sonin.mn
“Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долоодугаар) сард Хэрлэнгийн Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж ахуйд бичиж төгсгөв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг Хэрлэнгийн Хөдөө аралд Их эзэн Чингис хаанаас улбаатай монголын морин цэргийн уламжлалыг энэ цаг дор хадгалж яваа Зэвсэгт хүчний 232 дугаар анги байрлах бөгөөд тус ангид хоёр өдөр саатлаа. Хэрлэнгийн Хөдөө арал бол Монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн их хаадууд хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж, төрийн хэргийг хэлэлцэн Чингис хааны их орд, Монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээн удаан хугацаагаар төвлөрч байсан газар юм. Ийм л ариун дагшин нутагт Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тус анги 1979 онд Хэнтий аймагт байгуулагдаж, 1982 онд цэргийн ангийн бүтэц зохион байгуулалтад шилжиж, 1998 онд Төрийн торгон сүргийн агтыг нөхөн үржүүлэх нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн авчээ. Мөн 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ой, “Төрийн далбааны өдөр”-өөр XIII зууны, 1921, 1939 оны гэсэн гурван үеийн морьт цэргийн жагсаалыг зохион байгуулж, мөн ондоо Батлан хамгаалахын сайдын тушаалаар Байлдааны тугаа гардан авчээ. Тус ангийн үйл ажиллагааны бусдаас ялгарах өөр нэгэн чиглэл нь Зэвсэгт хүчний хэрэгцээт мал, махыг бэлтгэн нийлүүлэх ажил юм. Одоогийн байдлаар Хэнтий, Дорнод аймагт богийн 29, бодын дөрвөн суурьд 14000 гаруй мал хаваржиж байна. “Цаг наашилж байгаатай холбогдуулан хийх хамгийн чухал ажил нь төл хүлээн авах. Иймд бүх малын суурьд шаардлагатай эм хангамжуудыг нэн тэргүүнд нийлүүлж, бэлтгэл ажлаа сайн хангасан” гэж тус ангийн малын их эмч Б.Отгонжаргал хэлсэн. Тэрбээр өмнө нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ажиллаж байсан бөгөөд Зэвсэгт хүчинд малын эмчээр тасралтгүй 36 дахь жилдээ ажиллаж байгаа хашир туршлагатай мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний мал, махны эрүүл ахуй, чанар байдал нь түүний гарт байдаг гэсэн үг. Мал өвдлөө л гэх юм бол өдөр, шөнийг ялгалгүй хоёр аймгийн газрыг дамжин шуурхай очиж эмчилгээ хийдэг гэж тэр хэлсэн. Мөн малын үүлдэр угсааг сайжруулахад анхааран ажиллаж байна. Энэ талаар тус ангийн малын нэгдсэн аж ахуйн дарга, ахмад Л.Баярсайхан хэлэхдээ “Малын мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд цаашид үүлдрийг мах, сүүний чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч, энэ жил хонин сүрэгтээ барга хуц тавьсан. Ингэснээр махны гарцыг нэмэгдүүлэх нэгэн чухал ажил болсон. Өнөө жилийн хувьд анги, байгууллагуудын махны захиалга өмнөх оныхтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Тиймээс бид дээд командлалаас ирсэн тушаалыг биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байна” хэмээн тэрээр онцолсон юм. Үнэхээр ч тус ангийнхан цаг наргүй хөдөлмөрлөдөг юм байна гэх бодол надад ангийн үүдээр орох төдийд л илт мэдрэгдсэн. Учир нь намайг очиход анги эл хуль байлаа. Тэдний хөдөлмөр чөлөө завгүйн дээр цэргийн сургалт бэлтгэл, үндсэн үүргээ биелүүлэх гээд 232 дугаар ангиар овоглосон хүн бүр дор бүрнээ завгүй байгаа нь тэр байв.
Тэд энэ их ажлын хажуугаар сар бүр 5 км, улирал бүр 10 км-ийн марш, сургуулийн жилийн нэгдүгээр үед 30 км-ийн маршийг тактикийн ажиллагаа, хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх, химийн хордлогын бүсийг туулах зэрэг тодорхой цагийн байдлуудтай уялдуулан зохион байгуулж, офицер, ахлагч нарт тактикийн болон байр зүйн баримжаалал олгох аргачлалыг зааж сурган, тогтмол явуулж хэвшжээ.
 
 
Тус ангийнхан ирэх долоодугаар сард байгуулагдсаныхаа түүхт 40 жилийн ойн баярыг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа шамдан оржээ. Энэ тухай ангийн захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч, хошууч Д.Цэнд “Бид ангийн ойгоо угтаж 40 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнд ангийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг тохижуулах, ангийн байруудад засвар үйлчилгээ хийх, сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн” гэв. Тэрбээр 2010 онд тус ангид томилогджээ. Түүнийг ирэхэд анги нь гадуураа банзан хашаатай, хойноо өвс нь хураалттай, нэг үгээр хэлэхэд томоохон хоттой айлын өвөлжөө шиг байсан аж. Түүнээс хойш тэд ангидаа бүтээн байгуулалтын ажлуудыг тасралтгүй хийсээр иржээ. Одоо бол Дэлгэрхаан сумын нутагт хамгийн тохижилттой байгууллагыг нэрлэ гэвэл Зэвсэгт хүчний 232 дугаар анги нэн тэргүүнд нэрлэгдэхээр болжээ. Ийм үр дүнд хүрэхийн тулд мөн ч их хөлс урсаж, ажил амжуулжээ гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Ер нь ангийн үүднээс эхлээд, штаб, цэргийн байр, гал тогоо, нийтийн ариун цэврийн газар гээд бүх тал руу явган хүний зам, боржуур суулгасан байх бөгөөд үүнийг ажиглаад штабын дарга, дэд хурандаа З.Майдараас би “Энэ их боржуур, явган хүний замын хавтанг худалдан авч, нааш нь тээвэрлэж ирэхэд нэлээд төсөв орсон байх даа” гэж асуухад, “Анги энэ газарт байгуулагдаад удаагүй байхад Батлан хамгаалахын сайд асан Л.Болд хүрэлцэн ирж, бидэнд төрөл бүрийн хэвтэй блокны машин бэлэглэж байсан. Түүгээрээ бид ангийн хашаанаас эхлээд явган хүний маш олон хавтанг өөрсдийн хүчээр цутгаж, хэвлэсэн юм” гэв. Мөн илүү гарсан блокоо сум, орон нутагтаа зарж, сумын хөгжилдөө нэмэр болдог гэсэн. Энэ бол тус ангийнхны хөдөлмөрийн үр дүн зөвхөн анги гэлтгүй сум, орон нутгийнхаа хөгжилд эергээр нөлөөлж байгаагийн нэг тод жишээ. Нөгөөтэйгүүр бие бүрэлдэхүүний дотоод хэрэгцээнд зориулан 1,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг гэж байсан. Өнгөрсөн жил л гэхэд 9,1 тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ. Энэ жил мөн ийм хэмжээний ногоо хурааж авахын тулд тэдэнд ногооны талбайн газраа хагалах, үр суулгах гээд ажил мундахгүй ээ.
Намайг сурвалжилга хийхээр очих үед нэгэн баяртай үйл явдал тохиолдсон нь тус ангийн малчин Д.Баяраа “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсан байв. Ангийн байрлалаас хойш 60 гаруй км-т уулын бэлд хаваржих Ө.Баяраа гуай Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул бөгөөд анх 1989 онд тус ангид илгээлтийн малчнаар томилогдон ирж байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй 30 жил Зэвсэгт хүчний мал сүргийн төлөө энэ хүн хахир хатуу байгалийн ширүүнийг үл ажран үүрэгт ажлаа чин үнэнчээр хийсээр ирж. Тэрбээр өмнө нь ангийнхаа “Мэнд сүрэгтэн” малчин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хэнтий аймгийн “Хан хэнтийн алдартан” тэмдэг, БХЯ, ЗХЖШ-ын “Жуух бичиг” зэрэг олон шагналын эзэн болжээ. “Гавьяа шагнал хүртэх ч яах вэ, энэ хэдэн малаа онд мэнд тарган орууллаа, одоо хэдэн төлөө эсэн мэнд хүлээгээд авчихвал тэр л миний шагнал юм даа. Малчин хүнд малаа эсэн мэнд байгааг хараад суух шиг жаргал үгүй шүү дээ. Одоогоор би хонь, ямаа нийлсэн улсын 400 гаруй мал маллаж байна. Дээр нь өөрийн мөн 400 гаруй мал бий. Нэг зүйлд сэтгэл минь зовоод байх юм. Хавар цагт эртхэн яргуй идсэн мал зуны хүйтэн бороонд осгодоггүй сайн талтай. Гэвч энэ уул хадаар төр засаг нь байлгахгүй гээд хөөгөөд байх юм даа” хэмээн санаа алдан суусан юм. Малчин хүн хэзээ ч гавьяа шагнал, одон, медаль зүүх гэж малаа малладаггүй. Түүнийг 30 жилийн хугацаанд жил бүр дунджаар 500 толгой мал малласан гэж тооцвол нийтдээ 15 мянган малыг Зэвсэгт хүчиндээ хүлээлгэн өгсөн болж таарч байна. Энэ бол маш их тоо бөгөөд уншигч та, эсвэл би энэ хүний малласан хонины махыг зооглосон л байж таарах нь.
 
 
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийг төрийн торгон сүргийг малладаг цорын ганц анги гэдгээр нь ард түмэн андахгүй. Тэр дундаа цэрэгт татагдсан олон аавын хөвгүүдээс Монгол төрийн бэлгэдэл болсон шарга адууг маллах хувь тохионо гэдэг хэн хүнд олдохгүй ховор хувь заяа болов уу. Энэ чухал албыг гэрээт цэргийн алба хаагч, түрүүч Э.Бямбахүү болон хугацаат цэргийн албаны байлдагч А.Төрбат нар хариуцан ажилладаг. А.Төрбатын хувьд Нийслэлийн Багахангай дүүргээс цэрэгт татагдсан бөгөөд багаасаа хурдны морь унаж өссөн адуучин залуу ажээ. Түүний хувьд өмнө нь зөвхөн цэнхэр дэлгэцээр л барааг нь харж байсан төрийн торгон сүргийг маллан нэг жил алба хаана гэж зүүдлээ ч үгүй явсан гэнэ. Шарга морьд дундаас хамгийн их хайрладаг нь хамар цагаан адуу бөгөөд есөн шаргын дээрээс гуравт зогсдог ажнай ажээ. Харин түрүүч Э.Бямбахүү 2017 оноос эхлэн төрийн торгон сүргийг маллаж байгаа туршлагатай адуучин юм. Түүний хувьд худалч хүнд торгон сүргээ өөрөөсөө ч илүү хайрладаг гэсэн. Морьдын тэжээл, усалгааг нарийн тааруулж, уналга, эдэлгээнд бэлтгэх нарийн төвөгтэй ажлыг энэ залуу амжуулдаг. Түүний аав А.Эрдэнэ-Очир, ээж П.Цэнгэл нар нь хүүгийнхээ албаар үргэлж бахархаж, сумынхаа иргэдэд хүүгээрээ “гангаран” ярих дуртай ажээ.
Мөн тус ангид саальчин цэргүүд бий. Байлдагч С.Батбаатар, Т.Батдорж нар энэхүү чухал ажлыг амжуулдаг. Цэргийн албанд татагдаад үхэр саана чинээ үнэхээр төсөөлөөгүй гэж тэр хоёр ам уралдан ярьж байсан. Хоёулаа хөдөө нутгаас ирсэн болохоор мал маллах ажилдаа төдийлөн түүртдэггүй гэнэ лээ. Харин ч Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ирснээр үхэр маллаж сураад тун ч дажгүй байна. Цэргээс халагдаад хоёулаа үхрийн аж ахуйтай болохоор хэдийн тохиролцоод авчээ. Ер нь тус ангийн алба хаагчид энэ их завгүй хөдөлмөрийнхөө хажуугаар ЗХЖШ-ын ар талын ангиудаас зохиосон тэмцээн, уралдаануудад үргэлж дээгүүр байр эзэлдэг. Гэвч тэдэнд биеийн тамирын заал байдаггүй нь гол асуудал болоод байна. Нийгмийнхээ хөгжлийг дагаад Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын сургалтын орчин ч сайжирч, биеийн тамирын заал, танхимыг цогц хэлбэрээр нь шийддэг болсон. Харин тус ангийнхан энэ бодлогын гадна орхигдоод байгааг энэ дашрамд тэмдэглэн бичих нь зүйтэй болов уу.
 
БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТЭСВЭР ХАТУУЖИЛ, УР ЧАДВАР НЭМЭГДСЭН
Штабын дарга дэд хурандаа З.МАЙДАР:
 
 
-Тус ангид 2011 оноос томилогдон ажиллаж байна. Бид 2011-2015 онд ангийг хүний хөгжлийн орчин болгох зорилт тавин ажиллаж олон ч тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Ялангуяа офицер, ахлагч нарын ая тухтай орчинд үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд анхаарсан. Энэ нь ч үр дүнгээ өгч өнөөдөр гадна, дотнын ямар ч зочид, төлөөлөгчдийг хүлээж авсан “нүүр улайхааргүй” болсон. Харин 2015 оноос хойш байлдааны бэлтгэл сургууль, бусад хичээл, сургууль, штабын нэгдсэн дадлага зэргийг зохион байгуулах, өөрөөр хэлбэл гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.
Хүмүүс манай ангийг “малын” гэж тодотгодог байсан бол 2011 оноос морьт тусгай дивизион болон өргөтгөн зохион байгуулагдаж, Байлдааны тугтай болсон цагаас эхлэн бид үндсэн сургалт, бэлтгэлдээ илүүтэй анхаарч ирлээ. Хэнтий аймгийн төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын дунд зохион байгуулдаг марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 оноос хойш оролцож, медальт байруудад шалгарч ирлээ. Харин энэ жилийн хувьд ангийн 40 жилийн ойн нэрэмжит болгон уг тэмцээнийг зохион байгуулсан ба тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Энэхүү амжилт нь бид бүхний ойдоо барьж байгаа нэгэн томоохон бэлэг болоод зогсохгүй ангийн бүрэлдэхүүний ур чадвар, тэсвэр хатуужил нэмэгдсэний тод илрэл юм.
 
СУМЫН ОЛОН ИРГЭД ТУС АНГИД АЖИЛЛАЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛДЭГ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.АНХБАТ:
 
 
-Манай суманд Монгол улсын түүхийн чухал газар хэд хэд бий. Чингис хаан 50 гаруй жил энэ нутагт амьдарч, Хамаг Монголын их хаанаар өргөмжлөгдсөн байдгаас гадна Монголын нууц товчоог энд бичиж дууссан. Харин эдүгээ цагт рашаан сувиллаараа ихэд алдаршаад байна. Жилдээ 30 орчим мянган хүн ирж үйлчлүүлдэг. Өөр нэгэн бахархан хэлэх зүйл нь Монгол улсын хэмжээнд манай сум уул уурхай ашиглалтын болон хайгуулын лицензгүй “эко” сум юм. Энэ мэт сум, орон нутгаараа бахархах олон зүйл бидэнд бий. Сумын удирдлагын хувьд Зэвсэгт хүчний 232 дугаар ангитай байнгын хамтын ажиллагаатай байхыг нэн тэргүүнд тавьж ажилласаар ирсэн. Бид ангийн үйл ажиллагаанд дэмжлэг болохын тулд өөрсдийн талаас чадах бүхнээ хийхийг эрмэлздэг. Тус ангид шинээр томилогдон ирсэн офицер, ахлагч нарыг гэр бүл, үр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт саадгүй хамруулах, бусад төрлийн үйлчилгээг саадгүй хүргэхийг зорьдог. Нутагтаа Зэвсэгт хүчний ангитай сум Монгол улсад цөөн. Тиймээс энэ нь сумын хөгжил, цаашлаад байгалийн элдэв гамшиг ослын үед орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Сумын иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд ангийн оролцоо маш чухал. Нутгийн олон иргэн тус ангид ажиллаж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлж байгаад миний хувьд тун баяртай байдаг. Манай сум 2500 гаруй хүн амтай. Тэдгээр хүн бүр Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхнаар бахархдаг юм шүү. Их эзэн Чингис хааны морьт цэргийн сүр хүчийг XXI зуунд өртөөлөн авч яваа та бүхний гэгээн үйлсэд амжилт хүсэж, удахгүй тохиох түүхт 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
 
ХАВАР ЦАГ АНГИЙНХНЫ ХУВЬД ХАМГИЙН ЗАВГҮЙ ҮЕ
Морьт сумангийн салааны ахлагч, ахлагч Л.ГАНБАЯР:
 
 
-Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байгаад тус ангид таван жилийн өмнө томилогдож ирсэн. Уугуул нутаг минь Хэнтий учраас энэ ангидаа алба хаана гэж боддог байсан. Хавар цаг манай ангийнхны хувьд хамгийн завгүй үе юм. Одоо бол ангийн төлөвлөгөөт нэгдсэн ямаа самналтын ажилд оролцоод явж байна. Өдөрт нормын дагуу 10 ямаа самнах ёстой. Энэ ажлаа дуусгаад цэргийн сургалт бэлтгэлдээ хамрагдана. Мөн зун зохиогдох олон улсын “Аравт” морин маршийн тэмцээнд гэрээт цэргийн салааны ахлагчаар оролцоно. Тиймээс тэмцээнд оролцох морьдыг уналга, эдэлгээнд сургах, өвс, тэжээлийг нь тааруулан бэлтгэх гээд давхар, давхар ажлууд бий. Ер нь манай ангийнхан жилийн турш маш их ачаалалтай ажилладаг. Миний хувьд ам бүл гурвуулаа, эхнэр Х.Мандахнаран ангид нягтлан бодогч хийдэг. Цаашдаа ахлагчийн албаны шат дараалсан сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэхээр хэтийн зорилго тавиад ажиллаж байна.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин