sonin.mn
Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газар хамтран Статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалтыг Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулав.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд вэб технологид суурилсан цахим системээр статистикийн мэдээ, тайланг хэрхэн гаргах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах нь сургалтын үндсэн зорилго юм.
Энэ удаагийн сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, нийгмийн 14 салбарын 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудыг хамрууллаа.
Сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж, албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн  Улаанбаатар буян ХХК-ний нягтлан бодогч  Б.Нэргүй, Алтаннаран трейд ХХК-ний нягтлан бодогч Л.Бурмаа нарыг  Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Монсуль ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэг, Өлзий иш ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Цагаанаа нарыг “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.