Дэлхийн ѳнѳѳгийн байдал тийм ч сайнгүй, нэн түгшүүртэй байна. Эдийн засгийн хямрал цаашид даамжирч лавтаяа дахиад 5 жил үргэлжлэх улс тѳрийн конъюнктур (хѳдлѳшгүй байдал) үүсчихлээ гэж мэргэжилтнүүд прогнозлох болов. Энд, тэндгүй дайн дажинтай, баян европ гэхэд л дүрвэгсдийг багтаах ч орон зайгүй болж, хажуугаар нь дэлхийн том гүрнүүд харилцан эмбарго болон улс тѳрийн хориг тавьснаар зах зээл эрс хумигдан, улс хоорондын гадаад худалдаа, бараа эргэлтэд муугаар нѳлѳѳлж байна. Ялангуяа олборлолтын бүтээгдхүүний үнэ тасралтгүй унаж байгаа нь манайх шиг уул уурхайгаас хараат болж яваа эдийн засагтай улс орны хувьд бол үнэндээ үхлийн цохилт ( knock-down) орж ирж байнаа гэсэн үг. Дэлхийн их 7-гийн эдийн засаг бүхэлдээ ялимгүй хумигдахад л дэлхийгээрээ асуудалд орчихож байна, энэ бүхэн ээлжит айлгалт биш зүгээр л нүүрлээд байгаа бодит байдал.
 
Хямралаас эрсдэл багатай гарахын тулд улсууд дор бүрнээ л хичээж, бодлого хийцгээж байна, голдуу дэлхийчлэлээс татгалзсан мѳчлѳгийн салангид бодлого руу орцгоов болтой. Манайх шиг үндсэн хуулиа, тогтолцоогоо ѳѳрчилнѳ гээд маргалдаад хэрэлдээд, цаг алдаад суугаад байдаггүй юм байна. Тогтолцоогоо биш удирдлагын механизмаа ѳѳрчлѳх замаар хямралыг цаг хожин гэтлэх аргаа хайцгааж байна. Тогтолцоог ѳѳрчлѳх нь цаг шаардсан стратеги, механизм ѳѳрчлѳх нь цаг хожсон тактик, арга ухаан. Парламент уу, эсвэл ерѳнхийлэгчийн засаглал уу гэдэг нь л тогтолцоо, бусад нь тогтолцоо гэхээсээ ерѳнхийдээ засаглалын механизм гэсэн концепциор явах нь зүйтэй юм шиг байна. Бүх алдааг тогтолцоо руу чихэх нь хүний үйл ажиллагаатай холбоотой алдааг ѳѳгшүүлж, гол зүйлийг анхаарлаас хѳндийрүүлчих муу үр дагавартай байж мэднэ.
 
Механизмаа шинэчилж тогтооход мэдээж тодорхой нэгдсэн бодлого байх шаардлагатай, энэ нь манай улсын хувьд бол тов тодорхой харагдаж байгаа зүйл. 
Доош унаж яваа эдийн засагт хѳгжлийн бодлого  тун таарамж муутай, регрессээс шууд прогресс руу шилжин орох боломж, нѳѳц, хүрэлцэхүйц мѳнгѳн капиталийн хуримтлал байхгүй. Иймээс хѳгжил гэхээсээ илүү эхний үед регрессийг буюу уналтыг зогсоон барих бодлого байх нь логик талаасаа ойлгомжтой юм. 
 
Удирдлагын, чухам дээрээ бол засаглалын  механизмд ѳѳрчлѳлт хийхийн тулд эхлээд эдийн засгийн байдлыг биш нийгмийн байдлыг тандаж ойлгох нь илүү оновчтой байж мэднэ. Тэгээд ч анхнаасаа л хүний санаа зоргоос ангид үйлчилдэг эдийн засгийн гол гол хуулиудыг сѳрѳѳд, гажаад явчихсан эдийн засгийг голдиролд нь оруулахаас эхлэнэ гэдэг тун ярвигтай, урт удаан хугацаа шаардагдах зүйл. Эхлээд нийгэмдээ, олон түмэндээ, хүндээ ойртож түүнд түшиглэж хүнд байдлаас гарах арга л эцсийн найдвар болон үлдсэн. Энэ бол оптимал гарц.
 
Монголчууд ѳнѳѳдѳр хэлбэр дээрээ намаар талцаад хэрэлдээд байгаа юм шиг харагдавч үнэн хэрэг дээрээ бол баялгийн дийлэнхийг атгачихсан цѳѳнх, тэдний чиргүүлүүд нѳгѳѳ талдаа чинээлэг бус, ядуучуудын олонхи гэсэн хуваагдалтай дифференс ( хѳрѳнгийн хэт ялгаварт байдал) үүсчихээд хоорондын зѳрчил нь бүх шатны харилцаагаар дамжин ил гарч ирээд байна. Парламент нь болохоор, олигарх бүрдэлтэй голлох намуудын барьцаанд орчихоод, тѳрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг олон түмний ѳмнѳ муухай харагдуулаад байна. 
Сүүлийн 25 жилийн алдаанаас болж нийгмийн дундаж давхаргаа алдсан, одоо намуудын гегемон (жанжлал)-аас үүдэн масс хяналтнаас гарч хэв хэмжээгүй чѳлѳѳт байдалд хүрэх аюулд тулсан байна. Энэ бол монголын нийгмийн ѳнѳѳгийн байдал, конъюнктур. Энэ нь аюултай феномен (олон түмнийг алмайруулсан шинэ үзэгдэл) үүссэн гэсэн үг, нийгмийн бухимдлаас анархизм руу, фонатик ( яахаас ч буцахгүй) байдал руу ганц цочмог алхам хийхэд л шилжчих босгонд туллаа гэсэн дохио. Энийг би урьд нь дарьтай торх гэж нэрлэж байсан. 
Энэ бүхнээс үүдээд, чанарын ѳѳрчлѳлтийг тѳрийн тогтолцооноос биш эсрэгээр, нийгмийн суурь харилцааг ѳѳрчлѳх, зохицуулах механизмаас эхлэх нь зүйтэй юм болуу гэсэн санаа тѳрж байна.
 
Юуны ѳмнѳ тов тодорхой концепцитой байх хэрэгтэй байна. Дэлхийн улс гүрнүүд хѳгжил, соёл иргэншлээрээ 3 чиг баримжаагаар хуваагдаж байгаа, хэн бүхний мэддэг зүйл. 
Эдийн засгаа хүчирхэгжүүлж дэлхийд нѳлѳѳгѳѳ чангатгах зорилготой 20 орчим гүрний бүлэглэл манлайлан оршиж байгаа. Тэд үйлдвэрлэгч гүрнүүд, ёстой л нэгд, эдийн засаг хоёрт, эдийн засаг гуравт, эдийн засаг гэсэн бодлогыг барьж, эдийн засгийн тэлэлтээр ард түмнийхээ нийгмийн асуудлыг шийдэж явдаг ѳндѳр хѳгжилтэй орнууд. Тэдний хооронд эдийн засгийн хүчин чадлаар, чадвал би ядаж л бид гэсэн байнгийн ширүүн ѳрсѳлдѳѳн явагдаж түүндээ тив алгассан улс тѳрийн том том эвсэл, бүлэглэлүүдийг ашиглаж, зарим нь хожиж нѳгѳѳ нь унаж байдаг. Тухайлвал Америк Оросыг ганцаардуулахын тулд занар олборлолтоор нефть, шатдаг хийн үнийг 3 дахин унагалаа гэнгүүт Орос нь маш түргэн маневр хийж тэргүүлэх салбарын механизмаа ѳѳрчлѳн байлдааны онгоц бѳѳнѳѳр үйлдвэрлэн, ойрхи дорнотын орнуудад нийлүүлж хэдэн млрдын ашиг олчих жишээтэй. Франц цѳмийн хѳдѳлгүүрт далайн хѳлѳг онгоц нийлүүлэхээ зогсоолоо гэнгүүт баярлалаа гэж хэлээд ѳѳрсдѳѳ үйлдвэрлээд хэдэн зуун мянган хүнийг ажилтай болгочих г.м. Ингэхийн тулд тогтолцоогоо ѳѳрчилсѳн юм байхгүй. Европоос Орост эмбарго тавилаа гэнгүүт дотоодын газар тариалан, хүнсний үйлдвэрлэлээ 10 дахин ѳсгѳж харин ч хожиж байх жишээтэй. Ингэхийн тулд үндсэн хуулиндаа огтхон ч гар хүрээгүй. Ашигт малтмал, олборлолтын бүтээгдэхүүний үнэ унангуут Хятад түүнийг дагаад хэд хэдэн орнууд үндэсний валютийн ханшаа унагачих жишээтэй. Иймэрхүү мѳчлѳгийн бодлого хийхийн тулд тѳрийн тогтолцоогоо ѳѳрчлѳѳгүй. Манайх болохоор дэлхийн хүчирхэг гүрэн биш мѳртлѳѳ тэдний бодлогыг хуулбарлан дууриаж хѳлд нь үрэгдчих гээд, ѳѳрѳѳ санаачилгаараа хѳлѳѳ хѳлдѳѳчихѳѳд тогтолцооноос боллоо гээд гүрийгээд байх шиг санагддаг. Газар дороо их баялагтай байгаа нь их гүрэн, их гүрний бодлогыг хуулбарлах, эвслүүдэд шуугиж ороо л элсээд байх ёстой гэсэн үг огтхон ч биш. Томоохон цэрэг улс тѳрийн эвслийн гишүүн болох нь яг үнэндээ бол эргэж орж ирдэггүй, үргүй зардал, эрсдэл. 
Бодлого хѳрсѳнд буухгүй бол хѳгжил ирэхгүй. Хѳгжил аяндаа ирэхгүй, том гүрнүүд бидэнд хѳгжил бэлэглэхгүй, бид ѳѳрсдѳѳ л мачийж хѳдѳлмѳрлѳж гэмээ нь хѳгжлийн замаа олно гэсэн санаа.
 
Дараагийн хэсэг бүлэг орнууд болохоор дэлхийн эдийн засгийн ѳрсѳлдѳѳнд оролцохгүй, эдийн засгаа хүчирхэгжүүлэх бодлого барихгүй иргэддээ амьдралын таатай орчин бүрдүүлэх концепцийг л ягштал баримтлан, эдийн засгаа солонгоруулан тайван замаар хѳгжиж байна. Тийм орнууд эдийн засгийн хямралд ѳртѳх нь гайгүй байдаг болтой. Норвеги, Швед, Люксембург, Дани, Австри, Лихтенштайн, Польш, Унгар...олон орны жишээнээс энийг тандаж болно. Тэдэнд эдийн засгаар ѳрсѳлдѳѳд байх сонирхол, шаардлага ч байхгүй, ард түмнээ эрхэлсэн ажилтай, хүнээ тайван, эрүүл, чинээлэг амьдруулах л бодлого барьдаг болохоор нь иргэний нийгмийн хѳгжлийн чиг баримжаатай улсууд гэж нэрлэдэг болтой. Эдийн засгаа хѳгжүүлэхгүйгээр тавлаг орчин бүтээх арга байхгүй гэцгээдэг. Гэтэл хүмүүсийн хѳдѳлмѳрлѳх орчин нѳхцлийг л бүх талаар нь хангаад, орчны нь ѳѳрчлѳѳд байхад макро эдийн засгийн ѳсѳлтѳѳр хѳѳцѳлдѳѳд байх шаардлаггүй л байдаг юм байна, энд л хамаг учир нь байгаа юм билээ. Олигахиудаас царай алдадгүй, банкнаас зээл авдаггүй мѳртѳѳ шударгаар, мѳрѳѳрѳѳ ажлаа хийцгээгээ л хир таарсан дундаж хэмжээнд хэнээс ч дутахгүй, зовлон багатай амьдраад байдаг айл байдаг даа, за тиймэрхүү л юм.
 
Манайх шиг, шударгаар хѳдѳлмѳрлѳсѳн нь хохирдог овсгоотой нэг нь хождог юм тэнд үнэхээр байхгүй. Нийгмийн баялгийн шударга хуваарилалт нь үй түмэн стандартаар эрх зүйн орчин үүсгэн зохицуулагдчихсан байдаг. Хѳдѳлмѳрийн хууль нь хүртэл тунхаг ( manifesto), хѳдѳлмѳрийг дээдлэн алдаршуулсан, хѳдѳлмѳр эрхлэж байгаа нь ажилгүйгээсээ давуу эрхтэй байхыг тунхагласан байдаг юм билээ. Тохиолдлын хѳдѳлмѳр, далд орлогыг дээд зэргээр хумидаг, хүн бүхэн албан ёсоор хѳдѳлмѳрлѳдѳг тогтолцоо бий болчихсон. Эдгээр орнуудын хѳдѳлмѳрийн хѳлсний доод хязгаар дунджаар 2000 евро байдаг. Хѳдѳлмѳрийн үр шимээсээ татвар тѳлѳх нь дарамт биш, хүний эрх, нэр хүнд, алдрын хэрэг ( dignity) байдаг юм байна. Гар дээр нь маш их мѳнгѳ олгоно, татвар нь дагаад маш их ѳндѳр ногдоно. Ингэснээр мѳнгѳний эргэлт хурдасч улс баяждаг байна. Тиймээс ч улсын тѳсѳв нь хүртэл цоорхойгүй, тогвортой байдаг болтой. Манайх, нийгмийн ийм ѳндѳр ухамсарт хүрэх бол хүмүүсийн ярьдгаар үнэндээ хол л байх, гэхдээ л хэзээ нэгэн цагт, хэн нэгэн нь эхлэх л ёстой юм байгаа биз дээ. Аль болохоор эрт л эхэлвэл тѳдий чинээ сайн байж л таарна.
Хѳгжлийн ийм концепци л манайд ойртох юм шиг байна, мэдээж хангалттай мѳнгѳн капитал хуримтлуулах, үндэсний онцлогоо харгалзах, ухамсраа бэлтгэх, урьдчилан шийдэх юмнууд зѳндѳѳ л гарна,  гэхдээ хүндрэлээс гарах ѳѳр концепци харагдахгүй байгааг бодолцох ёстой л доо. Ажил хийхгүйгээр хүнд байдлаас гарахгүй, хѳгжихгүй, ѳѳр гарц байхгүй гэсэн үг. Ажлын фронтыг хумих биш ѳргѳсгѳж мѳнгѳний эргэлтээ түргэсгэн хямралаас гарнаа л гэсэн санаа.
 
Хѳрѳнгѳ оруулалт их шаардахааргүй, шууд аваад хэргэлчихмээр, хѳдѳлмѳрт чиглэсэн ойрын зайн бодлого, механизм ч зѳндѳѳ л байх юм. Жишээ нь, тэтгэвэр, даатгал, цалин, үл хѳдлѳх ѳмч хѳрѳнгѳ...гээд иргэний асуудал хариуцсан тѳрийн байгууллагууд хагас бүтэн сайнд ажиллаад аль нэг гаригт амардаг туршлага байна. Энэ бол баялаг бүтээгчдэд хѳдѳлмѳрлѳх цагийн боломж нѳхцлийг илүү олгож байгаа бодлого. Иргэдэд хандсан, хѳдѳлмѳрлѳх нѳхцлийг нь дээдэлсэн ѳѳр ч маш олон зүйлээс үлгэр авч болно, их гүрнүүдийг дуурайж гүйснээс л хамаагүй дээр байх болно. 
УИХ-д ѳргѳн барьсан хѳдѳлмѳрийн шинэ хуулийн тѳслийг судаллаа, тодорхой концепцигүй, хѳдѳлмѳр хийж байгаа хүмүүсийхээ эсрэг хандсан аястай, улаан түүхий ийм тѳслийг Засгийн газар буцаагаад татчихсан нь дээр юм шиг санагдсан шүү. Энэ тал дээр, хѳдѳлмѳрѳѳр платформ хийсэн улс тѳрийн хүчнүүд үндэслэлтэй, чангахан дуугарах ёстой байх. Хѳдѳлмѳрийн шинэ хуулийг ард түмний санал авахгүйгээр гаргах зам байхгүй л дээ.
 
Босоо, хэвтээ тэнхлэгийн огтолцол бол тѳрийн удирдлагын маш чухал механизм юм. Монгол улс босоо тэнхлэгийн удирдлага дангаар хѳгжсѳн хэвтээ тэнхлэгийн удирдлагын механизм тѳдийлэн хѳгжѳѳгүй улс орон. Энэ нь нийгмийн суурь харилцааг тѳлѳвшүүлэх арга зам мухардмал байнаа л гэсэнтэй адил. Хямралаас гарахад хэвтээ тэнхлэгийн удирдлага ус агаар шиг чухал болох нь манайтай ойролцоо улс орнуудын туршлагаас илт байна. Хамгийн гол нь энэ 2 тэнхлэг хаана очиж огтлолцож, уялдаж систем үүсгэж байна гэдэг нь чухал байдаг юм байна. Хойд хѳрш гэхэд хэвтээ удирдлагаа ерѳнхийлэгч нь, салбар, технологийн удирдлагаа ерѳнхий сайд нь авч явдаг, огтлолцох цэг нь ерѳнхийлэгч дээрээ байдаг. Гэтэл, европын Герман, Австри гээд зарим орнуудад мужийн удирдлага нь салбарын яамдаас илүү статустай байх практик байна. Германы Баваар муж гэхэд л гадаадад консулын газар нээх эрхтэй байх жишээтэй. Мужийн хурлаар салбарын  сайдын сонсголыг авч хэлэлцэж ч байх шиг. Мэдээж монитар, унитар удирдлагын тогтолцооны ялгаа нѳлѳѳлдѳг л байх, гэхдээ л тэнхлэгийн удирдлагыг механизм талаас нь сонирхон судалмаар улс орнууд их байдаг юм билээ.
 
Нутаг захиргааны аймгийн хуваарь бол манайд социализмаараа үлдсэн, маш их хоцрогдсон, улс орны хѳгжилд чѳдѳр тушаа болж байгаа нүсэр том даргалах систем. Энэ механизмыг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн зохицуулж ѳѳрчлѳхгүйгээр  улс орны хѳгжил дэвшлийн талаар яриад ч хэрэггүй. Заавал бүсийн удирдлага болгохдоо гол нь биш, ядаж л тоогий нь цѳѳлѳѳд, чанаржуулаад, бие даагаад гадаадын зах зээлд гарчих хэмжээнд хүргэн томсгох шаардлага бол амьдралаас ургаж байгаа. Удирдлагын механизмыг ѳѳрчлѳх замаар л реформ хийхгүй бол үнэндээ орон нутгийн удирдлага ч гэждээ отго, омгийн зохион байгуулалт гэж ч хэлж болохоор л байгаа шүү дээ. Нутгийн Зѳвлѳл үйл ажиллагаа явуулаад, хүмүүс дэмжээд байгааг шүүмжлэх бус нѳгѳѳ талаас нь харахаар орон нутаг, ард түмэн хэвтээ тэнхлэгийн үйл ажиллагааг инстинктээрээ хүсээд байгаагийн гэрч гэж 
ойлгохооргүй байна гэж үү.  Цахим хѳгжсѳн, зам харгуй тавигдаж байгаа ѳнѳѳгийн нѳхцѳлд алслалт гэдгээр хориглох шалтгаан байхгүй болсоон.
 
Салбарын буюу технологийн бодлогын залгамж чанар. Энэ бол удирдлагын зайлшгүй хѳндѳж авч үзэх, реформ хийх  цаг нь болчихсон, асуудалтай механизм. Ард түмний зэвүү дургүйг хамгийн их хүргэж байгаа зүйл бол энэ. Мэргэжлийн болон удирдах албан тушаалын залгамж чанар бүр мѳсѳн алдагдсан. Үнэн хэрэгтээ бол албан тушаалын панзлал л түгээмлээр явагдаж байна,  удирдлагын цагаандаа гарсан үзэгдэл. Албан тушаал онцгой таваар болон үнэлэгдэж нийгмийн ухамсарт харилцаанд гажуудал үүссэн. Удирдлагын дээд, дунд, доод  бүх шатанд албан тушаалын ѳмчлѳл явагдаж хѳдѳлмѳрийн хуваарь болон албан тушаалаар ялгаварлан гадуурхах, танил тал, мѳнгѳѳр тушаал дэвших хар арга газар авч засаглах рационал механизм дотоод мѳн чанараа бүрэн  алдлаа. Боловсролтой, мэдлэгтэй залуус шударга хѳдѳлмѳрѳѳр дээш шат ахих, карьер хѳѳх ямарч аргагүй болсон, энэ бүхэн тогтолцооны буруу биш хүнтэй холбоотой субьектив алдаа, удирдлагын механизмын доголдол гажуудал, шударга ёсыг бус мѳнгийг урьтал болгосны урьдын гай. Энд сайтар боловсруулсан томхон ѳѳрчлѳлт цаг алдалгүй хийх шаардлагатай болжээ.
 
Мэдээж жишээ болгон дурдсан эдгээр болоод бусад гол гол механизмыг ѳѳрчлѳхѳд үндсэн хууль, бусад хууль тогтоомжинд гар хүрэх шаардлага урган гарч ирэх нь гарцаагүй, гэхдээ энэ нь үндсэн хуулиа, тѳрийн тогтолцоогоо үндсээр нь  ѳѳрчлѳнѳ гэсэн үг огт биш. Парламентийн тогтолцоо бол манайд тохирсон маргашгүй сайн тогтолцоо, тэгээд ч энэ чигт нилээн туршлагажиж, олон улсын хэмжээнд хүртэл хэлэх юмтай болчихлоо 
шүү дээ. Тогтолцоог ѳѳрчлѳхгүйгээр тодорхой хугацаанд туршилтын журмаар ч юмуу удирдлага, зохион байгуулалтын хүрээнд эрх зүйн орчин үүсгээд реформын ѳѳрчлѳлѳт хийгээд явчих арга их бий.
  
УИХ-ын гишүүд ч гэсэн бас коментч нарын нэрлээд байгаа шиг бүлээрээ мангарууд, ухаан дотор нь ухна ишиг ороод үхчихсэн тэнэгүүд, тархины тураалтай гахайнууд, элий балай сармагчингууд ч арай биш л дээ, тэдэнд хуримтлуулсан туршлага маш их байгаа, сонирхлоо хойш нь тавиад улс орноо бодоод хэлэлцэе гээд яриа ѳрнүүлвэл мэдээж чухал санаа гаргах ланжгар гишүүд бишгүй байгаа гэдэгт итгэнэ. Бурууг бѳѳндѳх гэж оролдох хэрэггүй юм, хар нь хараараа цагаан нь цагаанаараа үлдвэл аль аль талдаа л тун сайн. Бүхнийг, бүгдийг таширт нь харлуулах боломж байхгүй. 
 
Парламентийг буулгах бус харин ч томруулж 2 танхимтай болгон, намыг сонгуулийн үед л ашигладаг платформ болгон тѳлѳвшүүлж, зарим үйл ажиллагааг нь үнэгүйдүүлэх алсын чигийг барьж явах нь л онох байх. Платформ гэдэг контент ( агуулга)-ыг  ул суурь гэдэг утгаар нь авч хэрэглэлээ. Ухаандаа, шаардлагатай үед гаргаж ирээд ѳмсчихдѳг платформтой гутал шиг, тѳрийн институтыг хувцас гэж харвал  нам нь малгай биш гутал юм. 
Ерѳнхийлѳгчийн эрхийн статусыг хасах биш харин ч нэмэх ёстой байдгийг соёл иргэншил тѳлѳвшүүлэх гээд зүтгэж яваа манайтай хувь заяа ойролцоо орнуудын туршлага харуулсаар байна, ерѳѳсѳѳ соёл иргэншлийн тодорхой тѳвшингийн хүрээнд харагдаж байгаа шаардлага ийм юм.  Нэгэн гарт зангидуулаад сурчихсан үндэсний менталитетээ бодсон ч бодлогын хариу ингэж л гараад байна. 
 
И. Цэрэнхүү
Эдийн засагч, социологич