ҮХЦ-ийн бусцар ажиллагааны талаар, олон нийтийн сүлжээ сүүлийн үед ам булаалдан шуугих болов. Нэг удаагийн ч бусцар биш л дээ, урьд нь тэвчих аргагүй алдаа гаргаж л байсан байгууллага. ҮХ-ийн манаач гээд байгаа, элэнцгийх нь манаач байхав дээ, авилгачдын лоббийн гарт орж, цагаандаа гарсан хэсэг хулгайч гэгээн цагаан ѳдрѳѳр, шинэ жилээр тааруулан хаалгы нь цѳм цохиж ороод бүхэл бүтэн 7 заалт хулгайлж аваад засвар хийчихээд буцаагаад оруулж байсан тэр үед эрхэм 9 манаач газрын гавд унтаа хэвтэж байсан юмуу? Зарим нэг заалтыг бүү хэл хэсэг луйварчид, ард түмэнд ч мэдэгдэлгүйгээр ҮХ-ийг бүхэлд нь сэмхэн хулгай хийх гээд ард түмний толгой эргүүлээд явж байгааг хүртэл хараагүй, сонсоогүй юм шиг дүмбэ оргио л суугаад байгаа биз дээ? Мэдээж иймэрхүү асуултыг ард түмэн бол олноор нь гарган тавьж чадна. Ард түмнээр хэлэлцүүлэхгүйгээр ҮХ-д ѳѳрчлѳлт оруулж болохгүй гэж хэлээд байгаа МАН, ХҮН гэх улс тѳрийн намуудын санаа зѳв юм, хары нь хараар, цагааны нь цагаанаар л харах ёстой.

Ард түмний дунд, цэцийн гишүүдийн толгой дээр хѳх тэнгэр л байдаг гэсэн үг бий. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл болохоор...цэцийн гишүүдийн толгой дээр малгай л байгаа гэж хэлсэн. Дэмбэрэлийн хэлсэн эль үгнээс санаа аваад Цэцийн гишүүдийн малгайг нэт-ээс татаж гаргаж ирээд хартал жанч малгайтай, малгайгаар зогсохгүй бүх хувцас нь ЖАНЧ юм байна. Халиу булга оруулгатай хамба цэмбэн нѳмрѳг, ёнхор торгон эмжээртэй сампин залаатай малгай тэргүүтнийг ЖАНЧ хувцас гэдэг. Бодвол манж гаралтай үг байхаа, за энэ ч яахав гээд орхичихъё!

Миний хэлэх гээд ядаад байгаа утгын учир нь тэр малгайнд ч байгаа юм биш, малгайн дор байгаа толгой, жанчны цаана байгаа хүний хүчин зүйлд, бүр цаашилвал хуулийн ийм субъект монгол улсад огт хэрэггүй гэх гээд байгаад л гол нь байгаа юм. Мэдээж тодорхой үндэслэлтэй, тэрийг маш товч толилуулъюу! Би хуульч биш, эрх зүйн үндэслэлийг сонирхсонгүй, гагцхүү мэргэжилдээ дулдуйдан нийгэм зүйн суурь талыг нь онцоллоо!

1.Монголын Үндсэн хууль манаачаар дутаагүй, гагцхүү түүнийг хэрэгжүүлэх субъект л хэрэгтэй.

Үндсэн хуулиар ч зогсохгүй, тѳрийн шийдвэр үйл ажиллагаанд бүхэлд нь дээд хяналт тавих үүрэг хүлээсэн энэ институтийн хувьд, ашиг сонирхлын зѳрчилтэй, эсвэл мууд нэр холбогдсон, сэжиглэгдсэн хүмүүст дааман хаалга нь давхар цоожтой байх л ёстой газар. Тэгээд ч хууль эрх зүйн боловсрол дүүргээгүй,  эсвэл хуульч нь  мэргэшлийн баталгаажуулалт (applied) хийгээгүй хүмүүс бүрэлдэхүүнд нь байх нь тохиромжгүй, туйлийн ёс зүйгүй байдал бол энэ гарцаагүй мѳн. Ямартай ч Үндсэн хуулийхаа манаач нарын нэрсийг энд жагсаалаа.

1. Ж.Амарсанаа
2. Н.Жанцан
3. П.Очирбат
4. Т.Лхагва
5. Д.Сугар
6. Д.Наранчимэг
7. Д.Ганзориг
8. Д.Солонго
9. Ш.Цогтоо


ҮХЦ нэг л зүйлийг маш тодорхой хэлж байгаа. ...цэц ѳѳрѳѳ санаачлаад, ямар нэг хууль ҮХ-ийн заалт зѳрчѳѳд байна гээд маргаан үүсгээд, шийдвэр гаргаад явахгүй, заавал хэн нэгэн хуулийн этгээд ѳргѳдѳл гомдол гаргасан байх ёстой л гэж. Үүгээр бол хэн нэгэн этгээд Цэцэд л гомдол гаргаагүй бол хуулийн цоорхой ашиглан хүн алаад, хүрээ талаад, ял завшаад  явж байсан ч Цэц бүлх залгичихсан аятай дуугаа хураагаад, ямар гай чирж ирэхий нь хүлээгээд сууж байх ёстой байгууллага болж таарч байна.
Гэтэл ҮХ-д ѳѳрѳѳр заачихсан байх юм. ҮХ-ийн 64,1-д...Монгол улсын ҮХЦ бол ҮХ-ийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зѳрчсѳн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мѳн гээд цагаан дээр хараар биччихэж. Хяналтыг ѳѳрийн санаачилгаар тавьж болохгүй гэсэн утгыг би л лав олж харсангүй, тийм заалт байх ч ёсгүй. Нэг жишээ хэлье.

Ард түмний ...чѳлѳѳтэй сонгох...гэсэн ҮХ-иар тогтоосон иргэдийн онцгой эрхийг практик дээр сонгуулийн хууль гэгчээр хязгаарласаар ирсэн, сонгуулийн хууль ѳѳрчлѳгдѳх болгонд ард түмний ярьдаг юм энэ. Энэ эрх хэрэгжихгүй байгаа болохоор тохиолдлын хүмүүс тѳрийн эрх барих дээд байгууллагад ард түмний тѳлѳѳлѳгч болон орж ирдэг. Зүй нь бол нэр дэвших хүмүүст тодорхой критери, үнэлгээ байх нь зѳв, тэр үнэлгээг хангаагүй тохиолдолд нэр дэвших боломж хаалттай байх ёстой, энийг л сонгуулийн хуулинд заагаагүй явж ирсэн, заах ч үгүй байх. Ийн, ард түмний чѳлѳѳтэй сонгох эрхийг гагцхүү улс тѳрийн намуудын урьдчилан бэлдчихсэн жагсаалтнаас дугуйлан хайрцагны нүх рүү унагах үүргээр хязгаарлачихдаг.
Нэр дэвшигчдэд босго, критери тогтоох тухай санал, гомдлыг гаргах субъект байхгүй, гомдол гараагүй нѳхцѳлд ҮХЦ бол мэдээж дүмбэ, үнэндээ ийм л байгаа.
 
Тѳрийн институцийн хаалгаар алхан орох  босго ѳндѳр байх тусам,  боловсролтой чадварлаг, сайн гишүүд сонгогдож тэр нь тѳрийн ѳѳрийх нь сүр жавхаа (дигнити), дархлаа болохоос гадна ард түмний язгуур эрх ашиг ямар нэг утгаар биелэх үндэслэл болох учиртай.  Иймхэн юмыг л тодорхой санаачилга, гарт нь байгаа эрхийхээ хүрээнд залруулчихаж дѳнгѳхгүй, дээр нь тээг болоод байгаа манаачаар яах юм бэ, аль болох үтэр түргэн татан буугдваас ард түмэнд л лав хожоо гарна уу гэхээс гарз гарахгүй.

2. Үндсэн хуулийн хяналтын дээд байгууллага Орос манай хоёрт л байдаг.

Хойд хѳрш Конституционный Суд, манайх болохоор Үндсэн Хуулийн Цэц гэж нэрлэдгээр л ялимгүй ялгаатай, бусад нь бол Үндсэн хууль анх боловсруулах үед оросоос авсан шипи. Тэхээр амомаль (тѳрѳлхийн) гажиг.
Ядхад яр гэгчийн үлгэрээр Цэц байхдаа яадаг байнаа, ЦЭЦГҮЙ ЦЭЦ гээд шооч хүмүүс тохуу хийхийн нэмэр. Герман, Францын...гэх хүн гарна, гэхдээ эдгээр улсуудын Үндсэн хуулийн хяналтын институци нь хяналтаас гадна зохицуулалтын ѳдий тѳдий функцыг нуруун дээрээ үүрдгийг анзаараарай.

Америк, Аргентин, Дани, Япон...зэрэг нилээд орнууд, Үндсэн хуулийн хяналтын функцыг хуулийн гол гол дээд байгууллагуудад тараан байрлуулсан механизмтай байдаг юм байна.
Австри, Энэтхэг, Канад, Швейцари...зэрэг улс орнууд болохоор Үндсэн хуулийн дээд хяналтыг Дээд шүүх нь хариуцдаг ажээ. Дэлхийг дагана, зарим нь дэлхийтэй эн зэрэгцэнэ гэж хийрхдэг, сүүлийн үед Швейцари шиг болно гээд мѳрѳѳдѳѳд байгаа бидэнд энэ л хамгийн тохиромжтой вариант санагдлаа. Харин энэ ѳѳрчлѳлтийг маш түргэн, ёстой л  Путины хурдаар хийх нь ядаж л ядарч яваа эдийн засагт ч гэсэн дусал нэмэр болох байх гэж бодно.
Энэ ѳѳрчлѳлтийг хийхэд ҮХ зѳрчигдѳхгүй, зүгээр л ҮХЦ-ийг татан буулгаад функцыг нь Дээд шүүхэд шилжүүлчих зохион байгуулалтын л ѳѳрчлѳлт шүү дээ, сүржигнэцгээн ямааг тэмээ болгож харах хэрэггүй санагдана.

Цэцийн жанч халах цаг үе тохиожээ!
Сайн үйлс гэрлийн хурдаар түгэн дэлгэрэх болтугай!

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү