Энэ миний хамгийн дургүй үг. Цаг нь болохоор хэлнэ, цаг нь хараахан болоогүй байна, цаг нь болохоор аяндаа болно, цаг нь болохоор хийж эхэлнэ, цаг нь болохоор ойлгоно....
Нэг нөхөр намайг зэмлэлээ, "Чи дандаа цаг нь болоогүй байхад түрүүлчихдэг, энэ чиний хамгийн том дутагдал. Цаг нь болоогүй байхад тэмцэл эхлүүлсэн, цаг нь болоогүй байхад Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн, цаг нь болоогүй байхад эрх мэдэлтнүүдтэй дайсан болж, цаг нь болоогүй байхад их хурлаас гарчихлаа. Цаг нь болоогүй асуудлыг хөндөж өөртөө эрсдэл авчирдаг тул чи муу улстөрч..." Ерөөс би түүнийхээр улстөрч ч биш, хэн ч биш бололтой, дотроо ингэж л бодож байх шиг байна. Эсвэл хэтийдсан харамслаа илэрхийлж байгаа нь ч тэр юм уу.
Тэр новшийн цаг нь тэгээд хэзээ болдгийг харин тэр этгээд өөрөө ч бас мэдэхгүй байгаа юм. Минийхээр бол бүх зүйлийн цаг хугацаа дэндүү оройтоод байгаа санагдаж бухимдал төрж адгах юм. "Цаг нь болоогүй..." гэсээр өнөөдөр өөрсдийгөө харцгаа, бас улс орноо байж байгааг нь хар! Цаг нь болоогүй гэж үлбийсээр атал тэр цагийг чинь өчүүхэн өт хорхойнууд эзэлж, цаг хугацаа өөр нэгэн тавилангийн өмнө биднийг авралгүй авчирсан бол яана?!
Ингэж хэлдэг хүмүүсийн хэлээд байгаа тэр цаг нь хэзээ ч болдоггүй, магадгүй хэлээд байгаа цагаас нь өмнө өөрийн нь цаг дуусчих нь бий. "Казиногийн хэргийн талаарх бүх үнэнийг цаг нь болохоор би илчилнээ" гэсээр Ж.Наранцацралтын цаг дуусчихсан. "Цаг нь болохоор бүгдийг хэлнэ, илчилнэ, тэмцэнэ..." гэсэн өрөвдмөөр яриаг олонтаа сонсож, өдгөө сонсохоор гашуун хөх инээд хүрдэг болжээ.
Харин ч идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй бие хүмүүс тэр цаг хугацааг "наашлуулдаг" гэж би итгэдэг. Тийм хүмүүсийн гаргасан жим, тавьсан замаар "цаг нь болоогүй"-чүүд түрүүлэн бардамнан алхахдаа өөрөө цаг хугацаагаа эзэгнэж байгаа мэт аяглах. Гэсэн ч тэднийг буруушаах юун, хөөрхийс. Жим гаргах жамтай бол бас гутрах юун. Бардамнал ч, гутрал ч цаг хугацааны өмнө юусан билээ. 
Мэдээж, эхлэл төгсгөл үгүй аугаа цаг хугацааг эрхшээх боломжгүй, гагцхүү өөрт оногдсон өчүүхэн жаахан цаг хугацааг итгэлтэйгээр өөрөө эзэгнэж амьдрахыг илүүд үзнэ!
Хэрэв чи үгээ хэлмээр байвал, амьдралаа өөрчилмөөр байвал, босч тэмцмээр байвал, энэ эх орныхоо эзэн нь хэвээр үлдмээр байвал тэр цаг хугацаа чинь хэдийн хоцорчихоод байна!
Бүх зүйл цаг хугацаатай. Өөрт оногдсон өчүүхэн цагаа л эзэгнэ, түүнд бүү дарлуул, боол нь битгий бай! Тэртэй тэргүй чи цагийг хүлээх биш, цаг хугацаа чамайг элээж байгаа! 
"Цаг нь болохоор..." гэж үг зөвхөн үхэлд л бий!
Цаг зогсоно, цаг үргэлжилнэ...
 
 
Г.Уянга