sonin.mn
ОХУ-ын Ерөнхий сайд Евгений Примаков. Архивын гэрэл зураг
 
Тэртээ 20 жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Евгений Примаковын гаргасан шийдвэрийн талаар Максим Соколовын РИА-Новостид бичсэнийг орчуулан хүргэж байна.
1999 оны гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатгүйгээр “Холбоотны хүч” хэмээх НАТО-гийн ажиллагаа эхэлсэн (Энэ ажиллагаанд АНУ “Буянтай дөш” хэмээх тусдаа нэртэйгээр хавсарч оролцсон). “Хүч”, “Дөш” хоёрын зорилго нь 1945 оноос хойш Европт анх удаа, Югославыг хүч нэмэгдүүлэн бөмбөгдөхөд оршиж байв. Зургадугаар сарын 10 хүртэл хоёр сар хагас үргэлжилсэн ажиллагаа 1700 жирийн иргэн, түүнээс 400 хүүхдийн амь насыг авч одож, арав гаруй мянган хүнийг хүндээр шархдуулсан.
Гэтэл гуравдугаар сарын 24-нд урьдчилж тохиролцсоны дагуу АНУ-ын дэд ерөнхийлөгч А.Гортой уулзахаар Вашингтон руу нисч явсан ОХУ-ын Ерөнхий сайд Е.М.Примаков “Холбоотны хүч”-ийн үйлдэх гэж байгаа ажиллагааны тухай огт мэдээгүй байлаа. Альберт Гор радио холбоогоор эвтэйхэн дуулгасны дараа л тэрээр бөмбөгдөлт эхэлсэнийг ойлгож мэдсэн.
Нэн даруй нислэгийн чиглэлийг 180 градус өөрчилж, буцаж нисэх шийдвэрийг тэрээр дангаар, тэр дор нь (бодож тунгаах цаг хугацаа ч байгаагүй байх, онгоц аль хэдийнэ Ньюфаундленд дээгүүр нисч байсан) гаргажээ. Дипломатын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн энэ маневрыг “Атлантын далай дээрээс буцсан нислэг”, бас “Примаковын гогцоо” ч хэмээн нэрлэх болсон.
Хорин жилийн дараа харин Атлантын далай дээрээс буцаж нисэх боломж бараг гарахгүй байна, учир нь оросын нэг, хоёрдугаар хүмүүс АНУ руу нисэхээ болиод удаж байгаа. Тэд сайндаа л гурав дахь улс орны нутаг дэвсгэр дээр, аль эсвэл нийтийг хамарсан арга хэмжээний үеэр л уулзалдах болсон.
Тэр үед харин энэ шийдвэр сонин хэвлэлийн тэргүүн нүүрийг дүүргэсэн томоохон дуулиан байлаа. Оросын хэвлэл мэдээллийнхний багагүй хэсэг нь буцаж ниссэн явдал бол бараг л хүйтэн дайны актын хэмжээний үйлдэл хэмээн Примаковыг маш хатуу ширүүнээр буруутган шүүмжилж байсан. “Белградын төлөө бид амиа тавих (аль эсвэл буцаж нисэх) хэрэг байна уу?” хэмээн тэр үеэс л стандарт болсон асуултуудыг тавьж байсан. Айлчлалыг хэрвээ дуусгасан бол зээл, хөрөнгө оруулалт гэх мэтээр өч төчнөөн ашиг тус авчрах байлаа хэмээн тоочиж байв. Буцлаа гээд харилцаа харилцан хүйтрэхээс өөр юу ч байхгүй.
Примаковын үйлдэл Европын нийслэлийг Пасхын (улаан өндөгний) баяраар бөмбөгдсөнөөс ч илүү дуулиантайд тооцогдсон. Түүгээр ч барахгүй Белградыг Пасхын баярыг тохиолдуулан бөмбөгдөх уламжлал тэртээ 1941 оны хавар люфтваффегийн халдлагаас эхтэй гэдгийг ч юман чинээ тоосонгүй. Хэргийн учир нь уламжлалдаа ч биш, янз бүрийн давхардал байж бололгүй яах вэ, харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ямар ч мандатгүйгээр холбоотны хүчийг эрс шийдвэртэй ашигласанд л хамаг хэрэг оршиж байгаа юм. Хэнээс ч асуулгүйгээр хүссэн үедээ бөмбөгдөнө. Одоо ийм үйлдэл гайхаш төрүүлэхээ нэгэнт больсон, харин тэртээ 1999 онд ажил хэргийг ингэж явуулах арга барил цоо шинэ байсан.
Энэ үйл явдлаас хойш нэг сарын дараа Чехийн ерөнхийлөгч, агуу гуманист Вацлав Хавел “Агаарын дайралт, бөмбөгдөлт материаллаг ашиг сонирхлоос болоогүй гэдэгт хэн ч эргэлзэхгүй байж байж болно. Энэ бүхэн зөвхөн хүмүүнлэгийн учир шалтгаантай, улсын тусгаар тогтнолоос илүүтэй зарчим, хүний эрх энд гол үүрэгтэй. Энэ нь Югославын Холбооны улс руу НҮБ-ын мандатгүйгээр хийсэн халдлагыг хууль ёсны болгож байгаа хэрэг юм”  хэмээн томьёолно гэдгийг гуравдугаар сарын 24-ний тэр өдөр Примаков мөн л огт төсөөлөөгүй явсан.
Гуравдугаар сарын 24-нд хүмүүнлэг түншүүдийн маань гаргасан тийм ч олон тохиолддоггүй энэрэнгүй сайхан сэтгэл оросын олон нийтийн зүгээс бүгдийн хувьд гэнэтийн маш хүчтэй хариу эсэргүүцлийг төрүүлсэн. Өөрчлөн байгуулалтаас хойш оросууд анх удаа ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж цоролзов.
Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд олон хүн оролцсон эсэргүүцлийн арга хэмжээ болсон явдал америкчууд, америкийг дэмждэг оросын эх орончдын хувьд сэтгэл гонсойх үйл явдал болов. Дөнгөж өчигдөрхөн “бараг өөрсдөөсөө илүү нөхөр Клинтон танд бид итгэж явсан” бол өнөөдөр америкийн эсрэг жагсаал цуглаан болж байна.
Мэдээж, үзэл санаа хувирч өөрчлөгдөх явдал эртнээс хуримтлагдсаар байсан. 90 – ээд оны эцсээр зах зээлийн эдийн засаг, эрх зүйт төр, олон улсын түншлэл зэрэг асуудлын гэгээлэг өнгө төрх эрс өөрчлөгдөж муудсан. 1998 оны наймдугаар сард цорын ганц үнэн зөв гэгдэж байсан эдийн засгийн номлолын эсрэг дефолт бий болов. Гэтэл сүүлчийн дусал болгож “хүмүүнлэг” бөмбөгдөлт явагдав. Бүх зүйл санасан ёсоор болно гэж хүлээх ч аргагүй болов.
Орос улс Югославаас нэг их ялгарах юмгүй, олон улсын “хүмүүнлэгийнхний” хувьд дараагийн ээлжинд ч байж болох юм гэсэн гашуун үнэн өөрчлөн байгуулалтын цаг үеэс хойш анх удаа манай иргэдийн сэтгэлийг гонсойлгосон нь ойлгомжтой болсон. Хэрвээ зэвэрч муудаагүй л бол ОХУ-ын цорын ганц холбоотон нь “стратегийн цөмийн хүч” болж үлдэв. Гагцхүү энэ холбоотон л Белградад үйлдсэн шиг түргэн ухаантай, хөнгөн далавчтай манай түншүүдийн үйлдлийг зогсоон барьж байсан.
Атлантын далай дээрээс буцсан нислэг бол харин маш зөөлөн хариу байсан. Тэр бол үндэснийхээ нэр төрийг аварсан шийдвэр байсан, тэгэлгүйгээр нислэгийг цааш үргэлжлүүлэн огт юу ч болоогүй юм шиг газардаж, айлчлалаа хэрэв дуусгасан бол талхидуулсан мэт олны өмнө харагдах байсан. Тийнхүү бах таваа хангах боломжийг Е. М.Примаков америк түншүүдэд олгоогүй. Харин ч цаашдаа хүлээн зөвшөөрөхгүй зүйл Орос улсад бас байдаг юм шүү гэдгийг түншүүд ойлгох ёстойг харуулж чадсан юм. Дарангуйллаас гарахын тулд эхний алхам чухал. Тэр алхам бусдаас хамгийн хэцүү нь байдаг. Арван мянган ли-д хүрэх зам эхний алхмаас эхэлдэг гэсэн хятадын зүйр үг байдаг.
Ийнхүү Мюнхенд хэлсэн үг, 08.08.08, “манай Крым” – энэ бүхэн 1999 оны гуравдугаар сарын 24-нд Ньюфаундленд дээрээс эхэлсэн урт замын үргэлжлэл болсон билээ.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин