sonin.mn
“Утасны анд” энэ удаад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэтэй холбогдлоо. Тэрээр “Бүсгүйн зурвас” жүжигт гол дүр бүтээхээс гадна Улиастайн бослогын тухай өгүүлдэг “2000” кинонд тоглосон билээ. 
 
-Сайн байна уу. Ойрд та уран бүтээлийн олз омог арвин байгаа бололтой?
 
-УДЭТ-ын ээлжит бүтээл “Бүсгүйн зурвас” жүжиг амжилттай нээлтээ хийлээ. Энэ бүтээлд хоёр баг ажилласан. Миний хувьд хоёр дахь группд багтаж, жүжгийн гол дүр болох Архай сайдын дүр дээр ажиллаж байна.
 
-Танай групп тоглоод эхэлчихсэн. Үзэгчид хэр хүлээж авч байна?
 
-Үзэгчид их сайхан хүлээж авсан. Жүжигт эд хөрөнгө, эрх мэдлийн араас хэт их хөөцөлдвөл хүний мөн чанар хэрхэн өөрчлөгддөг тухай өгүүлсэн.  Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Гэхдээ хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй. Амьдралын үнэ цэнэ юунд оршдог, халамжит хань, үр хүүхэд ямар эрхэм болохыг “Бүсгүйн зурвас” хөндөж байна.
 
-Архайгийн дүр насны хувьд таниас ахимаг, улс төрийн бохир ертөнцтэй холилдсон хүн. Дүрээ хэрхэн судлав?
 
-Дүрээ нэлээд судалсан. Надаас тэс ондоо дүр. Гэхдээ өнөөдөр УИХ-д 30 гаруйхан настайгаас эхлээд ахимаг насны улстөрч олон байна. Тодорхой хэмжээний төсөөлөл байсан учир чадахаараа дүр дээрээ ажиллалаа.
 
 -Театрын ажлаас гадна танд киноны санал олон ирдэг. Саяхан таны тоглосон “2000” кино нээлтээ хийлээ?
 
-“UB film”-ийн найруулагч Н.Отгонзоригийн “2000” кино эх орончдын өдөр нээлтээ хийсэн.  Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэнболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна.
 
-Тус кинонд мөн л эсрэг дүр дээр ажиллалаа. Ойрд найруулагч нар таныг эсрэг дүрээр л хараад байна уу?
 
-Уран бүтээлч, жүжигчин хүн дүрээс дүрийн хооронд хувирдаг, сайн, муу ч бай тухайн дүрээ өмөөрч амилуулдаг чадвартай байх ёстой. “2000” кинонд Манж амбаны дор ажиллаж буй цэргийн жанжны дүр дээр ажилласан. Манж цэргийн жанжин гэхээр эсрэг дүр гэж ойлгогдож байгаа юм. Түүнээс  ажлаа л хийж яваа жанжин.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин