sonin.mn
ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Италийн Ла Скала театрын урилгын гоцлооч, ахлагч Ч.Бадралыг “Залуус”-ынхаа зочны хойморт урьж ярилцлаа. Түүнийг Дуурийн дуулаачдын дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, ОХУ-ын болон Европын орнуудын А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдааны зургаан удаагийн Гран при, долоон удаагийн тэргүүн, мөн тооны дэд байрын шагналтай нэгэн гэдгийг уншигчид та бүхэн тэр бүр мэдэхгүй байж болох. Энэ ч чанараараа хэр баргийн аавын хүү, ээжийн охин давчихдаггүй өндөр босго, өргөн шалгууртай дэлхийн хэмжээний том театруудад уригдаж, тэр л театруудын тайзнаа асан дүрэлзэж, эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа эгэл даруухан хийгээд эрэмгий дайчин уран бүтээлчийн ярианд анхаарлыг тань хандуулъя. 
 
Байсхийгээд л утас цохиж, уйгагүй “зууралдаж” байж буцахаас нь өмнө “барьж” авлаа шүү. Эх орондоо давчуу хугацаагаар ирээд их л завгүй байгаа бололтой... 
 
-Үнэндээ цаг хугацаа гэдэг алт юм. Цөөхөн хоногоор ирсэн учраас амжуулах ажил их байлаа. Хажуугаар нь төрж өссөн бууцандаа очиж, аав, ээжийнхээ дэргэд, адуу малынхаа захад, агаар салхинд амрахыг хүслээ. Уулзалдаж амжилгүй хөдөө явчихсныг маань зөвөөр ойлгоорой. Ямар ч байсан амласан ёсоороо буцахаасаа өмнө цаг гаргахыг хичээлээ. 
 
Баярлалаа. Эх орон, элэг нэгт ахан дүүс тань төрийн дээд одонтой угтлаа шүү дээ. Энэ баярт үйл явдлын тухайд яриагаа эхлэе. Бас Танд баяр хүргэе.
 
-“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баяраар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Яг үнэндээ баярлахаасаа илүү эмээж сүрдсэн. Насаараа ажиллаж, хөдөлмөрлөчихөөд энэхүү шагналыг хүртэж амжаагүй яваа олон буурал бий. Тэдний хажууд ичмээр. 
 
Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Сургууль соёл, сүүлийн үеийн уран бүтээл гээд л хуучлах сэдэв олон байна... 
 
-Тийм ээ. Би ОХУ-д сурч боловсрохоор 2012 онд хүлгийн жолоо залж байлаа. Тус улсын хөгжмийн академийг магистрын зэрэгтэй төгссөн, үргэлжлүүлээд докторантурт сурч байна. Ирэх жил докторын зэргээ хамгаалаад төгсөнө. Уран бүтээлийн хувьд олз омог арвин төдийгүй нэгэн шинэ зам нээгдсэн. Тодруулбал, Италийн алдарт Ла Скала театртай гэрээ байгуулж, тус театрт урилгаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард эхний дуурьдаа дууллаа. 
 
Ямар сайхан мэдээ вэ, Ла Скала театрыг дэлхийн сонгодог урлагийн ариун сүм гэдэг юм билээ. Тэнд монгол хүү дуулж байна шүү дээ... 
 
-Тийм ээ, тус театрын тайзнаа гарна гэдэг нь тийм амар даваа биш л дээ. Маш өндөр шалгуурууд тавигддаг. Тэр болгоныг даван туулж, эх орныхоо нэрийг өргөөд, анхны монгол дуучин гэгдээд явж байгаагаараа бахархаж, омогшихын зэрэгцээ хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа учраас сэтгэл өег байна. Үүнээс гадна мөн л дэлхийн хамгийн том театр гэж нэрлэгддэг Италийн Арина Де Вреона хэмээх 15 мянган үзэгчийн суудалтай задгай театр бий. Тус театр зун болгон 6-9 дүгээр сард дэлхийн алдартай дуучдыг шалгаруулж, гурван сарын турш маш олон дуурьд ээлжлүүлэн дуулуулдаг их наадам зохион байгуулдаг юм билээ. Түүнд оролцохоор шалгарсан. Цаашлаад Италийн цөөнгүй театртай гэрээ хийж хамтран ажиллахаар болсон гээд чамлахааргүй амжилтуудаа дуулгахад сайхан байна. 
 
Суралцахын зэрэгцээ дэлхийн хэмжээний маш олон уралдаанд оролцож Гран при болон тэргүүн байруудыг нь “түүж” чадсаныг тань санаж байна. Эдгээр уралдааны тайзнаа дэлхийн хэмжээний дуучин гэдгээ нотолж, бусдын дуран хараанд өртсөн нь лавтай... 
 
-Зүгээр нэг сурч төгсөөд ирэх өөр хэрэг. Нэгэнт би энэ мэргэжлийг сонгож, энэ мэргэжилд цаг хугацаа, зүрх сэтгэлээ өгч яваа учраас хүч чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан шиг зориулж, үр дүнд нь хаана хүрэхээ үзэхийг хамгийн их чухалчилсан, зорьж тэмүүлсэн. Тэгээд л 2014 оноос олон улсын чанартай чансаатай, зэрэглэлтэй маш олон уралдаанд оролцож тэр болгондоо амжилт үзүүлсэн. 2018 онд Европын А зэрэглэлийн уралдаанд дөрвөн удаа оролцож дөрвүүлэнд нь түрүүллээ, сая эх орондоо ирэхийн өмнө 3 дугаар сарын 8-ны өдөр Австри улсын Вена хотод зохиогдсон тус хотын нэрэмжит олон улсын анхдугаар уралдаанд оролцож дэд тэргүүн байрын шагнал хүртлээ. За тэгээд төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд тэр том уралдаануудад оролцохдоо шүүгчдээс эхлээд дэлхийн хэмжээний том театруудын дарга, уран сайхны удирдаач, менежерүүдийн хараанд өртөж, тоогдсоны ачаар дэлхийн хэмжээний том театруудын босгоор алхаж орох боломж бүрдсэн. Энэ хэмжээнд хүрэхэд бүх зүйл дардан байгаагүй. Одоо ч дардан биш байна. Гэхдээ бурхан гэж байдаг бол намайг харж ивээдэг, ижий аавын минь буян заяа түшдэг, монгол хүний босоо хийморь тэтгэдэг юм болов уу хэмээн өөрийн эрхгүй бодогддог шүү. 
 
Асар их хөлс хүч, хичээл зүтгэлийн хариуд амжилт ялалт ирдэг. Хөдөлмөрлөж чадаж байгаа тань үнэхээр урамтай юм... 
 
-Баярлалаа. Хичээл зүтгэл, хөлс хүчний минь үр шим байлгүй яах вэ. Уралдаан бүрийн онцлогоос хамаарч 4-5 хэлээр дуулдаг. Энэ болгоныг орчуулж ойлгож, ухаж мэдэж, хөгжим талаас нь судлахаас эхлээд ажиллагаа маш их, тэгж байж тухайн бүтээлээ өөрийн болгож, үзэгчдэд хүргэнэ, амжилт олно. Ер нь хоногийн 24 цаг хүрэлцэхгүй үе бишгүй бий. Ингээд бодохоор хөдөлмөрөө үгүйсгэх аргагүй. Түүнчлэн нөгөө талаасаа бас хувь тохиол гэж би боддог. Яагаад гэвэл авьяас, тодорхой амжилтад хүрэх нөөц боломж заяаж, түүнийг минь хөглөж, зөв замаар хөтөлж, ирээдүйг минь тодорхойлсон багш нартай учрахаас эхлээд бүгд л хувь зохиол, зураг төөрөг. 
 
Ер нь таныг хурцалж өдөөдөг, амжилт өөд тэмүүлэхэд түлхүүр болдог зүйл юу вэ? 
 
-Яг энэ тухай тодруулж ярих гэж байлаа. Надад өөрийгөө хурцалж, эрэлдэг, огшиж омогшдог нэг зүйл бий. Тэр нь би монгол хүн, Монголын Зэвсэгт хүчний нэгээхэн эд эс нь, тэр тусмаа би цэргийн чуулгын дуучин гэх үзэл. Тэгээд цэргийн дуучин яагаад дуурь дуулж болохгүй гэж, дэлхийн хэмжээний том уралдаануудад оролцож, амжилт үзүүлж яагаад чадахгүй гэж, цаашлаад дэлхийн алдартай театруудын тайзнаа гарч яагаад болдоггүй юм гэх бодлоор өөрийгөө хүчжүүлж, цэнэглэж, зоригжуулж, нөгөө талаасаа омгорхдог учраас ядарч цуцахаа тэр бүр мэдэрдэггүй юм. 
 
Дэлхийн хэмжээний тэр алдартай том театруудын тайзнаа ая дуугаа өргөөд зогсох агшинд бас л огшино биз? 
 
-Мэдээж бахадмаар сайхан. Гэхдээ маш том хариуцлагыг үүрч байгаа болохоор сүрдэнэ, асар их айдсыг мэдэрнэ. Ер нь тайз болгон онцлогтой. Уран бүтээлчийн тухайн үеийн сэтгэл зүй, бие организмаас шалтгаалаад шүү дээ. Гагцхүү эцсийн дүнд мэргэжлийн дуурийн дуучин бол тухайн тайзан дээр амьд байх ёстой. Тэр утгаараа уран бүтээлч хүнд байх дотоод сэтгэлийн хүч, догдлол, омогшил байлгүй яах вэ. Италийн алдартай том тайзнаа гараад тухайн улсын ард иргэдийн сэтгэл зүрх, харааг нь булаатал дуулаад зогсохдоо, тэдний нижигнэсэн халуун алга ташилтаас асар их эрч хүчийг эргүүлж авдаг. Заримдаа ч өөрийгөө чимхэж үзмээр үе байдаг шүү. Яах вэ өөрийгөө тоож, өөрөөрөө бахдаж байгаа нэг хэлбэр байх л даа. 
 
Цаг наргүй бэлтгэл сургуулилтын алжаал ядаргаа үзэгчдийн алга ташилтад хийсэх шиг болдог байх даа? 
 
-Яг тийм. Ер нь бэлтгэл сургуулилт хийхэд маш их ядардаг. Зөвхөн нэг дуурийн гол дүрд хоёр цаг дуулаад гараад ирэхэд уурхайн гүнд найман цаг ажилласантай тэнцэх хэмжээний энерги зарцуулдаг гэдэг юм билээ, энэ үнэн. Харин үзэгчдийн алга ташилт, сэтгэл хөдлөл, догдлол энэ болгоныг минь надад хэдэн хувь илүү нөхөж өгдөг. 
 
Урлагтай хэрхэн холбогдсон юм бэ? 
 
-Огт санамсаргүйгээр энэ мэргэжлийг сонгосон. Миний түрүүн хэлсэнчлэн хувь зохиол, бурхны заасан зам, зурсан зураг байх аа. 
 
Дуучдыг удам дагадаг гэх үг байдаг юм билээ? 
 
-Өөрийгөө би удамтай дуучин гэж хэлнэ. Миний аав мэргэжлийн дуучин биш ч гэсэн мэргэжлийн дуучдаас дутахааргүй байгалиас заяасан унаган авьяастай хүн. Тэр хүний авьяасаас өчүүхнийг авч төрсөндөө баярладаг. Манай ээжийн талд ч дуулдаг хүмүүс бий, нагац өвөө минь маш сайхан дуулдаг хүн байсан. Ер нь мэргэжлийн дуучин болсон нь л би болохоос манайхан бүгдээрээ сайхан дуулчихна аа. Энэ дууч удам угсааг залгаж, мэргэжлийн дуучин болж, аавынхаа хүсэл мөрөөдлийг нь биелүүлж яваадаа урамтай байгаа. 
 
Урлагийн тайзнаа хөтөлж, гарыг тань ганзага, хөлийг тань дөрөөнд хүргэсэн багш нарын тань тухайд асуухгүй өнгөрч болохгүй... 
 
-Миний анхны багш бол ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУГЖ Б.Батбаатар. Энэ хүн миний сайн багш бас сайхан ах минь. Ах маань миний зүг чигийг зааж, суурийг минь маш сайн тавьж өгсөн. Цаашлаад өөрийнхөө багш Монгол улсын гавьяат багш Ц.Ерөө багшид минь дамжуулан өгсөн. Ц.Ерөө багшийнхаа удирдлагад сурч төгсөөд ОХУ-д сурахаар явсан. ОХУ-д Урлагийн академийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч Наталя Анатоливна тосч авсан. Энэ хүн надад шинэ ертөнц, шинэ амьдралыг таниулан дэмжиж өдий зэрэгт хүргэсэн. Түүнчлэн олон улсын чанартай энэ олон уралдаан тэмцээнд оролцоход, дуурийн эх орон Италийн энэ том театруудын тайзнаа дуулахад Анатоли Гусив гэж итали багш маань гараас минь хөтөлж, тусалж дэмжиж, зааж чиглүүлж өдийг хүргэлээ. Анатоли Гусив багш минь Италид иргэншсэн азербайжан хүн. Маш өндөр шалгуур, хатуу шаардлагатай багш. Европын алдарт дуучдын хэмжээнд очиход ийм, тийм байх ёстой гээд л шүүсийг минь жинхэнэ шахна шүү дээ. Өөрөө ч цагаа харамлахгүй. 
 
 
Ингэхэд Та аль нутгийнх билээ? 
 
-Би газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хүү. Өгөөжтэй нутаг даа. Харин аав минь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, тракторын жолооч, уяач хүн. Ээж минь Ховд аймгийн Дарви сумынх. 
 
Бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу? 
 
-Миний бага нас хөдөө хурга, тугалын бэлчээр, хурдан морины нуруун дээр өнгөрсөн. Малчин, тариаланч айлын хүүхдүүдийн л адил монгол ахуйдаа “нухлагдаж” өссөн минь өдий хүрэхэд нөлөөлсөн болов уу. Монгол ахуй гэдэг бол жинхэнэ хөдөлмөрийн талбар, хүнийг сорьж хүн болгодог агуу том соёл гэж би ойлгодог. Зуныхаа амралтаар морь унаад жимс жимсгэнэ түүнэ, тэрийгээ зарж борлуулна, олсон мөнгөөрөө хичээлийнхээ бэлтгэлийг хийчихдэг тийм л аж ахуйч, хөдөлмөрч хүүхэд байсан. Дээр нь аав, ээжийнхээ ажилд тусална, трактор комбайн бариад тариа ногоогоо хураалцана, адуу малаа хариулна гээд ажил мундахгүй, тэр бүрт хуруу нэмэрлэдэг хүүхэд байлаа. Хөдөлмөрийн үр шимийг багаас минь мэдрүүлсэн монгол ахуйгаа би юунаас ч илүү эрхэмлэдэг. Биднийг ингэж л хүн болгодог нь гайхалтай. Монгол хүн хаана ч, ямар ч ажлын эвийг олоод хийчихдэг нь ердөө л монгол ахуйтай холбоотой. 
 
Монгол ахуй гэснээс эх оронч үзэл, эх орны үнэ цэнийн тухайд юу хэлэх вэ? Эх нутгаасаа цөөнгүй жил алс байсан хүний хувьд арай л өөр мэдрэмжтэй байгаа болов уу? 
 
-Эх орноо санах тэрхүү мэдрэмж нь өөрөө эх орны үнэ цэнийг ойлгуулдаг юм байна. Эргэж санах, буцаж тэмүүлэх амар амгалан эх оронтой байна гэдэг ямар их хувь заяа вэ гэдгийг илүүтэй мэдэрч байна даа. Ер нь монгол ахуйтайгаа ойр байсан болохоор эх оронч сэтгэлгээ цаанаасаа л ундардаг бололтой. Миний эх орон сайхан байна. Хөдөө хэд хонолоо, адуу үүрсэх чимээ, шинэ төлийн дуу ямар сайхан юм бэ, сэтгэл эрхгүй сэргэлээ. Өндөр хөгжилтэй орнуудын соёл сайхан байлгүй л яах вэ. Гэхдээ монгол ахуй шиг сайхан зүйл огт алга. 
 
Эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөх, сурч мэдсэнээ тайлагнах тухай ойрын төлөвлөгөөнд тань бий байх... 
 
-Тийм ээ. Байнга бодогдож байгаа зүйл. Ямартаа ч 2020 он хүртэлх ажлын төлөвлөгөө гарчихсан. Өөрөөр хэлбэл, Италийн хэд хэдэн театрт ажиллахаар гэрээ хийчихсэн байгаа. Үүний төлөө л чармайсан учраас энэ ажлын ард гарах ёстой. Гэсэн хэдий ч энэ хугацаанд цаг гаргаад монголынхоо ард түмэнд ч мэдсэн сурснаа тайлагнах учиртай. Эрдэмтэн багш нар, уран бүтээлийн анд найзууд минь хүсэн хүлээж байгаа болохоор энэ ондоо багтаагаад уран бүтээлийн тайлан тоглолтоо хийнэ. Цаашлаад мэдээж хийж бүтээх залуу насандаа эх орондоо суурьшиж, мэдсэн сурснаа залгамж халаа болсон дүү нартаа зориулахаас эхлээд шат дараалсан олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна. Дууны уран бүтээлүүд, концертын уран бүтээлүүд хийнэ. Эх орныхоо дуурийн театрт олон сайхан дүр дээр ажиллахыг мөрөөдөж байна. Дээр нь хувийн амьдралаа төвхнүүлэх гээд л бүгдийг төлөвлөөд л явж байна. 
 
 
Хариулт бүрээс тань хөдөлмөрч, зарчимч чанар мэдрэгдэж байна шүү...
 
-Залуу хүн завтай бас зорилгогүй байх эмгэнэл гэдэг дээ. Би энэ үгтэй санал нэгддэг. Хэн завгүй хөдөлмөрлөж байна тэр хүнд ололт амжилт байнга ирдэг, тэр хүн хөдөлмөрийнхөө үр шимийг заавал хүртдэг. Хамгийн гол нь хүн зорилго, мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө шаргуу зүтгэдэг байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Залхуу хойрго, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүнд дургүй. Тэр тусмаа тийм залууст. Ажлын байр олдохгүй байна гэх шалтгаантай, их, дээд сургуулийн диплом сугавчилсан залуус олон байна. Ажлын байр олдохгүйдээ гол нь биш, тэд ажлыг голж байгаадаа учир нь байгаа юм. Манай залуус ажил голдог, өөрсдийгөө хэт их тоодог, том ажил ярьдаг хийрхэл, буруу хандлагаа болих хэрэгтэй. Тэр хандлагаа өөрчилж байж өөрсдөө хөгжинө, дараа нь өрх гэрээ үүрнэ, улс гэрээ төвхнүүлнэ, ирээдүйгээ авч явна гэж боддог доо. 
 
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин