sonin.mn
Зэвсэгт хүчний ахлагчийн албаны эрх зүйн шинэчлэлд чиглэсэн ямар ажлууд өрнөж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
 
-Шинэ зууны Зэвсэгт хүчний хөгжлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь ахлагчийн албаны шинэчлэл бөгөөд энэ ажлын хүрээнд ахлагчийн албыг өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж эхэлсэн. Ахлагчийн албыг даргалах ба гүйцэтгэх гэсэн ангилалтай болгож, цэргийн цол, албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэмэгдүүллээ. Мөн ахлагч нар гадаадад суралцах, үүрэг гүйцэтгэх эхлэл тавигдаж гадаад орнуудын ахлагчийн албаны давшилтэт туршлагуудыг нэвтрүүлж эхэлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн хөгжлийн түүхэн үе шатуудыг өгүүлбэл, 1993 онд анх БХИС-ийн бүтцэд Ахлагчийн сургууль үүсэн байгуулагдсан, 1996 оноос байнгын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ангиуд бий болсон, 2003 онд ахлагчийн цолны зэрэглэл, 2006 оноос ахлагчийн албан тушаалын ангилалд өөрчлөлт орсон, 2007 оноос ахлагчийг хөгжүүлэх хөтөлбөр эхэлсэн, 2008 онд “Ахлагчийн алба хаах журам”, 2010 оноос даргалах албан тушаалын ахлагч нарын шаталсан сургалт, 2012 онд ахлагчийн цалингийн шатлал нэмэгдүүлэх асуудал, 2014 онд ахлагчийн түвшин тогтоох шалгалт, 2015 онд “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021” баримт бичиг тус тус батлагдан хэрэгжиж эхэлсэн.
Мөн шинээр батлагдан гарсан Батлан хамгаалахын багц хуулиудад ахлагчийн албаны талаар нэлээд хэдэн онцлог заалтууд орсон. Эдгээр хуулийн хүрээнд шинэчлэгдсэн болон удахгүй шинэчлэгдэн гарах дүрэм, журмуудад ахлагчийн албаны чиглэлээр саналаа тусган ажиллаж байна. Тухайлбал, “Цэргийн дүрэм”-ийн шинэчлэгдсэн хувилбарт зарим даргалах албан тушаалын ахлагч нарын үүргийг шинээр, бусад үүрэгт нэмэлт өөрчлөлт оруулан жагсаалд эзлэх байрыг тодорхой болгосон. Тэрчлэн цэргийн алба хаагчдын албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэл батлагдсанаар ахлагч нарын албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэлд нэлээдгүй өөрчлөлт орсон. Ахлагчийн албаны тогтолцоо нь үндсэн хоёр баганаар буюу даргалах, гүйцэтгэх гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Даргалах албан тушаалын ахлагч нарт тавигдах шаардлага ахлагчийн удирдлагын шаталсан сургалтаар тодорхойлогддог бол Зэвсэгт хүчний мэргэжлийн бие бүрэлдэхүүний үндэс суурь болсон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын хувьд тухайн тавигдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан нөхцөлд цалингийн зэрэглэл ТТ-5-аас ТТ-11, цэргийн цол “дэд ахлагч”-аас “сургагч ахлагч” хүртэл нэмэгдэх боломжтой болсон. Энэ нь гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын цэргийн цол, цалингийн зэрэглэл шатлан нэмэгдэх, цэргийн мэргэжлийн зэрэг эзэмших, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх хөшүүрэг болж, тусгай мэргэжлийн албан тушаалтан тухайн албан тушаалд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог болсон. Мөн цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нарын цалингийн зэрэглэл ТТ-1, ТТ-2 байсныг ТТ-4, ТТ-5 болгосон нь иргэний цэргийн гэрээт алба хаах хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх бас нэгэн хөшүүрэг боллоо.
 
“Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021”-т тусгагдсан ажлууд, тэдгээрийн биелэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Энэ бол ахлагчийн албаны ойрын ирээдүйд хэрэгжүүлэх чухал ажлуудыг тусгасан удирдлагын гол баримт бичиг. Уг хөтөлбөрт үндсэн гурван чиглэлийг тусгасан. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчний ахлагчийн албаны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд 10 ажил, хоёрдугаарт Зэвсэгт хүчний чиг хандлагад нийцүүлэн ахлагчийн албаны тогтолцоог шинэчилж, ахлагч нарын боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 37 ажил, гуравдугаарт ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг иж бүрэн, шат дараатай авч хэрэгжүүлэн, бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны зөв чанарыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд 18 ажил тус тус тусгасан. Эдгээрийг үр дүнтэй, бодит ажил болгохоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж, эхнээс нь хэрэгжүүлж байна.
 
Ахлагч бэлтгэх сургалтын тогтолцооны тухайд...
 
-ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль нь төгсөлтийн дараах сургалтаар даргалах албан тушаалын ахлагч нарын таван шатны дамжааг зохион байгуулж явуулдаг. Зэвсэгт хүчний дийлэнх бүрэлдэхүүн болсон ахлагчийн бие бүрэлдэхүүнийг мэргэжил, мэргэшлийн хувьд сургаж бэлтгэдэг сургалтын байгууллага нь ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль, Цэргийн хөгжмийн сургуулиуд бөгөөд үйл ажиллагаагаа явуулж цэргийн нарийн мэргэжилтэй ахлагч нарыг бэлтгээд 30 шахам жилийн түүхэн замналыг бүтээжээ. Миний хувьд ЗХЖШ-ын ахлагчийн хувьд Ахлагчийн сургууль нь хээрийн сургалтын төвд байрлаж сургалтаа явуулах нь зөв гэж үздэг. Яагаад гэвэл ахлагч бэлтгэх сургалтын 70 хувь нь дадлагад суурилсан сургалт байдаг. Үүнээс гадна ахлагчийн сургалт нь “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” Монгол Улсын хууль, мэргэжлийн боловсрол олгох сургалтын стандартын хүрээнд зохион байгуулагдах шаардлага тавигдаж байгаа учир сургалтын хөтөлбөр, стандартыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Мөн мэргэжлийн боловсролын бусад сургалтын байгууллагуудтай нийгмийн түншлэлд суурилсан хамтарсан сургалтаар өргөн хүрээгээр харилцах боломжтой болж байна. Үүний нэг томоохон жишээ нь Ахлагчийн сургуульд бэлтгэгддэггүй боловч Зэвсэгт хүчний анги, байгууллагад шаардлагатай мэргэжлүүдээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвөөр ахлагч нарыг бэлтгэж байна. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т “Офицер, ахлагч нь дипломын болон түүнээс дээш боловсролтой байх” шалгуур тавьсан байдаг. Тиймээс Ахлагчийн сургалт нь дээрх хуульд нийцүүлэн дипломын боловсрол олгодог Политехникийн коллежийн сургалтын чиг хандлагатай болох нь зүйтэй гэж бодож байна.
 
Ахлагчийн бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ажлууд өрнөж байна. “Ахлагч хотхон” хэзээ биеллээ олох вэ?
 
-Нийгмийн хамгааллын асуудал нь өргөн цар хүрээтэй том асуудал. Дан ганц ахлагч нарын гэхээсээ илүүтэй офицер, ахлагч нарын нийгмийн асуудлын талаар Батлан хамгаалах яам салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж төлөвлөсөн олон ажил байдаг. Эдгээр асуудлын хүрээнд нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь “Ахлагч хотхон”. Энэ нь ахлагчийн нийгмийн асуудлаар сүүлийн үед хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил юм. Тиймээс ЗХЖШ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү төслийг Батлан хамгаалахын сайд дэмжин, тодорхой төсөв хөрөнгийг шийдвэрлэн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ахлагч хотхон”-ы 360 айлын 5 давхар орон сууц, 22 айлын таун хаус барихаар ерөнхий төлөвлөгөөний зураг, техникийн нөхцөлөө гаргуулан ажиллаж байна. Одоогоор тухайн хотхоны барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажлын зураг, төсөв хийгдэж байгаа. Удахгүй “Ахлагч хотхон”-ы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бие бүрэлдэхүүндээ танилцуулах болно. Энэхүү ажил хэрэгжсэнээр ахлагчийн нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж харж байгаа.
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин