sonin.mn
Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн,  40 гаруй ТББ, 10.000 мянган ээж, аавуудын төлөөллүүд Хүүхдийн  асуудлаар Төрийн гурван өндөрлөгт албан шаардлага хүргүүллээ.
 
Уг шаардлагад: " Монгол Улсын нийт хүн амын 37.1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд, 33 хувийг өсвөр үе, залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл хүн амын 70 орчим хувь нь хүүхэд, өсвөр үе, залуучууд байна.
Алсын хараа-2050 хөгжлийн бодлогын зорилтод “Хүүхдийн язгуур эрх ашиг, хөгжил, хамгааллыг дэмжсэн” зорилт, үйл ажиллагаа тусгаагүй, хүн амын хөгжлийн асуудалтай хутган ерөнхийлж, орхигдуулсан байгаад гүнээ харамсаж байна.
Дэлхий нийтээрээ коронавируст халдвар “Ковид-19” цар тахалтай тэмцэж, цар тахлын эсрэг дархлаа тогтоогүй, халдварын тархалт, эрсдэлээ бүрэн барьж чадахгүй байна. Зөвхөн өнөөдөр Ковидын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1500 гаруй хүүхэд байна. 2020, 2021 онд Хүүхэд хамгааллын зардлаас Ковидтой холбоотой хичнээн төгрөгийн зардлыг ямар тендер сонгон шалгаруулалтаар авч хэдэн асрамж, халамжийн төв, зорилтот бүлэг, хүүхдэд дархлаажуулалтын багц хүргэж ажилласан бэ?
Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс анхаарч хөрсөндөө буусан бодит үр дүнтэй ямар ажил хийсэн бэ? гэдгийг үүрэг хүлээгч та бүхнээс асуумаар байна.
 
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зарим нэг үр дүн гарч байгаа ч гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хийсэн тайлан, дүн шинжилгээ газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, бодитой биш, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ УЛС орон, орчныг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлууд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь Монгол улсын иргэн, эцэг эх бүрийн санааг зовоосоор байна.
Хүүхдийн асуудал бол хүн бүрийн л асуудал. Бид энэ цаг үедээ хүүхдийг хайр, халамж, хоол хүнс, эрүүл аюулгүй орчинп амьдрах, амьд явах эрхийг хангах, чанаргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд олон зүйлийг анхаарахгүй бол 2040 онд ч энэ асуудалтайгаа нүүр тулсан хэвээр, үүнээс бүр дордсон нийгмийг үр хойчдоо үлдээх болно гэдгийг хэзээ ухаарах Төр засаг вэ?
 
1990 оноос хойш Монголын төр гэр бүл, хүн, хүүхдийн хөгжил рүү анхаарч ажиллаагүйн улмаас гэмт хэрэг, архидалт, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн салалт, ажил хийх дургүй, бэлэнчлэх сэтгэлтэй залуусын арми бий болсон нь сүүлийн 30 жил эрх барьсан нам, улс төрчид, нөлөө бүхий эрхмүүд эх орон, газар шороо, тонон дээрэмдэж болох бүх зүйлийг эрх мэдлээ ашиглан хувьдаа завшиж, авлига цэцэглэн хөгжсөн нь ядуурлын эх булаг болсон. ЖДҮДС-аас эхлээд бүх төрлийн сан, бонд, Хөгжлийн банкыг намаараа, хамтаараа, бөөнөөрөө дээрэмдсэн увайгүй аашлагч, авлигачидад хариуцлага тооцох, авлигачдаасаа болж ядуурч, модон жорлонгоо ч шийдэж чадахгүй эмгэнэлт дүр зураг энэ нийгэмд харагдсаар удаж байна.
 
Хүүхэд ,залууст үлгэр дууриал үзүүлэх, соён гэгээрүүлэх улс төрчид нь авилгал, гэмт хэрэг, хүчирхийлэл, бэлгийн дарамт, эхнэрээ сольж, үр хүүхдээ өнчрүүлдэг, гэр бүлийн тогтворгүй харилцаатай, архи ууж авто осол гаргадаг, ална гэж айлган сүрдүүлдэг, салаавч гаргаж биенээ элдвээр доромжилдог, согтуу УИХ-ын танхимд ёс зүйгүй аашилдаг улс төрчид, эрх мэдэлтнүүдэд хэн хариуцлага тооцох вэ? 
 
Гэмт хэрэг ба хүүхэд, залуус, эмэгтэйчүүд өнөөгийн бодит байдал:
 
2020 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 505, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 401,17 хүртэлх насны 1181 хүүхэд, 18-39 насны 12278 залуучууд, 9421 эмэгтэй, сурагч 883, сургууль завсардсан 15 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч 99 хүүхэд нас барсан ба 17 хүртэлх насны 990 хүүхэд, 18-39 насны 11639 залуучууд, 2907 эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, 811 хүүхэд, 3352 эмэгтэй гэмт хэрэгт оролцсон байна.
 
2021 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдпын эсрэг гэмт хэрэг 540, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 439 үүнээс хүүхэд 278, 17 хүртэлх насны 1365 хүүхэд, 18-39 насны 14693 залуучууд, 11275 эмэгтэй, сурагч 1102, сургууль завсардсан 10 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, 83 хүүхэд нас барсан ба 17 хүртэлх насны 921 хүүхэд, 18-39 насны 12782 залуучууд, 2927 эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, 733 хүүхэд, 3218 эмэгтэй гэмт хэрэгт оролцсон байна.
2018, 2019, 2020, 2021 онд гэмт хэрэг үйлдсэн 4223 /2304 сурагч, сургууль завсардсан 142/, оролцсон 3353, хохирсон 5832 /4392 сурагч, СЗХ 47/, гэмтсэн 2250, нас барсан 381 /7 хүртэлх насны 249 хүүхэд 8-13 насны 77, 14-17 насны 55/ нийт 13,408 хүүхэд байна.
 
Нэг. Хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэл, эрсдэлт иөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
 
1. Монгол улсад сүүлийн 4 жил ОУБ-уудаас Гэр бүл, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хандив тусламжийн нэгдсэн бүртгэл зарцуулалт хүрсэн үр дүнгийн талаар МУЗГ-ын 2021 оны тайлан мэдээг уг албан шаардлагын хүрээнд ирүүлэх
2. Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗСЗ нь 2018-2021 онуудад 13,408 хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч хохирогч хүүхэд, 2018 онд 6887, 2019 онд 9945, 2020 онд 11444 2021 онд 10,057 нийт 38,333 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд кейс нээж ажиллах ёстой ч хүчирхийллийн хохирогч хүн, хүүхдэд үзүүлсэн хариу үйлчилгээ улсын хэмжээнд 30 хүрэхгүй хувьд нь хүрч ажилласан гэсэн статистик байгаад тайлбар ирүүлэх. /38,333 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ард хичнээн хүүхэд хохирсон нэгдсэн тоон мэдээлэл байхгүй байна/
3. 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 0-5 насны 15086 хүүхэд, 5-9 насны 9174 хүүхэд, 10-14 насны 7043 хүүхэд, 15-19 насны 6484 хүүхэд нийт 37,787 хүүхэд осол гэмтэлд өртсөн байгаад шалтгаан нөхцөл, эрсдлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ?
 
4. Анхан, дунд шатанд хүчирхийлэлтэй тэмцэх ГХУСАЗСЗ, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын баг, Эцэг эхий зөвлөл ажиллаж байхад хүүхэд осол, гэмтэл, нохойд хазуулах, живэх, амиа хорлох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөөр хүүхдийн байгууллага, цагдаагийн ажил мэт үл тоодог төрийн албан хаагч, дарга нарт хариуцлага тооцсон талаарх, зөвлөл, хороо, баг, зөвлөлийн нэгдсэн тайлан
 
5. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ёстой ч үр дүнгүй цаасан төлөвлөгөөнөөс хэтрэхгүй 2021 онд огт хуралдсангүй. Монгол улс дахь Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, хүүхэд хамгааллын асуудал АЮУЛЫН ХАРАНГА дэлдэх хэмжээнд хүрээд байгаад дүгнэлт хийх цаг болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан байдаг ч 2022 оны 1-р улирал дундаа орж байхад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл одоо болтол хуралдаагүй, 2022 оны төлөвлөгөөг батлаагүй байгаа нь Монгол улсын Засгийн газар Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг хэддүгээрт эрэмбэлж байгааг тод харуулж байна.
6. Хүүхэд хохирсон гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахын тулд гэр бүл рүү чиглэсэн төрийн зөв бодлого, хүүхдийг бага наснаас нь зөв хүмүүжүүлэх, эрүүл ахуйн зөв дадал, гэр бүлийн, бэлгийн, санхүүгийн, амьдрах ухааны, харилцааны, хөдөлмөрч, үндэсний өв уламжлалаа дээдэлсэн, эрх зүйн мэдлэг боловсрол, мэргэжил сонголт гээд “Зөв ёс зүйтэй Монгол хүүхэд” төлөвшүүлэх цогц бодлого шаардлагатай байна.
7.Гэр бүлийн тухай хуулийг яаралтай батлуулах тал дээр анхаарч хүүхдийн тэтгэлэгийн сан, хүүхдээ тэжээн тэтгэх үүүргээ биелүүлдэггүй эцэг эхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, сум баг, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болгох тал дээр анхаарах;
 
8. 2017 оны Засгийн Газрын 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг, МУ-ын ЗГ-ын 210 дугаар тогтоолоор 2019, 2020 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбоотой МУ-ын Засгийн газрын нэгдсэн тайлан одоо болтол гараагүй байгаад эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та дүгнэлт хийх буй за.
 
9. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021 оны хугацаанд хэрэгжиж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах, тэгш боломж олгох, нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах, хүүхдийн оролцоог дэмжин, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаар заасан. Засгийн газар хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшил, соён гэгээрүүлэх чиглэлээр хэдэн ТББ-тай хамтран ажилласан талаарх мэдээлэл нийтэд ил тод биш 2020, 2021 онд Хүүхэд хамгааллын зардлаас хэдэн ТББ ямар шалгуураар ямар ажлыг хэдэн төгрөгний гэрээлэн гүйцэтгэх гэрээ хийж ажилласан хүрсэн үр дүнг тооцсон талаар
10.Хохирогч болсон хүүхдэд учирсан гэм хорыг бодитойгоор үнэлэх, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах
11. Хүүхдүүд хорт зуршил, цахим тоглоом, дэлгэцийн донтолтонд донтох, амиа хорлох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд тусламж, үйлчилгээ авах боломж нөхцөл, хүртээмж алга байна.
12.Хүүхдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт заал, хөгжлийн ордон төв хүрэлцээгүй
13.Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа, сувилгаа шаардлагатай 0-3 хүртэлх насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх бүтэц, орон тоо хангалтгүй,
14.Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетуудын үйл ажиллагаа, эмч, боловсон хүчний чадавх сул, хүүхэд, өсвөр үеийнхэнд үйлчилгээ авах боломж, хүртээмж хангалгүй
15.Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын асрах төвийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 1000, 1000-аар нэмэгдэж, тэдэнд ээлтэй орчин, дэд бүтэц, үйлчилгээ, боловсон хүчний чадавх сул байгаад анхаарах
16. Архи нийгэмд хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэгдэх, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэрэгт гол нөлөөлөх гол хүчин зүйл болсоор байна. Хууль эрх зүйн орчныг яаралтай өөөрчилж, архи үйлдвэрлэх, худалдан борлуулах чиглэлээр шинэ эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна.
17.Бүтэн өнчин хүүхэд, асрамж, халамжийн төвөөс гарч байгаа 18 хүрсэн залуусын нийгмийн асуудлыг бүрэн шийдсэн тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй, тэдний тал хувь нь гэмт хэрэгтэн, йрхичин болж байна.
18. Нийгмийн ажилтны цалин, орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардал, нийгмийн ажилтныг бэлтгэх, чадавхжуулах, лицензжүүлэх, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр онцгойлон анхаарах
19. 2020, 2021 оны Хүүхэд хамгааллын зардлын дэлгэрэнгүй тайлан, хүрсэн үр дүн, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нийтэд ил тод тавих, асуудалтай дүгнэлттэй бол хэрхэн хариуцлага тооцсон талаар
20. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хангах хүрээнд Засгийн газар, чиг үүргийн яам, агентлаг, үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж стандартын хэрэгжилтийг хангаж ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МОНГОЛ УЛСЫГ бий болгох тал дээр бодитой ажил хийхийг шаардаж байна. /Өдөр бүр хүүхэд хүчирхийлэлд өртсөн, амь насаа алдсан аймшигт мэдээллийг зүрх шимшрэн сонсож буй ээжүүд, аавууд, ард иргэд цагаан сар тэмдэглэх нь бүү хэл хүүхдүүд ээ хэрхэн хоолтой хонуулах вэ, өдөр болгон нэмэгдэх өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлөөс улбаатай эдийн засгийн хүчирхийлэлд давхар өртөж, туйлдаж, цөхөрч, Төрд итгэх итгэл нь мөхөж, юу ч хийхэд бэлэн байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ/
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба хүүхэд:
 
 
Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд нилээдгүй хувийг эзэлж, Монгол улсын ирээдүй болсон балчир үрс минь НАСАН ТУРШИЙН ХОХИРОГЧ болсоор байна.
 
 
 
2018 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 621, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 519, 2019 он 610/481, 2020 он 505/401, 2021 он 540/439 хүчиндэх гэмт хэрэг гарсан. 2010 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн тоо 152 байсан бол 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253, 2020 онд 248 2021 онд 278 хүүхэд хохирогч болсон байна. /ЦЕГ/
 
Илрээгүй нуугдмал хүчингийн гэмт хэрэг, охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй вэ? Тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуулинд заасан заавал мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ, мэдсэн мөртлөө мэдээлэхгүй байна уу эсюл өөр шалтгаан байна уу? Охидын үр хөндөлтөнд хэн хяналт тавьж ажиллах вэ? Эдгээр хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа вэ? гэдгийг Засгийн газраас асуумаар байна.
 
Хоёр. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн асуудлаар:
 
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ, гэмт хэрэг үйлдэгдсэн орчноос нь тусгаарлах, тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох өөр орчинд хүүхдийг түр хамгаалан хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хэрэг шийдэгдтэл хүүхдийг түр хамгаалах байр, нөхөн сэргээх төвүүдэд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн, бие махбод, сэтгэл санааны хохиролыг заавал барагдуулдаг механизмыг бий болгох, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг оновчтой болгох, гэр бүлийн орчинд болон ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн 16 наснаас доош хохирогч бүх хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хууль Гэрч хохирогчийг хамгаалах хуулиар төр шууд хамгаалалтанд авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох /1 жилд бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ 10 хувьд ч хүрэхгүй байна/
 
1. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөг баталсан ба уг төлөвлөгөөнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тоггоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд хийх, хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хариуцан ажиллах чиглэл өгсөн боловч одоо болтол ямар шатанд явж байгаа талаар
2. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгах цагдаагийн албан хаагчыг томилохдоо эмэгтэй мөрдөн байцаагч томилох, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан оновчтой асуулт асуух, олон цагаар, олон дахин байцаалт авахгүй байх, хохирогчийг нөхөн сэргээх, эрүүл мэнд, сэтгэл санааны, эдийн засгийн, хохиролыг заавал тооцох, холбогдох нотлох баримт бүрдүүлэн ажиллах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх талаар
3.Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мөн Монгол улсын Засгийн газрын үндсэн чиглэл болон, эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт /2020-2024/ хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулан ажиллах тухай тусгагдсан ч бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх төв одоо болтол байгуулагдаагүй.
 
4. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд жирэмсэн болсон охидын төрөлтийн асуудлыг шийдвэрлэх
 
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮГЭЭС авч хэрэгжүүлж байгаа ажил төдийлөн хөрсөн дээрээ буухгүй өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг буруу жишиг үүрэг хүлээгчидэд байсаар байгааг хэзээ өөрчлөх вэ?
 
Монгол улсын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн хөөрөгдөл, Ковид цар тахал, замын түгжрэл, хөрс болон агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурап, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн гэр бүл, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл, хүүхдийг үл хайхрах явдал, эрсдэлт нөхцөл байдлын улмаас амь нас эрсэдсэн хүүхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр гэтэл гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал бодлогын түвшинд хууль, эрх зүйн орчин эрс сайжирч, хангалтгай хэмжээний төсөвтэй болгосон ч хэрэгжилтийн шатандаа сүүлийн 2 жилд эрс доройтсон нь гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан байгууллагын дээд болон дунд түвшин буюу аймаг, дүүргийн газар, хэлтсийг мэргэжлийн бус чадваргүй, ёс зүйгүй удирдлагатай шууд холбоотой гэж үзэж байна.
 
Үүнд:
1. Хүүхэд, гэр бүл, залуучуудын салбарын төлөвлөлтийг статистик мэдээлэл, судалгаа, нотолгоонд суурилсан орон нутаг тус бүрийн онцлог гэмт хэрэг, хүчирхийллийн гаралт, давтамж, эрсдэлд үндэслэсэн хийж, үр дүнг нь тооцож чаддаггүй;
2. Сайн туршлагыг нутагшуулах, шинэ үйлчилгээг бий болгож хөгжүүлдэггүй;
3. Төсвийн оновчтой, үр дүнтэй хувиарлалт хийх чадваргүй;
4. Ачааны хамгийн хүндийг үүрч байгаа хороо, сум, багт анхаарлаа огт хандуулдаггүй;
5. Салбар бүрт хамаатай гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар салбар дундын зохицуулалтыг хийж ажилладаггүй;
6. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, бодлогын нэгдсэн удирдлагаар хангаж, олон сая долларын санхүүжилтийг үр ашигтай байхаар чиглүүлэх чадваргүй байгааг 2020, 2021 онд харсан ч нам гэдгээр халхавчлан хариуцлага тооцохгүй байгаад анхаарах
Иймд гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хууль, эрх зүйн орчноо сайн мэддэг, туршлагатай, Олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, бодлогын зохицуулалт хийх, хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, багаар ажиллах, хамт олноо удирдан чиглүүлж, зөвлөж, арга зүйгээр хангаж ажиллах мэдлэг, туршлагатай Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангасан мэргэжлийн удирдлагаар Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга, дэд даргыг томилох, болон бусад шаардлагаар хүргүүлсэн асуултын хариуг 2022 оны 1 дүгээр сарын 31-ны 11 цагт хөдөлгөөний төлөөлөл Төрийн 3 өндөрлөгтэй уулзаж амаар болон бичгээр авахыг мэдэгдэж байна. Энэ хугацаанд шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн алхамд шилжихийг хатуу сануулж байна." гэсэн байв.
 
Мөн энэ үеэр тэд: "Шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бар жил гарч байгаа. Монголын ээжүүд, эхчүүд эм барс үрээ хайрлаад явахдаа ямар бууж өгдөггүйн жишээг үзүүлнэ ээ. Бид хатуу сануулж байна" гэв.
 
Х.Цэцэн