sonin.mn
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нь  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр төсөл нь бүгд аймаг орон нутагт, эрүүл мэнд боловсролын салбарт хэрэгжих бөгөөд төслийн нийт дүн 310.498 ам доллар буюу 796.121.582 төгрөг болж байна. Энэ дөрвөн төсөл нь  “Баян Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн засварын ажлын төсөл”, “Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн өргөтгөлийн ажлын хэсэг”, “Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл” бөгөөд гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагуд хүрэлцэн ирсэн байв.
“Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 542 төсөл хөтөлбөр хэрэгжээд байгаа аж. Япон улсын санхүүгийн жилд буюу 2019 оны гуравдугаар сарын 31-ны байдлаар  “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төслийн нийт дүн 1.299.330 ам доллар буюу 3.237.721.885 төгрөг болж байгааг албаныхан хэлж байв. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл, Баян Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцов.
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин