Сонгуулийн хэнээрхэл дуусч асуудалд бодтой хандах боломж бүрдлээ. Бичлэгийн асуудлыг шалгуулахаар УЕП-д хандаж байна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар үнэхээр зөв шударгын төлөө явсан бол бичлэгийн хаанаас гарсныг, хэн түгээснийг үнэн шударгаар шийдэхэд туслалцаа үзүүлнэ биз ээ. 
 
Хүсэлтээ сийрүүллээ:
 
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,  ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН ТАНАА
 
2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
 
Гомдол гаргах тухай
 
Гантөмөрийн Уянга миний бие 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 66-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэг нийтийн сүлжээгээр тарсныг намайг бичлэг хийж тараасан, нөхрөө “түгжилдсэн”, бичлэгийг Н.Учралд /УИХ-ын гишүүн/ 200 саяар зарж сонгуулийн мөнгөө олсон мэтээр хүний санаанд оромгүй, гүтгэлгийн ташаа мэдээлэл тарааж миний нэр хүндэд ноцтой халдлаа.
 
Одоо сонгууль нэгэнт өнгөрсөн, энэ асуудалд сонгуулийн сэтгэл хөдлөлөөр биш, бодтой эрүүл саруул ухаанаар хандах боломжтой болсон гэж бодож байна.
 
Энэ мэдээллүүдийг зорилготой, санаатайгаар нийгэмд ихээхэн хүчтэй тарааж байгааг мэдэж байсан ч сонгуулийн сурталчилгааны ид үеэр өглөөнөөс үдэш хүртэл завсаргүй уулзалттай байсан, сонгуулийн кампани нэр дэвшигч дээр гэхээсээ штаб дээр төвлөрсөн зэрэг шалтгаанаар энэхүү мэдээллийн тархалтын цар хүрээ, хор уршгийг төдийлөн бүрэн дүүрэн, бодтоор мэдрэх боломж байсангүй.
 
Наадмын дараагаас л танихгүй хүмүүс бүү хэл танил нөхөд, хамаатан садан хүртэл үүнд үнэмшиж, үл итгэсэн байдлаар хандах болсныг мэдэж мэдэрлээ. Энэ худал мэдээлэлд нийгэм тэр аяараа үнэмшсэн нь надад сэтгэл санааны асар хүнд дарамт учруулж байна.
 
Улс төрч хүнд олон түмний хайр хүндлэл, нэр хүндээс илүү үнэтэй зүйл байдаггүй юм. Үүнийг ямар ч мөнгөөр худалдан авч болдоггүй билээ. Миний өнөөдрийг хүртэл тодорхой золио хийж олсон нэр хүнд байгаа бол тэр л надад байгаа цорын ганц өмч юм.
 
Энэ нь зөвхөн хувь хүн Г.Уянгын нэр төр төдий биш нийгмийг шинэчлэх хүчний цаашдын үйл явцад ихээхэн хор уршигтай хэмээн үзэж энэ асуудлын үнэн мөнийг тодруулан, бичлэг хэнээс гарч нийтэд түгсэн талаар үнэн мөнийг тогтоож өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
 
Болсон явдлыг товч дурдвал , сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө 6-р сарын 6-ны даваа гарагийн орой 22 цагаас хойш УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг утастаж, “Бид нар хамт байхдаа миний тамхи татаж байсанбичлэгийг Бат-Ялалт надад үзүүлээд 200 сая төгрөг нэхэж байна” гэж хэлсэн.
 
Би тухайн үедээ юун тухай бичлэг болохыг мэдээгүй, төсөөлөл ч байгаагүй. Тэгээд гайхахдаа, “Ямар хачин юм бэ? Ямар бичлэг байдаг билээ, Би цагаан сарын үеэр утсаа алдах нь алдсан, гэхдээ тэнд ямар нэг бичлэг байгаагүй дээ. Хэнээс, хаанаас тийм бичлэг гардаг байнаа” гэхэд Л.Эрдэнэчимэг гишүүн “Ямар ч байсан түүнтэй уулзаад бичлэгийг үзээдэх дээ” гэсэн.
 
Би тэр даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдэж миний утас олдсон эсэх, олдсон бол түүнээс ямар нэг бичлэг авсан байж болох эсэхийг лавлаж, хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч н.Дөлгөөнд дахин тодруулга өгсөн.
 
Цагдаагийнхан утас олдоогүй, олдсон байх боломжгүй, хэрэв Л.Эрдэнэчимэг гишүүн гомдол гаргавал Х.Бат-Ялалт уг бичлэгийг хаанаас авсныг тодруулж болно гэж хэлсэн. Маргааш өглөө нь 6-р сарын 7-нд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж гомдол гаргахыг зөвлөсөн. Л.Эрдэнэчимэг гишүүн зөвшөөрч тэр даруйдаа түүний өмгөөлөгч надтай холбогдож мэдээлэл авсан.
 
Мөн тэр өдөр Х.Бат-Ялалт надтай ярьж бичлэгийн талаар хэлэхдээ, “Би Л.Эрдэнэчимэгт тус болох л гэсэн юм. Хүн 200 сая төгрөг нэхээд явж байгааг л хэлсэн. СХД-ийн засаг дарга Чинболд /би нэрийг ташаарсан байж мэднэ, Чинболд гэсэн шиг санаж байна/ надад үзүүлсэн. Харин бичлэг хийсэн хүн нь чи биш л байсан даа” гэж хэлсэн. Энэ бүхэн Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг цахимаар тарахаас өмнө болсон зүйлс.
 
6-р сарын 14-ний мягмар гарагийн 12.19 цагт Л.Эрдэнэчимэг гишүүнээс бичлэг цацагдсан тухай мессэж миний утсанд ирсэн. Бичлэгийг үзэхэд,Тамхины тухай хууль батлагдсаны дараа УИХ-ын гишүүн,БОХААБХ-ны дарга Су.Батболд гишүүний өрөөнд болсон үйл явц болохыг мэдсэн.
 
Л.Эрдэнэчимэг гишүүн бичлэгт хэлсэн үгээ бичлэггүйгээр өмнө нэгэнт хэлсэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр бичлэг хийлгэж давтан хэлсэн бичлэг болохыг би маш тод санаж байна. Бичлэг түүнийг хүнд байдалд оруулах гэж хулгайгаар хийгээгүй, ил тод хийсэн, гишүүн үгээ бичлэгт зориулж давтан хэлж байгааг бичлэгээс төвөггүй харж болно.
 
Хийж дууссаны дараа ч “Наадхаа устгаарай даа” гэж бүгд сануулж байсныг Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө мэдэж байх учиртай. Гэтэл энэ үйл явдалтай огт холбоогүй, зүгээр л утсаа хулгайд алдсан тухай миний түүнд хэлснийг өлгөн авч “Г.Уянга гишүүн бичлэг хийсэн утсаа хулгайд алдсан” гэж шууд гүтгэн мэдээлсэн нь намайг маш хүнд байдалд оруулсан.
 
Би гар утсыг 2015 оны 12-р сарын 30-нд худалдан авч 2016 оны 2-р сарын 12 буюу цагаан сарын шинийн 5-ны үдээс хойш МҮАН-ын бага хурлын гишүүдийн золголтын үеэр хулгайд алдсан юм. Гар утас хулгайд алдсаныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Х.Болорчулуун нар баталж чадна.
 
Учир нь тэр өдөр буюу шинийн 5-нд бид хамтдаа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайд очиж золгохоор цаг тохирсон байсан. Харин тэр оройдоо 21 цаг болж байхад Ц.Даваасүрэн гишүүнийд гурвуул уулзахдаа би Д.Бямбасүрэн гуайнд хамт очиж чадаагүй шалтгаанаа тайлбарлахдаа утсаа алдсан талаараа хоёр гишүүнд ярьж байсныг тэд гэрчилнэ.
 
Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр 2-р сарын 18-нд болдог. Би утсаа үүнээс 6 хоногийн өмнө алдсан тул 2016 оны төрсөн өдрийн бичлэг байх боломжгүй. 2015 болон түүнээс өмнөх төрсөн өдрийн бичлэг гэвэл надаас хулгайлсан утас миний өмч болоогүй, би түүнийг худалдан аваагүй байсан тул тэр утсанд байх боломжгүй юм.
 
Утас алдсан тухай Л.Эрдэнэчимэг гишүүнд миний санамсаргүй хэлсэн үг олз болж сандарч бачимдсандаа асуудлыг над руу эргүүлэх боломж олгосныг хожим ухаарлаа. Үнэндээ миний гар утсанд бичлэг байх ямар ч боломжгүйг утас худалдан авсан болон хулгайд алдсанаа тэмдэглүүлсэн цагдаагийн бүртгэлээс мэдэж болно.
 
Алдагдсан утсанд бичлэг байсан гэж үзье гэвэл I phone 6s маркийн гар утасны хурууны хээ, зургаан оронтой тоогоор кодлогдсон кодыг нээж тайлах ямар ч боломжгүй, доторх мэдээллийг гаргаж авах бололцоо ямар ч тохиолдлоор байх боломжгүй, хулгайлсан утсыг зөвхөн сэлбэгт ашиглаж болохыг мэргэжлийн хүмүүс нотлон ярьж байна.
 
Хэрэв би тэр бичлэгийг зарсан, тараасан бол бичлэг дээр бусдын дуу, дүрсийг арчсан шиг ядаж өөрийнхөө дууг арилгах байсан гэдэг нь энгийн логик шүү дээ. Би тэр өрөөнд хамт байсан боловч бичлэг хийж тараасан, зарсан, түүнийг улс төрийн зорилгоор ашигласан хүн нь би биш гэдгийг нийгэмд, намайг дэмждэг олон түмэндээ нотлох зайлшгүй чухал шаардлага байна.
 
Би Л.Эрдэнэчимэг гишүүнтэй дотно сайн харилцаатай, түүнийг дахин сонгогдоход өөрийн чадах дэмжлэгээ үзүүлэхээ амлаж байсан хүний хувьд ийм үйлдэл хийх үндэсгүй. Ядаж би түүнтэй нэг тойрогт өрсөлдөгч ч биш шүү дээ. Ийм бичлэг зарж мөнгө олох ёс суртахуун, суурь хүмүүжил ч надад үгүй.
 
Хийгээгүй үйлдлийн төлөө нийгэмд буруутгагдаж, буруугаар ойлгогдож байгаа алдааг залруулах,утасны бичлэг хаанаас алдагдсан, хэн түүнийг ямар зорилгоор нийтэд тараасан, бичлэгийг хэн нэгэн худалдсан, худалдан авсан бол түүнд иргэн миний оролцоо байсан эсэх, миний нэр хүнд, алдар хүндийг гутаах зорилготой гүтгэлгийг нийтэд тараасан эзэн этгээдийг олж тогтоож өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
 
Хэргийг үнэн зөвөөр тодруулахад хэрэг болж болох дараах материалуудыг хавсаргав. 
 
1. I phоne 6s маркийн гар утсыг 2015.12.30-нд худалдан авсан огноотой баримт 
 
2. Гар утсаа алдсан өдрөө Чингэлтэй дүүргийн цагдаад тэмдэглүүлсэн баримт
 
3. Бичлэгийн талаар цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан зарим мэдээллийн хуулбарууд болон бусад материал 33 хуудас хавсаргаж, хүсэлтийн хамт нийт 36 хуудас материалыг хүргүүлэв.
 
Жич: I phone 6s утасны нууцлал, түүнээс мэдээлэл алдагдах боломжийн талаар тодруулахаар Apple компанид хандаж байгаа болно. Мэдээллийг ирсэн даруйд нь хүргүүлнэ. Шаардлагатай бусад материалыг бүрдүүлэхэд тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн байх болно.
 
ХҮСЭЛТ ГАРГАСАН: ГАНТӨМӨРИЙН УЯНГА