Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ерөнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдэн сар сунжруулан хэлэлцсээр УИХ 100 хувийн саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа. Гэвч уг хуулийн агуулга нь мэргэжлийн хувьд дэндүү сул дорой, чанаргүй, гишүүдийн санал бодлыг түүвэрлэн нааж хавчуулсан... Ерөнхийдөө улс төрийн намын тѳлѳвлѳгѳѳ шиг юм болсон. Сүүлдээ ч бүр элдвийн шахалт дарамтад орж, эргэж буцсаар алийгаа алдан чулууч ны нөхөөстэй тэрлэг мэт боллоо. Гэхдээ энэ удаа агуулгыг нь орхиод, харин уг хуулийг мѳрдсѳнѳѳр цаашид учирч мэдэх хүндрэл, эрсдэл, ялангуяа араасаа хор уршиг дагуулж ч болох алдаа гарсныг тэмдэглэе. Гарц ч хайя. Улс орнууд Үндсэн хуулиа ѳѳрчлѳхдѳѳ хуульчдаас аль болох зай барьдаг. Харин нийгэм зүйчид судлаачдын хүчтэй багт даатгадаг уламжлалтай аж. Энэ нь аргагүй. Судлаачид энэ практикийг эрх баригчдад янз бүрээр сануулаад барсангүй. Үзэгдэл учир шалтгааны холбоосыг хуучин хоцрогдсон диаликтик аргыг хэрэглэн гаргаж ѳнгѳрсѳн догматик зогсонги баримтлалуудаар чихэн дүүр гэлээ. Ѳнгѳрсѳн алдаагаа гишүүн бүр сайрхан ярьж, түүнийг засна гэсэн хийрхлээр хандлаа. Гэтэл учир шалтгааны холбоосыг ѳнгѳрснѳѳс биш ѳнѳѳдрѳѳс судлан шинжилж гаргаж ирээд ирээдүй рүү харж байгаад оновчтой шийдэл гаргадаг каузель (causal) хэмээх аргыг дэлхий дахинаа хэрэглэх болсныг хэлээд нэмэр болсонгүй. Яг ѳнѳѳгийн Монгол орны нөхцөл байдал дээр санаа дэвшүүлж хэлээд ч тоосонгүй, ойлгосонгүй. Нүдүүрийн капитализм (turbo-capitalism) гэгч нь манайд бодитой бий болчихоод байна шүү дээ гэж ухуулаад ч нэмэр болсонгүй. Уг нь яг бий болсон өнөөгийн бодит байдлыг анзаарсан бол тун хэрэгтэй байлаа. Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу.
 
 
Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. Үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм.
 
 
Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ түвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. Одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа хаагдана. Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ.
 
Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай.
 
Одоо бол нийгэм эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй. Уг дүгнэлтээр хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөн.
 
ҮХНѲ-ИЙГ НЭГЭНТ БАТАЛЛАА, ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ
 
Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмнээр хэлэлцүүлээгүй. Хэлэлцүүлсэн гэдэг ч тэр нь худлаа. Нийт ард түмний санал асуулга ч явуулаагүй. Уг нь засаглалын тогтолцоог асуучих хэрэгтэй байсан. Одоо ард түмэн хүлээгээд авчихна гэдэг юу л бол. Ер нь бол 49 хулгайчтай, ёс суртахууны байж болох л хамгийн доор түвшинд унасан ийм муу парламентаар Үндсэн хуулиа оролдуулахгүй гэсэн бодолтой байсан нь үнэмлэхүй олонх шүү дээ.
 
Үндсэн хууль бол угтаа хууль биш конституц буюу Зѳвшилцлийн гэрээ. Манайхан буруу орчуулсан байдаг юм. Гэхдээ ордны хуйвалдаан маягийн зѳвшилцѳл огт биш.
 
Харин ард түмэнтэй хийх зѳвшилцѳл. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Үндсэн хуулийг ард түмэн шүтэн дагаж мѳрдѳх учиртай болохоор буруу хийгдсэн хуулийг даган мѳрдүүлэхэд тун хэцүү. Алхам тутамд хүндрэл гарах байх, дахин ѳѳрчлѳх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.Гарах гарц юу вэ, гэхээр Засгийн газрыг бүрэн бүрэл дэхүүнээр нь Ерѳнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм. Канцлерийн засаглал руу жаахан ойртсон суурь ѳѳрчлѳлт гэж хэлж болох ганц гялтайх зүйл нь энэ болно. Ѳѳрѳѳр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий.
 
Социологич И.Цэрэнхүү