sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Цагаан лавай” чуулгын захирал, ерөнхий найруулагч Д.Ганболдыг урилаа.
 
Ардын урлаг төрийн ивээлд байх учиртай
 
-Би 1991 оноос хойш ардын урлагийн салбарт зүтгэлээ. Энэ нь миний хувьд  аз завшаан, бахархал юм. Урлаг бол агуу том далай. Харин  ардын урлаг бол хамгийн цэнгэг, тунгалаг хэсэг нь гэж боддог. Учир нь монголчууд бидний хувьд ардын урлаг, өв соёл гэдэг мартаж, хаяж болохгүй түүх.
Үнэндээ Монголын зах зээлд  урлаг оршин тогтноход хэцүү. Монголчуудын амжиргааны төвшин, хүн амын тоо хэд билээ. Энэ нөхцөлд  урлагаар бизнес хийнэ гэдэг хүндрэлтэй. Тэгэхээр ардын болон сонгодог урлаг яалт ч үгүй төрийн  ивээл, өмгөөлөлд байх  ёстой. Өнөөдөр төрийн хэвшилд УДБЭТ, УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр л байна. Гэвч үйл ажиллагаа нь хурдацтай хөгжиж чадахгүй  байна. Учир нь төрийн менежмент болхи байна гэж хэлж болно. Урлагийн салбарыг жижигхэн гэж хэлж болохгүй. Ялангуяа  сонгодог урлаг, ардын урлагийн салбар жижиг биш. Урлаг хэл шаардахгүйгээр дэлхийн аль ч өнцөг, булан бүрт хүрэх боломжтой салбар юм. Тэгэхээр үүний зах зээлийг зөвхөн Монголоор хязгаарлаж боломгүй. Үүний тод жишээ нь манай  Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд чадварлаг уран бүтээлчид. Тэд дэлхийн зах зээлд гарч эхэллээ. Гэхдээ бор зүрхээрээ л зүтгэж байгаа юм. Харин бусад уран бүтээлчдийг дэлхийд гаргахын тулд төрөөс  эрчимтэй, дэмжлэг  үзүүлж, зах зээлийн менежментийг сайн хийх хэрэгтэй. Зарим салбаруудыг хувьчлах ёстой бол хувьчилж, нэгтгэх ёстой бол нэгтгэх хэрэгтэй. Манай хувийн болон төрийн байгуулагуудын менежмент хоцрогдсон төвшинд явж байна. Билет шахахыг л урлагийн менежмент гээд ойлгочихсон. Талхны мөнгөндөө цалин нь хүрэлцэхгүй байгаа хүмүүс уртын дуу, морин хуур сонсох гэж ирнэ гэдэг бол  эрсдэлтэй асуудал. Тэгэхээр үүнийг олж харсан менежмент хийх нь л төрийн хийх ёстой ажил.
 
Боловсрол, соёл хоёр нэгдмэл биш өөр өөр төвшинд байна
 
Соёл, урлагийн менежментийг ямар төвшинд аваачих, ямар  бодлогоор удирдах вэ гэдгийг төрийн хэмжээнд эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй. Үүнийг сайжруулахад соёл урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтад өөрчлөлт хийх ёстой гэж боддог. Миний бодлоор соёлтой үзэгч гэвэл миний насныхнаас дээш үеийнхэн гэж хэлнэ. Социализмийн үед  дунд сургуулийн хүүхдүүд  жилд багадаа 15-35 үзвэр үздэг байсан. Бүр хичээлийн хөтөлбөрт нь заагаад өгчихсөн. Хүүхдийн сэтгэхүй гэдэг цагаахан цаас. Тэд хэзээ ч багадаа үзсэн зүйлээ мартдаггүй. Ийм бодлогоор соёлтой ирээдүйн үзэгчийг бэлтгэдэг байж. Ер нь 1990 оноос хойш үзэгчийг багаас нь урлагаар хүмүүжүүлэх, урлаг соёлын тухай бодлого алдагдсан. Театрт очихдоо гоё хувцсаа өмсч, гутлаа тослоод очдог байсан тэр соёл байхгүй болчихож. Уг нь соёл, урлагийн салбар боловсролтой хамт нэг яамд харъяалагдаж байна. Боловсрол, Соёл Шинжлэх ухаан, спортын яам  гэж нэрийддэг. Гэвч нэг яам хариуцаж байгаа мөртлөө хоорондоо авцалдаагүй. Энэ хоёрыг нэгтгэж чадвал мэдлэгт суурилсан ,боловсрол бий болох юм. Миний хувьд хүүхдийн дөрвөн дуулалт жүжиг хийсэн. “Эрх цагаан унага”, Ижил хоёр ботго” зэрэг бүтээлийг цувралаар  дунд сургуулийн хүүхдийн боловсролд  зориулж туурвиж байлаа.  Мөн залуучуудад зориулсан “Нүүдэлчдийн  аялгуу” тайлбарт концертыг хийсэн. Гэтэл  сургуулиудтай хамтарч ажиллах гэхээр нэг айдас байдаг. 1111 рүү  эцэг эхчүүд утасдчихвал яах вэ. Үүнээс харахад боловсрол, соёл хоёр нэгдмэл биш өөр өөр төвшинд байгаа юм. Нэг толгойтой яам мөртлөө  хоёр өөр талд зүтгэж байна гэсэн үг. Хэрэв нэг эцэг эх нь залгаад манай хүүхдэд билет шахаад байна гээд хэлчихвэл сургуулийн удирдлагууд руу яриад бөөн асуудал дэгдчихдэг. Гэтэл тэр хүүхэд тухайн жүжиг, ардын урлагийн гайхамшгийг үзээд монгол соёл, урлаг гэж юу болохыг мэднэ, үүнийгээ хэзээ ч мартахгүй гэдгийг бодолцдоггүй. Энэ бол урлагийн салбарт гаргаж буй төрийн бодлогын хамгийн наад захын алдаа юм.
 
Монголчууд шиг дуугаар хүүхдээ хүмүүжүүлж байсан ард түмэн ховор
 
Доржпүрэвийн Ганболд
 
2006 онд СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн
 
Томоохон бүтээлүүдээс нь дурьдвал:
 
-2004 онд “Нарны мөргөл” түүхчилсэн концерт
2006 онд “Онгодын дуун” бүжгэн жүжиг
2008 онд “Хөөмэйн түрлэгтэй эх орон” концерт
2010 онд “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг
2013 онд “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг
2015 онд “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг
2017 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт жүжиг
 
-Үүнээс болоод сургуулийн хүүхэд “Уртын дуунд үг байдаг юм уу” гэж асууж байна. Энэ бол инээдэм биш эмгэнэл шүү. Уртын дуунд үг бий, үгэн дотор нь утга бий. Утга нь цаанаа олон зуун жилийн цаадахыг харсан гүн санаатай гэдгийг  тайлбарлах багш, сурах бичиг алга.  Жишээ нь “Уяхан замба тивийн наран” бол нарны тухай дуу биш. Үгэндээ нарны тухай өгүүлдэг боловч хүн  нарт хорвоод  төрснөөрөө  өглөө нар мандаад, орой жаргадаг шиг  төрөөд үхдэг юм шүү. Энэ хооронд аз жаргалтай сайн сайхан, зөв амьдраарай гэсэн философи дууны цаана оршдог юм. Энэ утгыг нь тайлбарлахгүйгээр номонд бүдэг бадаг дууны үгийг нь бичээд өнгөрч байна. Мөн “Бүжин туулай” гээд монгол ардын богино дуу байна. Монголчууд шиг дуугаар хүүхдээ хүмүүжүүлж байсан ард түмэн ховор.  Энэ дууг хүн дуулдаг хэдий ч дууны үгийг задлаад үзвэл хүн биш  туулайн бүжин хүнд зориулж дуулсан байдаг. “Атга хүрэхгүй махтай, Аяга дүүрэхгүй шөлтэй амьтныг хүн чи алж яах гээд байгаа юм бэ. Би чамд ямар гэм  хийсэн юм бэ” гэж өгүүлсэн байдаг. Ийм дуу дуулж өссөн хүүхэд ирээдүйд амьтны зулзгыг алдаг, ан амьтныг хөнөөдөг хүн болж төлөвшихгүй. Үүнийг арван жилийн сурах бичгүүдэд тодорхой  дурьдах хэрэгтэй.  Би Үндэсний урлагийн их театрт “Цуутын цагаагч гүү” , “Эрх цагаан унага”  нэртэй хүүхдийн дуулалт жүжиг тавьсан.  Харамсалтай нь тоглохгүй байгаа нь мөн л бодлогын алдаа.
 
Дуу хөгжмийн багш морин хуур тоглодог байх хэрэгтэй
 
-БСШУСЯ телевизийн бодлогод яагаад нөлөөлж болохгүй гэж. Телевизийн программд ардын урлагийн цагийг тодорхой оруулж  өгөх хэрэгтэй.  Ардын урлагийн судалгаа Монголдоо ийм бага байхад дэлхий яаж бидний урлагийг ойлгох вэ. Сонгодог урлаг бол дээд ертөнц, харь гаригаас буусан зүйл биш. Хүн төрөлхтний өөрсдийнх нь бий болгосон бүтээл. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын ардын урлаг л юм. Жишээ нь опера гэдэг Италийн их манан дунд, завьчид хоорондоо мөргөлдөхгүйн тулд бие биедээ чимээ өгч дуулдаг байсан ардын дуу нь. Харин  италичууд усан үзмээ хурааж дууссаны дараа баяр тэмдэглэж, ард түмэн өлмий дээр явж ус үзмээ бяцалдаг байсан хөдөлгөөнөөс балет үүсэлтэй гээд бод. Гэтэл яагаад манай ардын урлаг дэлхийд сонгодог болж болохгүй гэж. В.Путин ерөнхийлөгч Оросын бүх театрын дарга нарыг цуглуулаад  “Би та нарт мөнгө өгч байгаа юу” гэсэнд бүгд  “Өгч байгаа” гэж хариулж л дээ. Гэтэл “Та нар дэлхийн бүх сонгодог урлагийг сурталчилж чадлаа. Одоо би та нараас  Оросын ардын урлагийг дэлхийн сонгодог болгохыг хүсч” байна гэж хэлсэн байдаг. Төрийн бодлого гэдэг ийм л байх учиртай. Ядахдаа л дунд сургуулийн эрэгтэй багш нар  морин хуур тоглоод гэрийнхээ  жаврыг үргээчихдэг, эмэгтэйчүүд нь ятган дээр ардын хэдэн дуу  тоглочихдог байвал жинхэнэ дуу хөгжмийн багш гэмээр  байна. Бүгд “Уяхан замба тивийн наран” , “Эр бор харцага”-ийг аялчихдаг байх хэрэгтэй. Үүнийг  МУБИС –ийн багш, удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй гэж бодож байна. Эцэг өвгөдийнх нь хийж байсан үйл, хэлж байсан үгийг, ардын урлагийн гайхамшгийг хүүхдүүдэд дамжуулж чадвал тэр л жинхэнэ төгс боловсрол болно.
 
Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчийг бэлдье
 
-Соёл урлагийн салбар зоригтой шүүмж бичдэг мэргэжилтэнгүй болжээ. Урлаг, соёлын хөгжил удаан яваад байгаа нэг шалтгаан нь энэ юм. Социализмын үед  хөгжмийн зохиолч, бүжигчин дуучин бэлтгэдэг байсан шиг судлаач, шүүмжлэгчдийг бодлогоор бэлтгэдэг байсан. Одоо эдгээр хүмүүсийг уран бүтээлийн маркентинг маягаар ашигладаг болж. Нэг жүжиг, тоглолт хийгээд түүнийгээ худал магтуулдаг. Харин судлаач, шүүмжлэгч нар яг зөв өнцгөөс нь бичих юм бол насаараа ад үзэгдэнэ. Тэгэхээр мэргэжлийн шүүмжлэгч, судлаачийг бэлдэнэ гэдэг  мөн л төрийн бодлогын асуудал. Тэр хүнийг хэрхэн цалинжуулж, зөв  талаас нь бичүүлэх вэ. Үүнийг хүртэл бодлогоор зохицуулах ёстой болж байгаа юм. Мөн соёл, урлагийн салбарт шагналын тухай асуудал байна. Шагнал бол  хүнд хийж бүтээх эрмэлзлийг бий болгодог хөшүүрэг. Гэтэл шагнал авсныхаа дараа найраа хийх гэж байраа хүртэл зардаг үе байсан. Тэмдэг бол бэлгэ тэмдэг төдий юм. Үүний ард хүн яаж амьдарч байна вэ гэдэг сонин биш. Намайг Үндэсний урлагийн их театраас гарахад гавьяат авахынхаа босгон дээр гарчихлаа гэж ярьж байсан. Гавьяат гэсэн алдар миний хувьд бэлгэ тэмдэг биш бодит байгаасай л гэж хүсдэг. Надад гавьяатын тэмдгээс илүү  соёл урлагийн салбарт бүтээсэн зүйлээ үлдээх нь гавьяа шагнал юм. Ард үлдэх үр хүүхдийн минь ирээдүйн баталгаа асуудалгүй байвал болох нь тэр. Тиймээс зөвхөн тэмдэг биш уран бүтээлчдээ бодитоор дэмждэг байвал салбарын хөгжил илүү цэцэглэнэ гэж боддог. Тиймээс гавьяа шагналыг бодлогын хэмжээнд  үнэ цэнэтэй болгох хэрэгтэй.
 
Ардын урлагийн тоглолт зөвхөн жуулчдад зориулсан зүйл биш
 
-Миний хувьд ардын урлагаа дэлхийд сурталчилж, түгээн дэлгэрүүлье гэсэн зорилготой театраас гарч “Цагаан лавай” чуулгыг байгуулсан. Үүнийхээ эхний алхмуудыг ч хийж байна. Энэ зунаас уран бүтээлчдийн тоогоо нэмэх  зорилготой байгаа.  Манай жүжигчдийн цалин төрийн байгууллагаас  бага. Гэхдээ итгэл үнэмшил дээр урлаг, соёл оршиж болдгийг харуулахыг хүсч байна. Цаашлаад чуулга маань 200-300 хүний бүрэлдэхүүнтэй болохыг  үгүйсгэхгүй. Мөн Халимаг, Буриад, Тува гээд монгол үндэстнүүддээ очиж салбар байгуулна гэсэн зорилт тавиад менежментээ хийж байна. Бид зарим бизнесмэнүүд шиг газар ухаж эх дэлхийгээ сэндийчихгүй, архи үйлдвэрлэж нэгнийгээ  хордуулахгүй.  Урлаг соёлын хамгийн сайхан нь хүнийг оюун ухаанаар нь гэгээрүүлдэг. Ардын урлагийн тоглолтууд зөвхөн жуулчдад зориулсан зүйл биш. Би “Цагаан лавай” чуулгыг байгуулахдаа хамт олондоо хэлсэн. “Манай чуулга улирлын чанартай биш. Би та бүхэнтэй цаашдаа олон жил хамтарч ажиллана. Цалингаа өгч чадахгүй хэцүү үе тохиолдох л байх. Гэхдээ хэдүүлээ хамт байгаа цагт учраа олно” гэж. Эхний жилүүдэд уран бүтээлийн сан хөмрөг, суурийг бий болгохоор хөдөлмөрлөж байна. Монгол хүний биеэр  монгол цус гүйж  байгаа цагт уртын дуу, морин хуур, ардын урлаг гэдэг хэзээ ч хуучрахгүй мөнхийн сэдэв байх болно.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин