sonin.mn
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.НАМСРАЙНОРОВ бие даасан дөрөв дэх тоглолтоо энэ сарын 6, 7-нд Монгол Бөхийн өргөөнд хийх гэж байна. Түүнтэй тоглолт болон уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2010 онд “Хонгор чамдаа”, 2012 онд “Сэвлэг шиг бүүвэй шиг”, 2014 онд “Намсрайноров-2014” тоглолтоороо дуунд дуртай түмнийхээ сэтгэлийг хөглөсөн билээ.
 
 
-“Намсрайноров-2019” тоглолтоо Монгол Бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтын онцлогоос дурдана уу? 
 
-Хаврын урь орж, хүний сэтгэл баяр, хөөрөөр бялхаж буй энэ үед түмэн олноо дуу хуураар мялаах гэж буйдаа баяртай байна. Би 2014 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй тул өнгөрсөн таван жилийн хугацаанд туурвисан “Хайрын улирал”, “Хүсэл” зэрэг шинэ уран бүтээл болон олны сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж тоглолтоо хийж байгаа нь онцлог юм даа. Тоглолтоо дуусгаад “Намсрайноров-2019” аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
 
-Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ч.Бат-Эрдэнэ, Д.Баасанжав нар ая дуугаа өргөнө гэсэн. Эдгээр уран бүтээлчийг сонгосон тань учиртай л биз дээ?
 
-Бид ураг садангийн холбоогүй ч урлаг, уран бүтээлээр холбогдож, ах дүү, багш шавь барилдсан. Тиймээс дөрөв дэх бие даасан тоглолтод минь урилгаар оролцож, ая дуугаа өргөнө. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат багш миний уран бүтээлийн зөвлөгч бол Д.Баасанжав ах намайг 2003 онд СУИС-ийн хаалгаар хөтлөн оруулсан ачтан. Дуучин Ч.Бат-Эрдэнэ ах намайг үргэлж дэмждэг. 
 
-Шинэ цомог гаргах бодол бий юү?
 
-Сүүлийн гурван жилийн хугацаанд гаргасан дуунууд минь цомог хэвлүүлэх хэмжээнд хүрсэн. "Тоглолтоороо цомог гаргана" гэж бодсон ч амжсангүй.
 
 -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болно. Энэ өдөр ээж, эхнэр, охиноо хэрхэн баярлуулдаг вэ?
 
-Баярын өдруүдээр тоглолттой байдаг тул тэднийгээ үргэлж баярлуулж амждаггүй. Гэхдээ Мартын 8-нд ээж, эхнэрээ сэтгэлээрээ баярлуулахыг хичээдэг. Сэтгэлийн бэлэг бага зүйлээс эхэлдэг. Ээжийнхээ ачийг энэ насандаа хариулж амжихгүй ч санааг нь чилээхгүй явахсан гэж боддог. Тоглолтын хүндтэй зочин ээж минь байх болно. Уран бүтээлчийн ар гэр байх амаргүй гэдэг дээ. Тоглолтын бэлтгэл ажил, арын албыг эхнэр минь хариуцдаг. Уран бүтээлийн минь ачааны хүндийг үүрдэг түүндээ баярлалаа.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин