Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгох зайлшгүй хэдэн шалтгаан байна. 
 
1. Х.Баттулгын эсрэг бүгд бүлэглэн нэгдсэнийг олж харахын тулд заавал ажигч гярхай байх шаардлагагүй болж. МАНАН зөвхөн түүнээс л болгоомжилж байна. С.Ганбаатараас биш шүү! Түүнийг МАНАН бүлэглэлийн нэг гишүүн мэтээр, бүлэглэлийг толгойлогч /одоохондоо/ Ц.Элбэгдоржийн найз мэтээр харуулахыг хүсч байгаа нь учрыг мэддэг хүнд бол арга ядсан арга. МАНАН бүлэглэлийг МАН АН-ынхан тэр чигээрээ хэмээн, бүр жирийн гишүүдийг нь хүртэл хамруулан ойлгох нь хэт бүдүүн тоймын ядруу ойлголт. АН болон МАН-ын жирийн гишүүд энэ бүлэглэлийн золиос - тэд жирийн ард иргэд. МАНАН бол уул уурхай, банк-санхүү, архи, тамхины үйлдвэрлэл, импорт, нефть-шатахууны импорт гэсэн Монголын гол мөнгөтэй салбаруудад монополь тогтоосон 30-аад гэр бүл, түүнийг тойрсон маш цөөн хүний бүлэглэл бөгөөд тэдний гарт төрийн эрх мэдэл-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц, ҮХЦ, Тагнуул, цагдаа, шүүх, АТГ, СЕХ, хэвлэл мэдээллийн сүлжээ бүхэлдээ байна. Түүнийг нь Х.Баттулга харин тодорхой хэлснээрээ ирүүл тулаанд дуудаж байна. Өөр ингээд хэлчих хүн Монголд хэтэрхий цөөн л дөө. Ядаж л айдаг. 
 
Мах, талх, аялал жуулчлалаар энэ бүлэглэлд багтах сачий дутах юм. Х.Баттулга уул уурхай руу хуруу дүрээгүй үлдэж чадсан нь итгэл төрүүлэх маш том шалтгаан юм. Хэрэв түүнд МАН-ын олон нийтэд итгүүлэхийг хүсч байгаа шиг оффшор данс, хууль бус бизнес байсан бол нэрийг нь дэвшүүлчихээд араас нь маажиж малтаж суухгүй, нэр дэвшихээс нь өмнө одоо яриад байгаа шалтгаанаараа наад зах нь нэр дэвшигчээр бүртгэхгүй байх бүрэн чадал, хамгийн гол нь хүсэл чухам МАНАН бүлэглэлд байсан билээ. Нэрийг нь дэвшүүлэхгүй байх хуулийн ямар ч шалтгаан байхгүй тул аргаа барахдаа олон нийтэд хуурамч төсөөлөл үүсгэж сонгогчдыг төөрөлдүүлэхийг МАНАН л хүсч байна. 
 
2. Цагаан сонголтоор хоёр дахь санал хураалтыг хүчингүй болгоод нэр дэвшилтийг дахин шинээр эхлүүлэх боломж АН-ын хувьд боломжгүй. МАН бага хурлын 100 гаруй хүнээ хуралдуулаад, МАХН даргынхаа тулгалтаар дараагийн нэр дэвшигчээ тодруулж болох биз. Харин АН анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ бүх гишүүдийнхээ саналыг асууж тодруулсан юм. АН-ын 160 мянган гишүүн бол Монголын ард түмний багасгасан  хувилбар. Тэдний олонхийн санал, хүсэл Х.Баттулга байсан. Энэ бага ард түмэн Ерөнхийлөгчөө аль хэдийн сонгоод, түүнийг нь АН-ын Их хурал баталгаажуулчихсан юм. Үнэндээ их ард түмний хүслийг бага ард түмэн илэрхийлсэн хэрэг билээ. Өдгөө тэдний сонголтыг үгүйсгэж, дахин өөр сонголт нэхэх нь утгагүй хэрэг. Наанадаж асар их мөнгө, цаг хугацаа зарж өөрсдийн шүүлтүүрээр шүүн байж хийсэн нийгмийн олонхийн сонголтыг, цаанадаж улстөрд оруулсан энэ шинэ соёлыг өшигчих нь ёс суртахуунгүй хэрэг. Олон түмнээ өшигчиж байгаагаас ялгаа юун.  
 
3. Эдийн засаг хямралтай, өрийн төлбөр хийж эхэлсэн, нийгмийн суурь өөрчлөлт-Үндсэн хуулийн асуудал ид яригдаж байгаа энэ цаг үед мөнөөх бага ард түмэн эдийн засагчийг биш чухам Х.Баттулгыг сонгосон нь жирийн сонголт биш юм. Энэ бол цаг үеийн шаардлагыг мэдэрсэн ухаалаг захиалга гэж үзэж байна. Нийгэмд урсгалаар хөвөгч, дуулгавартай "сайн хүнийг" биш өөрчилж шинэчилж чадах, илүү шийдэмгий, зоригтой хүн шаардлагатай байгааг тэд сонголтоороо илэрхийлсэн юм. 
 
Х.Баттулга МоАХ-ны дарга. 27 жилийн өмнө романтик мөрөөдлөөр хувьсгал хийсэн энэ байгууллагын үзэл санааны суурин дээр өнөөдрийн АН, томруулж харвал Монголын улстөрийн чиг баримжаа тогтдог бөгөөд хэрэв АН-д үнэт зүйл гэж байгаа бол тэр нь бодтойгоор МоАХ, түүний ялуулсан ардчилсан хувьсгал юм. Ардчилсан хувьсгалыг хийгээд өөрчилсөн нийгмийнхээ сайн сайхнаас жирийн иргэний хувиар хүртэж жаргахаар улстөрөөс холдсон, АН-ын үнэт зүйлийг тээгч МоАХ-ны олон мянган гишүүд Х.Баттулгыг сонгож гаргасан юм. 27 жилийн дараа хүссэн нийгэм нь бий болж чадаагүй, өнөөдөр дахин шинэчлэл хийх шаардлагатай байгааг ухаарсан МоАХ-ны гишүүд, дэмжигчид бий болгосон нийгмийнхээ гажуудлыг залруулахаар Х.Баттулгыг сонгосон. Нийгмийн ийм засварыг Х.Баттулга шиг оргилуун, идэвхтэй хүмүүс хийдэг болохоос тогтонги администраторууд, ерийн бэртэгчид хийдэггүй.  
Администраторуудыг ашигладаг. Зөв системд тэд зөв үйлд ашиглагдана, буруу системд буруу үйлд л ашиглагдана, яг л С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахад, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулахад ашигласан шиг. Эрдэнэт, Тавантолгойг цөөн бүлэглэлд ашигтай шийдвэрлэхэд Ж.Эрдэнэбатыг ашиглаж байгаа шиг. Харин Х.Баттулга шиг хүмүүс системд ашиглагддаггүй, системийг өөрчлөх амбицтай байдаг. 
 
4. Х.Баттулга бол амбицтай хүн. Ер нь амбицтай хүн л улстөрч болдог. Гэхдээ энэ амбиц жижиг том хоёр янз. Жижиг амбиц нь албан тушаалын амбиц, том нь бүтээх амбиц. Насаараа улстөрд явж, төрийн бүх албан тушаалыг хашсан ч бүтээж гийгүүлсэн зүйлгүй, ямар ч эрсдэл өөртөө үүрээгүй хүн бол улстөрч биш юм. Х.Баттулга том амбицтай хэсэгт хамаарна. Ийм хүн олон байдаггүй. Хэрэв Х.Баттулгыг таньж мэдье гэвэл өөртэй нь энэ талаар ярилцах хангалттай биш байх. Амнаас нь алт унах гэж байгаа юм шиг барагтай бол ярьж өгдөггүй хүн, тэр тусмаа өөрийнхөө тухай бол бүр ярихгүй. 
 
Түүний оронд Цонжин болдогт очиж дэлхийд хамгийн өндөр Их Эзэн Чингис хааны морьтой хөшөөг, XIII зуун амралтын цогцолборыг, Баянхонгорт хийсэн бүтээн байгуулалтыг нь үзэж "Шинэ сум" төслийг нь сонирхох хэрэгтэй. Бас "овоолсон шороо" гэж нэрлээд байгаа, үлдэгдэл санхүүжилтийг нь төр шийдээгүйгээс болоод гацчихсан төмөр замын суурь бүтцийг нь үзэх хэрэгтэй, сайд байхдаа боловсруулсан аж үйлдвэрийн цогцолборын төсөл, "Майдар" эко хотын төсөл, ажилгүйдэл, хот төлөвлөлтийг шийдэх иж бүрэн санааг нь сонирхож үзэх хэрэгтэй. Коммунизмын үед үзэл суртлын онцгой ач холбогдолтой ч хийж чадаагүй, тэр ч байтугай дэлхийн олонх улс оролцоогүй Москвагийн олимпоос ч төрүүлж чадаагүй олимпийн анхны аваргыг бүтээсэн уйгагүй хөдөлмөрийн нь цаана юу байсныг хальт өнгийж, өглөө бүхэн тамирчидтай хийдэг бэлтгэлийг нь сонирхвол ярилцахаас хамаагүй үр дүнтэй. Үхрийн сарайнд оёдлын машин тавьж эхлүүлсэн бизнесийг нь, их спортод хөл тавьсан анхдагч санаанаас нь Х.Баттулгыг хайх хэрэгтэй байх. 
 
Тэр маш том амбицтай хүн. Зарим хүний албан тушаалын тоо гүйцээхэд, алсдаа урилга заллагатай, амар жимэр амьдрахад нь хэрэгтэй байж магадгүй Ерөнхийлөгчийн албан тушаал түүний амбицыг бүрэн илэрхийлэхгүй. Тэр аливааг өөрчлөх, бүтээх түүхэн том амбицтай хүн.  Түүхэнд хувь хүний үүрэг гэж байдаг. Ийм хүмүүс түүхийн хөдөлгөгч хүчин болдог. Гадаадад төгссөн өндөр боловсролтой боловсон хүмүүст түүхийн хүрдийг эргүүлэх хүч байдаггүй, тэд тогтвортой нийгмийн тогтсон төрд хэрэгтэй сайн мэргэжилтэн, хэрэгтэй боловсон хүчин л байдаг. Харин үндэстнийхээ дотор өсөж бойжсон том амбицтангуудынхаа хүчээр улс үндэстэн түүхийн эргүүлгээс айлгүй тэмцэж, урагшилж, бас мөхөлгүй үлдэж чаддаг. Тэд заримдаа ард түмний гэхээсээ илүү түүхийн захиалга байдаг.  Түүх хэрэгтэй үед хэрэгтэй хүнээ илгээдэг. 
 
4. Бидний хэдэн залуусын эхлүүлсэн иргэний - улстөрийн хөдөлгөөн, нийгмийн гажуудлыг засаж өөрчлөн шинэчлэх сунжирсан тэмцэл яг одоо дараагийнхаа циклийн босгон дээр байна. 10 гаруй жилийн тэмцлийн дунд бид залуу насаа өнгөрөөж, өнөөдөр биднийг залуу гэхгүй болж. Бид энэ хугацаанд оюун санааны ялалтад хүрч, нийгмийн сэтгэлзүйг үүнд бүрэн бэлтгээд байгаа билээ. Оюун санааны энэ ялалтыг бодатжуулах, МАНАН дэглэм болон тогтсон, цөөнхийн олигополь тогтолцоог нураах, ардчиллын ололт амжилтыг баталгаажуулан үндэсний онцлогтой, нутагшсан, Монголын ардчиллыг бүтээх түүхэн шаардлага бий. Үүнийг ойлгосон нийгмийн бүхэл бүтэн бүлэг, давхарга бий болсныг хэдхэн хоногийн өмнөх санал хураалтаас харж болно. Хэнд ч өгөөгүй санал болон, С.Ганбаатарыг дэмжсэн олон санал нийгмийн энэ шаардлагыг, энэ хэсгийн байр суурийг илэрхийлж байгаа юм. 
Энэ шаардлагыг бүрэн харж, мэдэрч байгаа хүмүүс жинхэнэ МАНАН гэж юу болох, хэн болох, хэн нь түүнийг жинхнээсээ эсэргүүцэн тэмцэгч, хэн нь ард түмний нүдэн дээр ачтаны арьс нөмрөөд МАНАН-гийн гар хөл болоод байгааг ухааран сэхээрч саналаа зангидах хэрэгтэй байна.  
 
Уг нь би С.Ганбаатарыг дэмжих учиртай хүний нэг гарцаагүй мөн. Бидний үеийнхнээс хэн нэгний цүнх барилгүй, "сайн ах"-аар өөд татуулалгүй "гудамж"-наас буюу эгэл ардын дундаас их улстөрд хөл тавьсан нь гарын таван хуруунд багтах бөгөөд тийм хүмүүсийн нэг Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвшсэн нь бахархалтай. Гэвч улс төр бол хэт энгийн логикоор тайлбарлахад төвөгтэй ярвигтай эд. МАНАН-г бүхлээр нь жинхэнээр нь олж харсансан бол, МАНАН-гийн хүч чадлыг мэдэрсэнсэн бол, тэдний үйл хөдлөл, эрхшээлийг мэдсэнсэн бол өнөөдөр С.Ганбаатар Х.Баттулгын талд зогсож, түүнтэй баг болох ёстой байсан юм. Тэр тусмаа 26-ны шөнийн луйврын дараа. 
27 жилийн өмнөх хувьсгалд засвар хийх, арав гаруй жилийн турш үргэлжлүүлсэн тэмцлээ гүйцээх зарчимч шаардлагаа тавиад Х.Баттулгатай хамтарч түүнийгээ гүйцэлдүүлэхээр явах байсан юм. Ингэсэн бол МАНАН-д жинхэнэ цохилт болох байлаа. Харин одоо МАНАН түүний амаар "Цагаан сонголт" хэмээн хашхирч, түүний нүүрээр хар санаагаа гүйцэлдүүлэхээр зэхэж байгаа нь юутай эмгэнэлтэй. 
 
С.Ганбаатарт өгсөн саналын нэлээд хэсэг нь МАН ба МАХН гэсэн үндэс нэг үзүүр өөр посткоммунист намуудаас сонголтоо хийсэн хүмүүс буюу Н.Энхбаярыг дагаж саналаа өгсөн хүмүүс. Анх удаа МАН-ын дэмжигчдийн хатуу суурь бутарсан нь үүнийг нотолж байна. Мөн нэлээд хэсэг нь Х.Баттулга С.Ганбаатар хоёроос сонголтоо хийсэн хүмүүс. Энэ хэсгийн санал шууд Х.Баттулга руу давалгаална гэдгийг мэдэж байгаа учраас түүнийг "Цагаан хөөс" болгохыг МАНАН хүсч байна. 
 
Магадгүй тэр шөнө С.Ганбаатарын саналыг идчихсэн шигээ, 7-ны шөнө Х.Баттулгын саналыг ч "иднэ" гэж төлөвлөж байгаа. Ертөнцийн жамаар хамгийн богино байдаг 6 дугаар сарын 26-ны шөнө жаахан урт байсан бол Х.Баттулгын 100 мянган саналыг ч идчих байсан биз. Ер нь бол С.Ганбаатарыг дарж унахын тулд Х.Баттулгын саналаас ч идэхээс өөр арга байгаагүй шүү дээ. Хэдий С.Ганбаатар маань өнөөх давуулж бууддаг зангаараа 100 мянга гэж байгаа ч тэр шөнө 30 мянган саналын будлиан болсон. Баян-Өлгийн нэг хэсгийн хороонд нэг ч хүн Х.Баттулгын төлөө санал өгөөгүй гэдэг нь итгэхэд бэрх үлгэр юм. "Эхнэр хүүхэд минь миний төлөө өгдөггүй юм аа гэхэд би өөрөө өөрийнхөө төлөө саналаа өгнө биз дээ, энэ чинь" гэж аргаа барж байсан нэг намын даргын зарга шиг байг гэхэд сумын намын дарга, ухуулагч, ажиглагчдын ядаж хагас нь нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгнө биз дээ?! Энэ бол С.Ганбаатарыг залгихдаа хахахгүйн тулд Х.Баттулгын саналаар дэвтээсэн гэсэн үг. Ийм учраас сонгогчид илт давуу өгч байж санал иддэг "аманд нь багтахгүй байх" ганцхан арга бий, үүнийг миний өөрийн улстөрийн туршлага ч батална. Энэ бол ард түмэнд байгаа МАНАН-г эсэргүүцэх цорын ганц, гэхдээ маш хүчтэй арга. 
 
Цагаан цаас өгч 7-ны санал  хураалтыг хүчингүй болгоод сонгуулийг дахин шинээр эхлүүлэх тухай уриа дуудлага хэний хүсэл вэ? Улстөрийн энэ заль мэх хэнд ашигтай вэ? Хар машиныг хэн хэрхэн ажиллуулдгийг 26-ны шөнө бодтойгоор харуулсан. Тэрхүү цагаан цаасыг дураараа ашиглах бололцоог эрх баригчдад гаргаж өгөх гэж байна. "Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу хүссэнээ бичиж болно" гэж Мао хэлсэн. Тэр цагаан сонголтон дээр эрх баригчид М.Энхболд гэж бичих болно. МАНАН-г эсэргүүцсэн таны цагаахан хүслээр МАНАН цааш засаглах болно. Хэнийг ч дугуйлахгүй цагаан цаас хийх нь сонгогчдод ашигтай мэтээр эндүүрэх нь дэндүү том төөрөгдөл бөгөөд энэ эсэргүүцлийн давалгааг хөөсрүүлж байгаа МАН л түүнийг өөрт ашигтайгаар төвөггүй эргүүлэх болно. МАНАН их мөнгөтэй ч түүнийгээ өөрт хэрэггүй, ард олон хэрэгтэй зүйлд зарцуулж байсан түүх, эсвэл ганц жишээ бий юу?
 
Энэ бол Х.Баттулгыг сонгуулахгүйн төлөө эрх баригчдын хийж байгаа олон аргуудын ердөө нэг нь л юм. Эцэст нь болж байгаа бүхнийг эргэцүүлэн бодоод нэг сайн харцгаа даа! Систем Х.Баттулгын эсрэг бүх хүчээрээ ажиллаж байна. Систем түүнээс л айж байна гэсэн үг!
 
Хувийн бус нийгмийн ийм шалтгаануудаар би Х.Баттулгыг сонгуулахын  төлөө эрс тууштай байгаа бөгөөд "дэмжлэг" гэдэг үг үүнийг хангалттай илэрхийлж чадахгүй байгаа юм. Дашрамд хэлэхэд бидний харилцаа зөвхөн нийгмийг өөрчлөх үнэт зүйл, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаанд тулгуурладаг бөгөөд үүнийхээ төлөө би түүнээс ямар нэг төлбөр аваагүй болно. Шударга ёсыг мөнгөөр худалдан авч болдоггүй зарчимтай билээ. Энэ нь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад зарчимч шаардлагууд тавих ёс суртахууны эрхтэй үлдэх гэснийх юм. Одоогоор тэр надад энэ талаар ямар нэг амлалт өгөөгүй боловч түүнийг ийнхүү ажиллахаас өөр гарцгүй хэмээн дээр дурдсан нийгмийн шалтгаануудад үндэслэн би бүрэн итгэж байгаа  болно. 
 
Гантөмөрийн    УЯНГА