sonin.mn
Өчигдөр орой 20.50 цагийн үед Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албадан саатуулж, урьдчилан хорих 461-р төвд хорижээ.
Гуравдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар дуудан анх байцаалт авсан юм.
Мөн С.Баярыг Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар ч шалгаж буй аж. Харин гуравдугаар сарын 1-ний өдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй. Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотойгоор уг гэрээнд гарын үсэг зурсан улс төрчдөөс  Уул Уурхайн сайд асан Д.Зоригт, Байгаль Орчны Сайд асан Л.Гансүх хоёроос бусад баривчлагдаад байна.
 
Э.Мягмар