sonin.mn
Ардчилсан гэх тодотголтой шинэ үндсэн хуулиараа монголчууд бид боловсролын хөгжлийг цаашид хөтлөх хоёр чухал үзэл санааг үнэт зүйлжүүлж авсан байдаг. Тэгш байдал, Зах зээл. Гэвч ардчиллын гэх өнгөрсөн жилүүдэд энэ хоёр нь боловсролын хөгжлийн хөтөч болж чадсангүй. Дүнд нь боловсрол тэгш биш харин түүхэнд үзэгдээгүйгээр сондгой болж дордов. Тэр тэгш байдлыг биш харин тэгш бус байдал, ялгаварлал, ялгааг дэвэргэх салбар болж салбайв. 
Хөрөнгө мөнгөний гэх зах зээлийн нийгэмд боловсролын үйлчилгээ зах зээлд шилжиж чадаагүй учраас урьд байгаагүйгээр энэ салбарын багш ажиллагсад ядуурав. Доройтов, дордов. Тэд ядуурч ажилладаг, ажиллаж ядуурч ирэв. Зээлтэн, өртөн үржин энэ салбараар сүрэглэв. 
Багш нар тэмцэж үзэв. Хариуд нь тэд хайран цагаан цаасыг яйран болгон харлуулж эрээчин хэрэггүй болгоход л их цагийг дэмий үрдэг болж хувирав. Эцэстээ, баяны ч, ядуугийн ч хүүхэд ялгаагүй л боловсролын доройтлын тэр бодлогоор бүхэлдээ хохирч үлдэв. Хөөрхий.
Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэгч ганц институт байдаг гэдгийг ухаарсан, пялдаг зангүй, бас намгүй цөөхөн хэдхээн багш нар боловсролын салбар бүх түвшиндээ салбайж, сарийж, муруйж ирснийг тасралтгүй үглэж, тасралтгүй бичиж, тасралтгүй өөрсдийгөө золиослож явсны дүнд сая нэг Монголын багш нарын 7 дугаар их хурлаа 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийхээр болж, их асуудлаа их төлөөлөлтэйгээр хэлэлцээр шийдэв. Их хурлаараа их асуудлаа хэлэлцээд дүнг нь их хурлын тогтоол болгож аваад түүнийгээ дараагийн их хурал хүртэл хэрэгжүүлэхийн төлөө долоон түмэн багш үзэлцэхэд боловсрол өндийхгүй гээд яах юм. Багш нийгмийн төвд ирэхгүй гээд яах юм. Багшийн цалингийн доод хэмжээ нийгмийн дундаж цалинд хүрэхгүй гээд яах юм.
Амьдралын талбарт тань, боловсролын салбарт тань бугшсан түмэн “буг”-ийг хөөж, хөгжлийг чөдөрлөсөн буман “чөтгөр”-ийг зайлуулахын эх үндсийг тавих шийдвэрт хүргэх их чухал их хуралдай болох энэ хуралдаа багш бүр иймд цаг гаргаж, сэтгэл шингээж, зүтгэл үзүүлж, эргэцүүлэлтэй, идэвхтэй оролцвол их ононо. Тэгэж оролцохдоо ингэж эргэцүүлбэл тун зохино: 
1. Яагаад багш энэ улсад ядуурч ажиллаж, ажиллаж ядуурч байдаг юм бэ? Бодит өртгөөр л ажил бодитой хийгддэг биш үү! 
2. Боловсролын салбарын ажил үйлчилгээны үнэ, өртгийг хөдөлмөрийн бодит зах зээлийн жишигтэй, төгрөгийн худалдан авах чадварын уналттай уялдуулж яагаад шинэчилж тогтоодоггүй юм бэ? 
Төгрөгийн худалдан авах чадварын утгаар багшийн нэг сарын өнөөгийн бодит цалин одоогийн 60 төлгөн бэсрэг сүргийн цэнэтэй биш үү! 
3. Манай улсын боловсролын салбарт хүний хөдөлмөрийн мөлжлөг байгаа юу? Цэцэрлэг, сургуулийн нарийн мэргэжлийн багшийн нэг цагийн ажил, үйлчилгээний цэнэ яагаад 2 доллароос; дээд зиндааны багш профессорынх нь 4 доллароос хэтрэхгүй байдаг юм бэ? Тэдний хөлс хэтэрхий цэнэгүй биш үү! Мөлжлөг бус үү!
4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг үндсэн ажлаа мэргэжлийн хийх нөхцөл бололцоогоо яагаад хангадаггүй юм бэ? Нэг багшид оногдох сурагчийн тоо хэрээсээ хэтэрчихсэн нь байх нь хээв хэвийн үзэгдэл болсон байх. Нэг багш, нэг сурагчдад оногдох орчин, ажлын орон зайн хэмжээ нь хэтэрхий бага байгаа нь бас л хэвийн үзэгдэл байх. Сургалтанд шинжлэх ухааны үндэс гэж байдаг биш үү! Эсвэл энэ улсад энэ хамаагүй юм уу?
 
5. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нь ер нь боловсролыг сүлжээний бизнес, боловсролын лоббижсон бодлого, намчирхал, хийрхэл, хаа хамаагүй зүйлийг хариас хамаагүй хуулж хувьдаа ашиг олох зорилгоор хамаагүй төслийг хамаагүй хэрэгжүүлдэг, хуулбарладаг сэтгэлгээ, хандлагаас яагаад ангид байлгаж болдоггүй юм бэ? Түмэн олимпиад, буман уралдаан, мянган ТB шоуг хүүхэд л их хүсээд байгаа гэж үү! Хаврын ядарсан борлонгийн нуруунд шигдэж орсон хачаг, хувалз лугаа шавааралдсан энэ олон хувийн сургууль, болсон болоогүй сургалтын төвийн хүүхдийн сурах хүслээр мөнгө хийх улаан шуналыг яагаад цайлгаж болдоггүй юм бэ? Ийм завхрал тэгш байдал, үл ялгаварлахыг тунхаглан үнэт зүйлжүүлсэн хүмүүнлэг, ардчилсан гэх нийгэмд байж болдог юм уу! Хүүхдийн сурах хүслээр мөнгө олж, ашиг олох нь муруй үйлс биш үү! Муухай үйл бус үү! Суурь боловсролыг төрөөс төлбөрийг нь дааж үнэгүй олгоно гэсэн биш үү! Боловсрол л нийгэмд тэгш боломж, тэгш байдлын баталгааг болдог биш үү! Үүнийг тань дэлхийн боловсролын яам чихэнд тань байнга шивнээд нэрлээд байгаа бус уу!
 
6. Бодлогын лоббижилт, сүлжээний бизнесийг дэмжсэн 22 хичээллэрхүү зүйлийг хүүхэд үзсэншүү болж хайран цагаа яйран өнгөрөөж байгаа яагаад хардаггүй юм бэ, засдаггүй юм бэ? Ихийг гүехэн бус харин багыг гүн судла гэдэг биш бил үү! Ийм зарчмыг бид ч эрт цагт барьж байсаан байсан. Одоо ч бас нөгөө дэлхийд гайхуулаад байгаа Финланд тань үүнийг л баримталж л байгаа шүү. Тэд ерөнхий боловсролыг мөнгө хүүлэх хэрэгсэл болгодоггүй үнэт зүйлтэй юм билээ.
 
7. Боловсролын салбар шаагилдсан олон дарга, дарганцар, наманцараар л дүүрсэн байгааг больж яагаад ч шаагилддаггүй, харин чимээгүй л бодлогоо бодож бодлого хийдэг мэргэшсэн бодлоготноор дүүргэж болдоггүй юм бэ? Хийх зүйлээ мэддэггүй дарга л хий дэмий их шалгадаг, хийрхдэг. Боловсрол доройтлоор дүүрсээн дүүрсэн. Тэр бас энэ доройтлыг бий болгосон шалгалт, хяналт, хэт хуралдагсдаар дүүрсэн дүүрсэн. Ар араасаа хөврөн шалгаад, шалгаад, шалгаад л; хянаад л, хянаад л, хянаад л, сүүлдээ бүр багшийг үндсэн ажлаа хийх боломжгүй болтол, хүүхдийг зүгээр сурах боломжгүй болтол нь шалгаад л , сургалт хийгээд л ... Яасан их илүүтэй гарсан цаг, яасан их илүүтэй гарсан мөнгө вэ? Итгэлцэл гэдэг зүйл энэ салбараас бүр холджээ. Уг нь боловсрол мэргэжлийн салбар тул итгэлцэл хамгийн ихээр байх ёстой л талбар юмсан. Ийм талбарын тэр онцлог энэ улсын салбайсан боловсролд хамаагүй юм уу!
 
8. Боловсролын салбарт хариуцлага үгүй болсонг зогсоож, харин хариуцлагыг яагаад бий болгож болдоггүй юм бэ? Боловсролын бодлогыг лобби болгосон үе үеийн сайдуудаас энэ салбар яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм. Сургамжтай биш үү! Хүүхдийн сурах хүслээр мөнгө хийдэг, хүүхдийн цаашид сурах хүслээр мөнгө босгодог үнэлгээний энэ олон үнэтэй шалгалтыг бий болгож үе үеийн олон мянган хүүхдийг мөнгөөр нь төдийгүй хүсэл зоргоор нь мохоож, хохироож ирсэн хорон бодлогыг хийсэн, хэрэгжүүлсэн этгээдүүдээс яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм бэ? Үндсэн ажлаа мөнгө босгох сүлжээний хэсэг болгон ичих ч үгүй хээв нэг явдаг багш олимпиадчдаас, багш кенгүрчдээс, захирал үдийн цайчдаас, багш ном шахагчдаас, багш сонин нийлүүлэгчдээс, боловсролын бодлогыг бор ходооныхоо төлөө лобби болгогчдоос яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм. Боловсролын салбар бол хогийн сав биш гэдгийг тэдэнд яагаад сануулж болдоггүй, хариуцлага нэхэж болдоггүй юм. Эрх үүргийг нь эрхэлж эдлэвэл хариуцлагыг нь хамт хүлээх нь ёс бус уу!
 
9. “Боловсролын чанар, үр дүн, үр ашиг” гэж болох болохгүй хүн болох, болохгүйгээр их хөөрч, хийрхэж болох, болохгүй бодлого гэгчийг хийж боловсролыг самардагийг болиулж боловсролд бүхлийн зарчим, тогтолцооны хандлага, төв, зөв ухаанаар ханддаг соёлыг бүх түвшинд бий болгож яагаад болдоггүй юм бэ? Сайд гэгч нэг хүн ирэх бүрт энэ салбар “ саалийн нэг үнээгээ цааш нь харуулах шиг” болж хохирч үлддэг юм. Хэцүү байх. Боловсролын салбарт “шинэчлэл” гэж мөн олон удаа хашгирав. Гэвч шинэчлэгдэв үү? Үгүй. “Боловсролын чанар” гэж мөн олон удаа орилолдов. Гэвч чанаржав уу? Үгүй. Энэ бүхний алдаа юунд байсан бэ? Товчхондоо, бидний сэтгэлгээний хоцрогдолд бий. Бодлого хийнэ гэдэг хуулбарлана, хувилбарлана, хулгайлна гэсэн үг биш. Бодлого хийнэ гэдэг анхны нөхцлөө тооцон олон хувьсагчийн олон давхар хамаарлыг шинжилж, түүнээс сонгоно, шийднэ гэсэн үг. Ингэж хийсэн боловсролын бодлого монголд бий юу, ер нь? Үгүй л болов уу! Иймд бид боловсролын бодлогын ухааныг нь хөгжүүлж, боловсролын бодлогыг шинжилгээг нь хийж чаддаг болбол ер нь яасийм. Ингэхэд, бидэнд ном чухал, харин нам биш. Гоё. Зөв.
 
Багш нар ингэж эргэцүүлж эргэлдүүлж байх зууртаа их хуралдай болох их хуралдаа ёстой зөв, төв хүнээ шилж сонговол ёстой гоё, ёстой сайн. Учир нь:
-Их хурлын их төлөөлөгч энгэртээ олон одон гялалзуулж байх нь чухал биш харин тархиндаа багш, хүүхэд, боловсрол хийгээд нийгмийн сайн сайхны төлөө их бодол эргэлдүүлдэг байх нь нэн чухал. Энэ бас л гоё, сайхан. 
-Их хурлын төлөөлөгч пялдаг байх нь чухал биш харин олны төлөө, өрөөлийн төлөө индэр дээр гарч эгц харж байгаад чангаар дуу хоолойгоо илэрхийлж чаддаг байх чухал. Энэ нь энэ цагт эрсдэл ч, бас л гоё нь л. 
-Их хурлын төлөөлөгч хамт олны манлайлагч, тэднийг хошуулагч байвал нэн сайн. Тэгэж байж бид энэ 7 дугаар их хурлын шийдвэрээ ирэх 8 дугаар их хурал хүртэл хэрэгжүүлж чадна. Ингэж чадвал боловсрол сайхан болно. Хүүхэд баясана. Хүн хөгжинө. Нийгэм дэвжинэ. Монгол гоёжино.
 
Монголын багш нарын нартад ганцхан, нандин багш мэргэжлээ гэсэн, боловсролоо гэсэн, хүүхдээ гэсэн, тэгээд, ер нь хүний хөгжилд суурилсан улсын зөв, төв хөгжлөө гэсэн олон жилийн зүтгэл, хоёр жилийн тэмцлийн бодит дүн нь болж ирсэн энэ 7 дугаар их хурал нь үр ашиггүй ажлаас багш, хүүхдийг чөлөөлөх, багш цалингаараа дундаж амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүнээр хөгжих улсын хөгжлийн хөгжлийн эх үндсийг зөв тавих, боловсролын салбарт бодит өртөгжилтийг бий болгох, боловсролын салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх арга замыг заах, боловсролд үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх шийдлийг хийх, ялгааг үгүйсгэн арилгах бус харин түүнийг хөхүүлэн дэмжиж замаар л тэгш байдал, тэгш боломжийг бий болгож хангахын эх үндэс, утга агуулгыг багтаасан олон заалт бүхий тогтоолтой, түүнийгээ монгол нутагт тунхагласан уриалгатай их үйлс болж өндөрлөөсэй. Багшийн их хуралдай энэ хурлаараа монгол багш нар их асуудлаа их шийдээсэй.
 
Ц.Лувсандорж
 
2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр