sonin.mn
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн автобусанд өглөө эртлэн сууж ангийн байрлалд 08.20 цагт ирлээ. Ангийн захирагч, хурандаа Д.Мөнхсайхан нийт бие бүрэлдэхүүнийг 8.30-д жагсаалын талбайд бэлэн байхыг үүрэгдсэн тухай ангийн жижүүр тэдэнд дуулгав. Цэргийн тангараг давтах гэнэ. Тэд ч цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, бэлтгэл юугаа хангах гээд пижигнэлдэн гүйлдэв ээ.
Ангийнхаа байлдааны тугийн дор Цэргийн тангараг давтаж, Төрийн дууллаа дуулсан артиллерийн хорооныхонд ангийн захирагчийн орлогч дарга, дэд хурандаа С.Касипхан цэргийн гэрээт албаны болон хугацаат цэргийн салааны бүрэлдэхүүнд өнөөдрийн төлөвлөсөн тус бүрийн албандаа орохыг үүрэгдээд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг салааны захирагч нарт нь сануулав.
Ангийн бие бүрэлдэхүүн хээрийн дадлага, сургуульд гарах учраас түүний бэлтгэл ажлыг хангахаар тун завгүй байна. Харин ангийн жагсаалын талбайд зарим хугацаат цэргийн алба хаагчид гардан тулааны бэлтгэл хийх бөгөөд тэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарсан нь энэ ажээ. Бүр сарын өмнөөс гарсан гэнэ. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа марш тактик, тусгай бэлтгэлийн аваргуудыг шалгаруулж, тэндээс шигшиж авсан салааныхан нь тэд аж.
 
 
Ер нь артиллерийн хорооныхон хэзээнээсээ л марш тактик, тусгай бэлтгэлийн аваргууд. Түүгээр зогсохгүй тив, дэлхийн аваргууд ч тэдний дунд олон. Гавьяат тамирчин Ц.Цэрэнханд, дэлхийн аварга, байлдагч Н.Насанбуян, хоккейн спортын Ази тивийн аварга, дэд ахлагч Ч.Батбилгүүн нар энэ ангийнх. Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд олон жил дараалан үзүүлсэн амжилтаараа сургагч ахлагч Б.Аюур, Б.Мөнхцэцэг, ахлах ахлагч Э.Сэлэнгэ нарын эмэгтэй цэргийн алба хаагчид цэрэгжилтийн спортын дэд мастер болсон сайхан мэдээ дуулдав. Мөн сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс хугацаат цэргийн алба хаагчдын салаа хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, байнгын бүрэлдэхүүний салаа нэг мөнгө, эмэгтэй тасаг нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гэрээт цэргийн алба хаагчдын тасаг нэг хүрэл медаль хүртсэн амжилт тус тус хөвөрч байна. Хугацаат цэргийн салаа 2011, 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан нь өнөөгийн “маршийн салаа”-ныханд том ташуур болж байгаа гэнэ. Учир нь өмнөх амжилтаа бататгаж, бүр ахиулах нь тэдний зорилго болчихсон, бэлтгэлээ ихэд шамдангуй хийж байгаа нь нүднээ илхэн байв.
 
 
Салааны захирагчийн орлогч, дэд ахлагч Л.Сүхбаярт, -Эрхэм дэд ахлагч “Танай маршийн салааныхантай ярилцаж болох уу” гэхэд “Болно оо” гээд салааг амрах байранд нь орууллаа. Дэд ахлагч Л.Сүхбаяр “Манайхан угаас амрах гэж байсан юм. Бэлтгэлийг аль болох бага зэргийн амралттай хослуулж явахгүй бол цэргүүд маань ядарч, залхаж магадгүй. Тиймээс цагийн байдлыг харж байгаад тэднийгээ бэлдэж, бас амрааж байна” гэлээ. Өөрсдийнх нь нэрлэснээр маршийн салааныхан тун чиг хөгжилтэй, наргиантай, эвсэг залуучууд гэдэг нь илт. Нэг хэсэг нь “Отгонбаяр аа, чи сурвалжлагч эгчид онигоо ярьж өгөөч. Даанч чиний онигоонд инээхгүй байх аа” хэмээн хөхрөлдөх бол нөгөө хэсэг нь “Лхагва аа, хурдан морь уядгаа ярь. Биднийг моринд хорхойтой болгосноо ч хэлнэ шүү” хэмээн нэгнээ явуулж, цэргийн сонин дээр бүгдээрээ гарах юм сан хэмээн хөгжилдөнө.
 
 
Тэдний хэлсэнчлэн Дорноговь аймгийн Мандах сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр татагдсан байлдагч А.Лхагвасүрэн хурдан морь унаж өссөн бөгөөд сүүлийн жилүүдэд өөрөө морь уяж эхэлсэн гэнэ. Аймаг, сумандаа цөөнгүй түрүү авсан тэрээр хугацаат цэргийн албанд ирээд олон найз нөхөдтэй болж, тэсвэр хатуужил сууж, эх орноо хайрлах сэтгэл нь улам дэвэрсэн. Энд ирээд хэцүү зүйл огт байгаагүй, хөдөө өссөн надад их ойр санагдсан шүү хэмээн цэргийн албаар бахархан ярьж байв. Одоо түүнд хүлээж байгаа хоёр том үйл явдал бий. Нэг нь Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд салаагаараа амжилттай оролцож, цаашлаад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс медаль авах. Хоёрт, Үндэсний их баяр наадмын үеэр ангийн бүрэлдэхүүн уламжлал ёсоор хурдан морины уралдааны хамгаалалтад гарахад нь морьд сонжих бодолтой яваа аж. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч А.Буяндэлгэр “Цэргийн алба миний бодож байснаас өөр байсан. Дэндүү гоё. Цэрэгт ирээд миний бие бялдар хөгжиж, үг дааж, захирах захирагдах ёсыг ойлгож авсан. Магадгүй цэрэгт ирэлгүй, гэртээ утас шагайж суусан бол өдийд ийм сайхан боломжийг мэдрэхгүй өнгөрөх байсан биз. Цаашдаа албаа хааж дуусгаад, ахлагчийн эгнээнд орж ажиллах мөрөөдөлтэй байгаа. Цаг нь ирвэл болох байх аа” хэмээн товчхон өгүүлэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат байлдагч М.Лхагвадорж “Аав минь гурван жилийн хугацаат цэрэг. Намайг тавдугаар ангид байхаас эхлээд цэргийн албанд явах ёстой шүү, чамд л хэрэгтэй гээд дандаа ярина. Би ч төдийлөн цааргалдаггүй, тэгье, аав аа гэдэг байсан. Төмөр замын дээд сургуульд аавынхаа мэргэжлийг өвлөхөөр суралцаж байхад цэргийн зарлан ирж таарлаа. Аав “Одоо чи явах ёстой” гэж өнөөх л янзаараа шамдуулахад нь хүрээд ирсэн нь энэ. Үнэхээр л аавын минь хэлсэнчлэн дэндүү сайхан алба юм байна. Энд ирснээр эх орны өмнө эр цэрэг ямар үүрэгтэй вэ гэдгийг мэдэж авлаа. Хувь хүнийхээ тухайд ч нэлээд дэвшил гарсан гэж бодож байна. Ялангуяа бэлтгэл сургуулилт. Өмнө нь 90 кг жинтэй байсан бол одоо 75 кг болсон доо. Цэргийн тангаргийн баяраар хугацаат цэргийн алба хаагчдын дунд болсон үндэсний бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж аавыгаа баярлуулсан даа” хэмээн аавынхаа тухай, цэргийн албаны сайхны тухай хуучлах нь сэтгэлд өег. Байлдагч нараасаа ялгарахгүй шахам залуухан салааны захирагчийн орлогч, дэд ахлагч Л.Сүхбаяр сургалт бэлтгэл хуваарийн дагуу явагдаж байгаа, манай цэргүүд сурч мэдэхийн төлөөх тэмүүлэлтэй, эвтэй, нэг айлын хүүхдүүд шиг л байдаг. Одоо бидний зорилго нь тэмцээн, уралдаанд амжилттай оролцох юм гэснээ энэ хэдийгээ халагдаад явахаар санана даа гэсэн нь дэндүү дотно сонсогдлоо.
Үүний дараа удахгүй халагдах цэргүүдийн байраар орлоо. Ихэнх нь гадаа сургалт бэлтгэлээ базааж байх бөгөөд харуулын үүрэгтэй цөөхөн хэд нь байж таарав. Ховд аймгийн Мянгад сумаас ирсэн байлдагч Б.Гансэлэм “Цэргийн албанд их зүйлийг сурч мэдлээ. Эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ямар нэгэн сиймхий гарган зугтаадаг залуус байвал та нар зүгээр л хүрээд ир. Ямар сайхан гээч. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд алба хаахад таны үзэл санаа төлөвшиж, бие бялдар хөгжих болно. Хамгийн гол нь эх орноо бид л хамгаалах ёстой гэсэн үүргээ ойлгоно доо. Миний хувьд халагдаж очоод аав, ээждээ тусална. Нас өндөр гарсан тэднийхээ хажууд нь хамт байж, малаа маллана, бас морио ч уяна. Алдартай уяач болохыг мөрөөддөг шүү” гэв.
Дархан-Уул аймгаас татагдсан дэд түрүүч Б.Оргил харин БНХАУ-д суралцаж байгаад цэргийн албанд явахын тулд сургуулиа түр орхиод ирж. Өглөө эрт босож төрийнхөө далбааг мандуулаад зогсож байх нь түүний хувьд үгээр илэрхийлэмгүй омогшил төрүүлдэг, жагсаал дунд алхах хамгийн сайхан гэнэ лээ.
Үүний дараа тийрэлтэт артиллерийн байлдааны батарейны цэргийн байраар ороход салааны захирагч, дэслэгч М.Лхагвадэмбэрэл гэрээт цэргүүддээ хичээл заагаад зогсож байв. Гэрээт цэргүүдийн байр тохижилт сайтай гэж жигтэйхэн юм. Соёл, амралтын өрөө нь ч ялгаагүй. Загас тэжээж, чөлөөт цагаараа шатар, даам, хөгжим тоглох бүх бололцоог нь хангаж өгчээ. Гэрээт цэргүүдийн олонх нь цаашдаа ахлагчийн албанд шилжин ажиллах хүсэлтэй байдаг юм байна. Түрүүч М.Лхагвазаяа гэхэд л Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 2014 онд хугацаат цэргийн алба хаасан, энэхүү ангид гэрээ байгуулаад хоёр жил болж байгаа, “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож байсан нь нэр төрийн хэрэг юм. Амралтын хоёр өдрөөр гэртээ харьдаг гэсэн бол дэд түрүүч Д.Буянхишиг өмнө нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, өөрийн хүсэлтээр артиллерийн хороонд гэрээ байгуулан алба хааж байна. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэлээ.
 
 
Тийрэлтэт артиллерийн байлдааны батарейд нэг эмэгтэй цэргийн алба хаагч байсан нь ахлах ахлагч Б.Цацрал. Түүнийг “Манай ганц сувд” хэмээн өхөөрдөх бөгөөд тэрээр найм дахь жилдээ алба хааж байгаа, 2002 оноос Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн тэргүүний ахлагч ажээ. Тэрээр маршийн тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийг хүртсэн байна.
Энэ зуурт үдийн хоолны бүрээ ч дуугарав. Цэргийн гал тогоонд хүнсний албаны дарга, ахлах дэслэгч Д.Болоржаргал цэргүүдээс нэг, хоёрдугаар хоолны амт ямар байгааг асууж, цадаагүй бол нэмүүлээрэй гэж байв. Ахлах дэслэгч Д.Болоржаргал тус ангид 2013 оноос агуулахын албаны даргаар, 2015 оноос хүнсний албаны даргаар томилогдож ажиллаж байгаа аж. Тэрээр цэргийн алба хаагчдын хүнсний хангалтыг зохион байгуулахдаа илчлэг чанарыг нь ихэд анхаардаг гэсэн. Өдөрт нэг цэргийн алба хаагч дунджаар 3900-4300 илчлэгийг хоол хүнснээс авах ёстой. Сургалт бэлтгэл, биеийн тамир давамгайлсан өдрүүдэд үүнээс ч илүү илчлэг агуулсан хоол хүнс бэлтгэдэг тухай дуулгана лээ. Яг энэ өдөр цэргийн гал тогооны зааланд З.Хишигжаргал, Ц.Энхцэцэг нар ажиллаж таарав. Тэд цэргүүдэд цай, хоолыг нь аягалж өгөөд, түрүүч, байлдагч нар хооллож дууссаны дараа тэдгээрийн аяга, тавгийг хурааж, угаах ажилдаа орлоо. Үргэлжлүүлээд оройн хоолоо хийх гэнэ. “Ачаалалтай ажил хэдий ч хүн хооллоно гэдэг хамгийн сайхан. Хэдэн цэргүүдээ үр хүүхэд шигээ санаж, ходоодыг нь дүүрэн явуулах юм сан гэж маш их хичээдэг дээ” хэмээсэн нь тэдний ажилдаа хэрхэн шамдан ажилладгийг нь илэрхийлэх биз ээ.
Амжилт ололт ихтэй тус ангийнхны хувьд олон бүтээлч ажлыг өрнүүлсэн байв. Ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Өөрийгөө хөгжүүлэх төв”-ийг шинээр тохижуулан сургалтад ашиглаж, бага бууны буудлагын талбайг төхөөрөмжлөн дадлага, сургуулиа явуулж эхэлсэн байна. Тус ангийн ахмадын зөвлөлөөс артиллерийн нарийн мэргэжилтэй ахмадуудаа урьж, бие бүрэлдэхүүндээ хичээл сургалтыг ч явуулдаг байна. Энэ өдөр ҮБХИС-ийн Артиллерийн зэвсгийн тэнхимийн багш нар ирж, нарийн мэргэжлийн техник, тоног төхөөрөмж дээр нь сургалт явуулж байсан юм.
Ингээд өдөржин хугацаат цэргүүд болон гэрээт цэргийн бэлтгэл сургалтыг сурвалжилж гүйсэн би бээр ангийн захирагчийн өрөөнд орлоо. Хурандаа Д.Мөнхсайхан албан бичгүүдэд хариу хүргүүлээд тун завгүй байв. Тэрээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа С.Касипханд “БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас ирүүлсэн хугацаа тулсан бичиг байна уу? Хугацаанд нь хүргүүлэх ёстой шүү. Ирсэн бичгүүдээ сайн судлаарай” хэмээн захих. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
 
Танай ангийнхан сургалт бэлтгэл гээд завгүй байна шүү...
 
-Тийм ээ. Манай ангийн бие бүрэлдэхүүн 2018-2019 оны сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлийг гүйцэтгэх үүргийн онцлогтой нь уялдуулан цэргийн алба хаагчдад тавигдаж буй шалгуурыг хангах, бүлэг, салбараар үүрэг гүйцэтгэх бэлэн байдлаа дээшлүүлэх хүрээнд анхаарч байна. Үүний тулд штабын хэсэгчилсэн дадлагыг хоёр сард нэг, нэгдсэн дадлагыг улиралд нэг, КШС-ийг сургуулийн жилд хоёр, батальоны штабын түвшинд бүлгийн дасгалыг сард нэг удаа явуулах гээд бүлэг, салбар бүрээр нь сургалт, дадлагыг тасралтгүй явуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн сургуулийн жилд салаа, батарейны захирагч, багш нарын заах арга зүйг сайжруулах талд нь анхааран ажиллаж байна. Үндсэн бүрэлдэхүүнээс гадна хугацаат цэргийн алба хаагчдын сургалтыг сургуулийн, сургууль-байлдааны гэсэн ангиллаар цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжил эзэмшүүлэх, салбарын жигдрэлт, хуулиар хүлээсэн тайван цагийн үүргийн бэлтгэл гэсэн үе шаттайгаар явуулж байна. Цэргийн гэрээт алба хаагчдын хувьд ч ялгаагүй цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэлийг нь хангахад анхаарч байгаа. Удахгүй хээрийн сургуульд гарна. Үүний бэлтгэлийг хангах гээд ойрын өдрүүдэд тун ачаалалтай байна даа. Хээрийн сургуулиа дуусгаад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын харьяа ангиудын дунд болох марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд орно. Үргэлжлүүлээд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд ч бас орох ёстой.
 
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлд нэлээд анхаарч байгаа гэсэн?
 
-Сонгино цэргийн хүрээндээ төдийгүй дүүргүүдийн ЗДТГ-ын цэргийн штабуудтай хамтран уралдаан тэмцээн зохион байгуулах, туслалцаа үзүүлэхэд нь анхаарч байна. Саяхан гэхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нарын сургалт бэлтгэлийг тус ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсан юм. Тэрчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай ч гэсэн үе шаттайгаар холбогдох албан тушаалтнуудыг сургаж бэлтгэхэд нь туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна. Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцээнд манай бүрэлдэхүүн амжилттай оролцож байна. Тухайлбал, “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд өнгөрсөн онд тэргүүн байр эзэлж, “Тэргүүний ардын авьяастан хамт олон” урлагийн наадмын бүжгийн төрөлд нэгдүгээр байр, гоцлол бүжгийн төрөлд ч тусгай байр эзэллээ. Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд болсон “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнд 2018 онд тэргүүн байр, 2019 онд дэд байр эзэлсэн амжилттай. Зэвсэгт хүчинд Артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан зохиогдсон төрөл мэргэжлийн тэмцээнд манай хамт олон тэргүүн байрт шалгарлаа. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд маш амжилттай оролцож байна. Үүний зэрэгцээ цэргийн гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагчдаа хөгжүүлэх чиглэлээр анхаарч, хэд хэдэн бүтээлч ажил, арга хэмжээг өрнүүлсэн. Үүний дүнд манай байлдагч нар Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогдсон томоохон уралдаан тэмцээнд амжилттай оролцоод байна. Энэ нь ажил хариуцсан алба хаагчдын идэвх санаачилга сайн байгаагийнх гэж хариулав.
Сургалт бэлтгэл гээд завгүй өнжих артиллерийн хорооныхон сонины дугаар шилжих мөчид хээрийн дадлага, сургуульдаа аль хэдийн гарсан байсан бөгөөд танил буун дуугаар үүргээ гүйцэтгэсээр байгаа биз ээ.
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин