sonin.mn
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна.  Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алджээ.
Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа “Ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал” сэдэвт сургалт, зөвлөлт уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.
 
 
Зөвлөлдөх уулзалтад УУХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ОБЕГ, АМГТГ, МХЕГ, МҮЭ, НЭМҮТ, ДЭМБ болон уул уурайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын 100 орчим төлөөлөл оролцож байна.
Оролцогчид уул уурхайн салбарын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, харилцан сайн туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
 
 
Зөвлөлдөх уулзалт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.