sonin.mn
Сонин бол хамтын бүтээл. Тэр дундаа анги, салбаруудад ажиллаж байсан гэрээт сурвалжлагчид ч энэ бүтээлийн эзэд байсныг мартах учиргүй. Бэлтгэл дэд хурандаа Б.Ломбуудорж 2004-2010 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гэрээт сурвалжлагчаар ажиллаж байсан нэгэн. Тэрээр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажилд хэрхэн ханцуй шамлан ажиллаж байсан тухайгаа хуучилсан юм.
 
Ярилцлагын салхийг нээж хэрхэн гэрээт сурвалжлагч болсон тухайгаа дурсахгүй юу?
 
-Би Баянхонгор аймгийн Хүрээ Марал сумын уугуул. 2004-2010 онд тус ангид гэрээт сурвалжлагчаар томилогдон ажилласан юм. Тухайн үед Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлан таниулах үүднээс орон нутгийн анги, салбаруудад гэрээт сурвалжлагчдыг ажиллуулж эхэлсэн л дээ. Миний хувьд тэтгэвэрт гарах үетэй давхцаж гэрээт сурвалжлагчийн албанд томилогдсон. Би өөрөө анги, салбарын, соёл хүмүүжлийн албанд олон жил ажилласан болохоор учраа мэддэг, гэрээт сурвалжлагчийн ажлыг хийж болмоор юм шиг санагдсан. 
 
Сонин төрөх агшинд редакцын хамт олны нуруу сая нэг тэнийдэг. Та зах зухаас нь гадарлах байлгүй дээ...
 
-Тэгэлгүй яах вэ. Би ч мөн адил өөрийн бичсэн өчүүхэн мэдээгээ сониноос хараад л магнай тэнийтэл баярладаг байсан хүмүүсийн нэг. Бэлтгэсэн мэдээ, мэдээллүүдээ “Соёмбо” сонины редакцад хаяглаад шуудангаар явуулна, эсвэл утсаар дамжуулна. Тэр мэдээнд нь багагүй засвар орно оо. “Соёмбо” сонины тухайн үеийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Батнайрамдал миний материалыг засаж, янзлаад ёстой л мэдээ шиг мэдээ болгочихдог байж билээ. Хот орохоороо сонины редакцаар орж номын дууг харин ч нэг сонсдог байсан даа.
 
Сэтгүүл зүйн онол үзээгүй танд амаргүй байсан нь мэдээж...
 
-“Соёмбо” сонины редакцын хамт олны засаж, янзалсан мэдээг анх явуулсантайгаа харьцуулж хардаг байсан. Одоо бодох нь ээ тэр ч бас надад үнэгүй олдсон дадлага, туршлага байж. Би ч өөрөө бие даан сэтгүүл зүйн талаар суралцаж, ном, сурах бичиг гээд харж болох юу л байна тэдгээрийг эргүүлж, тойруулдаг болсон. 
 
Та энгийн нэг гэрээт сурвалжлагч төдийгүй орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эргэх холбоо нь ч болдог байсан байх...
 
-Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй нягт уялдаатай ажилладаг байсан. Ангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулна гэдэг нь тэдний оролцоогүйгээр бүтэшгүй зүйл шүү дээ. Намайг гэрээт сурвалжлагч болох үетэй давхцаад Монгол улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэнэ гэдэг намайг тэдний тухай олон зүйлийг бичихэд хүргэсэн.
Ярилцлага, сурвалжилга, мэдээ, нийтлэл гэсэн бичлэгийн төрлүүдээр бичиж туурвидаг байлаа. Онолгүй хүн практикаар явна гэдэг их л мэдрэмж суудаг юм билээ. 
 
Гэрээт сурвалжлагчийн ажлаа ямар мэдээгээр эхлүүлж байв даа? 
 
-Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний тухай байсан. “Төмөр хүлгээ хөлөглөж, цэнхэр тугаа мандуулсаар ирлээ” гэдэг гарчигтай мэдээ байсан шиг санагдаж байна. Тухайн үед энхийг дэмжих ажиллагаанд явж буй бие бүрэлдэхүүнийг үдэж гаргах, угтаж авна гэдэг нүсэр их ёслол болж өнгөрдөг сөн. Тэгээд л орон нутгийн удирдлагууд хүлээж авна, дараа нь хэвлэлийнхний хөлд дарагдана. Их л юм болно. Одоо ч тэгээд хуучирсан юм байлгүй дээ. Анги, салбарт болж байгаа мэдээ, мэдээллийг л цаг алдалгүй түргэн шуурхай, үнэн зөв, баримттайгаар олон нийтэд түгээх үүрэгтэй. Гол нь цаг хугацаа, ялангуяа сонинд хамгийн чухал нь байдаг. Гэрээт сурвалжлагчаар ажилласан жилүүдэд диктафон, “Зенит” аппараттай л ойр нөхөрлөлөө. Одоо ч техникийн эрин зуун гэсэндээ юм хөгжөөд гүйцэгдэхээ байж. Нандин, дурсгалтай гээд сонинд гарсан мэдээнийхээ хайчилбар, нөгөө аппарат, дуу хураагуур хоёроо авдартаа хийгээд хав дарчихсан байсан юм. “Соёмбо” сониноос сурвалжлагч нар ирлээ гэхээр нь аваад ирлээ.
 
Тухайн үед таны хоёр “нөхөр” ямар үнэтэй байсан бэ?
 
-Диктафон, гэрэл зургийн аппарат хоёрын үнийг сайн санахгүй юм, нэг их үнэтэй байгаагүй байх. Харин сүүлд дижитал аппарат дөнгөж гарч эхлэх үеэр японы Никоноос нэгийг авсан. Үнэ нь харин хоёр сарын цалинтай минь дүйсэн юм даг.
 
Авдаг цалингаасаа илүү мөнгөөр аппарат авчихсан учраас та нэг хэсэгтээ бүсээ чангалсан уу?
 
-Аль болохоороо л явж ирсэн. Муу аппараттай, техник хэрэгсэлгүй гээд гар хумхиад, ажил уяад суугаад байлтай биш. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг хайдаг гэдэг дээ. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй болохоор эхэндээ амар байгаагүй л дээ. Зураг авахад хүртэл мэдрэмж, өнцөг, чадвар гээд бүх л зүйлийг суралцах шаардлагатай болсон. Тэгээд л Оросын сонин хэвлэлүүдийн мэдээний зургийг харж, өөрийнхтэйгөө бас харьцуулна. 
 
Хүний амьдралд сайхан дурсамж олон байх тусмаа сэтгэл ариусдаг гэлцдэг юм билээ. Таны сэтгэлд тодоор үлдсэн мөч?
 
-Ангийн марш тактикийн тэмцээний үеэр байх. Яг хэдэн он гэдэг нь бууж өгдөггүй ээ. Тухайн үед нэг байлдагч хоёр, гурван буу үүрчихсэн гүйгээд л. Тэгсэн атлаа бахардаад уначихсан бага даргаа шилдэж үүрээд барианд ороод ирдэг юм байна. Үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэг нь энэ байх даа л гэж бодогдсон, их омогшсон. Би болсон явдлыг захирагч, дарга нарт уламжилж, улмаар тэр цэргийг орон нутгийн чөлөөгөөр шагнасан юм билээ. Үүний цаана хүний хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх зорилго бий гэдгийг илхнээ харж болохоор.
 
Одоо бэх цаас нийлүүлж байна уу?
 
-Ангийн сонин гэж бий, түүнийг гаргахад гар бие оролцдог. Бүр мөсөн хөндийрчихөөгүй л байна. 
 
Гэрэл зураг гэдэг түүхэн баримт болохоос гадна үгээр илэрхийлэгдэхгүй олон асуултын хариулт нь байдаг гэдэг дээ...
 
-Бэлтгэл сургуулилтын үеэр зураг авч яваад л тоос шороотой хутгалчихдаг үе олон байсан. Гайгүй зураг дарчих санаатай л хэвтэнэ, мөлхөх үе ч бас бий, тухайн орчиндоо л зохицож ажиллана. Сүүлдээ хүмүүс намайг фронтын сурвалжлагч гэхчлэн цаашлуулдаг болсон доо. Авсан зургаа альбом болгож, мэдээгээ хайчилбараар нь хадгалчихлаа. Тэднээс үнэтэй зүйл гэж үгүй шүү. Ой, баяр ёслолын үеэр хүндэтгэлийн самбарт залчихна. Нэг ёсондоо гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг л болно. Угаасаа ч зураг л үлддэг юм билээ.
 
“Соёмбо” сонины талаарх таны бодол...
 
-Уг нь аливаа сонин баримт болон хадгалагддагаараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс онцлогтой. Гэхдээ цахим орчин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөгөөр сонины газрууд зах зээлээс шахагдаж байгаа. Харин “Соёмбо” сонин хоёр удаа дайны фронтод дарийн утаа үнэрлэн түүхэнд тодоос тод мөрөө үлдээсэн гэдгээрээ яахын аргагүй Монголын ард түмний бахархал. Орчин цагт өөрсдийн гэсэн зорилтот уншигчдыг ч бий болгосон.
 
Ярилцлагын сүүлчийн хормыг танд үлдээе...
 
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж буй ажилтан, алба хаагчдадаа удахгүй болох “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин