МҮАН, ШУА хамтран зохион байгуулсан "Төрөө урлахуй" эрдэм шинжилгээний хурал - хэлэлцүүлэгт  тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Монголд хэрэгжихээр завдаж буй “мийгаа” төслүүдээс хамгийн “мийгаа” нь Монгол төрөө урлах төсөл болоод байна. Энэ хүрээнд илтгэлээ бэлтгэлээ.  
 
Эхлэл 
 
Намайг наймдугаар анги төгсдөг жил хамгийн сүүлчийн улаан шугам татагдаж билээ. Манай сургуулийн наймдугаар анги төгсөж байгаа бүх хүүхдүүдийг шалгалтын дүн, найман жилийн сурлагын амжилтаар нь жагсааж, есдүгээр ангид дэвших суралцах болзол, шаардлагыг хангасан хүүхдүүдийг улаан шугамаар тасалж хязгаарлана. Хүүхдүүдийн нэрсийг ирийтэл бичсэн бичгийн цаасыг хэдэн эгнээгээр сургуулийн цонхонд наасан байна. Тэр цааснуудын дундаас ганц улаан шугам тодоос тод харгаддагсан. Энэ улаан шугамаас доош орсон хүүхдүүд есдүгээр ангид дэвшин суралцах боломжгүй, техник мэргэжлийн сургуульд суралцаж мэргэжилтэй ажилчин ангийн эгнээнд шилжих учиртай. Амьдралын улаан шугам эндээс л эхэлдэгсэн. 
 
Эхний улаан шугамаа давсан хүүхдүүд аравдугаар анги төгсөхдөө дахин улаан шугамын шалгуураар орно. Түүний дээр гарч чадсан нь Их дээд сургуульд дэвшин суралцаж Монголын сэхээтний эгнээнд багтах боломжтой болно. Улаан шугамаар хэдэнтээ шигшигдэж гарч ирсэн тэдгээр хүмүүсийг Монголын төр дахин шигшиж гадаадад сургахыг нь сургана. Сураад ирмэгц нь өнөөдрийнх шиг шууд дэд сайд, газрын дарга болохгүй, хөдөө сум, нэгдлийн бригадаас, үйлдвэрийн анхан шатны цехээс эхлүүлэн шат дараатай ажиллуулна. Ерөнхий сайд байсан Д.Содном гуай гэхэд л Сангийн яамны Хянан байцаах газар байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Ажлаа мэдэж, гаршиж, салбарынхаа мэргэшсэн хүмүүсийн ажилд тусалж, тэдний дэргэд байж, сурч хүмүүжиж, ажил, амьдрал, албан тушаалын шатаар алгуур өгсөх зарчим тэр үед үйлчилж байв. 
Улаан шугам зөвхөн ширээний ард олсон мэдлэг, шалгалтын дүнгээр шигшихгүй. Найман настай сургуульд орохоос эхлээд насан туршид дагах Хувийн хэрэгт хувийн ариун цэврээс эхлээд хүмүүжил, хувийн зан араншин, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог эсэх, ар гэрийн хүмүүжил, гаргасан дэвшил гэх мэт хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтана. Гурван үеийн намтар, түүх мөн дагалдана. Гэр бүлийн талаар тогтворгүй хүн албан тушаал ахих тухай саналтгүй. Энэ бол үндсэн шалгуурын нэг байж дээ. Энэ бүх улаан шугамын шалгуурыг даасан хүн л аливаа ажилд, тэр тусмаа төрийн албанд ордог байв. 
“Улаан шугам”-ын энэ үе улиран одож цагаандаа гарсан үетэй золгоод бид хорин оныг үджээ...
 
Өгүүлэх нь: 
 
Эдүгээ төрийн албыг нийтийн алба гээд нэрлэчихвэл, шалгалт авдаг болчихвол жигтэйхэн шударга сайхан ажиллаад эхлэх мэт гэнэн номлол ярих нь асуудлын шийдэл биш юм. “Бид "ийм сайхан ардчилсан" төрийн алба байгуулаад хууль эрх зүйн орчноор нь хангаж өгөөд байхад яагаад ажиллахгүй байна вэ?” гэсэн энгийн асуултаас эхлэх ёстой. 
 
Өнөөгийн манай төрийн албыг хөгжлийн дараах үе шатыг дамжин хөгжиж ирсэн гэж мэргэжилтэн, судлаачид нь үзэж байгаа юм байна. 
 
1. Төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат (1990-1995 он) Шинэ Үндсэн Хууль баталсан үеэс эхлэн “Төрийн албаны тухай хууль” батлагдах хүртэл үе
   
2. Төрийн мэргэшсэн албыг бүрдүүлэх үе шат (1995-2002 он) 1995 онд “Төрийн албаны тухай хууль” баталснаас эхлээд 2002 онд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдсан, мөн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж төрийн албаны үйл ажиллагааг “бүтээгдэхүүн”-д шилжүүлсэн, хувийн хэвшлийн менежментийг төрийн албанд нэвтрүүлэхэд чиглэж эхэлсэн үе.  
 
3. Төрийн албаны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үе шат (2002-одоо) Улстөрөөс ангид мэдлэг, чадварт суурилсан төрийн албыг бэхжүүлэх үе шат хэмээн ангилжээ. 
 
Мөн чанартаа дээрх өөдрөг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй. Харин ч Монгол Улсын төрийн албаны систем бүхэлдээ ноцтой эвдрэлд орсон гэж дүгнэж болно. Шалтгааныг нь түүхэн нөхцөлтэй нь уяж авч үзэх шаардлагатай.  
 
Номенклатураас неономенклатур хүртэл
 
1990ээд оноос өмнө төрийн эрх барьж байсан, дангаар ноёрхогч асан МАХН /хойшид МАН гэнэ/-ыг өнөөгийн намуудтай дүйцүүлэн ойлгох учиргүй. Тэр үеийн МАН бол ХКН лугаа адил Монголын төр байсан юм. 1990 оноос хойш олон намын тогтолцоонд шилжихэд улаан шугамаар шүүгдсэн чадварлаг төрийн боловсон хүчний нөөц тэр чигтээ шахам МАН-д харъяалагдах болов. Хатуу чанд, харьцангуй шударга, ил тод, ойлгомжтой, зүгширсэн энэ системээр чанд шалгагдаж орж ирсэн Монголын бүх салбарын бүх боловсон хүчин толгой дараалан дасаж дадсан, шүтсэн, өвлөгдсөн, эцэг эхийн нь үнэт зүйл болсон МАН-аа л сонгож байсан нь МАН-ын амин сүнс, гол хүч болов. Энэ хүч нэг талаар мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний арми боловч нөгөө талаар асар хүчтэй номенклатур систем болж тогтсон “үл үзэгдэх хүчин” буюу “төрийн доторх төр” байсан юм. 
 
Номенклатур гэдэг нь социалист нийгмийн бэлтгэгдсэн кадр буюу боловсон хүчний нөөц. Тухайн салбартаа мэргэшсэн, хамгийн их мэдээлэлтэй, чадвартай, стратегийн гол шийдлүүдэд  нөлөө бүхий, тиймээс бодат эрх мэдлийг атгадаг “эрх мэдлийн үл үзэгдэх гар” юм.  
 
Харин нөгөө талд дөнгөж шинээр төрөн гарч буй Ардчилсан хүчинд боловсон хүчний ямар нөөц байсан бэ? Үндсэндээ хоёр гуравхан суваг байв. Нэгдүгээрт, МАН-аас авах. МАН-ын уламжлалт бүтцэд байр сууриа хүчтэй эзэлсэн шилдэг боловсон хүчнүүд нь шинэ хүчнийг сонгоогүй. Нөгөө суваг нь тухайн үеийн улаан шугамын шалгуурт нийцээгүй үлдэгсэд буюу гудамжныхан. Мөн нийгмийн шинэ уур амьсгалыг дагаж байгууллага, салбараараа улстөрд орж байсан. Тухайлбал, МСДН МУИС-ийн физик математикийн факультет, ШУА-ийн физик техникийн хүрээлэн, матемитикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдэж байв. 
 
Хүйтэй дайн төгсгөл болж коммунист лагерь энэ дайнд ялагдал хүлээхэд Ардчилсан хүчин цоо шинэ үзэл санаа тээгчийн хувьд  үзэл санааны ялагч байсан хэдий ч энэ нь дээрх номенклатур бүтцийн өмнө тулж очоод нурж унадаг байв. Хөдөө орон нутагт боловсон хүчнээр дамжин бэхжиж чадаагүй АН орон нутгийн сонгуульд байнга ялагдал хүлээдэг, энэ нь дараагийн УИХ-ын сонгуулийн ялагдлын томоохон шалтгаан болж байлаа. 
 
Төрийн албанд үүрлэсэн хүнд суртлын энэ бүтцийг өөрчлөхгүйгээр нийгмийн шинэчлэлийг бүрэн хийх бололцоогүйг ухаарсан АН үүний эсрэг тэмцлийг 1996 оноос эхэлсэн. Ингэхдээ бүтцийн өөрчлөлт, орон тоог нэмэх гэсэн хоёр аргыг хэрэглэж ирэв. Бүтцийн өөрчлөлтөөр дамжуулан намынхнаа ажилд тавих боловч мэдлэг чадвар, дадлага туршлагын хувьд яагаад ч МАН-ын боловсон хүчнийг гүйцэхгүй байсан нь төрийн алба доройтож, нэр хүнд нь унахад нэмэр болов. Үүн сацуу орон тоог нэмэх замаар намын гишүүдээ ажилтай болгох аргыг хэрэглэсний дүнд төрийн албан хаагчийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулбал хэд дахин нэмэгдсэн бөгөөд зөвхөн 2012-2014 оны хооронд гэхэд л 30 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Нэгэнт тогтсон хүчтэй номенклатурыг эвдэх амаргүй тул өөрсдийн хүмүүсээ төрд сөргүүлэн шургуулж тооны хувьд тэнцүүлэн төрөөр дамжуулан намынхаа боловсон хүчнийг бэлтгэх зорилготой Ардчилсан хүчний тэмцлийн үр дүн өнөөдрийн төр, төрийн албаны дүр зураг юм. 
 
Гэвч тодорхой зарим салбаруудад социалист номенклатурыг бүрэн халж чадаагүй хэвээр байгаа бөгөөд харин ч номенклатур бүтэц зүсээ маш сайн хувиргаж бараг мутацид оржээ. 25 жилийн өмнөх салбартаа мэргэшсэн, чадварлаг номенклатур бүтцийг өдгөө МАН болон АН-ын эрх мэдлээр сүлжилдсэн, тухайн салбараасаа мөнгө саадаг сувгуудыг эзэлсэн “эрх мэдэл-мөнгөний номенклатур” орлох болов. Төр асар ихээр сульдаж суларсан өдгөө цагт энэхүү неономенклатур бүтэц зөвхөн системдээ зохицох хүнийг хүлээж авахаас бус системийг нь эвдэх гэвэл мөчлөн жиргэж гадагш гаргаж цацдагийг Х.Тэмүжин сайдын цагдаа-хүчний байгууллагатай хийсэн тэмцлийн үр дүнгээс харж болно. 
 
Хоёр жилийн насгүй сайдыг ямар ч салбарын энэ бүтэц хамгийн түрүүнд угтаж авах бөгөөд салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, улстөрийн томилгооны сайдыг бүчин авч дур хүслээр залуурдана. Засгийн газар, сайд дэндүү богинохон настай бол энэ бүтэц маш тогтвортой, урт хугацааны бүтэц билээ. Ямар сайндаа л Н.Алтанхуяг сайд кабинетаа бүрдүүлж анхны хуралдаанаа хийхдээ сайд нартаа захисан захиас нь “За та нар минь сарын дараа салбарын сайд болчихоод салбарын лоббигоо засгийн газар дээр яриад эхлэв дээ. Салбарын биш Монгол Улсын сайд байх ёстой шүү” хэмээн анхааруулж байхав. Хэрэв Монгол Улсын сайд болох гэвэл Х.Тэмүжингийн хувь заяа хүлээж байгааг мэдэх хашир андгайнууд үдлээд мордох төдий хугацаанд эрх мэдлээ хэрэгжүүлэх салбараас ашгаа хийгээд гарахаа бодохоос бус түүнд шинэчлэл өөрчлөлтийн талаар бодох завдал ч байхгүй. 
 
Өдгөө неономенклатурыг тэжээн тэтгэж байгаа гол тэжээл нь гадаадын төсөл, судалгаа, хөтөлбөр, дотоодын төсвийн асар их мөнгө хөрөнгө, түүнийг хуваарилах өргөн боломж, төсвөөс санхүүжүүлдэг тендер, төслүүд, эрх мэдэлтний дэмжлэгтэй далд бизнес, байр, сургалтын мэтийн элдэв төрлийн хөнгөлөлт, авилга зэрэг болно. Ингэхээр төрийн албанд ажиллах нь эдийн засгийн болон бусад талын асар их ашигтай. Үүний улмаас төрийн алба өдөр ирэх тутам томорч, тоо хэмжээний хувьд ихэссээр Монголын төр, нийгэм энэ ачааллыг даахаа больж байна. 
 
Төр бол зөвхөн яам, сайд, УИХ, ерөнхийлөгч биш. Нийслэл гэдэг төрөөсөө бараг салангид бие даасан төр доторх төртэй,түүний гадна дүүрэг хэмээх төртэй. Бүгд тусдаа сонгуулиар ард түмнээс санал авч сонгогдсон учраас төр доторх төрүүд. Зөвхөн өнгөрсөн гуравхан жилийн хугацаанд төсвөөс баталсан ОНХС-ийн 700аад тэрбум төгрөгийг тэд мэдэж захиран зарцуулдаг. Тендерүүд дүүргийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид, тэдгээрийг тойрсон компани, хувь хүмүүст л хамаатай. Энэ мөнгөний хамгийн багадаа тал нь тендер олж өгсний төлөөх шагналд, нөгөө талынх нь дор хаяж бас тал нь ажил гүйцэтгэгч компанийн ашиг болж очино. Тал дугуйны үлгэр шиг. Төсөл тендерээр тэжээлгэгч төрийн неономенклатур бүтэц бол яам, нийслэл, дүүргийн удирдлагууд, тэдгээрийн гар хөлүүд. Төрийн алба бол баяжихыг хүссэн ямар ч хүнийг даллан дуудах шидэт ордон болжээ. 
 
УИХ бол төсөл идэхгүй ч хууль гаргаж хамгийн томоор иддэг бүтэц болсон. УИХ дахь бизнес гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн ба эдүгээ УИХ-ын бизнес гишүүдийн тоо Д.Бямбасүрэн гуайн тоолсноор 70 шахамд хүрээд байна. Төрийн дээд түвшний сүүлийн 10-аад жилийн томилгооноос үзэхэд нам төрийн дээд албан тушаалыг ердөө л 20 орчим хүн сэлгэн тэлээлж байгааг хялбархан ажиглаж болно. Эндээс тэдний боловсон хүчий нөөц дууссаныг болон төрийн алба хаалтай болсныг бүрэн нотолж болно.
 
Урод төр
 
Харин иргэдийн өдөр тутам харьцдаг төр нь хороо, хорооны дарга. Монголын төрийн албыг нэгэн бие цогцос юмаа гэвэл гарын хуруу хумс, хөлийн хуруу гээд хамгийн захын, үүрэг нөлөөг нь өгүүлж баршгүй эрхтэн нь хороо, тэнд өдөр тутам ажилладаг хэсгийн ахлагчид билээ. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1500 орчим хэсгийн ахлагч бол энэ төрийн гар, хуруу  нь билээ. Гэтэл эднийг төрийн албан хаагчид тооцдоггүй бөгөөд сарын цалин гэж байхгүй, сардаа 192 мянган төгрөгийн урамшуулал авдаг, ийм бага орлоготой тул дийлэнх олонх нь нийгмийн даатгал төлдөггүй. Хороон дарга нар өлөн зэлмэн багахан цалингаас өөр санхүүгийн эрх мэдэлгүй, улиралдаа ганц боодол бичгийн цаасны хангалт төрөөс хийдэг. Ямар ч асуудал шийдэх эрх мэдэл тэдэнд байхгүй. Нэг иргэн орж ирээд асуудлаа ярихад гишүүн рүүгээ цохолт хийж явуулаад л хороон даргын эрх мэдэл дуусаа. Өрхийн эмнэлэг, цагдаатайгаа чихэлдсэн хорооны умгархан байшингаас цохолттой ам цаастай гарахын оронд харин хажуугийн томоос том  тансаг байшинтай, олон машины зогсоол бүхий цардмал том талбайтай, мөнгөтэй Христийн сүм рүү очвол сэтгэлийг нь засаад, хоногийн хоолтой болж болно. Өрхийн үйлдвэрлэл эрхлэх багахан хэмжээний зээлээ хөөцөлдөж хороо, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс орж гутлын ул, нерв хоёроо барахын оронд зэргэлдээх Адра, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хаалгыг татахад хамаагүй найдвартай. Олон улсын төслийн байгууллага, Христийн сүм Монголын төрөөс илүү хүчтэй, илүү нөлөөтэй! 
 
Санхүүгийн эрх мэдэлгүй тул тодорхойлолт өгөхөөс өөр бодтой ажилгүй хороон даргыг өдгөө ТҮЦ машинаар орлуулах болов. Хороон дарга ч хэрэггүй болох нь. Энэ бол царвуугүй гараа тайрч хаяхтай адил үйлдэл болох юм. Ингээд Монголын төрийн өнөөгийн байдлыг биежүүлэн төсөөлөх гээд үзвэл гурваас доошгүй толгойтой, биеэрээ ихээхэн замбараагүй бүдүүрсэн, нарийхан хоолойтой, гар хөл нь хуруу сарвуугүй мухар учраас хөдөлж явж чаддаггүй, нэг л тийм урод биет болж төсөөлөгдөж байна. 
 
МАН-ын төр ба АН-ын төр хийгээд чөтгөрийн тойрог 
 
Өнгөрсөн 25 жилд Монголын төрийн албан хаагчдыг бэлтгэх нь хүртэл намд хуваагдсан бүтцээр дамжиж иржээ. 1924 онд анх Нам, улсын түр сургууль (одоогийн Удирдлагын академи) байгуулагдаж нам-төрийн боловсон хүчнийг системтэйгээр бэлтгэж эхэлжээ. Дараа жил нь Намын төв сургууль хэмээн нэрээ өөрчилж 1947 оноос бүрэн дээд сургуулийн статустайгаар ажиллаж төрийн албанд дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж байв. Саяхныг болтол тус сургуульд мөнөөх Улаан шугамын шалгуураар элсүүлэн төрийн албан тушаалтнуудыг системтэйгээр бэлтгэдэг байв. 1992 оноос УБХ-ын дэргэдэх Төр нийгэм судлалын академи, 2012 оноос ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академи болон нэрээ өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
Засгийн эрхийг авах тоолондоо боловсон хүчний илт дутуугаа мэдэрсэн Ардчилсан хүчнийхэн өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэх нь ихээхэн чухал болохыг олж мэдээд 1992 онд Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат-Үүл нарын санаачилж, хүсэлт тавьсны үрээр ХБНГУ-ын КАС-ийн дэмжлэг, санхүүжилтээр 1993 онд Улстөрийн боловсролын академийг үүсгэн байгуулжээ. Тус академи 1996 оноос хөдөө орон нутагт “Иггэдийн оролцоо-Ардчилал” төслийг хэрэгжүүлж ардчиллын үнэт зүйлийн талаар орон нутгуудад сургалтыг эхлүүлэв. 1998 оноос үйл ажиллагаагаа төрийн албан хаагчид, нийгмийн санаа бодлыг төлөвшүүлэхэд нөлөө бүхий бүлгүүд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын ажилтнууд, дунд сургуулийн багш нар, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн гишүүдэд хандаж сургалтууд явуулж эхлэв. 
 
2001 оноос Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, ЕБС-ийн багш нар, шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, орон нутгийн иргэд, хувийн хэвшлийнхэн, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төр захиргааны байгууллагын ажилтнууд, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, улс төрийн намуудын идэвхтэн сонгуультнууд, малчдад гэх мэт нийгмийн тодорхой бүлгүүд рүү идэвхийлэн хандсан сургалтуудыг тасралтгүй хийж иржээ. 
 
2006 оноос үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар менежмент, төрийн удирдлагын магистр зэрэг олгох Либерти дээд сургуулийг байгуулан одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулан Ардчилсан нам, хүчний боловсон хүчнийг бэлтгэхэд анхааран ажиллаж байна. 
 
Ийнхүү угаас цөөн хүн ам, энэ хирээр ихээхэн хязгаарлагдмал боловсон хүчний нөөц хорин жилийн турш МАН АН-уудад туйлшран хуваагдаж, Монгол төрийн төлөө зүтгэх боловсон хүчний бодлого ч сарнин бутарч намуудын ялалт ялагдлын дүйвээнд хэлмэгддэг, тэмцлийн нь зэвсгийн нэг болж хувирсан байна. МАН 180 мянган гишүүнтэй гэдэг, АН-ын гишүүн түүнээс дутуугүй гэж мэтгэдэг. Намууд засгийн эрхийг авч идэвхтэн гишүүдээ ажлын байраар  хангах, тэр нь дараагийн сонгуулийн ялалтын суурь болох учиртай, гишүүдийн нь ажлын байраа найдвартай авч үлдэх хөшүүрэг – намын ялалт тул энэ чөтгөрийн тойрог Монголын төрийг сульдаах үндсэн хүчин зүйлүүдийн нэг боллоо. 
 
Улс орнуудын  төрийн албан хаагчаа ингэж бэлтгэдэг 
 
Улстөрийн ямар ч тогтолцоо, ямар ч дэглэмтэй улс орон төрийн албан хаагчид, төрийн хүнээ бэлтгэхэд онцгой анхаарал хандуулж ихээхэн ач холбогдол өгдөг байна. Чингэхдээ зорилго нь тухайн үндэстний төрд үйлчлэх хоёргүй нэг утгатай бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдгийг олон орны жишээнээс харж болно. 
 
1946 оноос ЗХУ-ын үеийн нам төрийн удирдагчдыг бэлтгэдэг байсан Намын дээд сургуулийг 1994 оноос ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор Оросын төрийн алба, төрийн зүтгэлтнүүдийг бэлтгэдэг Академи болгон ихээхэн ач холбогдол өгсний зэрэгцээ салбар бүрээр төрийн албан хаагчдыг бэлтгэдэг төрийн институц болгон бодлогоор өргөжүүлсээр байна. 
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Беларусь, Азербайджан, Кыргыз, Украйн, Молдав гээд олон орнууд төрийн албан хаагчаа бэлтгэдэг тусгай сургуулиудаа ерөнхийлөгчийнхөө ивээлд авч онцгой ач холбогдол өгсөөр байна. 
 
1945 онд Францын ерөнхийлөгч Шарль де Голийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан Үндэсний удирдлагын сургууль өдгөө Францын өндөр тушаалын төрийн албан хаагчид элитүүдийг бэлтгэдэг гол институц юм. Парламентын гишүүн болох, нэр дэвших, төрийн өндөр албан тушаал хашихын тулд энэ сургуулиар дамжсан байх нь мерит системийн нь суурь гол шалгуур болж тогтсон байна. 
Мөн энэ жишгээр АНУ-ын Харвардын Их сургууль Засгийн газрын дэргэдэх Жон Кеннедийн их сургуулиараа дамжуулан төрийн албан хаагчдыг бэлтгэхээс гадна гадаад орнуудын төрд ажиллах хүмүүсийг сургаж үзэл онолоо түгээх ажлаа тус сургуулиар дамжуулан бодлоготойгоор хэрэгжүүлдэг байна. 
 
Японы төрд алба хаах, ялангуяа удирдах түвшинд алба хаах суурь шалгуурын нэг нь Японд дээд боловсрол эзэмших шат дамжлагыг давсан байх.
 
БНХАУ ч мөн Шанхайн Пудон дүүрэгт байрладаг  Хятадын Гүйцэтгэх Удирдлагын Академаар дамжуулан Хятадын төрийн бодлогыг салбарт бүрт нэгэн үзүүрт сэтгэлээр хэрэгжүүлэх төрийн хүмүүсийг бэлтгэдэг. /CELAP – China Leadershid Academy in Pudong/ Тус Академийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Фэнг Жунг академийнхаа зорилгыг тодорхойлж хэлэхдээ, “Шанхайн Удирдлагын академи бол намын сургууль биш. CELAP–ын оюутнууд социализмыг хайрлах, Хятадын онцлогтой социализмын замналд итгэх гуйвшгүй итгэлээ бэхжүүлэхээр суралцдаг. Бид энд  тархи угаадаггүй, харин бидэнд тулгамдаж байгаа асуудлуудын шийдлийг олохын тулд шилдэг тархинуудыг  дайчилдаг” гэжээ. Мөн академийн профессор, олон улсын хөтөлбөрийн удирдагч Жанг Хайшан сургуулийнхаа зорилгыг тодорхойлохдоо, “Хятад улсад ашигтай, хэрэгтэй л бол бүхий л соёл иргэншилд нээлттэй байж тэднээс суралцах болно” гэжээ. 
 
Энэ бүхнээс үзэхэд үндэстэн-төр өөрийн боловсон хүчнээ бэлтгэнэ гэдэг нь элдэв янзын гаднын суртлаар, олон улсын элдэв зорилготой эрээвэр хураавар сургалтын хөтөлбөрөөр хүмүүсийг  конвероор урсгаж гаргахыг хэлдэггүй ажээ.  Улс үндэстнийхээ өмнө тавьсан нэгэн үзүүрт зорилго чиглэлээ тодорхойлсон улс орнууд түүнийгээ хэрэгжүүлэх нэгэн чиглэлт төртэй байж, түүнд зүтгэх түвшин бүрийн албан хаагчдаа уг зорилго чиглэлдээ нийцүүлэн бодлоготойгоор бэлтгэж, шат ахиулан тогтвортой ажиллуулдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулж байна. Төрд зүтгэх хүмүүсээ дотооддоо бэлтгэн сургаж, үндэсний төрийг удирдах үндэсний сэхээтнээ дотооддоо бэлтгэхийг чухалчилдаг бол харин техник технологийн чиглэлийн мэргэжилтэн, инженерүүдийг олноор гадаадад сургаж, гаднаас техник технологийн шинэчлэлийг импортлоход анхаардаг ажээ. 
 
Гэтэл манай төрийн албан хаагчийг бэлтгэж байгаа аль ч сургууль нь үндэсний гэх хөтөлбөрийн онцлог байхгүй, гаднын онол-суртлыг төрийн албанд ажиллах хүмүүсийнхээ тархи толгойд чихэж байдаг, гаднын үзэл суртлын нөлөөний байгууллага маягтай ажилласаар байна. Өөдлөн дэвжиж байгаа улс орны ерөнхийлөгч нар төрийн албан хаагчдаа бэлтгэх сургуульдаа онцгой ач холбогдол өгч өөрийн ивээлдээ авч үндэсний сэхээтэн-үндэсний боловсон хүчнээ зорилготойгоор бэлтгэж байхад манай төрийн тэргүүн улстөрийн шинэ үеэ зурагтын шоугаар тодруулаад бөөн бөөнөөр нь АНУ-д бэлтгэхээр явуулж байх жишээтэй. 
 
Мерит зарчмыг гаднаас биш өөрөөсөө хайя
 
Merit -хүний /юмсын/ хамгийн сайн шинж чанар, чадвар 
Meritocracy-(merit, from Latin mereō "earn" and -cracy, from Ancient Greek κράτος kratos "strength, power") Гагцхүү авъяас чадвараараа шалгарсан хүмүүс улстөрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байх
Merit system- Дээрх зарчмыг хэрэгжүүлэх нөхцлийг бүх талаар бүрдүүлсэн улстөр, эрхзүйн бүтэц, зохион байгуулалтын цогц гэж тодорхойлжээ.  
Сүүлийн үед манайхан мерит зарчим гэж ихэд чамирхан ярьцгаах болов. Англиар нэршлийг нь хэлээд гадаадын жишээ авахаар ухаантайд тооцогдож, хүлээн авч болдог. Харин яг тэр зүйлийг нь монголоор нэрлээд түүхээсээ жишээлэхээр хоцрогдол, бүдүүлгийн туйлд тооцогддог хачин зарчим өнөөгийн төрд амь бөхтэй байна. Аль ч нийгэмд аль ч цаг үд төрийг удирдах, залах жолоодоход мэргэшсэн түшмэл ус агаар мэт хэрэгтэй байдаг ч хэзээд тийм ч элбэг дэлбэг байсангүй. Тиймээс дорно дахины төр, ялангуяа нүүдэлчдийн төр түшмэдээ зөвхөн ажил хэрэг дээр нь шалган төрдөө ажиллуулдаг гайхамшигтай систем бодож олсон юм. Түшмэдийг ажилд авах уралдаант шалгалтын систем бол Европын биш, Дорно дахины бүтээл туурвил юм. Эдүгээ энэ ёс заншлыг Европоос авах гэж үхэн хатан зүтгэх нь инээдэмтэй. Монголын төрд хэрэглэж ирсэн мерит зарчмын талаар гаднын эрдэмтний бичсэнийг жишээлье. “Монголын ардчиллын эцэг-Чингис хаан” номыг зохиогч Пенсилванийн их сургуулийн Пол Саблоф уг номынхоо дөрөвдүгээр бүлэгт “Мерит зарчмаар дамжуулан тэгш байдлыг тогтоосон нь” гарчгийн дор Чингис хааны хэрэгжүүлж байсан мерит зарчмын талаар өгүүлжээ. 
 
“Чингис хаан цэргийн зохион байгуулалтаа хийхдээ арван хүний дундаас хүлээн зөвшөөрөгдөж шалгарсан шилдгийг нь аравтын удирдагчаар, яг ийм зарчмаар шалгарсан арван аравтын ноёны дундаас шилдгийг нь зуутын удирдагчаар, мөнхүү дарааллаар мянгат, түмтийн удирдагчдыг шалгаруулан томилдог эртний Хүннүгээс уламжилж ирсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлдэг байжээ. Чингис хаан өөрөө ч мөн тухай тухайн нэгж болгоноос хүлээн зөвшөөрөгдөж байж гарч ирсэн юм. Чингис хаан үнэнч шударга зан, эрэлхэг зориг, авъяас чадвараараа гарч ирсэн болохоос хааны хүү гэдгээрээ угсаа залгамжлан хаан ширээнд суугаагүй гэдгийг Монголын нууц товчоо бидэнд бэлхнээ хэлж өгдөг. Чингис хааны мерит зарчим нь эгэл жирийн хүнд ч албан тушаалын шатаар өгсөх боломжийг олгодог байжээ. Чингис хаан зөвхөн цэрэг армидаа төдийгүй түшмэдийн цэцдийн зөвлөлдөө ч мерит зарчмыг хэрэгжүүлдэг байв. Язгууртны гэр бүлд төрсөн эсэхээс, тэр ч байтугай ямар үндэстэн байхаас үл хамаараад хамгийн ухаалаг хүмүүс Чингис хаанд зөвлөх үүрэгтэй Төрийн цэцдийн зөвлөлд уригдан ордог байв.  Мерит зарчим нь тухайн нийгэмд бүх хүн тэгш эрхтэйн нотолгоо байлаа. Эцэг эх нь хэн байхаас үл хамаараад юу хийж чадсанаараа л үнэлэгддэг зарчим тэр үед үйлчилж байлаа. 
Барууны ардчилалд тэгш байдал гэдэг нь хуулийн өмнө бүгд тэгш байх тухай ойлголт байдаг бол Чингис хааны мерит зарчим нь хүмүүст тэгш хандсанаар хүн бүхний өмнө боломж нээх тухай ойлголт юм...” гэж өгүүлжээ. 
Хүннү гүрнээс эхлэн Монголын төрийн хэрэглэж байсан мерит зарчим Чингис хаан, Хубилай хааны үед ч уламжлан хэрэглэгдэж  байв. Хубилайн үед Төрийн албаны шалгаруулалтын яам ажиллаж байлаа.
 
“Монгол хүн гэж  хэн бэ?!”
 
Орчин үед энэхүү мерит зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Олон намаар өрсөлддөг парламентын тогтолцоонд мерит системийг төгс хэрэгжүүлэх бололцоо бий  юу? Энэ бол өдгөө бидний оюунаа чилээх сэдэв мөн болов уу. 
Нэгэнт мерит зарчмаар сонгогдсон хүмүүс тогтвортой ажиллаж байж мерит систем өөрөө бүрэлдэн тогтоно. Хэт тогтвортой мерит систем хүссэн хүсээгүй яваандаа номенклатур ангийг бас бий болгоно. Номенклатур ба меротократ гэсэн бие биедээ эсрэгцдэг боловч бас бие биеэ агуулдаг энэхүү хоёр ойлголтын зүй зохист тэнцвэрт харьцааг бий болгох улаан шугамыг ч татах ёстойг өнөөгийн манай төрийн албаны бодат нөхцөл байдал бидэнд бас ойлгуулж байна. Чухамдаа бол ямар ч номенклатурт залагдахгүй, түүнийг зөв залж чадах хүчтэй бодлоготой чадварлаг, бидэнд тохирох улстөрийн тогтолцоо юуны өмнө бидэнд үгүйлэгдэж байна. 
БНСУ-ыг 18 жил удирдахдаа хөл дээр нь босгож өнөөгийн хөгжилд хөтөлсөн тус улсын Ерөнхийлөгч Пак Жөн Хы дуртгал номдоо “.. Аж үйлдвэрийн салбар бараг түүхий шахуу байсан энэ үед манай улсын цор ганц баялаг “Солонгос хүн” л байлаа.... Шинэ салбарын төлөвлөгөө боловсруулах болгонд “Солонгос хүн гэж чухам хэн бэ?” гэх асуулт л намайг байнга зовоож байлаа. Энэ асуултын хариултыг олохгүйгээр төлөвлөгөө гаргах ямар ч аргагүй байсан” гэжээ. Түүний энэ үгэнд Солонгос хүний мөн чанарыг олох, түүний үндсэн дээр солонгос хүнийг захирч удирдаж ажил хийлгэх аргыг олох, гол баялаг болсон солонгос хүнээ Солонгос улсын хөгжилд хэрхэн ашиглах тухай утга агуулга нэвт шингэжээ. 
 
“Монгол хүн гэж хэн бэ?” Энэ асуултын хариулт л бидний эрэл хайгуулын углуурга байх учиртай. Энэ асуултын хариултыг эрж хайж, олж тэрхүү мөн чанартаа захируулан төрөө урлах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Монгол хүн гэж хэн бэ? Монгол хүнийг, монгол үндэстнийг авч явах төр, төрийн тогтолцоо ямар байх вэ, либерал ардчилал монгол хүнд тохирох үзэл санаа мөн үү, монгол үндэстнийг авч явах төрийн тогтолцоо одоогийн систем мөн үү? Энэ асуултад өнгөрсөн 25 жил бидэнд хангалттай хариулсан гэж үзэж байна. 
 
Мөн л Сингапур улсын Ерөнхийлөгч асан Ли Куан Ю-гийн төр, төрийн албаны тухай хэлсэн үгээс эшилбэл, “Засгийн газар шударга ажиллах урьдчилсан нөхцөл бол засгийн газрын өндөр албан тушаалд хүрэх сонголт их мөнгө шаарддаггүй байх ёстой. Сонгуулийн явцад их хөрөнгө зарахаар ялсныхаа дараа буцааж олохоос гадна дараагийн сонгуулийн бэлтгэл болгон базаах ч хэрэг гардаг. Ийм харилцаа нэг тогтвол дахин дахин өөрөө өөрийгөө төрүүлсээр байдаг. Үнэхээр шударга, чадварлаг хүмүүс сонгуульд өрсөлдөж, албан тушаал эзлэн улс орныхоо төлөө зүтгэхийг хүсч байгаа тохиолдолд л Сингапурын засгийн газар цэвэр, ариун шинжээ хадгалах болно” гэжээ. 
Мерит зарчим бол зөвхөн төрийн захиргааны албанд биш улстөрийн албан тушаалд илүүтэй хэрэглэгдэх ойлголт болохыг тодорхойлолтоос харж болно. Улстөрийн дээд түвшинд мерит зарчим биш мөнгө, даргад үнэнч байх, хор найруулдаг байх зарчим үйлчилсээр байвал төрийн захиргааны түвшинд мерит зарчим хэрэгжих боломжгүй.  
 
Юу хийх вэ? 
 
Төрийн албыг нийгмийн дэд систем гэж үзвэл түүнийг нийгмийн систем бүхэлдээ тэтгэн дэмжиж байх ёстой. Хэрэв нийгмийн систем бүхэлдээ тэтгэн дэмжиж чадахгүй бол энэхүү дэд систем нийгэмдээ ажиллаж чадахгүйд хүрдэг. Манай төрийн алба ийм л шалтгаанаас болоод ажиллаж чадахгүй, ор нэрийн төдий зүйл болжээ.
Монголын төрийн албанд мэргэшсэн, бэлтгэгдсэн, төр үндэстэндээ үнэнчээр зүтгэдэг шударга хүмүүс байгаа нь эргэлзээгүй. Тэдний хичээл зүтгэл системийн ялзрал эвдрэлийг бүрэн нөхөж чадахгүй хэмжээнд хүрсэн нь бас маргаангүй үнэн тул засах нь  гарцаагүй. Юу хийх вэ? 
 
Нэг. Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн боловсролын бүх шатанд МЕРИТ зарчмаар улаан шугам татдаг тогтолцоог сэргээх. Өнөөдөр 100 гаруй их дээд сургуульд 170 гаруй мянган оюутан суралцаж, жилд хэдэн арван мянган дээд мэргэжилтэн төгсөж, дийлэнх нь ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа нь социализмын үед төлөвлөгөөгөөр эрэлтээс давсан чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд агуулахт хадгалдаг үрэлгэн тогтолцооноос ялгаагүй байна. Энэ бол чөлөөт зах зээл биш хаос, сүйрэл, дампуурал билээ. 
Хоёр. Төрийн албанд доод албан тушаалаас дээш шатлан өгсдөг зарчмыг сэргээж хуульчлан мөрдөх   
Гурав. Улстөрийн намуудыг гишүүнчлэлгүй болгож намууд think-tank буюу бодлогын институцийн зарчмаар ажилладаг болгон хуульчлах. Намаас дэвшүүлж буй, бэлтгэж буй боловсон хүчинд тавих шаардлагыг хуулиар чангатгая. Нам дагаж байгаад шууд дарга болдог буруу практикийг багасгахад энэ нь тустай. Ингэж байж намуудын популизмаас ангижирч улстөрийг массын биш мэргэшлийн болгох анхдагч нөхцөлд бүрдэнэ. 
Дөрөв. Хамгийн чухал нь дээр тулгамдсан асуудлын үндсэн шийдэл нь Үндсэн хуулийн хүрээний цогц өөрчлөлт. МҮАН-ын боловсруулсан Тавдугаар Үндсэн хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлийг бие даасан засаглалын хэмжээнд Үндсэн хуулийн байгууллага болгож тусгасан. 
Өнөөдөр төрийг үгүйсгэдэг, төр хүчгүй байх ёстой, төр угаас муу менежер гэж итгэдэг, Төрийн ордонд орж ирэхээр муу энерги мэдрээд бие нь муудаж, толгой нь өвддөг, “Би төртэй төргүй өөрийнхөө хэдэн үеийн амьдралыг аваад явчихаар болсон хүн” гэх мөртөө төрд зүтгэн зүтгэн байдгаа баран орж ирдэг хүмүүс Монголын төрд хэт олноор ноёрхсон нь асуудлыг шийдэхэд ихээхэн гацаа тээг болно.   
 
Эцэст нь тодотгоход, Монгол төрийн боловсон хүчний бодлогын үндсэн бөгөөд тэргүүлэх зарчим бол Монгол төр, Монгол үндэстний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх чин сэтгэл, хүсэл эрмэлзэл, бас өдгөө цагт үүний төлөө золио гаргаж чадах ухамсар, сэтгэл, зориг мөн. Энэ бол асар чухал, анхдагч үнэт зүйл нь бөгөөд манай шинэ үеийн төрөө засах үндэсний үзлийн үзэл суртлын цөм байх учиртай.   
 
УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга