sonin.mn
Өглөө нар мандаж, их хотын амьдрал эхэллээ. Ээжтэйгээ хөтлөлцөн гүйх бяцхан хүүгийн  инээмсэглэлээс өнөөдрийн эрч хүч, сайхныг мэдрэх шиг. Харамсалтай нь бидний хөндөж буй сэдэв үүний нөгөө тал юм. Гэрэлт нарны цацрагийг харж, халуун уургаа хөхөж  чадалгүй хорвоогоос буцах бяцхан үрсийн тухай бид хөндөж байгаа юм. Тэд ийм хувь тавилангийн төлөө эхийн хэвлийд бүрэлдсэн гэж үү.
 
1000 эмэгтэйн 54.6 хувь нь жирэмслэлтээс хамгаалдаг
 
НЭМГ-аас гаргасан судалгаагаар үр хөндүүлж буй бүсгүйчүүдийн ихэнх хувийг өсвөр насныхан эзэлж байна гэсэн статистик гарчээ. Энэ нь Монголын хойч ирээдүйд нүүрлэж буй аюулын том харанга юм. Дөнгөж амьдралын босгыг алхаж буй цэцэг шиг охидод ариун хэвлийдээ бүрэлдсэн үрийг хөнөөхөд юу нөлөөлж байна вэ. Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, суулгац гээд үр хөндөлтөөс сэргийлэх олон боломж бий. Харин тэдгээрийн хангамж, хүрэлцээ байдаг уу. Нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 54.6,  15-49 насны  эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь жирэмслэлтээс хамгаалах  ямар нэг эм, хэрэгслийг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнийг төрлөөр нь авч үзэхэд  бэлгэвчийн хэрэглээ 28.9, ерөндөг 26.7, эмийн бэлдмэл  20.6, тариа 11.0, суулгац 1.8 хувийг эзэлдэг байна. Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн хүрэлцээ бага байгаа  нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, давтан үр хөндөлтөд өртөх эрсдлийг  нэмэгдүүлдэг ажээ. Мөн эдгээрийн аль нь өөрт нь тохирох тухай мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авах ёстой байдаг ч охидын хайхрамжгүй байдлаас гадна нөхөн үржихүй, үр хөндөлтийн уршгийн тухай мэдээлэл өгөх мэргэжлийн эмч ховор байдаг ажээ. Үүнтэй холбогдуулан жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгсэлийн хүрэлцээ хэр байдаг, өсвөр насны охидод хэрхэн зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг тухай тодруулахаар Баянгол дүүргийг IV хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр очсон юм.
 
О.Батчимэг: Нийгмийн бүх давхаргад хүрч чадахгүй байна
/Эрүүл мэндийн төвийн дарга/
 
-Жирэмслэлтээс хамгаалах эмүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад  орчихсон. Түүнээс биш үнэгүй тараах боломжгүй. Өмнөх жилүүдийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирсэн эмийг тараадаг байсан. Харин энэ оны төсөвт жирэмслэлтээс хамгаалах бичил тэжээлүүд, эм орчихсон байгаа. Бид эмзэг бүлгийн хүмүүст жирэмслэхээс хамгаалах эм тариа хийж байна. Орчин үед зөвлөгөө өгч, бэлгийн цогц боловсрол олгосноор хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж, эх, хүүхдийн  эндэгдлийг бууруулах боломж харагддаг. Бид эмнэлэгт зориод ирсэн нэгэнд нь л чадахаараа зөвлөгөө өгч, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулдаг. Харин нийгмийн бүх давхаргын  хүмүүст хүрч чадахгүй байна. Эрүүл мэндийн байгууллагынхан урт хугацаанд үйлчилдэг жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслүүдийн  хэрэглээг дэмжих  хэрэгтэй.  Эдгээр нь урт хугацаанд өртөг багатай, нөөц дуусах эрсдэлгүй, хүсээгүй жирэмслэлтээс найдвартай хамгаална. Мөн бүх хүнд гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээ, мэдээллийг хүртээмжтэй болгох нь Засгийн газрын хийж болох хамгийн  ашигтай хөрөнгө оруулалтын нэг юм.
 
Д.Батзориг: ОХИНДОО ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭ
 /“MHM” эмнэлэгийн ерөнхий эмч/
 
-Манай улсад садар самууныг сурталчилсан кино, цахим сүлжээ эмх замбараагүй байна. Үүнийг цэгцэлж, хяналт тавих хэрэгтэй гэж хардаг. Үүнээс л өсвөр насныхан бэлгийн буруу хүмүүжил авч байна. Охиноо жирэмсэн болчихоод ирэхэд ээж, аав нь “Сургуулиа төгсөөгүй байж гэдсээ чирээд ирлээ” гэж загнахаас илүү эртнээс ухааруулж, сургамжлах хэрэгтэй. Хэтэрхий хорьж цагдахгүйгээр хүүхэддээ итгэл даалгаж сурга. Мөн жирэмслэлтээс хамгаалах ямар боломж байдаг тухай ний нуугүй ярилцаж чаддаг байх хэрэгтэй.
 
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн санхүүжилтийг нэмнэ
 
2016 оны байдлаар  Монгол Улсад гэрлэсэн болон бэлгийн хамтрагчтай эмэгтэйчүүдийн дунд жирэмснээс хамгаалах орчин үеийн арга хэрэгслийн хэрэглээний төвшин 48.1 хувьтай байжээ. Нийт 415 мянган эмэгтэйд судалгаа явуулснаас 64 мянга нь урт хугацааны жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэж байсан гэж хариулжээ. Харин Монгол Улс жирэмслэлтээс хам­гаалах орчин үеийн арга хэрэгс­лийн хэрэглээг 2020 он гэхэд 60 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Үүнд зориулдаг зардал нь 2017 онд 52 сая ам.доллар байсныг 2020 онд 64 сая ам.доллар болгож өсгөх шаардлагатай байгаа тухай НЭМГ онцолж байсан юм. Манай улс жирэмслэлтээс  сэргийлэх арга хэрэгслийн санхүүжилтийг нэмэг­дүүлснээр мянга мянган эндэгдэл, өвч­нөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.
 
Сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл нэмэгдсэн
 
Залуучуудын хөгжлийн газрын урьчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чинзориг “Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас  “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг  2016 оноос хойш  зохион байгуулж байна. Харин 2018 онд “Эрүүл оюутан хөгжлийн түүчээ” нэртэйгээр зохион байгуулсан. Энэ аяндаа өсвөр насны охид хэрхэн жирэмслэлтээс хамгаалах тухай НЭМҮТ-тэй хамтарч уулзалт зохион байгуулж, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдийн тухай тараах материалыг хэвлүүлж их дээд сургуулиудад тараасан. Энэ арга хэмжээ жил бүр үргэлжлэх болно. Бид өсвөр насны охидын эрүүл мэндийн төлөө үргэлж дуу хоолойгоо хүргэнэ” гэсэн юм. Эхийн  эрүүл мэндийг Монгол Улсын Засгийн  газар, Эрүүл мэндийн яамны  эн тэргүүний асуудлын нэг болгон ажиллаж байгаа юм байна. 2004 онд  100 мянган төрөлтөд 99 байсан эхийн эндэгдлийг 2015 онд 26 болтол  бууруулсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл нэмэгдсэн үзүүлэлт бий. Энэ нь хөрөнгө  оруулалтыг оновчтой  хийх хэрэгтэй байгаагийн  илрэл болж байна. Иймд гэрлэсэн буюу бэлгийн  хамтрагчтай, нөхөн үржихүйн  насны  эмэгтэйчүүдийн дунд  48.1 хувь байгаа жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн  арга хэрэгслийн хэрэглээг 60 хувь хүртэл өсгөх бод­логыг дэмжиж, ажил хэрэг болгох шаард­лагатай байгааг албаны хү­мүүс ярьж байсан юм. Мөн харъяа өрхийн эмнэлгүүдэд зөвхөн өсвөр насны­ханд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах эмч нарын тоог нэмэх шаардлага байгааг өрхийн эмч нар онцолж байв. Хэрэв өсвөр насны охидод жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай мэдээлэл хүрдэг, зөвлөгөө өгөх эмчийн тоо хангалттай байвал бяцхан үрийнхээ амийг хө­нөөж, эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хо­хи­­рох замыг хэн ч сонгохгүй биз ээ.
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин