sonin.mn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы ОУХАБ ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүмийг хүлээн авч уулзлаа.
Ноён Сато Мүцүми нь 2015 оны 3 дугаар сард Монгол Улсад томилогдож ирсэн. Энэ хугацаанд манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Таныг Монгол Улсад ажиллах хугацаанд нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байсанд уучлал хүсэж байна. Аливаа улсын хөгжлийн явцад тохиолддог саад бэрхшээлийг ойлгож, тогтворгүй нөхцөл байдлыг сөрөн олон сайн төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан таны манай улсад оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Одоогийн байдлаар тус яам ЖАЙКА-тай хамтран нийтдээ 8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэг барих төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр болон Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл /3 төсөл/ хэрэгжүүлж байгаа бол Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 4 төсөл, хөнгөлөлттэй зээлээр Инженерийн дээд боловсролын дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, тус яамнаас Японы Жайка-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ирээдүйд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж ноён САТО Мүцүми Таныг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж, үнэмлэх олгосныг мэдэгдэхэд таатай байна.