sonin.mn
“Jenesys-2018” хөтөлбөр Монголын залуучуудын өмнө арлын орны түүх соёл, шашин, технологийн дэвшил гээд олон гайхалтай үүд хаалгыг нээсэн. Харин  хөтөлбөрийн төгсгөлд япончуудад тохиолдсон эмгэнэлт түүхийг хуваалцах Минимата сууринд түр саатуулсан нь мөнгөн усны аюулыг давтахгүй байх, мөнхийн санамж, сургамж болгон түгээх ёстойг ойлгуулсан тод дурсамж болж үлдсэн юм.
Өдгөө  LCD, OLED дэлгэц, зурагт, компьютер, гар утасны  дэлхийн нийтийн  хэрэгцээний 40 орчим хувийг үйлдвэрлэдэг  Японы томоохон корпораци JNC 70 жилийн өмнө 50 мянган хүн, тосгоны иргэдийн амьдралыг орвонгоор эргүүлсэн гашуун түүхийг дэлхий нийт өнөөдөр ч мартаагүй. “Хэдийгээр тухайн үед мөнгөн усны аюулын талаарх ойлголт хаана ч байгаагүй ч Минаматачууд 70 жилийн турш зовж, шаналж байгаагийн буруутан нь бид. Тиймээс алдаагаа ухамсарлаж ашгийнхаа ихэнх хувийг 70 жилийн өмнө хариуцлага алдсан үйлдлийнхээ төлбөрт төлдөг” гэж компанийн ажилтан танилцуулж байв. Хэдийгээр компани алдаагаа ухамсарлаж үйлдвэрээс нь болж хохирсон иргэдэд насан туршийн тэтгэмж өгдөг ч олон мянган айлын амьдралыг хар дарсан зүүд болгон хувиргасан учраас япончууд энэхүү гашуун сургамжийг мартахгүйн тулд “Эх сурвалжийн музей” нээж олон нийтэд сэрэмжлүүлсээр байгаа юм.
Харин үүний дараа бид мөнгөн усны аюулыг амьдралаараа мэдэрч, туулсан 70 жилийн өмнөх эмгэнэлт түүхийн амьд гарч 92 настай Эйко Үэнотой уулзсан юм. Ярих тоолондоо байсхийгээд л хоолой нь зангирч, царайнд нь харуусал тодорч байсан тэрээр мөнгөн усны аюулаар гэр бүл, хамаатан садан хамаг бүхнээ алдсан ч гурван жил тарчилсан бяцхан охины үхэл дэлхий нийтэд минимата өвчний сургамжийг таниулж, хэдэн мянган хүний амьдралыг “аварсан” юм. Харамсалтайгаар амиа алдсан ч бяцхан охин мөнгөн уснаас үүдсэн минимата өвчин, үйлдвэрийн буруу гэдгийг илчилж шүүхээр хохиролоо тогтоолгосон  2700 иргэн үйлдвэрээс байнгын тэтгэмж, дэмжлэг авах, үүнээс гадна 50000 орчим иргэн “Минамата өвчин”-өөр өвчилсөн хэмээн эрүүл мэндийн үзлэгт төлбөргүй хамрагдах боломжийг нээж өгсөн байдаг.
Тэр л бяцхан охины ээж Эйко Үэногийн хэлснээр 1958 оны наймдугаар сарын нэгэн өдөр түүний нөхөр Минимата өвчнөөр өвчилснөөр амьдрал нь орвонгоороо эргэж, үгээр илэрхийлж боломгүй тийм хар бараан өдрүүд үргэлжилжээ. Дэлхий дахинаа мөнгөн усны аюулыг таниулж мөнхийн сургамж өгөхийн зэрэгцээ мөнгөтэй компанийн өмнө жирийн иргэд хэрхэн хүчин мөхөсддөгийг харуулсан энэ түүх магадгүй бидэнд ч хамаатай. Тиймээс гашуун үнэнийг амьдралаараа мэдэрч туулсан 92 настай Эйко Үэногийн түүхийг нэмэлт хачиргүйгээр хүргэхийг хүслээ.
 
Түүний яриаг сийрүүлэв.
 
-Миний нөхрийн бие гэнэт чичирхийлж эхэлснээ орой болоход ганц ч үг хэлэх чадваргүй болсон юм. Тэр өдрөөс эхлэн манай гэр бүлийн хүнд, хэцүү амьдрал эхэлсэн дээ.Бид дараагийн өдөр Фүкүро хотын эмнэлэгт очсон ч эмч нар өвчнийг оношилж чадаагүй. Нөхрийн  маань бие улам муудаж, хоолтой аягаа алдан асгаж, савхаа барьж чадахгүйд хүрлээ. Гадаа байдаг ариун цэврийн өрөө рүү ч өөрөө алхаад орж чадахгүй байгаа нөхрөө харах дэндүү өрөвдөлтэй, зүрх шимширмээр санагдаж байв. Босохоороо  бүдэрч унаад миний нүд рүү ширтэж байлаа. Би есөн сартай жирэмсэн байсан болохоор эр хүнийг өргөөд босгочих чадал, тэнхээ үнэхээр байгаагүй. Энэ өдрөөс 4-5 хоногийн дараа нөхөр маань босож ч чадахгүй болж том гэдэстэй надаас зуураад хамт өнхөрч унах тохиолдол их гарч байсан. Энэ бүхэн дахин давтагдаж юу ч хийж чадахгүй өвдөж шаналсандаа бухимдаж над руу орилж хашхирах тохиолдол ч гарсан.Тухайн үед хавь ойрын хүмүүс нөхрийг маань гажиг өвчтэй гээд бидэнд ойртохоо больсон. Энэ үед нөхрийн минь эцэг өөрийн амьдардаг хотоос манайд ирэхдээ “Миний хүүг энэ хотод авчраад юу ч идүүлж, уулгаагүйгээс болоод ийм өвчтэй боллоо” гээд намайг маш их загнаж байлаа.  Би юу гэж хайртай ханьдаа юу ч идүүлэхгүй байх билээ гэж бодон тэвчиж байсан юм. Хадам аав нөхрийг гэр лүүгээ аваад явья гэсэн боловч тэр гэртээ үлдэнэ гэсэн. Энэ орой аав, хүү хоёрын үүрдийн хагацал байсан юм. Үүний дараагаас шөнө босож харайх,  өөрийн мэдрэлгүй шалан дээр унадаг, өрөөгөө тойроод эргэлдэж гүйдэг, хажуудаа байсан намайг хүртэл түлхэж унагах тохиолдол гарсан нь жирэмсэн намайг аюулд оруулж мэдэхээр байсан учраас түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэр эмнэлэгт хүргэгдсэн гурав дахь оройдоо амьсгал хураасан.
Нөхөр маань Чиссо үйлдвэрт ажиллахын сацуу надтай хамт загасны аж ахуй эрхэлдэг байсан. Бид хорвоод удахгүй мэндлэх хүүхдийнхээ тухай баярлан хөөрөлдөн ярьж байсан ч тэр ганцхан сар хүлээсэн бол хүүхэдтэйгээ гурвуулаа аз жаргалтай амьдрах боломж байсан.
 
Аз жаргал эд хөрөнгө биш. Эрүүл, элэг бүтэн байх гэдгийг зүрх сэтгэл минь “хэлж өгсөн”
 
 
-Минамата өвчин гэр бүлийн минь аз жаргалыг булаасан учраас насан туршийн гомдолтой явдаг. Нөхрийнхөө чандарыг аваад харьж явахдаа галт тэргэн дотор надад ямар ч ирээдүй харагдаагүй. Гагцхүү миний толгойд цаашдаа яаж амьдрах вэ, гэдсэн дэх хүүхдээ хэрхэн тэжээх вэ гэсэн бодол байлаа. Оршуулгын ажиллагаа дууссанаас зургаан хоногийн дараа би дутуу төрсөн. Тухайн үед би охиноо Минамата өвчнөөр өвчилсөн гэдгийг огт мэдээгүй байлаа. Охиныг минь гурван сартай байхад эгч маань гэрт ирээд “Рёоко наашаа хараарай” гэж дуудан эрхлүүлэхэд тэр огт өөр зүг рүү хараад инээд алдаж байв. Толгойгоо ч даагаагүй охины минь гар хөл нь хөдөлж байсан тул арай ч ийм аймшигтай өвчин тусаагүй байх гэж чин сэтгэлээсээ итгэж байсан ч эмнэлэгт үзүүлэхэд эмч хүүхдийг маань “Тархины сааталтай хүүхэд байна, Хүн болохгүй” гэж хүйтэн цэвдэг байдлаар хэлсэн юм.Хотын харьяа том эмнэлэг ч тархины саажилттай гэсэн онош тавьсан.  Түүнээс хойш эмнэлгийн эмчилгээтэй өдөр болгон тэмцэлддэг өдрүүд эхэлсэн. Жижигхэн бие нь өдөр болгон ямар нэгэн байдлаар тариа хийлгэж өвддөг байлаа. Ингээд хоёр жил өнгөрч Күмамотогийн их сургуулиас эмч нар ирж үзлэг хийхэд манай хүүхэдтэй адилхан гажигтай 15 хүүхэд байгаа гэдгийг мэдсэн. Өвчний шалтгааныг тогтоохоор гурван жилийн турш үзлэгт хамруулж бяцхан хүүхдүүдийн нугасны усыг байсхийгээд л авдаг байв. Бид өдөр болгон хурдхан шиг шалтгааныг нь тодорхойлоод өгөөч хэмээн эсэргүүцэл үзүүлдэг байв. Харин эмч нар нэг нь бурхан болбол задлан шинжилгээ хийж шалтгааныг нь тодорхойлно гэх хариуг өгч байлаа.
Энэ үед Чиссогийн үйлдвэрээс болж өвчин гарсан гэх мэдээг сонсоод бид  компанийн захиргаатай олон удаагийн яриа хэлэлцээ хийсэн ч огт тоогоогүй. Өвлийн хүйтэнд өдөржингөө хүүхдээ тэврээд үйлдвэрийн өмнө суулт хийж эхэлсэн. Харин хүмүүс биднийг “Та нараас болж цалин буурч байна зайлцгаа” хэмээн хөөж, ад үздэг байлаа. Аз жаргал гэдэг ерөөсөө мөнгө төгрөг эд хогшил биш. Эрүүл байх нь жинхэнэ аз жаргал гэдгийг тэр үед сэтгэл зүрхнээсээ мэдэрсэн.
 
Хэдэн мянган хүнд амьдрал “бэлэглэсэн” бяцхан охины үхэл
 
-Охин маань гурван нас хүрэхэд арайхийн Чиссо компанитай тохиролцоонд хүрч, суултаа зогсоосон. Гэтэл тэр шөнө охин минь гэнэт хүчтэй чичрэн таталт өгч, нүд нь хар цагаанаар эргэлдсэн. Би харанхуй шөнө хүүхдээ тэврээд хар эрчээрээ хотын эмнэлэг рүү гүйв. Гүйж явахдаа ямар ч сонсголгүй хүүхдэдээ яагаад ч үхэж болохгүй шүү гэж хашхирч явлаа. Эмч түр зуурийн тусламж үзүүлээд маргааш нь хотын төвийн эмнэлэгт очсон ч маргааш өглөө нь Рёоко минь амьсгал хураасан.
Төрснөөсөө хойш юу ч харж мэдэрч амжилгүй, өөрийг нь өвчтэй болгосон ээждээ ч туньж, над руу хашхирч загнаж амжилгүй гурван жилийн турш өвчинтэйгээ тэмцэлдсэн охин маань маш их зовж амьсгал хураасан юм. Би Рёоко намайг уучлаарай гээд бүтэн хоёр шөнө уйлж байсан.  Охины маань нас барсан шалтгааныг мэдэхгүй байсан тул эмч нар задлан шинжилгээнд оруулахыг хүссэн. Төрснөөсөө хойш гурван жил зовсон охиныхоо үхсэн биеийг нь хүртэл зовоох хэрэг байна уу гэж би маш их дургүйцэж байсан ч өвчний шалтгааныг мэдвэл өөр олон хүүхдэд тусална гэж бодож аргагүйн эрхэнд зөвшөөрсөн.
Задлан шинжилгээ хийх өрөөнд орж эцсийн салах ёсоо гүйцэтгэх хэрэгтэй болсон. Задлангийн өрөөний үүдэнд зул асааж, жижигхэн аяганд цагаан будаа хийж бяцхан авс ч үүдэнд нь тавьсан байлаа. Тухайн үед би охиныхоо амьгүй биеийг тэврээд задлангийн өрөө рүү ороход яг л гал тогооны өрөөнд орсон юм шиг мэдрэмж төрж байсан. Тэр өрөөнд 4-5 төрлийн хутга тавьсан байсан. Хүүхдээ ширээн дээр тавиарай гэж эмч хэлэхэд тэднийг үнэхээр хүн мөн үү гэх бодол  төрсөн. Охиноо тэврээд зугтмаар байв ч сэтгэлээ барьж түүнийгээ ширээн дээр тавиад гарсан юм. Үүнээс дөрвөн сарын дараа задлан шинжилгээний хариу гарч  Минамата өвчин гэх онош гарсан юм. Эмч нар гурван жилийн турш өвчний оношийг тогтоож чадалгүй хүүхдүүдэд буруу эмчилгээ хийж байсан.  Үүний дараа миний бие дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэдгийг мэдсэн. Минамата бол үнэхээр аймшигтай өвчин юм байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн.
Харин Эйко Үэно эмээ 1973 онд Минамата өвчтэй хүмүүсийг хамгаалж, халамжлах байгууллагад ажилтнаар орж, 15 жилийн турш хүнд өвтэй хүмүүстэй хамт тэмцэж ирсэн амьд гэрч юм. Дээр дурдсанчлан бяцхан охины үхэл дэлхий нийтэд минимата өвчний сургамжийг таниулж, хэдэн мянган хүний амьдралыг “аварсан” юм. Охиноо нас барснаас хойш түүний бие чичирч салганадаг болсон нь мөн л Минамата өвчний илрэл аж. Хамгийн сүүлд тэр хэлэхдээ “Энэ аймшигт явдлаас сургамж авч давтахгүй байх л хамгийн чухал” гэсэн юм.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин