sonin.mn
Үргэлжлэл.
ГУРАВ.
"МОНГОЛ СЭТГЭЛГЭЭ" ГУРВАЛ ОНОЛ" 
Түлхүүр үг: " Нэг мөхөс, хоёр тэгш, гурав төгс"
Бэлгэдэл: " Тулгын гурван чулуу"
 
Монголчуудын танилт тунгаалтын эрдэм ухаан нь Шинж тэмдэг дохионы онолоор ийнхүү гүнзгийрдэг бөгөөд тэрхүү сэтгэлгээний хөгжил гаргалгааны аргазүй нь бүхнээ гурав болговоос сая төгс үнэн тийш дөхнө гэж итгэмжилдэг ҮНДЭСНИЙ СЭТГЭЛГЭЭ, ДАДАЛ ЗАНШИЛ болсон ОНОЛ юм.
Хоёрол нь байнга тэрслийн санаа агуулдаг тул ямагт нэгийгээ үгүйсгэж хохиролд хүргэн " ЯЛАХ" ёстой болгодог. Тэр утгыг тэмцэл гэж орчуулсан нь буруу бөгөөд тэмцэл нь хоёр зүйлийг биш ганц утгыг илтгэдэг болохыг өмнөх тайлбарт өнчин хүүхдүүдээ өсгөх гэж тэмцсэн, өвөл зудыг давах гэж их тэмцсэн гэх мэтийн хэлцээр жишээлсэн. Намын тэмцэл гэвэл нам өөрийгөө ухаанжуулах, бодлого онолоо итгүүлэх үйл ажилд шамдана гэсэн үг. "Амьдрал бол тэмцэл" гэх нь өөрийгөө төгс болгох санаа болохоос хэн нэгний намтай тэрслэх утга биш байх нь. Бусад угсаа үндэстнүүд хоймсон (хоёрол) сэдэхүйтэй бол бид ГУРАМСАН сэдэхүйтэйгээрээ онц давууг түүхийн баримтууд нотолдог. Жишээ нь, Дорно дахиныхан Инь Ян буюу орчуулбал арга билэг гэх түгээмэл сэтгэлгээний онол, Өрнийхний Идеал Матери буюу Монголоор Ухамсар Ахуйн сэтгэлгээ Эсрэг Тэсрэгийн нэгдэл тэмцлийн онол гэх мэт. Тэд хоёр зүйл ТЭРСЭЛ, ШАЛГАРАЛ, ХӨГЖЛИЙН үндсийг агуулдаг гэнэ. Ахуй Ухамсар хоёрын аль нь анхдагч вэ? гэх мөнхийн маргалдаанд ном хаялцан сөргөлдөнө. Монголчууд Ахуй Ухамсар хоёроос гадна бүхнийг амьлуулж үздэг " Амь- Ахуй- Ухамсар" ГУРАМСАН сөтгэлгээтэй. Амилуулна гэдэг нь голыг олно, зөв утгыг хайна, үйл хэргийн үнэний нас жамыг эрнэ гэсэн утга. Амь байгаа тул юм бүхэн нас жамд хамаарна гэх итгэл язгуур тулгын гурван чулуу нь бөлгөө. " Монголын гурав, модон ширээний дөрөв", " Найрт төрийн гурван ёс Наадам тэмцээний хоёр тал" гэх мэт цэц үгүүд ГУРАМСАН ухааны онолын үнэлэмж ч юм уу батлагаа нь мөн. Монголчууд гурван төр гэж ЖАМЫН ТӨР ( тэнгэрийн төр, газрын ёс хүмүүний аж төрлийг даасан) эсвэл ЁСЫН ТӨР( Хаантай байх ёсыг хангасан) НОМЫН ТӨР ( ямар нэгэн үзэл номлолоор явах) гэсэн ангилал нээсэн байдагсан. Гурвал ухаан эрдмийн язгуурыг нээвээс АНХ (үүсэл), ЭНХ ( амьдрал), МӨНХ (дурсагдахуй ой санаа) гүн ухаан, аав ээж үр гурамсан шүтэхүй, тулгын гурван чулуу, гэрийн гурван хошлон, манцуйн гурван бүс зэрэг бат оршлын бэлгэдлүүд цөм ГУРМСАН СЭТГЭХҮЙ АМЬ- АХУЙ- УХАМСРЫН үйлдлүүд байжээ. Монголчууд найрын гурван дуу, наадмын гурван даваа, овоог гурав тойрох, оршоолго гурав эргэх, асуудлыг нэгд хоёрт гуравт гэж ангилах, нэг хоёр гурав аа гэж хүч нийлүүлэх, " нэг мөхөс хоёр тэгш, гурав төгс" гэж хундага гурав өргөж гурав түрэх...гээд бүхий л ёс зан үйл ГУРАВТЫН ТОГТОЛЦООНД багцлагддаг, гурван гурвын ес гэж бэлгэддэг, есөн есийн 81, 99 тэнгэр гэх мэтээр дэлгэрдэг нь яах аргагүй ГУРВАЛ ОНОЛЫН хэрэгжилт болсон ёс заншлууд юм. Морин хуур хоёр утастай биш хамгийн гол зүйл амилуулдаг хөвчийн утастайгаа гурвал болдог нь МОНГОЛ ГҮН УХААН. Хоёр утсан дээр хорвоогийн жаргал зовлонг дуулдаг хөгжим гэвэл Доомбор болно.
Үргэлжлэл бий.
 
"Монгол ухаан 9 эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү