуулан хэрэглэхэд гэмт этгээдэд маш хатуу цээрлэл болно.
Зөвхөн цаазын ялыг эсэргүүцэж байна гээд олон нийтийн дунд маш хүчтэй яригдаж байгаа, жигшил зэвүүцлийг нь дээд цэгт нь төрүүлж байгаа бага насны хүүхдийг хүчирхийлэн алсан балмад асуудлыг үл тоон орхивол, сөрөг хүчнээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч санаачилсан болохоор элдвээр гутааж байгаад унагах ёстой гэж хандвал, Монгол төр, хууль цаазад итгэх иргэдийн итгэл улам л суларна…хэмээн бичсэн үзэгдэнэ.
Энэ нийтлэлд олон хүний санаа бодлыг оруулж буй тул энэ сэдвээр хамтран бичихээр нүүр номоор тохиролцсон иш Цэрэнгийн бичсэн зүйлийг доош үргэлжлүүлье.
Хамтран бичигч маань бага насны хүүхдийг хүчиндэж амийг нь хөнөөсөн хэрэг дээр хуулийн дээд хэмжээ сонсгож байхын чухлыг тайлбарлачихлаа.
Үндсэн хуулийн уг заалтыг сэргээхэд болгоомжлол байгаа тухай үнэн, худал юм бичээд байгаа албан тушаалтнуудын тайлбарт бас хариулт өгөх нь чухал гэж бодлоо.
Намчирхал, улстөржилтөөс бүрэн ангид байх ёстой “авлига”, “цаазын ял” гэсэн хоёр асуудалд дөрөөлөн улс орон даяар шуугилдаж, улс төрийн хонжоо хайгчид нь өөрөө тод харагдах өвчин нь хавраар сэдэрдгээрээ сэдэрч амаа билүүдэн орцгоолоо.
Нийтлэл бичиж суух яг энэ агшинд дахиад л дөрвөн настай хүүхэд хүчиндүүлсэн мэдээ сонсоод дотор улам бачуурав. Бас есөн настай хүүхэд хойд эцэг санаатай нэг муу мунхагт хүчиндүүлчихэж. Нийгэм бүхэлдээ бухимдаж, уурсаж байна.
Энэ санаачилгын үндсэн концепц юу байв. Концепц уг нь маш тодорхой юм билээ
Одоо хүчин төгөлдөр буй үндсэн хуулиар заачихсан ялын дээд хэмжээг хэрэглэхгүй болсноо тунхагласан долоон заалтаас ганцханыг нь сэргээе, бага насны хүүхэд хүчиндэж амийг нь бүрэлгэсэн нөхцөлд хуулийн дээд хэмжээ сонсгож байя л гэсэн санал.
 
Ялын дээд хэмжээ авна шүү дээ гэсэн бодол хүчирхийлэгчийн толгойд эрхбиш сууна
 
Ард түмэн дэмжиж байгаа гэж жигтэйхэн. Яахав зарим хүн цаазын ял сэргээснээр хүчирхийлэл багасах гэдэг дээр эргэлзэж байх шиг байна. Хуулийн дээд хэмжээ сонсгох нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр буудаад, буудаад явчихна гэсэн үг биш юм л даа, уг нь. Эрх зүйн орчин үүсгэх л тухай асуудал. Цаазын ялтай, түүнийгээ мэдээж зэрлэг харгис, онц ноцтойгоор үйлдсэн цөөн хүнд гүйцэтгэдэг олонход бол гүйцэтгэдэггүй хандлага зонхилчихоод байгааг харгалзах нь зөв юм.
Дэлхий дээр цаазын ялтай 58 улс байдгаас 22 нь ялын гүйцэтгэлээс татгалзчихаад байгаа. Үлдсэн 36 улс оронд жилдээ 2300 орчим ялтан цаазлуулж буйн дотор хятадад 1600, иранд 600 гаруй хүн цаазлагдаж байна. Цаазын ялтай хоригдлуудыг ОХУ-д тухайлбал, радио идэвхит бодисын гүний малталтад дөнгөтэй нь мөлхүүлдэг байна.
Энэтхэг ч цаазын ялтай. Шэхдээ хятад шиг олон хүнтэй ч ялыг нь бараг гүйцэтгэдэггүй юм байна. Цаазын ялтай хоригдлууд гяндан, яс цоожинд эрхэлж, овгордож суудаг үе өнгөрсөн байна. Энгийн хүн гүйцэтгэхэд арай л ахадсан хэцүү ажил аль ч улс оронд олддог л юм байна. Радио идэвхит бодисын гүний уурхайд мөлхсөн хамгийн чанга эр л гэхэд зургаан жилээс хэтэрдэггүй бололтой. Хүүхэд хүчинддэг мунагууд бол хариугүй сүгнүүд байдаг юм билээ, зургаан жил тэвчих нь юу л бол.
Ерөнхийлөгчийн саналд хуулийн дээд хэмжээ гэсэн 
Үндсэн хуулийн заалтын дор бага настай хүүхэд хүчирхийлсэн хэрэгт ялыг чангатгах концепц  байгаа нь илт ойлгомжтой байна. Мөнгөөр, эрх мэдэлтнүүдийн лүндэнгээр насаараа нь хорих  ялаас ч зувчуулан завшиж мултардаг арга бий гэсэн хардлага ч энд нөлөөлсөн биз ээ.
 
Ялын дээд хэмжээг тунхагласнаар Европын Холбооны хүний эрхийн конвенц зөрчигдөх үү
 
Хүний эрхийн түгээмэл тунхаг бичиг гараад 70 жил боллоо. Тэнд цаазын ялыг хориглосон заалт үнэхээр байхгүй. Хүний эрхийн талаар НҮБ-ын АЗ-өөс гаргасан 217 дугаар тунхаг гэж бий, тэнд ч байхгүй. Хүний амьд явах эрхийн тунхагт харин ...амьдралыг санаатайгаар таслах ёсгүй...гэсэн ганц заалт байна. Тийм учраас л улс орнууд цаазын ял оноогоод, түүнийгээ гүйцэтгэхгүй хандлагатай ч маш хатуу цээрлүүлэх логиктой болжээ.
 
“Цаазын ялыг сэргээх шийдвэр гарсан тэр даруйд Европын холбоо Монголоос зайгаа барина” гэж зарим нь хэлж байна. Ммаа мэдэж ярих ёстой л доо.
 
Европт цаазын ял хэрэгжүүлдэг нэжгээд улс бий. тэдний нэг нь беларусь. Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Европын холбоонд хандан нялх хүүхдийг хүчиндэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг биеэ үнэлэлтэд татан оруулах гэмт хэргийн талаарх асуудлаар хуулиа чангатгах тухай удаа дараа хүчтэй шаардлага тавьсан байдаг юм.
Европын холбоо эцэст нь энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж, 44 дүгээр тунхаг гэдгээ гаргасан.  Тэнд “...насанд хүрээгүй хүүхдийг биеэ үнэлэлт рүү уруу татaх, хүчиндэхээс урьдчилан сэргийлэх үүргийг төр хариуцах ёстой” гэж заасан байдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргийг аливаа улсын төр өөрөө шийдэж байх нөхцөлийг ийн олгожээ.
Хуулийн дээд хэмжээг сэргээснээр хүчиндэлт буурах уу гэсэн асуулт байдаг юм. Ямартай ч дээд хэмжээ авна шүү дээ гэсэн бодол хүчирхийлэгчийн толгойд эрхбиш суух магадлал өндөр гэдгийг л сануулъя. “Дээд хэмжээ авсан гэнэ лээ” гэдэг яриа ямар хүчтэй сонсогддогийг хамгийн сайн мэдэх ард түмэн бол монголчууд билээ.
Төрийн эрхэмсэг чанар дээшилж, "бид чинь төртэй, төр нь шаардлагатай үед төмөр нүүрээ харуулдаг улс шүү дээ” гэсэн сэтгэлгээ нийгэмд дахин орж ирэх нь нэн чухал хэмээн иш Цэрэн бичжээ.
Эцэст хэлэхэд бид хэнд энэрэнгүй хандах гээд буйгаа нэг эргэцүүлж бодох хэрэгтэй гэсэн бодлоор үүнийг бичсэн бөгөөд нийтээр санал асууж буй энэ үед үзэл бодлоо хэлсэн нь энэ болой. Үнэхээр бид ирээдүй болсон үр хүүхдээ зэрлэг балмадуудын саварт алдсаар буй тул “энэрэнгүйн гүн ухаан”-ны тухай тогтож бодмоор асуудалд тулж ирлээ.
 
 
Социологич И.Цэрэнхүү, сэтгүүлч Д.Төрмөнх