sonin.mn
ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
Сургуулийн жилийн нэгдүгээр үе дуусах гэж байна. Шалгалтууд хэзээнээс эхлэх вэ?
 
-Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургуулийн жилийн нэгдүгээр үеийн цэргийн сургалт бэлтгэл амжилттай явагдаж, нэгтгэл, анги, салбаруудын хээрийн гаралт, полигоны дадлага эхлээд байна. Энэ жил барилга инженерийн анги, салбарууд улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаатай холбогдуулан зарим анги, салбарт явагдах шалгалтын хугацаанд өөрчлөлт орсон. Бусад анги, салбарт сургуулийн жилийн нэгдүгээр үеийн төгсгөлийн шалгалт энэ сарын 15-ны өдрөөс эхэлнэ.
 
Энэ сургуулийн жилийн нэгдүгээр үеийн цэргийн сургалт бэлтгэлийн онцлог юунд чиглэгдэж байв?
 
-Бид тухайн анги, салбарын үндсэн үүрэг, үйл ажиллагааны онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалт бэлтгэлийг удирдан явуулахдаа байлдааны дүрэм, журам, заавруудыг мөрдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Мөн нэгтгэл, анги, салбаруудын сургалт бэлтгэлээр хүрсэн түвшинг шалгаж үнэлэх журмыг шинэчлэн мөрдүүлсэн. Нэгтгэл, анги, салбар болон Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын үүрэг гүйцэтгэх чадавхыг тодорхойлох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь энэ сургуулийн жилийн онцлог юм. Өөр нэг онцлог нь сургалт бэлтгэлийг нэгтгэл, анги, салбарын өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөж, дадлага зонхилсон хэлбэрээр явуулж байгаа явдал.
 
Цэргийн сургалт бэлтгэлийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдалд нь хэр анхаарч байна вэ?
 
-Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлтөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгах, сургалт, дадлагын үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг нэг бүрчлэн танилцуулах, баталгаажуулж байх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар, удирдамж, зааврыг ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудаас нэгтгэл, анги, салбаруудад байнга хүргүүлж байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой сургалтыг Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас ч тогтмол явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хээрийн гаралт, полигоны дадлага, буудлага, жолоодлогын үеэр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас ажлын хэсэг гарч ажиллана. Ер нь цэргийн алба хаагчид маань хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг байнга мөрдөж, хэрэгжүүлснээр аливаа осол, зөрчлөөс өөрийгөө болоод нөхрөө хамгаалж чадна гэдгийг байнга санах ёстой.
 
Хоёр жил тутамд явагддаг Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний тухайд...?
 
-Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярын хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагууд дотроо болоод цэргийн хүрээнийхээ аварга шалгаруулах тэмцээнийг 3 дугаар сард явуулсан. Марш тактикийн тэмцээн хоёр жилд нэг удаа болж байгаа учир анги, салбарууд энэхүү тэмцээндээ өндөр ач холбогдол өгч, эртнээс бэлтгэж, амжилттай оролцохыг эрмэлзэж байна. Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд явагдана. Зэвсэгт хүчнээс шалгарсан байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг энэхүү тэмцээнд оролцоно.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин