​Улстөрчид төрийн эргэлтэд 10-аад жил бэлтгэсэн бололтой байдаг​
 
 
Залуурга гэдэг нь Монгол хэлний нэр томъёоны тайлбар тольд одоохондоо орж амжаагүй байгаа нийгэм зүйн шинэ хэллэг, “навигаци” гэх үгийн хөрвүүлэг. Залуучууд бол “Navigation” гэдгээр нь андахгүй. Хөдөлж буй обьектын хурд чигийг тодорхойлж, очих цэг, хүрэх замыг алдахгүй заадаг цахим төхөөрөмжийг ингэж хэлдэг. Төр удирдлагагүй, улс орон эзэнгүй боллоо гэцгээж байхад нөгөө хэсэг нь 77 эзэнтэй боллоо ч гэх нь сүүлийн үед сонсогддог болсон. Гэтэл хүний нийгэм хажуугаар нь өнгөрч чадаагүй, чадах аргагүй, нийгмийн тогтолцооны оршихуйн нэгдмэл удирдлагын бодит хууль гэж бий. Тэр нь өөрийн зүй тогтлоор дамжуулан хүний ухамсраас ангид үйлчилж, нийгмийн амьдрал, үйл ажиллагааг зохицуулдаг аж. Нэгдмэл удирдлагагүй л бол нийгэм бүү хэл, айл өрх ч таран бутрана, цогцоороо оршиж чадахгүй. Хүн сүргийн үед ч, хүй нэгдлийн нийгэмд ч, түүнээс хожим нь ч нэгдмэл удирдлага байсаар ирсэн. Одоо ч байгаа, цаашид ч байх л болно. Нэгдмэл удирдлага бол хүн, зон олон тодорхой хэм хэмжээнд эрх чөлөөтэй, аль эсвэл дарангуйлалд оршин тогтнох суурь зарчим мөн. Эл бодит хуулиар, хэрэгжих зарчим логикоор бол Монгол улсын төр удирдлагатай байх нь ээ! тэгвэл, Монгол улсын төрийн нэгдмэл удирдлага хаана байна, хэн юм бэ? Энэ асуултад судлаачид заавал хариу өгөх ёстой.
Гэвч хариу гарахгүй л байх аа даа! Учир нь төрийн нэгдмэл удирдлага Монгол улс дотроос олдохгүй.
 
Монголын төрийг гаднаас удирдаад, залаад байна гэж зарим судлаач хэлдэг, би тэдэнтэй санал хуваалцдаг. Судлаач Т.Баярхүү “Монгол улсыг “Ротшильд”, “Рокфеллер”-ийн групп ОУВС-аар дамжуулан удирддаг” гэж хэлсэнтэй ч санал нийлнэ. “Дэлхийн Засгийн газар” (миний хувийн бодол), “30 гэр бүл”, “эдийн засгийн алуурчид”, “хонгилын хулгай”, “мафийн сүлжээ”... гээд бүгдийг нь хүлээн зөвшөөрнө.  
 
Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг зарим нэг улстөрчийн хэлдгээр энэ нь элийрэл, солиорол, сүржигнэл огтхон ч биш. Бодитой оршиж байгаа процесс. гагцхүү тогтолцоо гэх зүйлийг л илрэлээр нь тал бүрээс нь шинжээд, улстөрчдийн хэлдгээр бол өнцөгдөн хэлээд байгаа хэрэг. Эдгээрээс дэлхийн Засгийн газар хэмээгддэг “Бельдербергерийн 30 гэр бүл” хэмээх бүлэглэл одоо ч оршиж, 300 гүйцэтгэлийн агентлаг, 3000 хянагч агентлагаарaa дамжуулан дэлхийг бүхэлд нь хянадаг талаар тусгай нийтлэл гаргахаар сэдвээ боловсруулчихсан. Харин тэр загварыг Монгол улсад хэн хэрэгжүүлсэн юм бэ? Монгол улсад эдийн засгийн транс-мөлжлөгийн “Нүдүүрийн капитализм” (turbo capitalism) аль хэдийн байгуулагдчихсан талаар би үзэл бодлоо дэвшүүлсэн.
Мөлжлөгийн системийн 10 шинжийг гаргаж тавьсан. Энэхүү холбоосоор http://zgm. mn/post/1321 “Засгийн газрын мэдээ” сонин цахим хуудаснаас унших боломжтой. Уншигчид анхандаа нийлээд цочирдох шиг санагдсан. Угаас шинэ зүйлд хүн цочирдох нь зүй ёсны л сэтгэл хөдлөл. Харин энэ удаад, бүүр ч ярвигтай сэдвээр буюу “Нүдүүрийн капитализм”ыг Монголд хэн хэрхэн яаж хэрэгжүүлсэн механизмыг нь олж ажигласнаа гаргаж тавих гэж байна. Үүнийг мэдсэнээр ард түмэн, Монголын төр гаднаас залуургатай юм байна гэдгийг эргэлт буцалтгүй ойлгох болно. Монгол улсад импортоор орж ирсэн "ардчилал" гэгч нь үзэл санаа талаасаа анхнаасаа л дотроо зөрчилтэй байсныг тэр үеийхэн маш сайн мэдэж байгаа. Тэр зөрчил яваандаа улам гүнзгийрсээр, ард түмний дэмжлэг оролцоотой хэрэгжих ардын эрхт БНУ-ыг байгуулах уу, аль эсвэл барууны их гүрний тухайлбал, АНУ-ын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хөрөнгөтний БНУ-ыг байгуулах уу гэсэн зарчмын асуудалд тулж ирсэн. Тэндээс талууд эсрэгцэн хагаралдаж, эцэстээ тухайн үеийн төр, "түргэн баяжих сонирхолтой" олонхоор түрж, хоёр дахь замыг сонгожээ.
 
Парламентын 2016 оны сонгууль нь төрийн эргэлт байсан
 
Ийнхүү их гүрэн нь баялаг ихтэй багыгаа тонон мөлжих тогтолцоо бүхий турбокапитализмын суурь Монголд тавигдсан юм. Оросыг үзэн ядуулж, цэрэг армийг нь хөөн гаргаж, Оростой холбоотой хөшөө дурсгал юу л байна бүхнийг нураан түйвээж, заналт дайсан мэтийн төсөөлөл өгөн “тархи угаалга” (“кси нао” гэсэн хятад үгийн орчуулга) явуулж байсан нь ч дээрхитэй шууд холбоотой мэдээллийн дайн байсан юм. Буурал дарга Ю.Цэдэнпил (Жинхэнэ нэр нь. ЗОХ), түүний гэргий А.И.Филатовагийн талаар ямар гээч бузрын муухай пропоганд явж байсан нь ард түмний санах ойноос гараагүй байгаа. Ингээд бодохоор, АН, МаН хэмээн талцаж байлдах ямар ч учиргүй байгаа биз! Энэ бол зүгээр л хэлбэр. Зориуд намаар талцуулан хагаралдуулж, тэмцлийн нягтралыг саармагжуулан бариад байгааг ард түмэн одоо нэгэнт мэддэг болчихожээ. Монголд турбокапитализм хэрэгжиж, санхүү эдийн засгийн талаар бэхжиж эхэлсэн үеийг миний хувьд 1997 оноор төсөөлөн бодож явдаг. Эдийн засагч Т.Баярхүү болон нэлээд хэдэн судлаач бас тийм үзэл бодолтой байдаг юм байна. Яг тэр жил шүү дээ, Монгол төрийн тулах багана болсон төрийн мөнгөний бодлогод гэнэт эрх зүйн өөрчлөлт оруулсан мөчөөс л мөнгөний гүйцэтгэх таван үүрэг утгаа алдаж эхэлсэн. Дараа жил нь эх оронч С.Зоригийн амь насыг балмад зэрлэгээр өр хадарсан нь тохиолдлынх биш ээ.
Монголын үндэсний валют ариун цэврийн цааснаас доогуур үнэлэгдэж, Монгол төрийн эрхэмсэг оршихуйг хадгалдаг металл монетыг устгасан нь гаднын мөлжигчдөд үнэнч үйлчилдэг дотоодын "бууны ноход"-ын гардан гүйцэтгэсэн хэрэг.
 
Төгрөгийн ханш одоо ч унасаар байна. Мөнгө, эрх мэдэлдээ галзуурч, бүхнийг шийдэгч “албин чөтгөр” болон өсч торнин, цааш улсыг эзэгнэгч бирд болон хувирсан түүх эндээс угшилтай. Энэ аймшгийн бодлогыг эсэргүүцсэн хэнийг ч болов тасар татах түүхэн хэлмэгдүүлэлт явагдсан. Нийгэм, улс төрийн нэг биш зүтгэлтэн мөнгөний галзуурлын золиос болсныг ард түмэн мартаагүй. Энэ бүхний ард тодорхой үзэл санаа хэрэгжиж, “улс төрийн алгоритм” хэмээх маш нарийн тооцоолсон бодлого ямар ч алдаагүй, яг л швейцар цагны механизм шиг хэрэгжиж байсан юм. Тэр дунд, турбокапитализмын тухай Э.Люттвакийн онол, практик үндэслэлүүд биеллээ олсоор байлаа. Люттвакийн онол ганц манайд ч гэлтгүй Молдавт бүрэн утгаараа хэрэгжсэн. Үр хөврөл нь гэвэл өнөөдөр Молдав гэдэг улс тусгаар тогтнолоо алдахад хүрч, Румыны мэдэлд очих нь цаг хугацааны асуудал болжээ. Польшид яг тийм процесс явагдсан ч ард түмэн нь цаг алдалгүй ухаарч, өрнийн талыг баримталсан намын 90 гаруй лидер дээр ерөнхийлөгчийнхөө амийг нэмж, жирийн хүний ой тойнд багтаж орохын аргагүй их үнээр эдийн засгийн тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан байдаг юм. Тэр онгоцны сүйрлийг судлаачид янз янзаар тайлбарладаг л юм. Гэхдээ ерөнхий утга нь ийм л байна, ГЕО гадарладаг хэн бүхэн ингэж л хэлнэ. украиныг ч судлаад үз!
 
ЭДУАРД ЛЮТТВАК ГЭГЧ ХЭН БЭ?
 
Румын улсын хилээс холгүй ард гэдэг нэртэй жижиг хот бий. 1241 онд монголчууд эл тосгоныг эзлэхдээ ийм нэр хайрлажээ. Тосгон жүүдүүдийн их нүүдлээр хот болон өргөжсөнийг 1742 оноос эхлэлтэй гэж үздэг. 1942 онд энэ жижиг хотын нэгэн еврей гэр бүлд хүү мэндэлсэн нь Эдуард Люттвак (Edward Nicolae Luttwak) юм. АНУ-ын улс төрийн гол тоглогчдын нэг, нийгэм зүйч энэ эрхэм одоо түүх, нийгэм зүйн зонхилох сурах бичгийн эцэг, цэрэг дайны гол страгегич гэгдэж, АНУ-ын төрийн департамент, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, вашингтоны олон улсын судлагааны төвийн захирлаар ажиллаж байна. БНХАУ-д хоёр жил ажиллахдаа Монгол улсыг нэвт шувт судалсан хүн. Манай зарим удирдлагатай уулзаж байсан тухайд нь зарим нэг учир мэдэх хүн барин тавин ярьдаг. 
 
МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРСАН УУ?
 
Парламентын 2016 оны сонгууль нь төрийн эргэлт байсан гэж үздэг судлаачидтай би санал хуваалцдаг. Сонгууль болохоос аль өмнө л ялагчдын нэр тодорхой болчихсон байсныг хаа хаанаа мартаагүй байгаа. Тиймээс “олхиогүй сонголт хийлээ” хэмээн ард түмэнд бурууг гулсуулах үндэслэл алга. Сонголтгүй сонголт болоод л өнгөрсөн. Сонгуулийн дараа УИХ-ын нэр бүхий гишүүн маш сонин сонгууль болсныг, урьд хожид ийм сонгууль үзээгүйгээ хэлж байсан. Ихэнхи нэр дэвшигч ухуулах байрандаа ерөөсөө очоогүй, ухуулга хийгээгүй, сонгогчидтойгоо ч уулзаагүй, аль хэдийн сонгогдчихсон хүмүүс л яваад байсан гэсэн утгатай зүйлийг мэдэгдэж байсан. Сая УИХ-ын намрын Чуулганы хуралдаанд мөнөөх гишүүн “Бүх юм цаагуураа шийдэгдчихсэн байдаг шүү дээ. Бид 76 энд аль хэдийн шийдэгдчихсэн юмыг л олон түмэнд чухал болж харагдах ганцхан зорилгоор сүр бадруулан ярьцгааж байгаа юм. Нэг чихээрээ нэгнийхээ яриаг сонссон болоод, нөгөө чихээрээ утсанд дүүжлээстэй байдаг, ийм л хүмүүс энд сууцгааж байна” гэж хэлсэн.
Нэгийг бодогдуулахгүй байна гэж үү? улстөрчид төрийн эргэлтэд 10-аад жил бэлтгэсэн бололтой байдаг юм. Тэдний ил болсон бичлэгүүд дотор "Би гарын гэх ойр дотнын хүмүүстэйгээ үе үе уулздаг болоод 10 жил болж байна” гэж санаандгүй ам алдсан фраз бий. Tөрийн эргэлт хийхэд шаардагдах зайлшгүй нөхцөл, түүнд яаж бэлтгэх онолын үндэслэлүүдийг Э.Люттвак “Төрийн эргэлт: Гарын авлага” (Coup dИtat: A Practikal Handbook) гэдэг бүтээлдээ маш тодорхой заасан байдаг юм. Дэлхийн зарим нийгэм зүйч Люттвакийг “Төрийн эргэлт гэж юу вэ гэхээс илүүтэй төрийн эргэлтийг яаж хийх аргачлалыг төгс заагаад өгчихсөн...” гэж шүүмжилсэн юм. Энэ бүтээлд “Эвтэй байцгаа, бүгд байр байрандаа оршицгоо” гэсэн лоозон хэрэгждэг гэсэн байна. Tөрийн эргэлтэд анхаарах зүйлүүд дотор улс төрийн шинжтэй бүх хөдөлгөөнийг, бүр жижгийг нь ч хүчээр саармагжуулах, царцаах, өөр зүйлд олон түмний анхаарлыг татан сарниулах, гаднын шашны урсгал, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг ашиглах, ямар ч хамаагүй заримдаа биелэгдэх үндэслэлгүй сайхан амлалтууд зохиож массыг байлдан дагуулах г.м. тодорхой тактикийн холбогдолтой механизмуудыг заасан байдаг. Төрийн эргэлтийг зохион байгуулах группийг “жижиг элит” гэж нэрлээд, бүх засаглалыг гартаа атгасан байх ёстой гэж зөвлөжээ.
Бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо, боловсролтой, сэтгэн бодох чадвартай, зүтгэлтэй, үнэнч хүнээс бүрдсэн групп тархи нь болж, тэр нь цааш чиглэл чиглэлээрээ бүлэг болон задарна гэсэн байдаг. Яг энэ гарын авлагын дагуу урьд нь Орос оронд төрийн эргэлт гарч байсан ч тэр дороо нуран унасан. учир нь нөхцөл бүрдээгүй байхад хүч хэрэглэснээр амжилтгүй болсон гэдэг дээр нийгэм зүйчид санал нэгддэг. Э.Люттвак, төрийн эргэлт гарах зайлшгүй нөхцөлийг дараах байдлаар томьёолсон.
Үүнд: 1. Эдийн засгийн уналт. Манайд бол энэ нөхцөл бүрэн хэрэгжсэн байсан. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”-н төсөл гээд ердөө энэ гурвыг таслахад л эдийн засаг макро төвшиндөө навсайтал уначих тийм л ядруу айл шүү дээ, тийм ч юм болсон.
2. Улс төрийн тусгаар тогтнол. Манайд энэ нь тэртэй тэргүй байсан бөгөөд ОХУ-тай харьцаагаа муутгасан нь түлхэц болсон.
3. Төвлөрсөн удирдлага. Манайх унитарны тогтолцоотойн дээр цөөн намын гарт бүх засаглал, цогцоороо орсон улс. НАХ тогтолцоог системээр нь татан унагаж, устгасан нь тохиолдол биш. товчдоо, төрийн эргэлт гарах таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан байсан юм. Үзэл бодлоо би тулгахыг хүсэхгүй, гэхдээ уншигч та төрийн эргэлт байсан эсэхийг дотроо тунгаан бодоцгооно буй заа. Панфлет нийтлэлийн дараагийн дугаарт, мөлжлөгийн турбокапитализмыг 30-40 жилээр үргэлжлүүлэн барих гэсэн оролдлого үндэслэлтэй болохыг нотлох болно.
 
 
И.Цэрэнхүү