sonin.mn
Японы Элчин сайдын яамныхан, сэтгүүлчид хамтран энэ сарын 27-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороо, “Амгалан”-д баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцсан юм.
Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус хэлбэрээр баригдаж  байгаагаараа онцлог юм. АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орж байгаа бөгөөд албан ёсоор хүлээж авах, нээлтээ хийх өдрүүд нь тун холгүй байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна  хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 104 ортой эмнэлэг болоод зогсохгүй Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчнийг эмчлэх боломжтой болох юм байна. Хамгийн гол нь сургалтын эмнэлэг учраас АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз эмнэлэг болж байгаа бөгөөд эмч нарт болон оюутнуудад зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим,  номын сан нь зэрэг нь эндээ бүрэн төлөвлөгджээ.
 
 
Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байгаа юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор Япон улс их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж байгуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.  Япон-Монгол сургалтын эмнэлгийг барьж байгуулах буцалтгүй тусламжийн төслийг 201-2019 оны хооронд хэрэгжүүлэх  бөгөөд тус төсөл нь “Эмнэлгийн барилга баригдаж дуусах хүртэлх бэлтгэл”, “Эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл”, “Эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл”, “Эмнэлгийг ашиглалтад оруулсны дараах бэлтгэл” гэсэн гурван гол шат дараатай хэрэгжих юм байна. Барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгааг холбогдох албаныхан хэлж байв.
 
 
Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор энд бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж, өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг MRI аппараттай, СТ, ангиограф гэсэн дэвшилтэт технологитой, япон стандарттай эмнэлгийг  ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Тиймээс нийслэл хотын хүн ам ихтэй дүүргийн нэг Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэхээс гадна гурав дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай, хот хөдөөгийн иргэдэд нээлттэй үйлчлэхээс гадна монголчуудын гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасч, тэр их мөнгөний урсгал Монголдоо үлдэхээс эхлээд олон боломжууд нээгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эмнэлгийн дотоод гадаад үзэмж, орчин нөхцөлтэй танилцахад энд үнэхээр үйлчлүүлэгч төвтэй, хэрэглэгчдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлж чаджээ.  Эмнэлгийн стандартад чухлаар тавигддаг үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын байдал, үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрдүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээг цогц, шуурхай, чанартай үзүүлэхэд  бүрэн чиглэгдсэн байна. Тус эмнэлгийн хаалгаар орсон хэнд ч Япон-Монгол сургалтын эмнэлэг шинэлэг орчин, шинэ үйлчилгээ, хүсэн хүлээсэн итгэл найдварыг бэлэглэх юм байна.
 
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин