sonin.mn
ЭХЛЭЛ БУЮУ ТҮҮНИЙ ЯРЬСАН СОНИН ТҮҮХ
 
Цаг хугацааны салхи гэдэг хүчтэй юм бүхнийг хуу хаман орвонгоор нь өөрчилж байдгиймаа. Харин уул, овоо бол дүнхийдгээрээ дүнхийж яг л унаган хэвээрээ байх. Гэхдээ уулс бас өтлөдөг ч хэлбэр дүрсээ өөрчилнө гэж байдаггүй юм билээ. Нэгэн жишээ гэвэл Улаанбаатарынхны өглөө бүхэн ханхар төрхийг нь харж ямар өдөр болохыг шинждэг Богдхан уул байна. Хэдэн ч сая жилийн өмнө үүссэн юм. Уулс тийнхүү мөнх юмсанжээ.
Тэгвэл хүмүүн бидний дунд уул шиг ханхайж уужуу ухаанаараа бусдыг дагуулан амьдарч яваа хүн уул гэмээр нь бас бий. Энэ удаа нэгэн тийм хүний тухай өгүүлэхийн тулд эхлээд уулын тухай эхлэл хийсэн юм. “Амьдралын тойрог” буландаа зочин болгож урьсан хүн маань Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, түүхч доктор Ш.Лувсандорж.
Энэ хүн амьдралынхаа 64 жилд нь багшилсан өдгөө ерөөлт ерэн насны босгонд дөтөлж яваа нэгэн сайхан буурал юм. Одоо ч багшийн ажлаа хийсээр явна гээд бод доо. Сайхан байгаа биз. Түүнтэй ярилцаж яриаг нь сонсож суухуйд зүгээр л нэг судар номын шарласан хуудас эргүүлж байх шиг бодогдох ажээ. Лувсандорж багш өөрөө түүхийн багш болохоор сэдэв бүхнийг орой дээрээс нь гэгчээр ярих юм билээ.
Ус нутгийнх нь тухайд сонирхоход нэгэн сонин түүх хэлсэн юм. Эрхэм багшийн төрж өссөн нутаг нь Дорноговь аймгийн Мандах сум. Ингээд л ажил, амьдралынх нь замналыг ярих гэтэл…
 
Гэргий Р.Гүндоогийн хамт.
 
-Миний нутаг хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу. Монголын түүхнээ бичигдснээр бол Ашигхоргын чулуу гэдэг газар. Энэ хошуу 1691 онд монголчууд Манжид дагаар ороход анх байгуулагдсан юм билээ. Цэрэн гэдэг хүн энэ хошууны ноён буюу “Ачит гүн”-ээр өргөмжлөгдсөн байна. Тэрнээс хойш 12 хүн ноён сууж. Харин хамгийн сүүлчийнх нь Бадрах гүн байж. Энэ хүн Чингис хааны удмын хүн юм л даа. Бүр тодруулж хэлэх юм бол их хааны 126 дахь төрөл нь гэдэг. Түшээт хаан Гомбадорж түүнд жил болгон очиж золгодог байсан нь ийм учиртай юм байж. Цэрэндэндэвийн Бадрах гэдэг тэр ноён элдэв ааш авиргүй их дөлгөөн хүн байсан тухай түүхэнд бичээстэй бий. Мөн Богд хаант Монгол Улс байгуулагдах үед Засгийн газрын сайд Чагдаржавын даалгавраар Өвөрмонголын урдуудын дотор гарсан үймээн самууныг намжаах хэрэгт оролцож явж л дээ.
Нэг сонирхолтой нь Бадрахын бичээчээр сүүлд Төрийн тэргүүн болсон Жамсрангийн Самбуу гуай ажиллаж байж. Урдуудыг тохинуулах ажилд хүчин зүтгэсэн 101 хүнд Богдхаан баатар цол олгосны нэрийн жагсаалтын гуравт нь Бадрах ноён байсан юм байна. Үүнтэй уялдаатай нэг сонин юм нь геологич Сумъяа гэдэг хүн бичсэн номондоо Тувагийн архиваас материал авсан байгаа юм. Тэгтэл тэр 101 баатар цолтонд Ачимт гүний хошуунаас төрсөн бас нэг баатар нь түүхэнд Дамбийжаа нэрээр бичигддэг Дамбийжанцан оржээ. Тэхдээ Ачит гүний хошууны Төмөрийн Даваа гэдэг нэрээр бичигджээ. Бүр Догшин ноён хутагтын долдугаар дүр гэж. Сонин түүх л дээ. Түрүүнд нь Оросын эрдэмтэн Бурдуков ярихдаа Дамбийжанцангаас:
-Тэ хэдэн онд хаа төрсөн бэ гэж асуусан байдаг. Хариулт нь 1875 онд Ашиг Хоргын чулуу гэдэг газар төрсөн гэсэн бий. Үүнийг түүхчид бид худлаа байх гээд тоодоггүй байлаа. Гэтэл тэр Сумъяагийн бичсэнээр бол Богд хаан удам судраар нь хөөж олоод Төмөрийн Даваа гэдэг хүнийг шагнасан болж таарч байна. Бас нэгэн сурвалжаар тэр хүн долоон настайдаа Долнуурт очиж шавилан сууж байгаад дараа нь Лхаст суралцаад улмаар хувилгаан болж тодроод номын нэр нь Дамбийжанцан гэж бичигдсэн байдаг хэмээн түүхийн нэг сонин хуудас сөхсөн юм. Домгоос домог, түүхээс түүх төрдгийн жишээ энэ юм даа гэж ярилаа.
 
ИЖИЙНХЭЭ ТУХАЙ ХҮҮРНЭЛ
 
Ижий, ах хоёрынхоо хамт.
 
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд хүний нэгэн насны амьдрал оршдог гэдэг. Тэгвэл Ш.Лувсандорж багш тэр гурван цагийн хэлхээг судар ном уншаад байгаа мэт ярьдаг юм байна.
Багшийн ижий нь тэр Ачит гүний хошуу гэж байх үеийн Харчин өртөөний малчин Б.Дарьсүрэн гэдэг хүн байж. Энэ л их говийн хатан зоригтны нэг гэхээр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн эмэгтэйн хайр энэрэлд өсч өндийж. Нутаг орондоо малч гэгдэхээс өөрөө бичиг үсгийн боловсролгүй эгэл нэгэн байж дээ ижий нь. Харин гурван хүү, гурван охин төрүүлж өсгөсний нэг нь нийтлэлийн маань баатар Ш.Лувсандорж юм. Ижийнхээ тухай дурсамж ярихдаа өвгөн багшийн нүүрэнд яльгүй сүүдэр буух хэдий ч миний ижий сэтгэлийн их хаттай, шулуун шударга нэгэн байсан. Нас 85 хүрсэн ч малаа л гэсээр явсан даа. Даанч тэмээнээс унаж хөлөө эдгэшгүйгээр гэмтээгээд хэвтэрт байхдаа:
-Миний хүү өвчний улмаас өдрөө хүлээж байна. Тэгвэл би үлдэж болохгүй гээд хярамнаас өөр юм амсахгүй байж байгаад өнгөрч билээ гэж санаа алдсан юм. Ижийнхээ хатан чанарын тухай өөр нэг бэсрэг дурсамж хэлсэн нь Лувсангончиг гэдэг хүү нь цэрэгт мордох гээд ижийгээ сум орж ноосоо тушаачихаад тэмээтэй явж байхад нь таарч мориноосоо буугаад очиход нь:
-За за энэ хадтай газар тэмээ яаж хэвтүүлэхэв. Миний хүү сайн яваад ирээрэй гэчихээд үнссэн ч үгүй яваад өгч байсан гэж.
Бас нэг хүү Доржсүрэнг Дарьзав тайжийнд өргүүлсэн юм гэдэг. Тэгтэл нэг өдөр ижий Дарьсүрэн тайжийнд очоод хүүгээ аваад хэдэн мал туучихсан ирсэн байна. Учир нь тэр айлын эхнэр нь өөд болж хэдэн өргөмөл хүүхэд нь эзэнгүйдсэн бас Доржсүрэн хүүг нь жаахан гадуурхангуй ханддаг байсныг урьд сонссон болоод угийн зоримог зангаараа шуудхан хүүгээ буцаагаад авсан тэр юм байна л даа.
Ш.Лувсандорж багш маань “Би аавгүй хүн шүү дээ. Аавгүй ч гэж дээ. Хэн болохыг нь олж чадаагүй л байхгүй юу” гэсэн сонин амьдрал ярьсан юм. Ижийгээсээ нэг удаа лавлахад “Чамд аав байхгүй. Ижий чинь байхад болоо юм биш үү” гээд амыг нь таглачихсан гэнэ. Бүр сүүлд МУИС-д багш байхдаа ижийтэйгээ очиж золгож яваад Балжин гэлэн гуайтай таарч. Тэгсэн тэр хүн “Лувсандоржоо чи эцгээ мэддэг үү” гэж асууж. “Мэдэхгүй ээ. Та мэддэг юм уу” гэтэл тэр айлд согтуу хөлчүү олон хүн бужигнаж орж ирээд яриаг нь таслуулчихаж. Тэр хүнтэй дахиж яриа өдөх боломж ч олдсонгүй. Багш бодлоо. За хойтон л ирэхдээ энэ хүнтэй нэг сайхан яриа дэлгэе гэж. Тэр дагуу дараа жил нь очсон чинь нөгөө Балжин гэлэн арваадхан хоногийн өмнө тэнгэрийн оронд заларчихсан байж. Яалт ч үгүй тэр хүн нэг юм хэлэх байсан байж мэдэх. Нэг бол өөрөө ч байсан юм уу хэн мэдлээ. Би аавгүй хүндээ гэсний учир ийм л…
 
ЭРДМИЙН МӨР ХӨӨСӨН АМЬДРАЛЫН ЗАМ
 
 
Лувсандорж багш залуудаа волейболын шилдэг тоглогч байж. Дундговь аймгийн А.Доржсүрэн ахлагчтай шигшээ багийнхан.
 
1940 онд Мандах сумандаа бага сургууль байгуулагдахад Ш.Лувсандорж ахыгаа дагаж очиж насаа нэмж хэлж байж нэгдүгээр ангид оржээ. Бага сургуулиа төгсөөд байтал түүнийг Хөвсгөл суманд дунд сургуульд явуулсангүй. Учир нь балчир юм гэж л дээ. Тэгсэн дөрөвдүгээр ангид дахиад суулгачихаж. Харин дараа жил нь аймгийнхаа дунд сургуульд очсон байна. Аравдугаар ангиа дүүргээд 1951 оны намар МУИС-д ирж л дээ. Бэлтгэл ангид оюутан болдог юм. Хойтон нь түүхийн ангид 30-аад хүүхэд элсэхэд багтав. Уг ангид нь аравдугаар анги төгссөн хүүхэд ердөө тав. Бусад нь цэргийн ерөнхий, Дотоод яамны сургууль, офицерийн сургууль, Рабак төгсөгчид байлаа. Тийм том залуучууд л байв. Барьсан ном дэвтрээс нь битгий хэл хормой хотноос нь адис авмаар сайхан багш нараар хичээл заалгасаар цаг хугацаа нэг л мэдэхэд дөрвөн жил нь өнгөрч 1956 онд тус сургуулийг түүхийн мэргэжлээр төгсөж 1006 тоот диплом өвөртөлжээ. Ш.Лувсандоржийг Намын төв хорооны мэдэлд өглөө л юм болов. Боловсон хүчний нь хүн:
-За хүү минь МАХН-д хэзээ элссэн бэ гэж асууж байна гэнэ шүү.
-Намд элсээгүй гэсэн чинь
-Чамайг томилох ажил заавал намын гишүүн байх шаардлагатай гээд Гэгээрлийн яамны мэдэлд шилжүүллээ гэлээ.
Тэгж явж Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургуульд багшаар томилогдсон гэнэ. Энэ тухай Лувсандорж багш ярихдаа намайг Дотоод яамны харьяа архивт өгөх гэж байж л дээ. Би азаар намд элсээгүй байж тэнд очоогүй. Тэр газар очсон бол түүхэнд муу нэртэй нөгөө “ногоон малгайтан” гэгдэх байсан байх гэсэн юм. Тэгээд Мандалговь хотын 10 жилд түүхийн багш болж эртний дэлхий дахины түүх, дундад зууны түүх голчлон зааж байлаа. Ахлах ангийнханд Үндсэнг хууль, СССР-ийн түүх, Монголын түүх заана. Хоёр Банзрагч болон Очир, Минжүүр, Тунсаг нар гээд олон нөхөдтэй сайхан нөхөрлөж бас хоёр ч удаа 10 дугаар анги даан төгсгөж тэнд долоон жил багшилжээ. Тэгтэл эхнэр Р.Гүндоо нь ЭЗДС-д оюутан болоход Улаанбаатарт ирж хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн сургуульд багшилжээ. Өмнө цөөхөн сар хотын намын хороонд соёл урлагийн асуудал хариуцсан зохион байгуулагч байсан тун бага намтар бий.
Таныг намын ажилд шилжихэд нэг жаахан саад учирсан гэл үү гэхэд Ш.Лувсандорж багш:
-За тиймээ. Би Дундговьд байхдаа намаас донгодуулсан юм. Үүнийг маань лавлаж л байлаа. Тухайн үед боловсон хүчний талаар судална, шилж сонгоно гэдэг тун сүрхий байсан цаг шүү дээ гэсэн юм.
Дурсах юм яриад байвал дуусахгүй янзгүй. Лувсандорж багш яриад би сонсоод л… 1940 оны хавар Улаанбаатар хотын намын хорооны боловсон хүчний хүн дуудаж:
-Чамд хоёр сонголт байна. Нэг нь ЗХУ-д комммунист намын дээд сургуульд суралцахаар явах, нөгөө нь Намын дээд сургуульд багшлах гэж. Нэг их бодол болсонгүй Намын дээд сургуульд очье гэж. Тэгээд Хурметбек гэдэг мундаг захиралтай Камбар, Зандраавал, Базаржав, Отгон, Дорж, Дашзэгвэ  гээд олон лут багш нартай хамт ажиллаж дээ. Энэ үеийн нэг содон дурсамж ярьсан нь улсын баатар Л.Дандар намайг багш гэж дуудаж байх сайхан л байлаа гээд тэр тухайгаа сонин зүйл ярьсан нь нэг удаа шалгалт авах болж Дандар баатар билет сугалсан чинь 1945 оны Халх голын байлдаан гэсэн сэдэв таардаг юм. Өөрөө тэсрэх бөмбөг, шунгинах сум дунд байлдаж явсан хүн чинь Халхын голд юу болсныг одоогийнхны хэлээр өнгөтөөр ярина биз дээ тэр баатар. Лувсандорж багш харин оюутан мэт амтархан сонссон гэдэг юм билээ. Тэгтэл Намын дээд сургуулийн үндсэн дөрвөн жилийн анги байхгүй болсноос Лувсандорж багшид заах хичээлгүй гээд Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо руу шилжүүлсэн байна. Тэндээсээ МУИС-ийн түүхийн тэнхимд багшаар томилж гэхэд бас л  нэгэн насны хүсэл маань биелсэн шиг санагдаж байлаа гэдэг юм билээ.
Үүний дараа ШУТИС гэж МУИС-аас салж бие даасан сургууль болоход 1984 онд тэр сургуулийн намын түүхийн тэнхимд багш болсноос хойш өнөөг хүрчээ. Өнөөдөр ч багшилсаар л байгаа юм. Тооцоод үзэхэд нийтдээ 64 жил багшийн ажлаа хийхэд 40 жил нь дээд сургуульд багшилжээ гэсэн дүн гарч байгаа юм. Энэ л хугацаанд тун олон жилийн хойно юмдаа Боловсролын тэргүүний ажилтан болгож. Эрдмийн зэрэг олгох улсын комиссоос дэд профессор цол өгч. Дараа нь ШУТИС-ийн хүндэт профессор гээд цол гуншин нэмж. Тэгээд 2009 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртээжээ. Үүнийг намтар түүхээ бичих юмтай л болсон доо гэж багш хэлж байналээ. Бас манай сургуульд намайг “чи” гэдэг ганцхан хүн бий. Бусад нь Лууяа багш л гэх болсон доо. Хүний нэрийг хагаслаж хэлэх ч багш гэдэг залгаас нь хэнд ч таатай сонсогддог нь сайхан хэрэг.
Лууяа багш зүгээр л лекц уншиж хичээл заадаг багш байсангүй. Хүний хувьд салхи шиг сэвэлзэж гал шиг дүрэлзэж явдаг хүн биш. Энгийн гэхэд дэндүү энгийн хүн л дээ. Харин Монголын боловсрол соёлын салбарт хэдэн түмэн шавьтай болсон төдийгүй олон ном бичсэн байна. Монголын түүхийн нэг, хоёрдугаар дэвтэр гэх сурах бичиг Лууяа багшийн автортай гээд бод доо. Түүнийг уншиж судалсныг нь биш дэлгэж үзээгүй, уншаагүй хүнийг тоолбол амар биз. Бас ШУТИС гэдэг том сургуулийн тулгын чулууг тулалцсаны хувьд 40, 50 жилийнх нь түүхэн номуудыг бүтээжээ. Тэгэхээр ШУТИС-ийн түүхийг Лууяа багш л мэднэ гэх юм билээ. Одоохон болох 60 жилийн түүх бас Лууяа багштай холбогдоно байх. Хэн нэгний ажлын амжилт, бүтээл нь ухааны хүч, сэтгэлийнх нь бяр тэнхээг дагаж ирдэг бурханы өглөг юм болохоор энэ багшид тэрхүү хишиг буян ихийн ихээр ирсэн байх нь дамжиггүй юм даа.
Мөн Мандах сумынхаа түүхийг бичсэн нь том боть гэхээр ном байна. Түүхч хүүтэйгээрээ сумынхан нь лав бахархдаг биз. Харин түүнд сэтгэлийг жаахан эмзэглүүлж явдаг нэг зүйл байдаг нь уг сургуулийнх нь музей. Нэг хэсэгтээ уг музейг хариуцаж байсан болохоор сэргээхсэн гэж л бодох. Тун гайгүй тохижсон үед нь сургуулийг авч явсан нөхдийн буруу хандлагаас музейг орон байргүйдүүлж хагалж хэмхлэн, заримыг үрэн таран болгосон гэдэг. Үүнийг Лууяа багш бараг л дайсагнал мэтээр бодож явдгаа нуугаагүй ээ.
 
ЛУВСАНДОРЖИЙНХ ГЭЖ ХАМГИЙН ӨНӨР ӨТГӨН АЙЛ
 
 
Ш.Лувсандоржийнх гэж үр хүүхэд, ач зээ, хүргэн бэр гээд 70 орчим хүн бий. Тэдний нэгэн хэсэг.
 
Эднийх дөрвөн хүү, гурван охинтой. Эхнэр нь Р.Гүндоо гэж өндөр насыг насалж хоёулаа үр хүүхэд, ач зээ нарынхаа сайн сайхныг үзэж яваа юм. Анх гэр бүл болсон түүхээ Лууяа багш бас сонин болгож хэлнэлээ. Р.Гүндоо Монголын мэргэшсэн анхны 16 нягтлан бодогчийн нэг. Бас шатрын спортоор олон жил хичээллэсэн. Улс, хотын тэмцээнд тоолж барамгүй олон удаа оролцож гайгүй амжилт үзүүлж явснаа одоо ч дурсаж сууналээ. Дорноговийн Хатанбулаг сумын унаган хүн. Харин Лууяа багштай нийлсэн нь Улаанбаатарт. Багшийг МУИС-д элсээд жил болсны хойно хуучин оюутнуудыг дотуур байранд авахгүй гэж. Нутгийн Дүйнхэржав, Дамдинсүрэн гэх ах дүү хоёр Лувсандоржтой гурвуул айлын байр хөлслөн сууж л дээ. Гэтэл тэр хоёрын дүү нь Р.Гүндоо наймдугаар ангид суухаар ирж тэдэнтэй хамт амьдарсан юм байна. Хүний амьдралын учир тавилан тийм л байдаг хойно доо. Лувсандорж, Гүндоо хоёр танилцаж дотносоод удалгүй анхны хүүхдээ өлгийдөн авснаар тэдний гэр бүлийн амьдрал нь эхэлсэн гэдэг. Одоо эдний долоон хүүхэд нь өсч үржээд лав 70 гаруй хүн болчихсон гэнэ. Охид болон зээ нараас нь гурван ч хүн Америкт амьдарч байгаа. Дөрвөн хүүгийн үгүй болсон хамгийн томоос бусад нь гайгүй л яваа гэх. Ийнхүү Лууяа багш, Р.Гүндоо хоёр 67 дахь жилдээ хань бүлийн жаргал эдэлж ээнэгшин байна. Сайхан хэрэг шүү.
 
ХОЁР АСУУЛТ ХИЙГЭЭД БАГШИЙН ҮГ
 
-Түүх нэгэн үе гуйваж үнэнээсээ хальсан үе бий гэдэг. Одоо түүх цэвэршиж чадсан уу?
 
-Үнэн бодитойгоосоо гадна гуйвуулах тал бий. Тухайлбал, Барон Унгерн гэхэд дайсан биш Монголын төлөө зүтгэж байсан ч гэх шиг. В.И.Сталин бол огт хэрэггүй нөхөр байсан мэт харагдуулах. Бас Галданбошигт тийм өргөмжлөөд байх хүн юм уу. Халхын төлөө юу хийж бүтээсэн юм. Нааш цааштай бодох юм зөндөө шүү дээ. Нүдгүй, чихгүй, хэлгүй юм шиг явах ёстой гэх үе байсан л даа. Энэ үед түүх их гуйвсан.
 
-Монголын зохиолчид түүхэн роман их бичих болсон. Та тэр бүхнийг хэр уншдаг вэ?
 
-Түүхч хүн шинэ баримт сэлт дандаа л эрж хайж явдаг болохоор би бүгдийг уншдаг. Унших уншихдаа анализ хийсэн маягтай уншина. Тэгэхэд түүхийн браимтыг илт гуйвуулсан худлаа юм их тааралддаг. Энэ нь харамсалтай. Түүхэн үнэн гэдэг хэн хүний дур зоргоор өөрчлөгдөх ёсгүй. Нэг жишээ хэлэхэд Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” роман гэгчид түүхийг гуйвуулсан баримт зөндөө байсан. Түүний нэг нь Монгол Улсын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний явцад малыг 200 саяд хүргэх ёстой гэж Сталин хэлсэн гэжээ. Тийм биш. Сталин тиймэрхүү үгийг аль 1930-аад онд хэлсэн удаа уг нь бий. Тэр нь анхдугаар таван жилийн төлөвлөгөөтэй огт хамаарахгүй юм шүү дээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний зорилт малыг 31 саяд хүргэх л заалттай байсан.
 
           *        *         *
Тийм ээ. Монголчуудыг үе үеэрээ ертөнцийн явдлыг тунгаан боддог ухаантнууд гэдэг. Тэгвэл Лууяа багш унасан газраасаа тэр ертөнцийн хойморт хүрэх өргөн уужим зайд насаа элээж намтар түүхийг хуучилсаар явна. Өнөөдөр эрхэм багш маань их өргөөнийхөө хойморт сурсан эрдмээ бусдад өглөг болгон түгээсээр л. Түүний их өргөөний үүд нь Дорноговийн Мандах сум бол хоймор нь Улаанбаатар л даа.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин