“Зууны мэдээ” сонин Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн “USP” сэтгэл зүйн зөвлөгөөний төвтэй хамтран танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
 
Хүүхдийнхээ сэтгэлийн чадавхийг хөгжүүлэх нь хайр мөн үү. Маргах аргагүй энэ хүүхдийнхээ төлөө хийж буй ээж аав таны хайрын үйлдэл. Тэгвэл сэтгэлийн чадавхийг нь томчууд бидний өөрсдөөсөө, үр хүүхдээсээ хүсдэг бүх сайн зан чанарын нийлэг юм. Үүнд,
-Өөрийн сэтгэл санаагаа таних, удирдах
-Бусдын сэтгэл санааг ойлгож таних
-Асуудлын шийдлийг олж сурах 
-Бусдад туслах
-Бусадтай эвтэй найртай байх
-Багаар ажиллах чадвартай байх. Автобусанд орж ирсэн ахмад хүнд суудал тавьж өгч байгаа хүүхдийг хэн ч талархан хардаг. Мэдээж түүнд бусдыг хүндлэх ухаан, чадвар байгаа учраас тэр талархал хүлээн авах эрхтэй. Энгийн юм шиг мөртлөө хүн бүхнээс гардаггүй энэ чадварыг сэтгэлийн чадавх гээд байгаа юм. Тэгвэл томчууд бид хүүхдүүдийнхээ сэтгэлийн чадавхийг хэрхэн хөгжүүлэх вэ? 
-Өөрсдөө үйлдлээрээ үлгэрлэх
-Сайн үлгэр дууриал, сайхан сэтгэлийн тус, хариу талархал нь хүний сэтгэлийн сайхныг илтгэсэн ном зохиол уншуулах, кино үзүүлэх -Хүүхэдтэйгээ ярилцах, зарим үед найз нь мэт асуудалд хандах 
-Хүүхдээ сонсох, ярьж буй асуудлаа яаж шийдэх гэж байгааг нь асууж, гарц гаргалгааг олоход нь туслах
-Хүүхэдтэйгээ кино үзэх, агаар салхинд гарах, тоглох
-Хоорондоо эвтэй, найртай байх /гэрт гарсан хэрүүл хүүхдэд гүн цочроо өгдөг гэдгийг санах/
-Хүүхдийнхээ найз нөхдөд халуун дотно хандах, хүндлэх -Хүүхэддээ итгэх, итгэж байгаагаа түүнд байнга нотлох.
Сэтгэлийн чадавхитай хүнийг амжилт дандаа дагадаг. Ийм хүн хамт олноо дагуулж, бас дагаж чаддаг. Хүүхдүүд ямар хүүхдийг -ангийн даргаараа сонгодог вэ. Онц сурдаг гэхээсээ илүү тусархуу, хариуцлагатай, чадвартай, зөв харилцаатай нэгнийг л даргаараа сонгодог. Сэтгэлийн чадавхитай хүн шантардаггүй. Аливаа зүйлийг хийж чадахын төлөө олон талаас нь судалж, оролдож, заавал ард нь гардаг. Сэтгэлийн чадавхтай хүн асуудлын шийдлийг дандаа олдог. Зөв гарц олохын төлөө асуудалд туйлбартай хандаж, бусдыг сонсч, тунгааж, эрэгцүүлж боддог. Сүүлийн үед ажил олгогчид “Хэр их толгойтой хүн бэ” гэхээс илүү “Хэр зөв сэтгэлтэй хүн бэ” гэдгийг нь харж байж ажилд авдаг болжээ. Энэ хандлага улам үнэ цэнэтэй болно. Харин та бид үүнд бэлтгэж хүүхдээ сэтгэлийн чадавхи өндөртэй хүн болгоё.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин