Сэлэнгэ аймгийн мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн. 1997 онд шороон ордын олборлолтын явцад  алтын үндсэн судлыг олж тогтоосон.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлсэн алтны нөөц 50 тонн. Шороон ордын олборлолтыг Бороо гоулд (Одоогийн Сентерриа голд) компани хийсэн. Тухайн үеийн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар ГХО тай аж ахуйн  нэгж эхний таван жилд 100 хувь татвараас чөлөөлөгддөг байсан. Татваргүйгээр шороон ордын 40 тонн алтны нөөцийг 5 жилд олборлож дуусгасан.  
Гацууртын орд Сэлэнгэ аймгийн Мандал сумын  нутаг Ноён уулын сав газар байрлаж байгаа. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны төрт улсыг байгуулж байсан Хүннү нарын булш бунхан, хиргэсүүр энэ бүсээс олноор олддог. Хүннү нар хамгийн анхны хүчирхэг төрт улсыг байгуулсан төдийгүй тэд өнөөгийн монголчуудын өвөг дээдэс юм гэдгийг дээрх олдворууд хөдөлбөргүй нотолдог билээ. Одоогоор Хүннүгийн үеийн язгууртны болон жирийн иргэдийн арваад булшийг малтаж гаргасан бөгөөд, эрдэмтдийн хэлж байгаагаар багадаа 350 гаруй булш байгаа ажээ. Харин энэ бүсэд зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшиж байна.


Гарц, шийдэл:

 


1. “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын даргад хандан УИХ-ын гишүүд мэргэжлийн хүмүүсийн оролцоотой ажлын хэсгийн УИХ-ын даргын захирамжаар байгуулан уг ордыг ашиглахтай холбоотой байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодезийн нарийвчилсан зураглал хийлгэж ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээ хийлгэх санал тавьсан болно.
2.2014 оны 5-р сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-д Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулна.
27.9. Урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг захиалагч хариуцна” гэж заажээ. Энэ заалтын дагуу Эгийн голын усан цахилгаан станцын төсөл археологийн авран хамгаалах судалгааны ажлыг үе шаттайгаар хоёр жилийн турш хийж, дэд бүтцийн трассын дагуух 24 дурсгал, усан сангийн талбайгаас 135 дурсгалыг авран хамгаалаад байна.
Ноён уулын бүс нутаг Монголын түүхийн онцгой бүс нутаг учир хамгаалалтад авах, археологийн иж бүрэн судалгааг мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тусгай баг гарган ажиллуулж, үнэлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.  Энэхүү үнэлгээг 50 тонн алтны үнэлгээтэй харьцуулан дахин УИХ-аар оруулах шаардлагатай гэж миний бие үзэж байна.   


УИХ-ын гишүүн Гантөмөрийн УЯНГА